Ярилцлага

М.Баярбат: "Фантастик" ардчилсан зарчимтай, өөрт таалагдсан дүрдээ саналаа өгдөг

“Фантастик” продакшн багагүй хугацааны дараа “Зура 2: Цурам ажиллагаа” УСК-г үзэгчдийн хүртээл болгож, олны анхаарлыг татав. Харин үзэгчдийн сэтгэгдэл эерэг ч, сөрөг ч. "Зура 2" уран бүтээлийн талаар болон бусад сэдвээр тус продакшны төлөөлөл болгож жүжигчин М.Баярбаттай ярилцлаа.


-Фитнессээсээ гарч ирэв үү?

-Тэглээ.

-Фитнесс гэснээс таныг эротик дүрд тохирно гэж үзэгчид бичдэг шүү дээ. Тэгэхээр та эротик дүр санал болговол тоглох уу?

-Тоглохгүй. Биеэ хөгжүүлнэ гэдэг нь нэгдүгээрт эрүүл мэндийн хувьд зөв дадал зуршилтай байх, хоёрдугаарт жүжигчин хүний хувьд бусдад үлгэр дуурайлал болох ёстой. Булчинтай болох, харагдах байдлаасаа сайхан байх гэж хичээхдээ нэг их утга учир нь байгаа юм биш. Амьдралын зөв хэв маяг талаас нь харах хэрэгтэй болов уу.

-Яагаад эротик дүрд тоглохгүй гэж?

-Киноны эротик хэсэг дээр аятайхан биетэй байх хэрэгтэй л дээ. Түүнээс шууд эротик дүрд бол тоглохгүй.

-Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор нэг асуулт асууя. "Фантастик” продакшныхныг жүжигчиндээ тааруулж зохиолоо бичдэг гэж ярилцдаг. Сая нээлтээ хийсэн “Зура 2: Цурам ажиллагаа” киног Ж.Алтаншагайд тааруулж бичсэн гэж ярилцах юм. Тэгэхээр Б.Тамир найруулагч нэг өдөр танд зориулаад эротик дүртэй зохиол бичээд ирвэл яах уу?

-Манай найз тэгэхгүй байх. Кинонд хэрэгтэй эерэг, эсрэг дүрүүд байгаа шүү дээ. Анхнаасаа зохиолоо жүжигчнээ бодож л бичдэг байх л даа. Энэ жүжигчинд маань ийм характер зохидог, ийм характер гаргадаг гэж боддог. Түүнээс хүн, хүнд тааруулж бичдэггүй болов уу. Тэгвэл кино утгагүй болно.

-Кино утгатай байхын тулд ямар нэг зүйлийг хэлж ойлгуулж байх хэрэгтэй юу. Ингээд бодоод үзэхээр ямар нэг үзэл санаа, хэлэх гэсэн зүйлийн жанжин шугам байх хэрэгтэй. Танай продакшн юуг хэлэхийг зорьдог юм?

-Бидэнд хэлэхийг зорьдог үзэл санаа гэж бий. Залуус нэг дэлхий, нэг хүн төрөлхтөн гэх мэтээр ярьдаг л даа. Гэтэл үүн дотор тус тусдаа үндэстний онцлог, дархлаа гэж зүйл байдгийг ойлгох хэрэгтэй юм болов уу. Жишээ нь Япон, Герман, Ари үндэстэн гэдэг шиг Монгол хүн, Монгол үндэстэн гэж юу вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй байх.

Ерөнхийдөө Монгол хүн гэж ямар хүн байх ёстой вэ гэдгийг өөрсдийн уран бүтээлээр ойлгуулахыг хичээдэг. Ямар түүхтэй, том гүрнүүдийн бодлого дундаас хэрхэн ялгарлаа авч үлдэж, өдийг хүртэл оршин тогтнож байгааг бодож үзэх хэрэгтэй. Цөөхөн мөртлөө энэ хоёр том гүрний дунд устаж алга болохгүй байгаа тэр онцлогийг л ойлгуулахыг зорьдог. Энэ бүх зүйл дээр л манай продакшны ирээдүйн төлөвлөгөө зорилго тулгуурладаг. Хэрвээ та бүхэн анзаарсан бол манай уран бүтээлүүд тодорхой хэмжээний түүхэн он цагуудыг цухас дурдаж явдаг.

БИД БАГАДАА ТАВ, УРТДАА 10 ЖИЛЭЭР ТӨЛӨВЛӨДӨГ

-Зохиол бичих, дүр оноох зэрэг дээр хэрхэн ажилладаг вэ. Хэрвээ нууц биш бол?

-Манай продакшн нь уртын төлөвлөгөөний дагуу ажилладаг. Нэг кино дуусгаад одоо ямар кино хийх вэ гэж суудаггүй. Хамгийн багадаа таван жилээр, цаашлаад 10 жилээр төлөвлөгөө гаргадаг. “Зура 2: Цурам ажиллагаа” кино бас төлөвлөгөөний нэг хэсэг. Бид нэг ажил дуусахад дараагийн киноны зохиол сэдэв, үзэл санаа яригддаг. Бүгд ярилцсаны үндсэн дээр Б.Тамир маань найруулагч, зохиолчдын багтайгаа киноны зохиол болгож бичдэг. Зохиол дууссаны дараа уншлагаа хийгээд дүрээ хуваарилдаг.

Б.Тамир ерөнхий найруулагчийн хувьд дүрүүдийг хуваарилдаг. Гэхдээ манай “Фантастик” тун ардчилсан зарчимтай шүү. Хоорондоо ярилцаж өөрт таалагдаж, бууж байгаа дүрдээ саналаа өгч болдог. Эцэст нь бүгд л хэлэлцэж ярилцаад санаагаа нэгтгэн шинэ уран бүтээлийн ажилдаа ордог.

-Хойд хөрш дайн байлдаантай байгаа энэ үед “Зура 2: Цурам ажиллагаа” кино цацагдлаа. Кинон дээр урд хөрш манай эдийн засгийг унагах гэж оролддог үйл явдал гардаг. Үзэгчид зарим нь энэ тал дээр их эмзэг хандаж байгаа бололтой?

-Үнэн юманд хүн жаахан эмзэглэдэг биз дээ.

Гэхдээ бид аль нэг  хөрш улсуудаа муу, муухай, сайн сайхан шүү гэж магтаж хийдэггүй. Ер нь Монгол Улсад гаднын нөлөөлөл байдаг шүү. Үүнийг хамгаалдаг цэрэг, цагдаа, тагнуул байж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд их хичээдэг гэдгийг харуулах гэсэн юм. Бусдаар энэ улс сайн, тэр улс муу гэдгийг харуулах гэж тулгаж хийгээгүй гэдгийг хэлмээр байна. Бид өөрсдөө энэ цаг үедээ үүх, түүх, соёл, газар нутгаа хамгаалж байж ирээдүйд Монгол Улс  үргэлжлүүлэн оршин тогтнох байлгүй дээ.

КИНО ХИЙХДЭЭ ТЭР НАМ, ЭНЭ НАМЫНХ ГЭЖ ХИЙДЭГГҮЙ

-Таныг уурлуулж байж магадгүй. Та өөрөө сонссон ч байж болох. Танай продакшныг ерөнхийлөгч асан Х.Баттулгын талд кино хийдэг гэж ярилцах юм. Энэ тал дээр?

-Харин биднийг тэгээд байдаг юм. Заримдаа манайхан нам улс төртэй бүхнийг холбох гээд дайраад байдаг болж л дээ. Бид бол урлагийн хүмүүс. Анхнаасаа кино хийхдээ тэр нам, энэ нам гэж кино хийгээгүй. Яагаад ч юм биднийг холбох гээд л үзээд байдаг болчихсон. Бидний зарим найзууд тэр хүнтэй ажилладаг нь үнэн. Одоо төр барьж байгаа намд ч гэсэн бидний найзууд байгаа.

Тийм учраас нэг талдаа хэт их туйлшраад хэрэггүй гэж хэлмээр байна. Түүний, үүний хүн гээд заавал хамаатуулах гэдгээ болих хэрэгтэй. Эцсийн эцэст бид хэн нэгний хүн биш. Бид бол урлагийн хүмүүс . Үнэхээр нэг юмны хүн гэх гээд байгаа бол бид “Фантастик” продакшн гэх урлагийн байгууллагын уран бүтээлч хүмүүс шүү дээ. Нам улс төрийн найз байгаа ч гэсэн бид ямар ч намд харьяалагддаггүй уран бүтээлчид шүү.

-Та бүхний хийж буй киноны сэдвүүд заримдаа тэгж таардаг юм болов уу. Эсвэл цаг үе нь ингэж таараад маргаан дэгдээгээд байна уу?

-Зүгээр л уран сайхны кино гэдгээр л хүлээж авч болдоггүй юм уу. Урьд өмнө нь болсон зарим зүйлсээс хальт, хальт орсон болохоос аль нэг талыг баримталсан зүйл байхгүй шүү дээ.

-Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Таны хувьд?

-Биднийг түүхээ хараад цээжээ дэлдлээ гэж ярьдаг шүү дээ. Угаасаа ийм түүхтэй болохоор өөр яах юм. Гэтэл түүх соёлоороо бахархаж дэлдэхийн хажуугаар нийгэм маань ямар байгаа билээ гэдгийг нэг бодоод үзээрэй. Ийм болгосон хүмүүс нь хэн билээ дээ. Хэн нэгэн рүү буруугаа чихээд хэрэггүй. Бидний мэдэхгүй янз янзын нөлөө, учир шалтгаан байдаг л байх. Гэхдээ би хувьдаа өөрийн хүүхдүүдээ зөв  хүмүүжүүлэх тал дээр их анхаарахыг хичээдэг. Амьхандаа гэр дотроо ирээдүйн Монгол Улсыг авч явалцах иргэн болох учир, өв соёлоо мэддэг, боловсролтой, эрүүл чийрэг биетэй, ирээдүйгээ харж чадах хүнийг бүтээх гээд хичээж байна даа.

ШҮҮМЖИЙГ ХҮЛЭЭЖ АВНА. ГЭХДЭЭ ДОРОМЖИЛСОН СЭТГЭГДЭЛД ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭРХТЭЙ

-Киноны шүүмжтэй холбоотой асуудалд хэрхэн ханддаг вэ. Зарим нь хатуухан ч шүүмж харагдана лээ?

-Шүүмжийг хүлээж авна. Гэхдээ тэр нь ул суурьтай байх ёстой. Биднийг "Аан, нээрэн тийм байж шүү" гэж хэлэхэд хүргэх өөр өнцгөөс харж алдааг оноог маань хэлсэн шүүмжийг хүлээж авдаг. Түүнээс илт гутаан доромжилсон зүйлийг хүлээж авахгүй байх эрхтэй.

Гэтэл өөрийнхөө сэтгэгдлийг шүүмж гэж ойлгодог хүмүүс байна. Зүгээр л таалагдахгүй байгаагаа доромжлол болгож бичдэг. Уг нь шүүмж баримттай, гарц гаргалгаатай байх хэрэгтэй биз дээ. Бид сайн, муу хэлсэн бүх хүний шүүмжийг уншдаг. Тэд таалагдахгүй байна гэж байгаатай адил бид зарим сэтгэгдэл дээр таалагдаагүй гэдгээ ч хэлэх эрхтэй. Урлагийн хүн гэхээр заавал инээгээд хүлээж авах ёсгүй. Бид ч бас хүн. Уурлана, инээнэ, таалж, таалахгүй байх ч эрхтэй. Ерөнхийдөө харилцан таалагдалцахгүй байж болно. Харин жинхэнэ шүүмж байна гэж бодсон зүйлээ бид хүлээж авна.

-Эсрэгээрээ магтаал нь их юм ?

-Хичээж л байгаа болохоор урам өгдөг биз дээ. Бид нэгэн зорилгын доор нэгдсэнийх нэгэндээ итгэх итгэлцлээ алдахгүй, Монголын кино урлагийг олон улсын түвшинд гаргах юм сан л гэж боддог. Хамгийн эхний жимийг л гаргачихвал дараа дараагийн хүмүүс тэр жимийг илүү урт, хол явах байх.

-Алс хэтийн зорилгынхоо талаар хуваалцвал?

-Дэлхийд Монгол Улсын нэрийг гаргах тэр жимийг татчихвал бидний зорилго бага ч гэсэн ойртох байх аа. 

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-28 09:20

Mundag hamt olon alsin haraatai medremjtei zaluus

Зочин
Зочин
2022-09-28 09:23

Фантастикийн үнэхээр мундаг шүү. дэлхийн түвшинд нийцсэн зурагл## дүрстэй кино хийх ##хамыг хийж байгаад нь баяр хүргэе

Зочин
Зочин
2022-09-28 11:19

Амжилт хүсье дээ бүгдэд нь

Зочин
Зочин
2022-09-28 11:20

Мундаг з##уус шүү. Шинэ кино нь ёстой та##агдсан шүү

Зочин
Зочин
2022-09-28 12:35

жонхуу баттулгын тэжээвэр долоогч захи##агтай юмс хийдэг гэдгийг нь кино урлагынхан байтугай юм ойлгодог хүн бүр л мэддэг хэлдэг.Мояа омгийнхон голдуу захи##гын юмыг нь үздэг хөөрхий толгойгүй хүмүүс.

Иргэн
Иргэн
2022-09-28 13:45

Уха##аг з##уу бна. Амжилт хүсэе. З##уусаа

Холбоотой мэдээ

Back to top button