СПОРТЯрилцлага

Б.Хулан: Би их шартай болохоор ялагдаад уйлчихсан

“Белград-2022” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд алтын төлөө барилдаж ялагдан мөнгөн медаль хүртчихээд шарандаа уйлж суусан охиныг Батбаярын Хулан гэдэг.

Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медалийг эх орондоо авч ирж чадсан тэрбээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ цолтой билээ.

Түүний хувьд энэ удаа мөнгөн медаль хүртээд зогсох биш цаашдаа олимп, дэлхийгээс алтан медаль хүртэх бүрэн боломжтой залуу тамирчдын нэг юм. Ингээд түүнтэй болж өнгөрсөн дэлхийн аваргын тэмцээн болоод ирээдүйн зорилгынх нь талаар ярилцсанаа хүргэе.


-Чөлөөт бөхийн спортоор хэзээнээс хичээллэж эхлэв?

-2015 оноос Багануур дүүрэгт чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. 15 настай байсан гэсэн үг. Улмаар З.Дүвчин багшийнхаа удирдлагаар өнөөг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна.

-Охиноо чөлөөт бөхөөр хичээллэнэ гэхээр ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай аав ээж хоёр малчин. Аав маань морь уядаг хүн байдаг юм. Жаахан байхдаа хурдан морь унадаг хүүхдүүдтэй их барилддаг байсан. Бүгдийг нь давдаг байсан гээд л бод. Аав ээж маань тэр үед их өхөөрдөөд дэмждэг байсан. Манай хажуу айлын охин барилдаж эхлээд намайг дагуулж явсаар байгаад чөлөөт бөхөд урвуулчихсан юм.

АНХ БЭЛТГЭЛ ХИЙГЭЭД 14 ХОНОГИЙН ДАРАА ДҮҮРГИЙН АВАРГА БОЛЖ БАЙСАН

-Бөхийн олон төрлүүдээс яагаад заавал чөлөөт бөхийн спортыг сонгох болов. Мөн анх дэвжээн дээр гарахдаа ямар мэдрэмж авч байсан бэ?

-Анх сургуулийн харанхуй, бүгчим подвалд бэлтгэл хийж байлаа. Хөлс маань гарчихсан хачин гоё мэдрэмж л авсан санагддаг. Түүнээс хойш өдөр болгон бэлтгэлд явахгүй л бол болохгүй юм шиг санагдаад л хичээлээ таслаад явдаг байсан. Анх аав, ээж эмэгтэй хүүхэд барилдаад дэмий боль гэж хэлж л байлаа. Гэхдээ одоо бол сайн дэмждэг л дээ. Бэлтгэл хийж эхэлснээс хойш яг 14 хоногийн дараа дүүргийн аваргын тэмцээн болсон. Тэгэхэд манай гэр бүлийнхэн энэ тэмцээнд л амжилт гаргавал цаашдаа барилдана шүү гэж хэлсэн. Амжилт гаргахгүй бол хичээлээ хийх болзолтой орж байв. Тэр тэмцээн дээр харсан бүх хүнээсээ айсан ч аварга болж чадсан. Түүнээс хойш маш их урам орсон.

-Анх удаа барилдаад л дүүргийн аварга болчихжээ?

-Тийм. Миний бүх боломжийг нээж өгсөн. Ойр тойрныхон ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. 10 жилийн багш нар маань хүртэл ойлгосон. Бэлтгэлд яваад хичээлээ хаячихсан учраас миний хичээлийг нөхөж өгдөг байлаа. Тэд нар маань надад их тус болсон доо.

-Чөлөөт бөхөөр барилдаад долоон жил болсон байна. Энэ хугацаанд хэцүү санагдах, шантрах үе гарав уу?

-Зөндөө олон тэмцээнээс мултарч, хожигдоно. Тэр үеүдэд би ч болохгүй юм байна даа гэж бодно. Гэхдээ бодсон хэрнээ л маргааш нь бэлтгэл дээрээ ирчихсэн байж байдаг. Ардын багш З.Дүвчин гэдэг хүн намайг маш их хурцалж өгдөг. Мөн бууж өгөхгүй байхыг эгч нараасаа суралцдаг. Анх өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болж Найрамдалд сар гаран бэлтгэл хийсэн. Тэр үед аав, ээжийгээ их санасан. Жаахан байсан болоод ч тэр үү бэлтгэл ч гэсэн хүнд санагдаж байв. Зардал мөнгөний асуудал гарахад манай хамаатнууд дундаасаа мөнгө босгож Азийн аваргад явуулсан. Би итгэлийг нь алдалгүй мөнгөн медаль хүртсэн. Тэр тэмцээнээс их олон зүйл сурсан. Гадаад улс ямар байдгийг ч мэдсэн. Онгоцонд сууж үзэх нь хүртэл надад шинэ зүйл байлаа. Хөдөө гэртээ сууж байхад дээгүүр онгоц нисэхэд үүнд сууж үзэх юм сан гэж боддог байсан тэр хүслээ биелүүлсэн.

-Түрүүн та зардал мөнгөтэй холбоотой асуудал ярилаа шүү дээ. Манай олон улсын тэмцээнд оролцож байгаа тамирчдад энэ зүйл нь сэтгэлийн дарамт болоод байх шиг байдаг?

-Олимп, дэлхийгээс гадна бусад тэмцээнүүдэд хувиасаа зардал гаргадаг. Хол ойроосоо шалтгаалаад өндөр зардалтай. Хол ойрын хамаатан саднаасаа гуйна шүү дээ. Их зардал гаргачхаад эхний тойрогт ялагдах ч үе бий, медаль авах ч үе бий. Медаль хүртвэл гэрийнхэндээ гоё зүйлс аваад  ирэх л сайхан санагддаг. Мултрахад харин харамсдаг. Алдсан алдаагаа давтахгүй юм сан гэж бодоод ирсэн дараа бэлтгэлээ илүү их хийдэг.

ТҮҮНИЙ ТӨРСӨН ДҮҮ Б.АНУДАРЬ ЭГЧИЙГЭЭ ДУУРАЙГААД ЧӨЛӨӨТ БӨХИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ БОЛЖЭЭ


-Таныг дуурайгаад дүү нар нь барилддаг болсон гэж сонссон?

-Тийм шүү анх пүү ямар муухай юм гэдэг байсан хүмүүс чинь одоо өөрсдөө барилдаад эхэлсэн. Би эхээс наймуулаа. Сая доод талын дүү Б.Анударь маань бүх ард түмний спартакиадад хүрэл медаль хүртсэн. Их ирээдүйтэй тамирчин болох шинжтэй шүү.

-Нэг гэрээс хоёр тамирчин төрөх нь ээ?

-Дүүтэйгээ хамт бэлтгэл хийхэд их л түшигтэй санагддаг юм байна. Жин хасах, бэлтгэл сургуулилалтад хүртэл их тус нэмэр болох юм.

-Та ер нь хэр шартай вэ. Сая дэлхийн аваргын төлөө барилдсаны дараа их уйлсан шүү дээ?

-Ялагдсанаа бодохоор л тэр байх. Оноо алдсан ч багш маань болж байна л гэж хэлдэг. Урам өгдөг. Тэмцээнд хожигдохоороо уйлах гээд байдаг талтай. Уг нь уйлахгүй байж дараа дараагийн тэмцээнээ бодох хэрэгтэй.

-Уйлахаас гадна барилдааны үеэр шазуур зууж шатталаа уурлаж байв уу?

-Үгүй. Харин ч нөгөө хүнээ мэдэрдэг. Хожих, хожигдох талаар ч боддоггүй. Яг барилдаж эхлэхэд ганцхан дасгалжуулагчийн үг л сонсогддог. Орчноосоо тасарч байна гэсэн үг. Гэхдээ яах вэ хожигдчихоор шар гозойгоод уйлчихдаг юм.

ӨӨРИЙН ХИЙСЭН МЭХЭНДЭЭ ӨӨРӨӨ УНАСАН БОЛОХООР Л ХАРАМСААД БАЙГАА

-Жаахан л алдаа гаргасан учраас харамсаад уйлсан байх тийм үү?

-Ялах бүрэн боломж байсан. Өөрийнхөө мэхэнд өөрөө унасан болохоор аргагүй шүү дээ. Ер нь жаахан харамсаад л байгаа.

-Таны ирээдүйн зорилго юу байна?

-Сая бид дэлхийн цомын төлөө бүтэн багаараа оролцох эрхтэй болсон. Тэр тэмцээнд амжилттай оролцоно. Харин бүүр том мөрөөдөл гэвэл олимп дэлхийн аварга болмоор байна.

-Ярилцсанд баярлалаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2022 09:45

Мундаг охин шүү

Зочин
Зочин
9 сар 24, 2022 09:45

Бахарх�##� минь илүү том амжилт

Зочин
Зочин
9 сар 24, 2022 09:45

Зөв шар хүнд хэрэгтэй шүү дүү минь аижилт

Зочин
Зочин
9 сар 24, 2022 09:59

Coool ohin shvv

Зочин
Зочин
9 сар 24, 2022 10:00

Ирээдүйн аварга болоорой

Зочин
Зочин
9 сар 24, 2022 10:00

Amjilt

Зочин
Зочин
9 сар 24, 2022 10:01

Монгол бахарх�##�.Дэлхийд данстай мундаг тамирчин охинд х�##�уун баяр хүргэж амжилт аз од.

Холбоотой мэдээ

Back to top button