Нийгмийн

Улсын хэмжээнд инфляц 14.5 хувьтай байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны хэлтсийн дарга Э.Мягмарханд “Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2022 оны эхний арван сард 14.5 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.3 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн оны арван хоёрдугаар сартай харьцуулахад 10.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.   

Инфляцад импортын барааны үнэ 52.6 хувиар нөлөө үзүүлж байгаа бөгөөд 7.6 нэгж хувийг эзэлж байна. Хэрэглээний ерөнхий бүлгээр нь авч үзвэл эм тариа эмнэлгийн хэрэгслийн үнэ хамгийн өндөр буюу 20.6 хувь, зочид буудал нийтийн хоол дотуур байрны үйлчилгээний үнэ 18.6 хувь, хувцас бараа бөс барааны үнэ 18.4 хувь, орон сууц ундаа усны бүлгийн үнэ 16.4 хувь, орон сууц цахилгаан түлшний бүлгийн үнэ 11.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь тус тус өсжээ.

Улаанбаатар хотын инфляц аравдугаар сард 14.6 хувьтай гарсан. Харин орон нутагт хэрэглээний бараа үйлчилгээний үнэ Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 10.7 хувьтай байгаа бол Дорнод аймагт хамгийн их буюу 17 хувьтай байна. 

Хэрэглээний үнэд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ 10 бараа нийт инфляцын 26.5 хувийг эзэлсэн юм. Ангилбал, инфляцын 4.3 нэгж хувийг хүнсний бараа ундаа усны бүлгийн өсөлт, 2.2 нэгж хувийг хувцас бараа гутлын бүлгийн үнийн өсөлт, 1.7 нэгж хувийг орон сууц цахилгаан ус түлшний бүлгийн үнийн өсөлт гол нөлөөллийг үзүүлсэн байна. 

  • Бензин А-95, 1 литр 48.2 хувь 
  • Дизелийн түлш, 1 литр 48.8 хувь 
  • Бензин А-92, 1 литр 16.7 хувь
  • Параденк хүүхдийн лаа 2.6 дахин өссөн
  • Гурилан боов, кг 19.9 хувь 
  • Ургамлын тос 82.6 хувь
  • Зүсээгүй талх 36.9 хувь 
  • Төмс 62.6 хувь
  • Шар айраг, 1 литр 35 хувь
  • Гурил, 1 кг 36.3 хувь

Монгол Улс эхний 10 сарын байдлаар нийт 157 улстай бараа эргэлт хийсэн. Гадаад худалдааны тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 985 сая ам.доллараар буюу 52 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны бараа эргэлт нийт 17,2 тэрбум ам.доллар бөгөөд экспорт 10 тэрбум ам доллар, импорт 7.1 тэрбум ам доллар байна. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн. Өсөхөд экспорт 33 хувиар, импорт 27 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн.

Экспорт өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт 3.1 тэрбум ам.доллар, алтны экспорт 189 сая ам.доллар нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлж байна. Биет хэмжээний хувьд авч үзвэл, алтны экспорт өмнөх оны мөн үеэс 30.6 хувиар, нүүрс 66.7 хувиар, зэсийн баяжмалын экспорт 3.6 хувиар өссөн бол боловсруулаагүй газрын тосны экспорт 57.2 хувиар, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 40.9 хувиар буурсан байна.

Төлбөрийн тэнцлийн мэдээг энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр танилцуулъя. Төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.доллар алдагдалтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 779 сая ам.доллар өссөн үзүүлэлт юм. Үүнд гол нөлөө үзүүлсэн нь урсгал дансны алдагдал 545 сая ам.долларын алдагдалтай гарсан нөлөөлсөн. Харин санхүүгийн дансны тэнцэл эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 236 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Мөнгөний нийлүүлэлт М2 эхний 10 сарын байдлаар 27.3 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн үзүүлэлт. Өсөлтөд валютын харилцах 82.1 хувиар буюу 1.9 их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 15.2 хувь буюу 611.4 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөллийг үзүүлсэн. Харин төгрөгийн хадгаламж 12.4 их наяд төгрөг байгаагийн 90 хувь иргэдийн хадгаламж, 9.7 хувь нь аж ахуй нэгж байгууллагын хадгаламж эзэлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг авч үзвэл, түр ажил эрхлэгчдийн тоо нэмэгдсэн. Харин байнгын ажил эрхлэгчдийн тоо өмнөх оны үетэй харьцуулахад 50.8 хувиар буурсан байна" гэв. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button