УЛС ТӨРЯрилцлага

С.Эрдэнэ: С.Баярцогтыг хаанаас намын дарга болгож, талууд нэгдээд байгааг би мэдэхгүй

Ардчилсан намын дарга С.Эрдэнээс дотоод маргаан тойрсон асуудлаар байр суурийг нь сонслоо.

-АРДЧИЛСАН НАМЫНХАН БИШ ХУВЬ ХҮМҮҮС УУЛЗСАН. ХУВЬ ХҮМҮҮСИЙН УУЛЗАЛТАД БИ ЗААВАЛ БАЙХ АЛБАГҮЙ-

-Уржигдар /2022.10.05/ танай нам МҮАН-тай нэгдэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Аравдугаар сарын эхээр Ардчилсан намынхан нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр уулзсан. АН одоо л нэгдэх нь гэж баярлан олзуурхагсад их байсан нь ажиглагдсан. Та хэрхэн дүгнэж сууна? 

-Юуны өмнө үзэж, уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Аравдугаар сарын эхээр нэг уулзалт болсон гээд байгаа шүү дээ. Шангриллад ч гэл үү. Би түүнийг хувь хүмүүсийн хоорондын уулзалт л гэж ойлгож байгаа. Албан ёсны Ардчилсан намын байр суурь тэнд байхгүй. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ер нь хэн ч бай янз бүрийн асуудлаар уулзаж, санал бодлоо солилцох эрх нь нээлттэй. Ямар нэгэн хяналт, цензур байдаггүй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө явдаг нам учраас ямар нэгэн хяналт тавих эрх байдаггүй. Тэгэхээр би тухайн уулзалтыг хувь хүмүүс үзэл санаа бодлоо солилцсон гэж л харж байгаа. 

-Танд урилга ирсэн үү, яагаад очоогүй юм бэ. Х.Баттулга та хоёрыг харагдахгүй байсан гэдэг мэдээллүүд хүртэл гарсан? 

-Нэгдүгээрт, би тухайн үед Монгол байгаагүй. БНСУ-д Азийн улс төрийн намуудын чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьсан. Хоёрдугаарт, хувь хүмүүсийн уулзалтад би заавал байх албагүй. Хүссэн хүмүүс нь оролцсон биз. Миний хувьд байсан бол оролцох ч байсан юм уу, үгүй ч байсан уу одоо хэлж мэдэхгүй байна. 

-Өчигдөр уулзаж, албан ёсоор нэгдсэнээ зарлаж, даргаа сонгох сураг байсан ч тийм үйл явдал болсонгүй? 

-Өнөөдөр уулзана уу, маргааш уулзана уу, хэдэн ч удаа уулзана уу хамаагүй. Тэр хүмүүсийн л асуудал. Нэг их ач холбогдол өгөөд байх асуудал биш. Нөгөө талаар МҮАН, АН нэгдэж ажиллах тодорхой тогтолцоонд хүрлээ. Манай АН, МҮАН үнэт зүйлийн зөрүү байхгүй. Нэг л үнэт зүйл, үзэл санаатай. Парламентын засаглалыг дэмждэг. Хуучин анх 1992 онд МҮАН гэж байгуулагдаад 2000 онд хүртэл бүгд энэ намд харьяалагдаж явсан. Улмаар таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулсан.

Үүний дараа тодорхой хэсэг бүлэг хүмүүс үндэсний үзэл санаагаа дээдлэх ёстой юм аа гэсэн тодорхой шалтгаанаар бие даасан улс төрийн нам байгуулж гарсан байдаг. Өнөөгийн эрх баригчдад тавих хяналтаа сайжруулж, хүчээ нэгтгэн ажиллах, хүчтэй сөрөг хүчнийг ажиллуулах шаардлага байна гэдэг үүднээс санамж бичгээ байгуулан нэгдлээ. Удахгүй эрх бүхий байгууллагууд хуралдаж шийдвэрээ гаргана. Улстөрийн намын тухай хуулийн дагуу нэгдэнэ.

-С.БАЯРЦОГТ ЯМАР САНАА БОДОЛТОЙ, ЯАЖ ЯВААГ НЬ БИ МЭДЭХГҮЙ БАЙНА-

-Нөгөө талаар Ардчилсан намууд нэгдэж, С.Баярцогтыг даргаар томилохоор зэхэж байгаа гэх. Түүнийг нэлээн дээрээс буюу МАН-ын дэмжлэгтэйгээр АН-д орж ирж байгаа гэх хардлага бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр албан ёсны Ардчилсан намд даргын асуудал яригдсан зүйл байхгүй. Өмнө нь М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д гурван удаа өргөн барьсан. Харамсалтай нь бүртгээгүй. Тодорхойгүй шалтгаанаар, хууль бус үндэслэлээр буцаасан. Тэгээд бид сүүлд гаргасан шийдвэрээ цуцлаад байна.

С.Баярцогттой холбоотой ямар нэгэн мэдээ мэдээлэл ирээгүй. Уулзаагүй. Ямар санаа бодолтой, яаж явааг нь мэдэхгүй байна. С.Баярцогтыг хаанаас намын дарга болгож, талууд нэгдээд байгааг би мэдэхгүй.

-Таниас бусад нь очоод гар барьж эвлэрээд, даргаар С.Баярцогтыг сонгоё гэцгээгээд л. Та ганцаараа зөрүүдлээд суугаад байгаа юм биш биз дээ гэдэг асуулт байна л даа? 

-Албан ёсны ямар ч мэдээлэлгүй, байр суурьгүй, зөвшилцсөн хэлэлцэгдсэн асуудал байхгүй. Ийм зүйл дээр нөгөө талд гөжүүдлээд суугаад байгаа асуудал надад байхгүй. Уулзах бүх хүмүүстэй нээлттэй уулзаж, санал бодлоо чөлөөтэй солилцож байгаа. Ямар нэгэн хаалт, хяналт тавиад байсан асуудалгүй. Нөгөө талаар Ардчилсан намд ямар нэгэн хуваагдал байхгүй. Хуваагдалтай мэт харагдуулах гэсэн зорилготой хүмүүс бий. Эрх баригчдаас болон харь гүрнээс дэмжлэг аваад Ардчилсан намыг хагалах, хагаралтай мэт нийгэмд ойлгуулах гэсэн оролдлогууд бий. Үүнийг үгүйсгэхгүй. Түүнээс биш намын жирийн гишүүд, анхан шатны байгууллагууд хуваагдалгүй.

-Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэхчлэн Ерөнхийлөгч байсан хүмүүс намын үйл ажиллагаанд оролцоод, гар дүрээд байх нь хэр зохимжтой вэ. Нөгөө талын АН-уудын тухайд?

-Нөгөө талын АН гэж байхгүй. 

-Та бүхэн өөрсдөө тэгж яриад байгаа шүү дээ?

-Би сэтгүүлчдийг гайхаад байдаг юм. “Та тэгж ярьдаг” гэдэг юм. Би яриагүй шүү дээ. Чи бодит үнэнийг тогтоох, зөв мэдээллийг нийгэмд хүргэх үүрэгтэй. Тэрнээс биш “та тэгж бодож байна” гэж хэлж болохгүй. Тэгвэл чиний асуугаад байгаа нөгөө талын АН-д чинь эрх бүхий байгууллагын ямар, тогтоол шийдвэр байгаа юм бэ, хэн бүртгэсэн бэ. Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намыг УДШ бүртгэдэг. Гэтэл нөгөө талын АН-ыг хэдэн оны хэдэн сарын хэдэнд УДШ-ийн хэдэн тоот тогтоолоор бүртгэсэн юм бэ. Улсын бүртгэлийн хэдэн тоот гэрчилгээ тэдэнд байгаа юм. Хүчин төгөлдөр тамга байгаа юм уу.

-2024 он буюу сонгууль дөхлөө. Х.Баттулга, Ц.Элбэгдорж нартай гар барих шаардлага гарвал та яах вэ?

-Ардчилсан намд одоо, шаардлагатай гэсэн тохиолдолд мэдээж, би бол Х.Баттулгыг мэдэхгүй байна. Ардчилсан намын гишүүнчлэлээ одоо хүртэл сэргээгээгүй байна. Ц.Элбэгдоржийн хувьд АН-ын гишүүн. Гишүүнийх нь хувьд хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн. Ц.Элбэгдорж нь байна уу, эсвэл Дондог, Дулмаа байна уу хэнтэй ч ажиллахад бэлэн. Хууль бусаар гаднаас нөлөөлөх гэж оролдоод л хөрш орнуудаас хууль бус мөнгө санхүүжилт аваад намын үйл ажиллагааг самрах гэж байгаа хэнтэй ч эвлэрэхгүй. Зөвхөн нам биш Монгол Улсын эрх ашгийг самарч байргаа шүү дээ. Зарим нэг гаднын санхүүжилттэй нөхдүүд.

-АН-ЫН ДАРГААР БҮРТГЭСЭН ГЭРЧИЛГЭЭ, ТАМГА Ц.ТУВААНД БИШ НАДАД БАЙГАА-

-Тамганы маргааны тухайд? 

-2022 оны хоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоол гарсан. Түүнд “Ц.Туваанд байгаа тамга хүчин төгөлдөр бус” гэдэг шийдвэр гарсан байдаг. Энэ нь давж заалдах эрхгүй эцсийн шийдвэр. Тамганы маргаан байхгүй. Одоо ганцхан л асуудал яригдаж байгаа. Тэр нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаад “Ц.Туваан бол Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд” гэдэг шийдвэр гарсан. Үүн дээр Ц.Тувааны өмгөөлөгч давж заалдсан. Улмаар “Нийслэлийн анхан шатны шүүх үндэслэл, тогтоолоо буруу гаргасан байна. Дахин хэлэлцэж зас” гэдэг байдлаар буцаасан. Гэвч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дахиж хуралдаагүй байна. Ийм л асуудал бий.

-Ерөнхийлөгч байсан хүмүүс намын үйл ажиллагаанд оролцоод байгаа гэдэг асуултдаа хариулт авсангүй?

-Хүнд ёс зүй этик гэж зүйл байх ёстой л доо. Яахав, хүний эрхийн хувьд Ц.Элбэгдорж нь ч байна уу, Х.Баттулга нь ч байна уу Ардчилсан намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явахад асуудал байхгүй. Ямар нэгэн дүрмийн бус байдлаар нөлөөлөх гэсэн Ардчилсан намын эрх мэдэл, тамгыг булааж авч, дараагийнхаа улс төрийн карьерийг өсгөх, өндөр албанд очих зам гүүрээ засах оролдлого хийж байгаа бол туйлын буруу. Ном дүрмээрээ дахиад намын үйл ажиллагаанд оролцох, албан тушаалд томилогдож сонгогдох эрх нь нээлттэй. Хуучин эрх мэдэл нөлөөгөө ашиглаад намыг хууль бусаар авах, хуваагдалтай мэт харагдуулах, тамга тэмдэг булаах гэсэн оролдлого хийж байгаа нь зохимжгүй. Ардчилсан намын үндсэн дүрэмд ч бий.

-Намын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хүнээр таныг ч, Ө.Шижирийг ч бүртгээгүй шүү дээ. УДШ хэнийг нь ч бүртгэхгүй хагаралдуулаад байгаа юм биш үү? 

-Дахиад л чамаас нэг юм асууя. Сурвалжлагч хүн шүү дээ. Дахиад хоёулаа нотлох баримт ярья. Би ерөөсөө зохиож яриагүй шүү дээ. Ө.Шижир гэдэг хүн ямар намын төлөөлөл юм бэ.

-Тэгвэл таныг яагаад бүртгэхгүй байгаа юм бэ?

-Би бүртгэлтэй юм чинь, бүртгүүлэх шаардлагагүй шүү дээ. Намайг бүртгэсэн 2017 оны гуравдугаар сарын 15-ний өдрийн 01 тоот УДШ-ийн тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ. Энэхүү тогтоолыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Ардчилсан намын дарга Содномзундуйн Эрдэнэ” гэсэн бүртгэл хэвээрээ байгаа. Энэ асуудлаар ямар ч маргаан үүсээгүй, өнөөдрийг хүртэл. УДШ дээр яригдаж байгаа гол асуудал нь шинээр намын даргыг бүртгэх. Үүн дээр л маргаан үүссэн. М.Тулгатыг. Чиний асуусан нөгөө намаас О.Цогтгэрэлийг. Хэнийг нь бүртгэх вэ гэдэг асуудал яригдсан шүү дээ. УДШ “Танай нам дотооддоо асуудалтай байна” гээд гурван удаа буцаасан. Гэтэл улс төрийн намын 13.9 дээр “Тухайн улстөрийн намын дотоод бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой аливаа маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй” гэж байгаа юм. Энэ асуудлыг тухайн улстөрийн намын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ. Манай эрх бүхий байгууллага нь ҮБХ.

-Та УДШ-д бүртгүүлэх гээд яваад байгаа юм биш үү?

-Намайг УДШ-д бүртгүүлэх гээд яваад байна гэсэн мэдээлэл бий. Би бүртгүүлэх гээгүй. УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн шүүгчээр ажиллаж байсан н.Сонинбаяр гэдэг хүний хууль бус ажиллагаатай холбоотой. Сонинбаяр УДШ-ийн цахим мэдээллийн сайтад байдаг “С.Эрдэнэ” гэж бичигдсэн мэдээллийг хууль зүйн үндэслэлгүйгээр хасаж, Ц.Тувааныг бичсэн байдаг. Энэхүү асуудлаар бид шүүхэд хандаж н.Сонинбаяр шүүгчийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласныг тогтоон, сахилгын арга хэмжээ авсан. Улмаар ажлаасаа халагдчихсан байгаа. Шүүх өнөөдөр Сонинбаяр шүүгчийн гаргасан алдааг залруулах үүрэгтэй. Ц.Туваан гэдэг нэрийг хассан бол С.Эрдэнэ гэдэг нэр автоматаар сэргэх ёстой. Гэтэл тэр цонх нь хоосон байгаа юм. Энэ бол цэвэр улстөр. Явуулга гэж харж байна.

-НАМАЙГ МАН-ТАЙ ЯМАР НЭГЭН АРГААР ХОЛБОСОН ХҮН Х.БАТТУЛГА БА ТҮҮНИЙ ТРОЛЛ АРМИ-

-Тантай уулзсаных ганцхан асуулт байна. Таныг өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар “Х.Баттулгад тээг болох замаар МАН-ын захиалгаар орж ирсэн” гэж одоо хүртэл харддаг, бичдэг шүү дээ?

-Х.Баттулга гэдэг хүнд тээг болох ямар ч шаардлагагүй шүү дээ. Яагаад гэвэл Х.Баттулга нэр дэвшээгүй. Дэвшээгүй хүнд би яахаараа тээг болдог юм бэ. Тэр чинь өөрөө л ҮХНӨ-ийг өөрөө баталсан. Тэр үндсэн хуулиар л өөрийг нь дэвшүүлэхгүй болгочихсон шүү дээ. Өөрийнх нь Тамгын газрын дарга байсан З.Энхболд барьж орж, гарын үсэг зуруулсан.

-МАН-тай тохиролцож орж ирсэн тохиолдол байгаа юу?

-МАН-тай намайг ямар нэгэн аргаар холбосон, захиалгаар ажилладаг мэтээр олон нийтэд ойлгуулах гэсэн Х.Баттулга. Түүний тролл арми бий. Өнөөдөр МАН-даргын хууль ёсны зөвлөхөөр хэн ажиллаж байгаа билээ. Х.Баттулга өөрөө л ажиллаж байгаа шүү дээ. Би сөрөг хүчний намын даргын хувьд сөрөг үгээ хэлээд л явж байгаа. Түүнээс биш МАН-тай наалдаад зууралдаад байхгүй. 

-Эрх баригч МАН танай намаар тоглож, утсан хүүхэлдэй шиг хөдөлгөж байгаа гэх асуудалд?

-Манай намыг утсан хүүхэлдэй шиг хөдөлгөж байгаа асуудал байхгүй. Эрх бүхий байгууллагуудаар дамжуулж намын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа юу гэвэл нөлөөлж байгаа. Жишээ нь намын даргын бүртгэлтэй холбоотой асуудлыг УДШ дээр одоо болтол шийдэхгүй байгаа шүү дээ. Мөн УДШ-ийн цахим мэдээллийн сайт дээр байх ёстой Ардчилсан намын даргын нэрийг одоо хүртэл сэргээж бичихгүй байгаа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

-Дахиад хэлэхэд аливаа асуудал хууль ёсны эрх зүйн акт, нотлох баримтаар баталгаажих ёстой. Жишээ нь, намайг янз бүрээр хэлж л байгаа л даа. Гэхдээ нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, нийтэд ил болсон үйл явдлаар баталгаажсан асуудлыг дахин нотлохгүй гэдэг хууль бий. Би хууль бус зүйл ерөөсөө яриагүй. УДШ-ийн 207 оны 01 тогтоол хүчин төгөлдөр хэвээр. Улсыг бүртгэлийн гэрчилгээ, тамга надад байна уу, байна. Хэн үүнийг хууль бус гээд хэлчихсэн юм бэ. Улсын бүртгэлд бүртгэлтэй ААН үйл ажиллагаа явуулах эрхтэй. Бусад байгууллага үйл ажиллагаа явуулбал гэмт хэрэг.

Гэтэл байгууллагын нэр хулгайлаад, хуурамч тамга тэмдэг ашиглаад удаа дараагийн үйлдэл хийгээд, өөрсдийгөө АН гэж нэрлээд байгаа хэсэг бүлэг нөхдүүдийн үйл ажиллагааг өөхшүүлж, гаргасан хүсэлтийг нь УДШ  хэлэлцээд байгаа нь өөрөө асуудалтай. Монгол Улсад төр байна уу, хууль байна уу. Шүүх өөрөө хууль зөрчсөн үлдэл хийгээд байвал хуулийг хэн дээдлэх юм бэ. Тийм учраас Монголын хууль шүүх, төрийн үйл ажиллагаа маш замбараагүй байдалд орчхоод байна. Шударга ёс хаана байна. 

Бичлэг:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
2022-10-07 08:37

Энэ ф�####�г �######�уулаачээ

Зочин
Зочин
2022-10-07 08:39

Бах мэлхий

Зочин
Зочин
2022-10-07 09:08

энэ крнь юу хийж бүтээсэн юмбэ?

Зочин
Зочин
2022-10-07 09:11

Hun muulah yah we ooriinhooo tolgoi deerh asuudluudaa l tsegtslehiiig hicheeee

Зочин
Зочин
2022-10-07 09:13

Зүгээр л д�##�д ороод өгчих хэрэгтэй ш дээ.

Зочин
Зочин
2022-10-07 09:13

Zvgeer l daldiin dald orood ugchihuusei

Зочин
Зочин
2022-10-07 09:29

Ялтан Эрдэнэ

Зочин
Зочин
2022-10-07 09:36

Өөрөө ёс зүйгээ бодоочээ

Эгэл
Эгэл
2022-10-07 10:10

С.Эрдэнэ зөв байр суурьтай байгаа л юм байна

Zochin
Zochin
2022-10-07 11:55

Batzandan Bayartsogt MAN n zahialgaa geed zarlasan shu dee..

Zochin
Zochin
2022-10-07 13:37

AVGAIGAA TSONHOOR TULHEED ALSNIIG MONGOLCHUUD MARTAAGUI.C.ZORIGTOI HARDAAD ALSAN. IIM ALUURCHNAAR NAMIIN DARGAA SONGOJ Bdag AH- han Odoo ALUURCHINAA YAHAA MEDEHEE BAISAN.HOHI CHIN Gej HELII DA

Зочин
Зочин
2022-10-07 14:08

Энэ хэзээ ч эвлэрэхгүй 2, 3 хуваагдана. Харж л байгаарай.

Зочин
Зочин
2022-10-07 14:55

Энэ бах �######�аасай.

Уншигч
Уншигч
2022-10-07 19:35

Хөөе АН-аас чи өөрөө холдоод өгвөл АН сайхан харагдах болно.

jjj
jjj
2022-10-07 22:43

yavj yavj Bayartsogt kkkk AN suirchle shd bur shal dordlo

Зочин
Зочин
2022-10-09 02:48

Хүнийг муулаад хара�##�аа гээд их л болж трол хоолоо олж иднэ.Энэ хүнд энэ улсын иргэдийн эрх чөлөөний эрдэнэс ийн тамга байдаг бизээ!Тиймээс л хаант Орос,ман өөр бусад нөлөөнийхэн үхэлдэн энэ тамгыг була�##�даж уландаа гишгэлэх гэж ядна?Үнэндээ хүний эрх эрх чөлөөний сүүлийн амьсгаа н энэ тавганд оршино...

irgenIrgen
irgenIrgen
2022-10-09 22:02

Hiliin horigtoi bj gadagshaa yvaad.hen hiliin horigtoi gd 30honog horigddog uom.

Холбоотой мэдээ

Back to top button