Ярилцлага

“Хөхний клиник”-ийн эмч Т.Аззаяа: 72 цагийн эмийг эмэгтэй хүн насан туршдаа дөрвөн л удаа уух заалттай

Т.Аззаяа “Хөхний клиник” эмнэлгийн дүрс оношилгооны эмчээр ажилладаг. Тус эмнэлэг 2021 оны долоодугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд 5000 хүнд үзлэг оношилгоо хийж, 90 гаруй хорт хавдар илрүүлж, 300 орчим хоргүй хавдрын мэс засал хийсэн байна. Т.Аззаяа эмчтэй хөхний эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа.    

-Эмч ээ, таны ажлын өдрөөс яриагаа эхэлье. Та хэдэн хүнд үзлэг хийсэн бэ?
-Өнөөдөр 20 гаруй эмэгтэй үзүүлж, хөхний хорт хавдар нэг, хоргүй хавдар тав оношлогдлоо. Мөн хөхний буглаа хоёр, шалтгаан тодорхойгүй хөхний өвдөлттэй хэд хэдэн эмэгтэй ирлээ. Мөн
хөхний хоргүй хавдартай, хяналтад үзүүлдэг эмэгтэйчүүд ирсэн. Ер нь манай “Хөхний клиник”-т өдөрт 20-30 хүн ирж үзүүлж, эмчилгээ үйлчилгээнд хамрагддаг.
-Шалтгаан тодорхойгүй өвдөлтүүд шалтгаан тодорхой болоод явна гэсэн үг үү?
-Хөхний шалтгаан тодорхойгүй өвдөлтүүд их байдаг. Хөх өөрөө даавар хамааралтай эрхтэн учраас цэвэршилт, сарын тэмдгийн алдагдалтай холбоотой хөндүүрлэх, хатгуулах зэрэг зовуурь
илэрч болно. Үүнээс гадна сэтгэл зүйтэй холбоотой учраас сэтгэл хямрах, стресстэх, уурлах, нэг зүйлд удаан санаа зовж явах зэрэгт хөх өвдөж эхэлдэг. Тэгэхээр хөх шалтгаангүй өвдөх шалтгаанд олон хүчин зүйл багтана.
-Ер нь манай орны нөхцөлд хөхний эрүүл мэндэд тохиолдож буй түгээмэл асуудал нь юу байна вэ?  
-Хортой болон хоргүй хавдрын үүсгэвэрт өөрчлөлтүүд. Монгол Улсын хэмжээнд хөхний хорт хавдар нийт хавдрын зургаадугаарт, эмэгтэйчүүдийн хавдрын дөрөвдүгээрт ордог. Энэ нь цөөн хүн амтай улсын хувьд өндөр тоо, тохиолдол юм. Зөвхөн манай эмнэлгийн статистикаас аваад үзэхэд 60 эмэгтэй тутамын нэгт хорт хавдарын тохиолдол оношлогдсон байна гэсэн үг.
-Хорт хавдар оношлогдож буй үе шатын хувьд…?
-Манай эмнэлгийн хувьд нэгдүгээр шатандаа оношлогдох тохиолдол цөөнгүй байна. Хөхний хавдар өвдөлт, зовуурь, шинж тэмдэггүй явагддаг учраас ихэвчлэн гурав, дөрөвдүгээр үе шатандаа хожуу оношлогдох тохиолдол улсын хэмжээнд элбэг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэгээр л хөхний хавдрыг нэг, хоёрдугаар үед нь барьж авч оношлох боломжтой. Манай эмнэлгийн давуу тал нь сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурилсан хөхний маммографийн
аппараттай учраас хөхний хавдрыг эрт үед нь оношлох тохиолдол ихтэй.
-Хөхний хоргүй хавдрын тухайд?
-Хөхний хоргүй хавдрыг ийм юмнаас болоод үүсдэг гэж хэлэхэд харьцангүй ойлголт, судлагдсаар л байна. Ер нь бол хоргүй хавдар хөхний эмгэгийн 90 орчим хувьд нь тохиолддог бөгөөд энэ нь алсдаа хортой болно гэсэн ойлголттой байж болохгүй. Шалтгааны тухайд
дааврын өөрчлөлтийг нэрлэж болно. 16-25 насны эмэгтэйчүүдын хувьд дааврын өөрчлөлтийн улмаас хоргүй үүсгэвэр хамгийн элбэг тохиолддог. Дааврын тэнцвэргүй байдалд нөлөөлдөг маш олон хүчин зүйлс бий. Жишээ нь, жирэмснээс хамгаалах дааврын эм, бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх, үр хөндөлт, зулбалт болон сарын тэмдгийн мөчлөг алдагдах гэх мэт тэргүүлэх шалтгаанууд байна.

-Харин хөхүүл эмэгтэйчүүдийн хөхөнд үүсэж буй өвчлөл гэвэл?
-Хамгийн нийтлэг тохиолддог өвчлөл бол бидний горьдох гэж ярьдаг буглаа буюу үрэвсэлт өвчин. Гаднаас бактерийн халдвар авснаас болж хоолой идээлж өвддөг. Яг үүнтэй адил хөхний эдүүд үрэвсэж, идээлээд өвдөж байна гэсэн үг. Манай монголчууд горьдчихлоо гэж ярьдаг.
Үнэндээ бол хэн нэгнээс ямар нэг зүйл горьдсоноос болж хөх өвдөнө гэдэг нь өрөөсгөл ойлголт бөгөөд тухайн хэсэг газар сүүний зангирал явагдаж, зангирлаа тайлж чадахгүй 1-2 хоноход гаднаас бактерийн халдвар орж үрэвсэл үүсгэснээр идээлж, идээлсэн хэсэг буглаа болдог.
-Нас, насны эмэгтэйчүүд хөхний эрүүл мэнддээ хэрхэн анхаарвал зохилтой вэ?
-Өсвөр насны охидын хөх дөнгөж ургахаас эхлээд 40 нас хүртэлх эмэгтэйчүүдийн хувьд зовиур илрээгүй байсан ч 2-3 жилд нэг удаа, харин 40 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших хэрэгтэй. Харин аль ч насны эмэгтэй хөхөө тэмтэрч үзэхэд үүсгэвэр тэмтрэгдэх мэдрэгдэх, хөхний толгойноос шингэн гарах, сарын тэмдгийн өдрүүдэд хөндүүрлэх, нэг хэсэг газар улайх, хонхойх, хөх болон суга руу
хатгуулж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх нь зүйтэй. Хөхний эхо болон хөхний маммографи шинжилгээгээр хөхөнд хэвийн бус өөрчлөлт байгаа эсэхийг мэдэх боломжтой.
-Хөхний хорт хавдрыг эмчлэх, эдгэрэх боломжийн тухайд?   
-Хөхний хорт хавдар ихэвчлэн 45-аас дээш буюу цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Хөхний хавдрын эмчилгээг манай улс цогцоор нь хийж байна. Хөхний хорт хавдар эрт үедээ оношилогдсон тохиолдолд эмчилгээ төгс болох боломжтой. Хөхний хавдрын үед мэс
заслын эмчилгээ, хими, туяа, бай, дааврын дарангуйлах эмчилгээ хийгддэг бөгөөд тухайн өвчтөн аль үе шатанд оношлогдсноос хамаарч эмчилгээний тактик өөр өөр байна. Хөхний хортой хавдар эрт үедээ оношлогдсон тохиолдолд хөх хадгалах мэс засал хийх боломж
бүрдсэнээр тухайн өвчтөний амьдралын чанарт эерэгээр нөлөөлнө.

-ОЛОН УДААГИЙН ҮР ХӨНДӨЛТ ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ НЭГ ШАЛТГААН БОЛДОГ-

-Бидний амьдрах орчин нөхцөл, хэрэглээ, дадал зуршлаас шалтгаалан хөхний эрүүл мэндэд асуудал үүсэх үү?
-Хортой хавдрын хувьд маш олон хүчин зүйл бий. Эхний шалтгаан бол удамшил бөгөөд эмэгтэй хүйсээ дагадаг. Архи тамхины хэрэглээ, таргалалт, анхны төрөлт 30 наснаас хойш, төрөлт хоорондын зай, жирэмслэлтээс хамгаалах дааврын эм бэлдмэлийг удаан хугацааны турш хэрэглэх зэрэг нөлөөлнө. Сүүлийн үед ялангуяа залуу эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эмийг замбараагүй хэрэглэх болсноос үүдэж, эрсдэл нэмэгдэж байна. Бас дааврын өөрчлөлт байна. 16-25 насанд физиологийн дааврын хэлбэлзлээс болж хоргүй хавдар, уйланхай үүсч болдог. 25 наснаас хойш жирэмслэлт төрөлт гээд эмэгтэй хүн насан туршдаа дааврын
өөрчлөлтөд ордог. Мөн олон удаагийн үр хөндөлт, зулбалт байна. Жирэмслэх үед хөхөнд дааврын нөлөөгөөр тодорхой өөрчлөлт орж хөх өөрийгөө бэлдэж эхэлдэг. Тэгэхээр энэ процессийг ямар нэгэн байдлаар таслан зогсооход даавар эрчимтэй алдагдсанаас шалтгаалаад хортой болон хоргүй хавдар үүсэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Ер нь хортой, хоргүй хавдар нэг, хоёр сарын дотор үүсчихдэг зүйл биш юм . Энэ нь удаан хугацааны туршид үүсч бий болдог өөрчлөлт учраас залуу насандаа үр хөндөлтөөс зайлсхийх, жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эмийг олон дахин хэрэглэхгүй байх, жирэмслэлтээс хамгаалах эмийг гурван жил ба түүнээс
дээш хугацаагаар уухаас татгалзах хэрэгтэй.
-Хөх шалтгаан тодорхойгүй өвдөх үед юуг анхаарвал зохилтой вэ?
-Ихэнх тохиолдол цэвэршилтийн үед хөх хөндүүрлэж өвддөг. Хөх халуу оргих, хорсох, хөхний толгойн ард хатгуулах, сарын тэмдгийн үед өвдөх зэрэг нь дааврын хамааралтай байдаг. Энэ үед өвдөлт намдаах эм ууж, тос түрхэж болно. Харин стресс, ядралтааас шалтгаалсан хөхний өвдөлтийн үед стрессээ зөв тайлж, амарч сурах хэрэгтэй.
-Хөхний өвдөлтүүд цаашлаад хортой болон хоргүй хавдар үүсгэж болох уу?  
-Үгүй. Энэ бол өөр процесс. Хөхний өвдөлт шөнийн ээлжинд ажилладаг, нойргүйдэлтэй, кофейний хэрэглээ өндөр эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Тэгэхээр хэрвээ та нойргүйдэлтэй байвал шөнийн нойроо гүйцэд авах болон өдөрт хэрэглэдэг кофейний хэрэглээгээ багасгаад үзэх хэрэгтэй.
-Сүүлийн үед эрэгтэйчүүдэд хөхний өвчлөл тохиолдох болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?  
-Сүүлийн жилүүдэд  эрчүүдэд хөх ургах эмгэг, цаашлаад хөхний хавдар бас оношлогдож байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр залуучууд фитнессээр хичээллэж, тэр хэмжээгээрээ хүнсний
нэмэлт бүтээгдэхүүн, даавар, стеройд агуулсан бэлдмэлүүд удаан хугацаагаар хэрэглэх болсон. Хөх өөрөө даавар хамааралтай эрхтэн. Эрчүүд булчингийн масс нэмэх зорилгоор эм бэлгийн даавар /эстроген/ хэрэглэхээр эмэгтэй шинжүүд давамгайлж амархан уурлаж, бухимдах, гомдомтгой болох дээрээс нь хөх ургаж байна.  Нэгэнт хөх ургасан юм чинь булчирхайлаг эрхтэн учраас хавдраар өвдөх эрсдэл бий болно гэсэн үг. Залуучууд үүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Дасгал хийж гоё болж болно. Харин үүнийг  хүчээр дарангуйлах даавар тэр ч бүү хэл хөхний хорт хавдрын үед уудаг эм, бэлдмэлийг хүртэл хэрэглэж байна.
-Эрэгтэйчүүдийн хавдрын тохиолдол…?
-Нийт тохиолдлын нэг хүртэл хувьд  бүртгэгдэж байна.

-72 ЦАГИЙН ЭМИЙГ ЭМЭГТЭЙ ХҮН НАСАН ТУРШДАА ДӨРВӨН Л УДАА ХЭРЭГЛЭХ ЗААЛТТАЙ-

-Дааврыг хамгийн энгийнээр ч болов хэрхэн зохицуулах талаар ойлголт өгөөч?
-Эмэгтэй хүн болж төрнө гэдэг өөрөөр хэлбэл эрсдэл. Эмэгтэйчүүд сарын тэмдэг анх ирснээс эхлээд насан туршдаа дааврын өөрчлөлтөд орж байдаг. Сарын тэмдэг ирэхийн өмнө хөх хөндүүрлэж, хэвлийгээр базлахыг физиологийн эрүүл өвдөлт гэж үздэг. Учир нь эстроген даавар цусанд ихсээд сарын тэмдэг дуусах үеэр буцаад буурдаг. Харин энэ дааврыг бид нар яаж зохицуулах вэ гэхээр хамгийн наад зах нь жирэмснээс хамгаалах дааврын эм бэлдмэл, тариа, бугалганы суулгац зэргийг гурван жил ба түүнээс дээш хугацаагаар хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жирэмслэлт, төрөлт хоорондын зайг гурав ба түүнээс дээш жилийн хугацаагаар төлөвлөх хэрэгтэй. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлснээс хойш даавар тэнцэржихэд нэгээс хоёр жил орчим болдог. Тэгэхээр дааврыг өөрсдийнхөө хэмжээнд зохицуулж чадаж байна гэсэн үг. Мөн 45-55 насандаа цэвэрших  нь байгалийн  эрүүл процесс. Гэтэл эмэгтэйчүүд дааврын өөрчлөлтөд орлоо, цэвэршмээргүй байна гээд цэвэршилтийн эсрэг эм, витамин  ууж, тосон түрхлэг
хэрэглэдэг. Ингэж жам ёсны процессийг хүчээр саатуулахаар дааврын өөрчлөлтөд ордог. Байгалийн жамаар цэвэрших хэрэгтэй.
-Цэвэршилт айх зүйл биш юм байна?
-Тийм ээ. Хамгийн анх биений юм ирсэнтэй л адилхан шүү дээ. Нэг ёсондоо өндгөвч өөрийгөө амрааж байна гэсэн үг. Хөх өндгөвч хоёр эстроген, прогестрон даавраар зохицуулагддаг учраас энэ даавар багасаад ирэхээр өндгөвчний үйл ажиллагаа суларч байгаа процесс. Хэзээ нэгэн өдөр эмэгтэй хүн бүхэн туулна. Тэгэхээр үүнийг хүчээр зогсоох, хойшлуулах шаардлагагүй. Харин цэвэршилтийн эсрэг эм бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэснээр хөхний хортой
болон хоргүй хавдрын үүсэх нөхцөлийг бий болгодог.
-Танай клиник хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжөөр маммографи хийдэг гэлээ. Энгийнээр хэлэхэд давуу тал нь юу вэ?  

-Энэ бол дэлхий нийтээрээ ашиглаж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи. Үүний давуу тал нь гэвэл хүний нүдэнд харагдах боломжгүй, эход ч харагдах илрэх боломжгүй хавдрыг эрт үед нь оношлох боломжтой. Ялангуяа залуу эмэгтэйчүүдэд хөхний эдийн нягтрал өндөр байдаг тул энэ үед энгийн маммографид мэдрэг чанар бага байдаг харин хиймэл оюун ухааны тусламжтай эдийн нягтрал ихтэй эмэгтэйчүүдэд хавдрыг оношлох боломжтой.
-Охид, эмэгтэйчүүд имплант ихээхэн хийлгэх болсон. Үүний гаж нөлөө, хор хөнөөл гэж бий юу?
-Хөх өөрөө булчирхайлаг эрхтэн учраас хэчнээн дасгал хөдөлгөөн хийсэн ч, томруулдаг гэх тос түрхээд ямар ч үр дүнгүй. Хөхийг томруулах ганц л арга байдаг нь хөхний имплант. Тодруулбал, хөхний арын зайд байрлуулдаг бөгөөд үүнээс шалтгаалаад хортой, хоргүй хавдар үүсэхгүй. Хавдар гэдэг чинь эсийн түвшний гажигшил шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд  маань  имплант хийлгэсэн бол жил болгон үзлэг шинжилгээндээ орж хянуулж байхад болно.  
-Эцэст нь та эмэгтэйчүүддээ хандаад юуг хэлмээр байна вэ?
-Хөх гэдэг эмзэг нандин энхрий гоо сайхны эрхтэн. Тэгэхээр өөртөө хайртай байж, хөхөө тогтмол хугацаанд шалгуулж байгаарай. Залуу охид  гэр бүл төлөвлөлт, жирэмснээс хамгаалах аргын талаар зөв мэдлэг,мэдээлэлтэй байх хэрэгтэй. Миний ажиглаж байгаагаар 72 цагийн яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эмийг залуу эмэгтэйчүүд ихээр хэрэглэж байна. Өндөр тунтай даавар агуулсан эм учраас гаж нөлөө ихтэй. Энэ эмийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд эсвэл бэлгэвчтэй бэлгийн харилцаанд ороод бэлгэвч цоорсон үед хэрэглэх заалттай. Гэтэл манай улсад нэгдүгээрт жоргүй олгодог, хоёрдугаарт үнэ хямд учраас хоол шиг л хэрэглэж байна. 72 цагийн эмийг эмэгтэй хүн насан туршдаа дөрвөн л удаа уух заалттай. Ингэхдээ зургаан сар дотор дахин хэрэглэж болдоггүй. Мөн эмэгтэйчүүд хөх ургаж эхэлсэн цагаас эхлээд сар бүр хөхөө өөрөө шалгаж сурах хэрэгтэй. Усанд орж байхдаа, унтах гээд дээшээ харж хэвтэхдээ хөхөө илж, тойруулж  ямар нэг хатуу зүйл, бэрсүү байна уу гэдгийг маш сайн шалгах хэрэгтэй. Хэрвээ таны хөхөнд ямар нэг бэрсүү тэмтрэгдвэл мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, шаардалагатай шинжилгээнүүдийг хийлгээрэй. Хөхний хорт хавдар нь өөрөө ямар
ч өвдөлт, зовиур, шинж тэмдэг илэрдэггүй учраас хүмүүс тэр бүр хөхөө үзүүлдэггүй. Иймээс та тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж байгаарай.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 08:55

Mash ih heregtei medeelel bndaa

Зочин
Зочин
2022-09-27 08:55

Бхярл�##�аа чух�##� мэдээлэл бна шүү

Зочин
Зочин
2022-09-27 08:56

Medeeed awmaar ym bna

Зочин
Зочин
2022-09-27 09:09

nigger

Зочин
Зочин
2022-09-27 20:26

araggui shuudee baahan bolson boloogui yum idej, bas hereglej bgaa yum chini

Bidon
Bidon
2022-10-09 16:19

Ene p###aa baahan uusan bh haha

Холбоотой мэдээ

Back to top button