ЭДИЙН ЗАСАГ

"TRQ"-ийн жижиг хувьцаа эзэмшигчид "Рио Тинто"-гийн саналын эсрэг шийдвэр гаргуулахаар хөдөлж эхэлжээ

"Туркоиз Хилл Ресурсес" компанийн Тусгай хороо "Рио Тинто" группийн саналыг хүлээн авсан ч жижиг хувьцаа эзэмшигчдийн санал хураалт эцсийн шийдвэрийг гаргах юм байна. Санал хураалтыг арваннэгдүгээр сарын 1-нд товложээ.

Ямар санал вэ гэвэл, "Рио Тинто" групп нь одоогоор "Туркоиз Хилл Ресурсес"-ийн 51 орчим хувийг эзэмшдэг. Харин үлдсэн 49 хувийг нь 3.3 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан. Хэрэв худалдан авч чадвал "Туркоиз Хилл Ресурсес" 100 хувь "Рио Тинто"-гийнх болно. Ингэвэл Оюу толгойн төсөлд зөвхөн Монголын Засгийн газар, "Рио Тинто" групп гэсэн хоёр оролцогч тал үлдэх юм.

"Рио Тинто" группийн зүгээс 3.3 тэрбум ам.долларын саналаа эцсийнх, дүнг дахин нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа.

Харин "Туркоиз Хилл Ресурсес"-ийн жижиг хувьцаа эзэмшигчид болох “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital” компаниуд 3.3 тэрбум ам.долларыг бага гэж үнэлсэн. Оюу толгойн төслөөс ирээдүйд хүртэх үр ашгийг дутуу тооцсон гэж үзэж буй учраас "Рио Тинто"-д татгалзсан санал өгөхөөр байгаа юм.

Тэгвэл, "Deal Reporter"-т мэдээлснээр дээр дурдсан хоёр компани зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Institutional Shareholder Services"-ийг лоббидохоор ажиллаж эхэлжээ. Тус групп нь хөрөнгө оруулагчдын өмнөөс шинжилгээ хийж, шийдвэр гаргахад нь нөлөөлдөг онцлогтой.

Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто" групптэй урт хугацаанд хэлэлцээ хийсний дараа Монгол талд ноогдох өрийг тэглэх, Дубайн гэрээг хүчингүй болгох агуулгууд дээр тохирсон. Энэ нь санхүүгийн өр өгөөж талдаа "Рио Тинто"-д сайнгүй, нөгөө талаар төсөлд тавих хяналт нь суларсан шинжтэй. Иймд дараагийн нүүдэлдээ ийн "Оюу толгой" ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг "Туркоиз Хилл Ресурсес" компанийг бүрэн өөрийн болгохоор ажиллаж байгаа нь энэ юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button