Нийгмийн

ТАНИЛЦ: Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллээс онцлох агуулгууд

УИХ-ын өнөөдөр /2022.11.04/-ийн нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох товтой байсан. Ерөнхий сайдын мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө.

Тэрбээр Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах. Гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Түүний мэдээллээс онцлох агуулгуудыг түүлээ.

  • Хөгжлийн банк 2011-2022 оны хооронд нийт 3.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний урт хугацаат их үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн.
  • Монголбанкнаас 2021 онд хийсэн шалгалтаар: Хөгжлийн банкны идэвхтэй байгаа нийт зээл буюу 3.2 их наяд төгрөгний зээлд эзлэж буй чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөг байсан. Энэ чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөгийг 2012-2016 онд Засгийн газрын тогтоолттойгоор олгосон зээл байна.
  • Хөгжлийн банк 2023 оны арав болон хоёрдугаар саруудад өнөөдрийн ханшаар нийт 2.6 их наяд төгрөгийн эргэн төлөлт гүйцэтгэх хуваарьтай байна.
  • Хөгжлийн банк олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлтүүдийг 10 хувиас бага, өөрийн хөрөнгийн харьцаа үзүүлэлтийн 10 хувиас их хэмжээнд ханган ажиллах үүргийг хүлээн ажилладаг. Гэтэл чанаргүй зээлийн харьцаа 55.3 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3 хувьд хүрчихсэн байна гэдэг нь Хөгжлийн банк үндсэндээ эмнэлгийн сэхээний орон дээр байгаатай ижил юмаа. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол Хөгжлийн банкны олон улсын банк санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил үүсэж, эх үүсвэрүүдэд хуваарьт төлөлтийн хугацаанаасаа өмнө буцаан дуудагдах эрсдэл үүснэ. Ингэснээр Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаатай эх үүсвэрт үүргийн зөрчил илэрч, Засгийн газрын бусад гадаад эх үүсвэрүүдэд ч хугацаанаас өмнө төлөгдөхөөр буцаан дуудагдаж, Засгийн гадаад өрөнд шууд дарамт учруулах бодит эрсдэлтэй юмаа. Иймээс зөв гарц, гаргалгааг цаг алдалгүй гаргаж шийдвэрлэх ажил руу ханцуй шамлан орох хэрэгцээ үүссэн.
  • Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны 10 гаруй жил хуримтлагдсан хур их өртэй тэмцэж байна. Шинэ сэргэлтийн бодлогын томоохон төслүүдийг санхүүжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх Хөгжлийн банк сүүлийн нэг жил өр барагдуулах алба болон хувираад байна.
  • Шалгаад, шүүгээд эхлэхээр хувь, хувьсгалын олон шахалт, дарамт тулгарч байна. Тэглээ гээд ухарч хулчийхгүй. Хөгжлийн банкны асуудлыг заавал эцэслэн шийдвэрлэж, буруу, зөвийг шүүн тогтоох ёстой.
  • Тооцоо судалгаагүйгээр, юунд зарцуулахаа тодорхой болголгүйгээр их хэмжээний өр, төлбөр аваад эдийн засгийн үр өгөөжгүй дутуу дулимаг боловсруулсан төсөл нэртэй цаасыг гарын салаагаар урсгах элс мэт санхүүжүүлсний үр дүнд өнөөдрийн Хөгжлийн банкны нөхцөл байдал үүссэн юмаа. Үүний горыг бид улсаараа амсаж байна. Хаанаас яаж олсон хөрөнгийг ийнхүү зарцуулсныг дурдах хэрэгтэй.

НЭГДҮГЭЭРТ, Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатайгаар нээлттэй хэлбэрээр олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, 580 сая ам.долларын дунд хугацааны евро бондыг гаргасан. Энэ хөрөнгийг төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан.

ХОЁРДУГААРТ, Засгийн газрын 2012 онд гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг Санхүүгийн зуучлалын гэрээ байгуулж, тус гэрээний хүрээнд 269.9 сая ам.доллар болон 2 их наяд төгрөгийг 2013-2014 онуудад үе шаттайгаар тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яамнаас шилжүүлж авч зарцуулсан. Ингэхдээ уг хөрөнгийг мөн л Засгийн газрын үүрэг болгосноор тогтоолын дагуу төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулжээ.

ГУРАВДУГААРТ, 2013 онд Японы зах зээлд 10 жилийн хугацаатай, Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иений Самурай бонд гаргасан. Үүнийг мөн л төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан.

ДӨРӨВДҮГЭЭРТ, 2015 онд хаалттай хэлбэрээр зургаан жилийн хугацаатайгаар дотоодын арилжааны банкнуудад 233.4 тэрбум төгрөгийн Асем бонд гаргасан. Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд "Асем вилла" цогцолбор хотхон төслийг санхүүжүүлэх болон уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд зарцуулжээ.

ТАВДУГААРТ, 2014-2020 оны хооронд нийт 683.8 сая ам.доллартай тэнцэх хэмжээний эх үүсвэрийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас хоёр талт болон олон талт гэрээний хүрээнд татан төвлөрүүлж, зарцуулсан. Үүний дараа 2018 онд олон улсын хөрөнгийн зах зээлд таван жилийн хугацаатай Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын евро бонд гаргасан. Тус бондоор олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд цэвэр өрийн удирдлага хэрэгжүүлж, дахин санхүүжилт хийсэн байдаг. Үүний үр дүнд Засгийн газрын баталгаатай өр төлбөрийг бууруулсан. Мөн өр төлбөрийн дундаж хугацааг 3.8 жилээр сунгасан. Түүнчлэн хүүгийн зардлыг бууруулсан.

  • Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг энэ оны нэгдүгээр сараас эрчимжүүлж, ээлтэй ил тод болгосон. Улмаар хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагааг шуурхай хийж гүйцэтгэж байна. Үүний үр дүнд зээлийн ард байсан хээл хахууль, авилга албан тушаалын хэргүүд илэрч, эрчимтэй шийдэгдэж байна. Чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагааны хүрээнд: Иргэний хэргийн шүүхэд 2019-2022 оны хооронд 689.8 тэрбум төгрөгийн 18 зээл, 2022 оны нэгдүгээр сараас хойш 691.6 тэрбум төгрөгийн 15 зээлдэгчийн нэхэмжлэлийг шүүхэд шинээр гаргасан. 2020 онд 367.5 тэрбум төгрөгийн долоон зээлийн шийдвэр эцэслэгдэн гарч, өнөөдрийн байдлаар 915.1 тэрбум төгрөгийн 16 зээлдэгчтэй холбоотой хэрэг иргэний журмаар шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байна. Мөн 41 зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна. Эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
  • Хөгжлийн банкинд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 777 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийлээ. Үүнээс 689.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум нь өмчлөх бус хөрөнгөөр эргэн төлөгдлөө.
  • 365 тэрбум бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж, хаагдлаа. Ингэснээр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3 хувиас 16 хувьд хүрч, зохистой харьцааныхаа хэмжээнд хүрлээ.
  • Хөгжлийн банкны 2022 оны зээлийн эргэн төлөлтийг Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн ба тус хөрөнгөөр ирэх жил төлөгдөх Самурай бондын эргэн төлөх мөнгөн хөрөнгийг бүрдүүлж чадлаа.
  • Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл улсын зээлжих зэрэглэлтэйгээ адилд түвшинд хадгалагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 5, 2022 09:59

Өөрөө өчнөөн зээл авчхаад төлчих

Холбоотой мэдээ

Back to top button