УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЧУУЛГАН: Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Улмаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар эл хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж байна. Хэлэлцүүлгийн явцад засаж, сайжруулж, өөрчлөх боломжтой гэдгийг хууль санаалчлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн.

Хууль санаачлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энэ хуулийн төсөлд үндсэн хоёр зорилго байгаа. Төрийн байгууллагын албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг олон нийтийн хяналтад оруулах хамгийн том зорилготой. Хоёрт шүгэл үлээгчийнхээ эрхзүйн байдлыг хамгаалж, элдэв дарамт шахалтад оруулахгүй байх зорилготой.

Нэг асуудал байгаа нь 1990-ээд оноос өмнөх матаасны тогтолцоог эргэж сэргээж байна гэдэг болгоомжлол байна. 1990-ээд оноос өмнө ах эгч нарт ийм бодол байгаад байна. Хуучин матаасны тогтолцоотой адилтгаж болохгүй. Төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээллээ шүгэл үлээхэд албаны болон хувь хүний нууцын хязгаарлалтыг нь авч өгсөн. Өнөөдөр АТГ-ын цөөн хэдэн албан хаагчдын хараанд авлига бүхэлдээ хянагдаж чадахгүй.

ХЗДХ-ийн яамны ТНБД П.Сайнзориг: Мөнгөн урамшууллын асуудал бий. Мэдээлэгч нь зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээнэ. ХЭҮК, прокурорт шүгэл үлээж болно. Шүгэл үлээсэн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх ёстой. Үүний дараа мэдээлэл гаргасан этгээд хүсэлт гаргавал гэмт хэрэг хийж олсон орлогоос тодорхой урамшуулал олгоё гэж оруулж ирж байна. Нууцын гэсэн халхавч дор маш олон авлигын хэрэг дарагдаж байгаа гэдэг олон нийтийн шүүмжлэлийг хүлээж авсан.

УИХ-ын гишүүн Д.Батлут: Ямар нэг шалтгаанаар хэн нэгнийг хэлмэгдүүлдэг асуудал тасрахгүй шүү. Тэгэхээр худал мэдээлэл гаргасан хүнд хариуцлага тооцдог асуудлыг оруулж өгөх ёстой. Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Зөв хэлж байна. Худал мэдээлэл тараах, онц хүнд гэмт хэрэгт гүтгэх заалтууд Эрүүгийн хуульд үйлчилж байгаа. Д.Батлут гишүүн энэ хуулийг дэмжиж үг хэлсэнд баярлаж байна. Нийтийн албан тушаалтнууд ёсзүй, хариуцлагатай болоход энэ хууль маш чухал нөлөө үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Матаасны соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Маш тодорхой гэмт хэрэг, тодруулбал, санхүүгийн, олон хүнийг хамруулсан, иргэдийг алдагдалд оруулсан гэмт хэрэг дээр байж болох юм. Бусад төрлийн хэрэг дээр бол шалгуургүй мөнгөн урамшуулал олгох нь аюултай,. Тэр чигээрээ бизнес болно. Урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбумын урамшуулал олгоно гэхээр хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байгаа. Хэн үүнийг тооцох юм бэ?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Шүгэл үлээх харилцаа нь нийтийн албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхгүй үйлдэл бүрийг олон нийтийн хяналтад оруулах гэж байгаа үйлдэл. Өмнө нь УИХ энэ төрлийн хууль батлаагүй. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд хэлэлцэх шатанд санхүүгийн секторын харилцааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна. Урамшууллыг урамшууллын зөвлөл хэлэлцэж, шүгэл үлээсэн асуудал нь үнэн бодит, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулах боломжтой гэх мэтийг үнэлж байж олгоно.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Өгсөн мэдээллийг битүүмжлээд хамгаалах юм байна. мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж хяналт шалгалт хийх юм байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Эх сурвалжаа нууцлах юм байна. Төрийн албан хаагч мэдээлэл гаргах юм бол төрийн болон албаны, байгууллагын нууц хамаарахгүй юм байна. Нууц задлах нь байна шүү дээ. Мэдээлэл өгч байгаа матаасчин гэдэг юм уу юу гэдэг юм тэр нөхрийнхөө баталгааг хангах юм байна. Хариуцлагад татахгүй юм байна. Хамгаалалтын арга хэмжээнүүд авах юм байна. Хуулийн байгууллагууд нь шүгэл үлээгчийг дэмжиж ажиллах юм байна. Мөнгөн урамшуулал олгох юм байна. Мэдээлэл өгсөн нөхдүүдээс болж хүний эрх зөрчигдөж, хохирвол яах вэ гэдэг заалтыг би олж харсангүй. Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан хууль байна. Төрийн албан хаагчид дургүй албан хаагчаа матвал яах вэ. Нэг чиглэлд ажилладаг аж ахуй нэгжүүд нэгнийгээ унагаах мэдээлэл дамжуулвал яах вэ. Өрсөлдөгчөө зайлуулах бодлого явуулвал яах вэ. Монгол Улсын иргэний эрх зөрчигдөж, эрхээ хязгаарлуулвал яах вэ. Өш хонзонгийн бай болж, удам судраараа доромжлуулвал яах вэ. Фэйсбүүкийн хуурамч хаягуудаа цэгцэлж чадаагүй байгаа шүү дээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хандлагаа өөрчилмөөр байна. Авлигажсан Үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, албаны нууц гэж ерөөсөө байхгүй. Шүгэл үлээхэд Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа гадаад, дотоодын иргэний ялгаа байхгүй. Би таныг хаанаас ийм төгс төгөлдөр хууль уншсаныг мэдэхгүй байна. Европын орнуудад үйлчилж байгаа шүгэл үлээгчийн хуулийн стандартын дагуу, бусад улс орнуудын хууль тогтоомжтой нийцүүлэх замаар энэ хуулийг буулгасан. Яг үүнтэй адил матаасны тогтолцоо оруулж ирж байгаа юм огт байхгүй. Төрийн албан хаагч ном журмаараа ажил хийж байгаа тохиолдолд тэр хүнийг шалгуулах үйл ажиллагаа одоо ч гэсэн явж байгаа. Фэйсбүүк дээр бичиж байгаа пост бол шүгэл үлээж байгаа хэлбэр. Үүнийг хэлбэржүүлж өгье, олон нийтийн хяналтад оруулъя л гэж байгаа юм. Яагаад цианит натри алдаад байгаа байгууллагыг мэдээлж болохгүй гэж. Өнөөдөр хэн нэг хүнийг гүжирдэн гүтгэх гэхээсээ илүүтэй илчлэн гаргаж ирэх бүх нийтийн тогтолцоо гэдгийг ойлгомоор байна. Гүтгүүлсэн, шалгуулсан хүн нь хариу гомдол гаргах нь Эрүүгийн хуулиараа нээлттэй байгаа шүү дээ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хууль батлагдсанаар авлигын индекс яаж сайжрах вэ. Тооцоо судалгаа байна уу. Шүгэл үлээгч гэхээр олон улсын нэр томъёо гэж байна. нэг л бууж өгөхгүй байна. Илчлэн мэдээлэгчийн тухай хууль гэж нэрлэж болохгүй юу. Шүгэл үлээгч бүх талаар хууль зүйн хамгаалалт авч байна. Мөнгөн урамшуулал ч авах бололцоотой болж байна. Нөгөө талаас нь хэр харсан бэ. Хувийн өш хонзонгийн сэдлээр тухайн хүний нэр хүнд, алдар хүнийг гутаах, унагах зорилгоор хандчихаад сүүлдээ хуулийн хариуцлага хүлээхгүй, хүн гүтгүүлээд үлддэг. Тэр хүн цаанаа гэр бүл, ах дүү, хамаатан саднаараа нэр хүндгүй болж дуусдаг. Хэтэрхий нэг талыг барьсан хууль болж байна уу. Нөгөө хүн нь бас хүн шүү дээ. Эрхээ хамгаалуулах ёстой. манайхан хуулийг яаж гууль болгодог билээ. Мушгин гуйвуулдаг билээ. Сонгуулиар маш өргөн хүрээнд ашиглах юм байна. Төрийн нууцын тухай хуулийн цаана гол асуудал, авлига, ашиг сонирхлын асуудал байна шүү дээ. Нууцын зэрэгтэй асуудал хамаарахгүй гэчихвэл гол байгаа онохгүй байгаа юм биш үү.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Транспэрэнси интернейшнл байгууллагаас улс төр, улс төрийн намын санхүүжилтээ тодорхой болгохгүйгээр авлигын индексээр том байр урагшлахгүй гэсэн. Төрийн өмчит компаниудаа нээлттэй компани хэлбэрт шилжүүлэхгүйгээр ахиц гарахгүй гэсэн. Гурав дахь нь бүх нийтйин хяналтын эрхзүйн орчныг тодорхой болго гэж зөвлөмж өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль УИХ-аар хэлэлцэж байна. Гурван хуулийн эрхзүйн орчинг бий болгоё. Ингэсэн тохиолдолд гурван оронтой тооноос дотогшоо орно гэж бодож байна. Голомт банк хажудаа компани байгуулаад төмөр замын төсөл байгуулаад явж байгаа юм. Дараагийн төслөө авна гээд явж байна. Банк бол банкныхаа ажлыг хийх ёстой. Таны хэлж байгаа төрийн болон албаны нууцын тухай хуулиар аж ахуйн шинж чанартай төсөл хөтөлбөрүүдийг нууцад оруулахгүй гэдэг зохицуулалт хийхээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Нэг зүйлийг ойлгоосой. Матаас биш. Нийгмийн даатгал, татвар, гааль, газрын алба гээд бүх салбарт дунд шатанд авлига тасрахгүй байна. Хууль хяналтынхан дийлэхгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ зөв хууль оруулж ирж байна. Засгийн газраас энэ хуулийг оруулж ирж байгаа нь хүсэл зоригтой байгааг харуулж байна. Маш их эрсдэлтэй алхам. Та нар хажуудах хүнээ матчих тухай олгоод байх юм. Монголчууд хэнээс ч айхгүйгээр дуугардах болох хэрэгтэй. Гэхдээ төрийн, албаны, байгууллагын нууц гээд заваарсан хууль гаргачихсан. Монголбанкнаас танай байшин хэдэн төгрөгөөр боссон юм бэ гэсэн чинь нууц гэсэн. Хуульзүйн яамны байшин хэдээр боссон бэ гэтэл нууц. УИХ дээр хүртэл юм ярих боломжгүй болчихсон. Та нарын хүсэл зоригийг дэмжиж байна. Хулгайн тендер зарлаад мөнгө идчихсэнээ нууц гээд тамга дарчихсан байх жишээтэй. Монголын хууль шударга бус үйлчилдэг. Иргэддээ галзуу үйлчилдэг. Дээшлэх тусмаа үйлчлэхээ больдог. Ядаж шүгэл үлээгчээ үнэн үг хэлсний төлөө зовоохгүй байгаасай гэж хүсэж байгаа юм. Ер нь бол хамгаалах хэрэгтэй. Зах зээлд орсноос хойш мөнгөтэй хүн бүхнийг дийлдэг болчихоод байна. Мөнгөний тамир, чадал ямар их болчихсон нь тэр хүүхэд дайрсан осол дээр харагдаж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Шүгэл үлээх, мэдээлэл гаргах тухай гээд зарчмын хувьд зөв зүйтэй хууль орж ирж байна. Шүгэл үлээгч гэж байгаа нөхөр заавал төрийн байгууллагад өөрийнхөө бүх мэдээллийг гаргах юм байна. Манай төрийн байгууллагынхан тэр хүний нууцыг хэрхэн хадгалж хамгаалдаг билээ. Хэвлэлийн хууль дээр эх сурвалжаа нууцлах гэдэг заалт байдаг бил үү. Мэдээлэл задлах гэж байгаа иргэн хэвлэлд хандаад, тэд нар нь мэдээллээ нууцлаад явах боломжийг өргөжүүлэх ёстой юм биш үү. Хоёрдугаар Төрийн болон албаны нууцын тухай хуультай энэ хууль чинь холбоо хамааралтай болж байна. Тэр урамшууллын систем чинь амьдрал дээр хэрэгжих юм уу. Сайн хуулийг буруугаар ашиглах нөхцөл байдал бас үүсэх вий.

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг: Мэдээллийг өөрөө болон төлөөний хүнээр дамжуулж шүгэл үлээж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах асуудлыг нээлттэй болгож байгаа. Эх сурвалжаа нууцлах боломжтой. Редакцийн хараат бус байдлаас гадна эх сурвалжаа нууцлах тодорхой эрхзүйн орчин, хамгаалалт байхгүй. Хууль хяналтын байгууллагаас мэдээлэгчээ хэлэхийг шаарддаг. Үүнээс болж мэдээлэгч хавчигдах гэх мэт сөрөг зүйлс гардаг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар редакцийн хараат бус байдлыг бий болгоё. Эх сурвалжаа нууцлах асуудлыг оруулж ирнэ. Хэлэлцүүлгүүд явж байна. Ойрын хугацаанд ойлголцож, нэгдсэн санал дүгнэлтэд хүрвэл УИХ-д хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барина.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би байнгын хороонд хоёр асуудлыг хөндсөн. татварынхны талаар шүгэл үлээж болохгүй гэсэн заалтыг хас. Харин ч шүгэл үлээх ёстой. Ямар байцаагч акт тавьж, авлига авч байгаа талаар татварынхан шүгэл үлээж болдоггүй юм бэ. Энэ асуудлыг шийдэх ёстой. Гол асуудал нь улсын нууц. Ил байгаа мэдээлэлд шүгэл үлээнэ, мөнгө өгнө гэдэг зарчим явахгүй байх гэж бодож байна. зарим сайтынхан би их мөнгөтэй болох юм байна гээд тоо тавьчихсан байна билээ. Ил байгаа мэдээллийг сайтдаа тавиад мөнгө авна гэсэн логик байж таарахгүй. Зүрх сэтгэлээрээ улс орныхоо аюулгүй байдал, идэж ууж байгаатай тэмцэнэ гэсэн сэтгэл зүрхээрээ шүгэл үлээж байгаа бол шүгэл үлээгч. Түүнээс биш мөнгө авах гэж хүний талаар бичиж байгаа бол шантаажилж байгаа авлигачнаасаа ер дээрдэж байгаа юм байхгүй. Тиймээс зааг, ялгааг гаргаж, мөнгө өгдөг явдлыг учир начиртай болгох ёстой.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хуулийн төслийг боловсруулахдаа санхүүгийн салбарын шүгэл үлээгчийг оруулж төслөө бичсэн. Сангийн яамнаас татварын асуудлаар шүгэл үлээхийг тооцохгүй гэж санал ирснээр хассан. Тань шиг хүн энэ хуулийн төслийг ахлаасай гэж хүсэж байна. Тэгж байж энэ хуулийг хүчин төгөлдөрболгож, хурдан үйлчлүүлнэ. Та бид хоёр олон жил бие биенийгээ мэднэ. Нэг зүйлийн төлөө зорилго чиглэлтэй явдаг. Энэ шүгэл үлээх харилцааг бүх нийтийн хяналт болгож хэвшүүлэх чухал. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж өгөхийг нийт гишүүдээсээ дахин дахин хүсэж байна. Маш богино хугацаанд хэлэлцүүлэгт бэлдээд батлуулмаар байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Англи, Америкт хамгийн их шүгэл үлээдэг юм байна. Шүгэл үлээгчийнхээ талд шийдвэрлэгдсэн нь маш бага. Шүгэл үлээгчээ хамгаалах асуудал эдгээр улс орнуудад маш дутмаг байдаг юм байна. Хөгжсөн улс орнуудад тодорхойгүй байна. Хамгаалагдаж чадахгүй байна. Монголд нэг хууль гаргаад хамгаалж чадах болов уу гэдэгт эргэлзэж байна. Хувь хүний нууц гэдэг асуудал байхгүй байгаа цагт энэ хуулийн төсөл оруулж ирэх нь зөв үү. Шүгэл үлээсэн хүн битгий хэл үлээлгэсэн хүний гэр бүл, ойр тойрныхон хамтдаа хохирчих юм биш үү.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 19 жил архаг шүгэл үлээгчээр ажиллаж байгаа би гурван асуулт асууя. Рио тинто гэж 600 тэрбумын баялаг авчихаад, 23 тэрумын өрөнд оруулсан. 20-иод жил шүгэл үлээлээ. Жинхэнэ үнэн шүгэл үлээгчийг гутаадаг, доромжилдог ажлыг нийгэм даяар явуулдаг. Үүнээс яаж сэргийлэх вэ. Манай алдартай нийтлэлч энэ С.Ганбаатар ичдэггүй, цуцдаггүй гэж бичиж байсан. Албан тушаалд ойрхон улсууд захиалгат шүгэл үлээдэг. Надад үлээх зүйл байхгүй болсон. Би энэ хуулийг дэмжиж байгаа. Хуультай хуульгүй аймшигтайгаар шүгэл үлээж хүн алж байгаа. Ядаж үүнийг хуульчлах гэж оролдож байгаа гэж харж байна. Сонгуулийн үеэр өрсөлдөгчөө алах шүгэл үлээлтийг тагнуулын газраас нь явуулдаг. Үүнийг яаж шийдэх вэ. Ард нь арыг нь даадаг эрхх мэдэлтнүүд байгаа учраас айдаггүй.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Яар аргагүй С.Ганбаатар гишүүн шүгэл үлээж байсан. Засгийн газар 34 хувиа үнэ төлбөргүй авах хэлэлцээр хийсэн нь Б.Баттөмөр, С.Ганбаатар гишүүн гэх мэт шүгэл үлээсэн хүмүүсийн гавьяа. Энэ бол шүгэл үлээхийн давуу тал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button