Волейболын дээд лиг: "Өмнөговь Шанх Транс" "Ноён" клубийг буулган авсан өдөр

Монголын волейболын холбооны "Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах" тэмцээн үргэлжилж буй. Өчигдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр тэмцээн гурав дахь өдрөө эрэгтэй тоглолтоор явагдлаа. Бид мэдээллийг товчоор хүргэж байна.
Өчигдөр эхний тоглолт "Хасу Мегастарс" болон Тэнүүн Огоо клубуудын хооронд болов. Уг тоглолтод "Хасу Мегастарс" клуб гурван ээлжийн турш тэргүүлж лигийн анхны хожлоо авлаа. Тэд тэмцээний хоёр дахь өдөр "Хилчин Алтайн барс" клубтэй эхний тоглолтоо хийж ялагдал хүлээгээд байсан юм.

Харин энэ өдрийн онцлох тоглолт "Натур Мед Ноён" болон "Өмнөговь Шанх Транс" багуудын хооронд өрнөв. Тэмцээн дөрвөн ээлжийн турш үргэлжилж шинэ залуу бүрэлдэхүүн болох "Шанх транс"-ын залуус нягт чамбай, тэсрэлттэй тоглолтыг харуулж өмнө жилийн дээд лигийн аварга багийг буулган авав. Ингэснээр тус багууд лигийг адил нэг хожил, нэг ялагдалтайгаар үргэлжлүүлэхээр боллоо.

Онцлоход энэ оны дээд лигт шинээр өрсөлдөж буй "Минжит-Булган" баг хүчтэй өрсөлдөөн үзүүлж байгаагийн дээр финалдах бүрэн боломжтой гэдгээ баталсаар байна. Тэдний бүрэлдэхүүнд манай улсаас БНСУ-ын оюутны лигт амжилттай тоглож буй Баярсайхан, Энх-Эрднэ нар багтжээ. Тэд лигийн хоёр дахь хожлоо аваад буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.