НИЙГЭМНийгэм ярилцлага

17 настай гагнуурчин Д.Амаржаргал: "Дэлхийн шилдэгт багтаагүй ч Монголынхоо нэрийг гаргасан нь амжилт" гэж аав, ээж минь хэлсэн

Энэ хүүг Дашдондовын Амаржаргал гэдэг. 17 настай. БНСУ-д болсон “Дэлхийн ур чадвар 2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Мэргэжлийн олимп хэмээгддэг эл тэмцээнд 674 оноо авч, 13-р байрт шалгарсан. Түүнд шилдэгт багтахад ердөө зургаахан оноо л дутуудсан юм.

Өмнө нь манай улсын хоёр гагнуурчин шилдэгт багтаж байсан түүхтэй. 2017 онд Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор Тусгай байрын шагнал, 2019 онд Т.Оюун-Эрдэнэ 711 оноогоор мөн тусгай байрын шагнал хүртэж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан билээ. Д.Амаржаргал хүү тэдний амжилтыг давтахад ойрхон байлаа. Бид түүнтэй ярилцлаа.

-Дэлхийн тэмцээнд ур чадвараа уралдуулан амжилттай оролцсонд тань баяр хүргэе. Монголдоо хэзээ ирэв?

-Баярлалаа. Тэмцээнд оролцохоор аравдугаар сарын 13-нд явсан. 24-ний орой эх орондоо ирлээ. Манайх хөдөөний айл. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул. Сая тэмцээнд оролцчихоод ирэхэд аав, ээж, ах, дүү нар маань онгоцны буудал дээр хүлээгээд зогсож байсан. Аав, ээж “Миний хүү мундаг байна. Дэлхийн тэмцээнд шилдгийн эгнээнд багтаж чадаагүй ч Монголынхоо нэрийг гаргаад ирнэ гэдэг чинь их том амжилт” гэж хэлсэн.

-Энэ тэмцээнд Монголоо төлөөлөн оролцох боломжийг хэрхэн олж авсан бэ?

-Би Герман Монголын хамтарсан МСҮТ-д сурдаг. Эхлээд нэг жил суралцаж төгсөөд, дараа нь холимог сургалтаар сурсан. Ирэх хавар төгсөнө.

Нондин арваннэгдүгээр сард Монголын сургалтын төвүүдийн оюутнуудын дунд ур чадварын тэмцээн болсон юм. Тэнд 15 сургууль орсон. Манай сургуулиас хоёр оюутан оролцсоны нэг нь би. Эхний шатнаас гурван хүүхэд шалгаруулж аваад, тэмцээний дөрвөн модулиар сорилго явуулж шалгаруулсан. Тэгэхэд л шилдгээр шалгарч, эх орноо төлөөлөн явах боломжийг олж авсан даа.

-Нөгөө хоёр оролцогчоосоо ямар чадвараараа цойлж гарч ирсэн гэж боддог вэ?

-Тэр шалгаруулалт миний хамгийн анхны тэмцээн байсан. Сургуулиас маань намайг сонгоод бэлдэж эхэлсэн юм. 5,6 сар бэлдээд, тэмцээнд орсон. Надтай хоёрдугаар шатанд үлдсэн хоёр хүүхдийн нэг нь Өмнөговиос оролцсон. Энэ жил 21 настай. Тэр хүүхдээс би гуравхан оноогоор илүү гарч ирсэн. Ер нь бол бид гурвын ур чадвар ойролцоо л байсан.

-Тэгэхээр Монголоо төлөөлж гадагш тэмцээнд явах нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард л тодорхой болж. Та дэлхийн тэмцээний бэлтгэлээ хэзээ эхлүүлсэн бэ?

-Монгол дахь тэмцээнээ дуусгаад жаахан амарсан. Тэгээд энэ оны гуравдугаар сараас бэлтгэлдээ орсон. 14 хоногт Өмнөговь аймаг явж, “Оюу толгой” ХХК-д дадлага хийгээд л. Харин дараа нь 14 хоног сургууль дээрээ бэлтгэл хийгээд л. Энэ мэт ээлжээр бэлтгэлээ хийсэн.

Мөн долоодугаар сард БНСУ-д солонгос хүүхэдтэй 14 хоног бэлтгэл хийсэн. Хамт бэлтгэл хийж байсан тэр хүүхэд сая алтан медаль авсан. Хэл сайн мэдэхгүй учир тэмцээний дараа яриа өрнүүлж чадаагүй.

-“Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд өмнө нь амжилт үзүүлж байсан оролцогчид бий. Тэмцээнд явахын өмнө тэд чамд зөвлөгөө өгсөн болов уу?

-Зөвлөгөө өгсөн. Хоёулантай нь ойр байсан. Тэд тэмцээнд ороод санадарч болохгүй. Цагийн менежменттэй байхыг их зөвлөж, захисан.

-Тэмцээний шалгаруулалт, уур амьсгалын тухайд ямархуу байсан бэ?

-Тэмцээнд дөрвөн модулиар өрсөлдсөн.

  • Нэгдүгээр модуль нь: Шугам хоолой тойруулж гагнах, хавтан нийлүүлж гагнах
  • Хоёрдугаар модуль нь: Усан шахалтаар хийдэг даралтат савыг гагнах
  • Гуравдугаар модуль нь: Хөнгөн цагаан хийц гагнах
  • Дөрөвдүгээр модуль нь: Зэвэрдэггүй ганг гагнах

Тэмцээн нийт дөрөв хоног үргэлжилсэн. Эхний хоёр өдөр зургаа, зургаан цаг, гурав болон дөрөв дэх өдөр дөрөв, дөрвөн цаг гагнуураа хийсэн. Даалгавар гүйцэтгэх 20 цагаасаа хэтэрвэл дутуу гүйцэтгэсэн модиулийн даалгавараасаа нэг ч оноо авахгүй гэсэн үг.

Миний хувьд эхний модуль дээрээ жаахан тааруу оноо авсан. Уг нь бол би “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээн дээр ашиглагдаж байсан аппаратаар бэлтгэлээ хийсэн. Гэтэл гагнуурын аппарат өөрчлөгдчихсөн байсан. Тэгээд л сайн дадаагүй аппаратаар даалгавраа гүйцэтгэсэн дээ.

-Тэмцээний даалгавраа гүйцэтгээд зогсож байх мөчид чиний дотор ямар бодол, мэдрэмж төрж байв?

-Намайг хүмүүс Д.Амаржаргал гэж харахгүй. Монгол л гэж харна. Тийм учраас эхний тавд багтчих юмсан гэсэн зорилго, бодолтой л байсан. 2019 онд оролцсон оролцогч 11-р байранд 711 оноотой орж байсан. Тэр оноо, байрыг ахиулчих юмсан гэх зорилго бас байсан. Тэр ч утгаараа тэмцээний үеэр яг даалгавараа л боддог юм билээ.

Хамгийн их сэтгэл хөдөлгөм үе бол тэмцээний нээлт. Тэмцээнд оролцож буй хүүхдүүд улсынхаа тугийг бариад, улсынхаа нэрийг дуудуулж гарч ирсэн. Тэр мөчид л сэтгэл хэмжээлшгүй ихээр хөдөлсөн.  

-Гагнуурын А үсгийг зааж өгч байсан багшийнхаа тухай яриач. Өнөөдрийн Д.Амаржаргал гэдэг хүнийг энэ мэргэжилд нь дуртай, дөртэй болгосон хүний тухай...?

-Би сумынхаа сургуульд есдүгээр анги төгссөн. Тэгээд хотод ирж, МСҮТ-д орсон. Аавын маань дүү мөнгөний дархан хүн байдаг. Тэр ах надад гагнуурчны мэргэжлийг санал болгосон юм. Би ч судлаад үзтэл сонирхлыг минь үнэхээр татсан. Сонирхолдоо хөтлөгдөн МСҮТ-д орж ирэхэд манай ангийг Алагаа гэж хүн дааж авсан. Тэр хүнээс л хамгийн анх гагнуурын А үсгийг заалгаж, гагнуурын багаж барьж үзсэн. Багш маань ч гэсэн намайг онцолж, бэлдэж байсан.

Харин тэмцээнд бэлтгэсэн багш минь Ганхуяг. Мөн “Оюу толгой” компани дээр Хашмөрөн багш намайг бэлдсэн.

-Гагнуурчны мэргэжил хүнд. Нүд өвдөнө, гар нүүр түлэгдэнэ гээд л. Болчихдог ч юм билүү гэж шанатарч буцсан өдрүүд бий юу?

-Айхтар шантарсан үе бол байхгүй. Гагнуур хийж байхад нүд өвдөх, нүүр, гар түлэгдэх бол байнга л гардаг. Одоо бүр дасчихсан. Аюулгүй ажиллагааны хувцсаа бүрэн өмсөхөд бол түлэгдэхгүй.

-Сая дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцоод ирсний дараа ажлын байрны саналууд их ирэв үү?

-Насанд хараахан хүрээгүй учир ажлын байрны санал ирээгүй ээ. Хавар сургуулиа төгсөөд “Оюу толгой” компанид мэргэжлээрээ ажиллахыг хүсэж байгаа. Их гоё газар санагдсан. Ээлж, ээлжээр ажилладаг нь.

-МСҮТ-д орохоор хүүхэд эвдэрдэг, муу сурлагатай хүүхэд л ордог гэх нийтлэг ойлголттой хүмүүс бий. Энэ тухайд...?

-Эвдрэх эсэх нь хувь хүнээс л шалтгаална. МСҮТ-д орлоо гээд муу сурдаг гэсэн үг ч биш. Их сургуульд сурсан хүүхдүүдийн 50 хувь нь шахуу ажлын байргүй байдаг. Харин МСҮТ төгсөөд шууд ажлын байран дээр гарчихаж байгаа юм.

-Мэргэжил бүр тухайн хүнийхээ зан чанарт нөлөөлдөг юм шиг санагддаг. Чиний сонгосон мэргэжил ямар зан чанарыг чинь илүү өнгөлж, хурцалж өгч байгаа гэж хардаг вэ?

-Ер нь бол тэгээд тэсвэр хатуужил л юм уу даа. Намайг тэсвэр хатуужилтай болгож байгаа. Гагнуурчин их ирээдүйтэй мэргэжил. Энэ мэргэжлээр суралцах гэж байгаа залуустаа битгий шантраарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-28 08:27

Тийм шүү. Амжилт гэдэг заав�##� том төмөр авахыг хэлдэггүй юм

Зочин
Зочин
2022-10-28 08:27

Энэ удааа Монгол улсынхаа нэрийг гаргасан юм чинь дараагийн удаа заав�##� амжилт гарганааа

Зочин
Зочин
2022-10-28 08:28

Ene torlooor harin ch orj eh orniihooo neriig dursgana geded mash chuhal zuil shvv. Amjilt zaluu min

Зочин
Зочин
2022-10-28 08:29

Сайхан хэлжээ. Зориг гарган оролцсонд баярл�##�ааа

Зочин
Зочин
2022-10-28 08:30

Ene zaluugaaar mash ih baharhsan shvvv. Olimpiin awarga bolooroi

Зочин
Зочин
2022-10-28 09:21

мундаг з�##�уу

Зочин
Зочин
2022-10-28 09:22

Мундаг байна шдээ. Жирийн нэг харц ардын хүү мандаг л дээ.

Гуталт муур
Гуталт муур
2022-10-28 09:29

Амжилт хүсье з�##�уу минь

Zocnin
Zocnin
2022-10-28 11:53

Cni mundag bna . Ex orondoo cnuhal heregtei hun bolloo

mgl hyn
mgl hyn
2022-10-28 12:07

Bid mongolchuud bygd chamaar baharhaj bg shy

Иргэн
Иргэн
2022-10-28 14:57

Баяр хүргэе Монголд ийм тэмцээн зохион байгуулб�##� улсын хөгжилд хэрэгтэй байх даа.

Зочин
Зочин
2022-10-29 04:02

Hendch hereggui Diplom gedeg hog avahyn orond 1yum sain hiigeed surchih.

Холбоотой мэдээ

Back to top button