Top StoriesЯрилцлага

Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх: Ан амьтад буун дуун сонсохгүй, айх аюулгүй байвал болох нь тэр

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул. Аав Б.Жал нь адуучин, агент хүн байж. Ээж Ц.Цэнд нь нэгдлийн туслах ажилтан, манаач хийдэг байсан. Өдгөө 94 настай сайхан буурай нутагтаа суудаг. Тэд эцэг, эхээс 11-үүлээ ч дөрөв нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Төмөрөө ах уг нь химич, химийн багш мэргэжилтэй. 1987 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ирж Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаанд ажилд орж, 25 жил ажилласан.

Мэргэжилтэн, амьтан судлаач, агнуур зүйч, байгаль орчны байцаагч, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Хөвсгөл нуурын дарга гээд тэнд хийгээгүй, хүрээгүй ажил үгүй.

Дараа нь НҮБ-ын "Алтай саяны эко бүсийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах" төслийн орон нутгийн зохицуулагчаар томилогдон мөн л дархадын хотгор, далай ээжийн орчмоо зургаан жил ажилласан. Ингээд 2012 онд Улаан тайга улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын газрын захиргааг байгуулахад даргаар нь томилогдон 10 дахь жилдээ ажиллаж байна.

Түүний гэргий С.Наранцэцэг Архангайн Их тамир сумын харьяат. МУИС-ийн бараа судлалын ангийг төгссөн. Эднийх хоёр хүү, хоёр охинтой. Хүү Т.Мөнхтэнгэр нь Хөвсгөл нуурын байгаль хамгаалагч, охин Т.Мөнхдалай нутагтаа амьдарч, бага охин Т.Мөнх-Оргил АНУ-д сурдаг. Харин том хүү Т.Лхагвасүмбэрэл байгаль, ан амьтны төлөө ажиллаж байгаад амиа алдсан ард түмнийхээ дунд "ирвэс хамгаалагч" нэрээрээ мөнхөжсөн баатар билээ.

Бид түүнийг гавьяат шагналаа гардаж авахаар Улаанбаатар хотод ирээд байхад нь ярилцав.

-Төрийн буян, түмэн олны минь түшиг-

-Маргаашнаас эхлээд таны нэрийн өмнө Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан гэх тодотгол нэмэгдэнэ. Баяр хүргэе. Шагнал авахаа хэзээ мэдэв?

-Арваад жилийн өмнөөс л яригдаж байгаа юм. Би нэг их айхтар яав, ийв гээд байдаггүй. Сайд хориод хоногийн өмнө таныг шагнах байх шүү гэж нэг ярьсан. Тэгээд уржигдар Хорьдол сарьдаг руу камерынхаа байршил, зай энэ тэрийг солих ажилтай явах гээд морио бэлдэж байтал "Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна. Та Байгаль орчны гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнуулахаар болсон. Арваннэгдүгээр сарын 25-ны 11 цагт Төрийн ордны баруун хаалган дээр зогсож байгаарай" гэсэн. Тэгж мэдлээ л дээ. Тэгээд сайд руу ах руу нь ингэж ярилаа, хот руу гарлаа гэж чат бичээд, өөр хүнд ч хэлсэнгүй. Төр засгаас гаргасан шийдвэр ном нууц байдаг л гэж бодохгүй юу. Гэтэл замд сүлжээ ороод харсан чинь баахан хүмүүс баяр хүргэж. Баярласан ч гэсэн бас санаа зовлоо. Яагаад мэдчихэв гээд айх шиг /инээв/ Тэгсэн манай байгаль орчны холбооныхон яаж ч мэдсэн юм пост оруулж л дээ.

-Салбарынхаа гавьяат ажилтан болсныг сонсох тэр үед танд ямар сэтгэгдэл төрөв?

-Их сонин юм байна шүү. Яг тэгээд хэлэхээр хамгийн түрүүн хүнд хэцүү байсан цаг үе зурвас хийсэн. Тэр аюултай он цагуудад, хэдэн хүүхэд минь нялх, амьдрал хүнд ар гэрээ орхиод морь унаа муутай, явган нүцгэн амь тэмцэж явсан. Дээд тал нь 200 хоног хээрээр явсан байдаг. Тэр өдрүүд нүдэнд харагдаад, багтрах шиг болсон. Ноднин зун хаднаас унаж үхэх шахсан. Тэгэхэд үхчихсэн бол яах байсан бол ч гэдэг юмуу, хамгийн түрүүн л эрсдэл, эрээн бараан зүйлс бодогдсон.

-Жаахан тайвшраад ирэхээр…?

-Нулимс гарсан. Төрийн буян, түмэн олны минь түшиг. Замд хүмүүсийн сэтгэгдлийг уншаад нулимстай л явсаар ирлээ. Би чинь хүн дайраад, давшлаад байвал тэмцээд, зүтгээд байдаг төрлийн хүн шүү дээ. Хүнд нөхцөлийг бид туулж ирсэн. Алтны газраас л гэхэд хөөхөд за гээд шуртхийгээд явчихдаг хүн байдаггүй л байхгүй юу. Байгаль хамгаалагчид бид эсэргүүцэл, тэмцэл дунд амьдардаг. Тэгсэн харин уяраад, хүүхэд нэг аргадахаар өмөлздөг дөө. Тийм болж байна лээ шүү.


-Албаны найман морьтой 30 байгаль хамгаалагч 1.6 сая га газрыг хамгаалдаг-

-Улаан тайгын хамгаалалтын захиргааг анх байгуулахад байдал хүнд хэцүү байсан уу?

-Аймаар, аймаар. Би чинь ганц хар цүнхтэй, хувийн нэг УАЗ-469 машинтай л очсон. Тэнэг ч гэх үү, зоригтой ч гэхүү. Тэгээд сумын төвд айлын сургуулийн хүүхдүүдэдээ барьж өгсөн гэрт хоёр сар амьдарсан. Удалгүй нэг түрээсийн байшин олж ордог юмаа. Тэнд хэсэг байж байтал нөгөө байшин маань мөөгөнцөр ургаад, шал нь цөмрөөд айл нь авсан. Их адал явдал туулсан даа. Яахав ээ, цагийн урсгалаар мачийсаар байгаад бид өдий хүрсэн юм шүү дээ. Бүх ажилчид цалингаасаа 20, 20 мянган төгрөгөөр нийлээд тусгай хамгаалалттай газрын захиргааны байшингаа барьсан.

Байрлах байр, барих зэвсэггүй тэгээс эхэлсэн ч арван жилийн дотор Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын газрын захиргаа улсдаа хамгийн сайн тохижилттой газар болж чадсан. Бид төсөвт өндөр мөнгөн дүн суулгаж, бэлэн зэлэн зүйл нэхдэггүй, өөрсдийнхөө боломж, хүчээр хамгаалалтын захиргаагаа босгосон. Хорьдол сарьдаг, Улаан тайга, Тэнгис шишгэд байгалийн цогцолбор газар бид 16 байшин барьсан. Байгаль хамгаалагчид маань модны ёроолд олон жил унтсан юм шүү дээ.


-Тайгадаа ажлаа хийж, явахдаа амрах байшингууд барьдаг юм байна. Хамгийн сүүлд та нар нэг байгаль хамгаалагчийнхаа тэр байшинг тохижуулж байсан?

-Тэр манай хамгаалалтын захиргаанаас гучаад км зай дахь манай нэг байшин л даа. Ер нь тайгын байгаль хамгаалагчид ажлаа хийхэд машинаар явах газар байхгүй. Морь, цаа за тэгээд цас орчихвол явган явахаас өөр аргагүй. Морь малтайгаа усанд өртөөд юу ч үгүй нороод гарахаас өөр гарцгүй газар олон. Бид нар тооцоолж байгаад байгаль хамгаалагч хамгийн их ядарч, ус цасанд норж гардаг тийм газрууддаа жижиг, жижиг байшин бариад, зуух яндан бэлдсэн. 16 байршилд 16 байшин бий.


-Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын газар хэчнээн га талбайг хамран хамгаалж, хэдүүлээ ажиллаж байна вэ?

-Хорьдол сарьдаг, Улаан тайга улсын тусгай хамгаалалттай газар, Тэнгис шишгэдийн байгалийн цогцолборт газар гээд 1.6 сая га газрыг хувааж аваад гарцгаадаг даа. Манай тусгай хамгаалалтын газар 47 ажилтантай, үүнээс 30 нь байгаль хамгаалагч.

-Унлага унашны тухайд..?

-Албаны найман морьтой. Энэ маань хүрэлцдэггүй учраас байгаль хамгаалагчид маань ихэнхдээ аминаасаа, ах дүүгээсээ морь унадаг.

-Та маргааш өглөө гавьяагаа үнэлүүлж, алдаршина. Энэ ташрамд юуг хэлмээр байна вэ?

-Энэ ажил, амжилт нэг хүнийх бишээ. Байгаль дэлхийгээ хайрлаж, дурлаж үүнийхээ төлөө тэмцэж явсан хүмүүсийн амжилт юм. Бас нэгнээ хайрласан, итгэсэн, дэмжсэн багийн тоглолт. Бидэн дунд цалин нь хаачхав, ажилтай л байвал болоо гэсэн бодолтой хүн нэг ч байхгүй. Үнэндээ байгаль хамгаалагчийн цалин хаанаа ч, юундаа ч хүрдэггүй тийм л үнэлэмжтэй. Харин энэ бүхний цаана миний зорьсон зорилготой нэгдсэн, надад итгэсэн, миний итгэл үнэмшилтэй нэгдсэн байгаль хамгаалагчдын минь өдрөөс өдөрт үр дүн нь гарч буй тайгын амьдрал яваа. Би зориг муутай, үлгэн салган, өөрөө байшингаа бараадаж хэвтчхээд зааварлаад, эднийгээ хамгаалж, өмгөөлдөггүй байсан бол бидний ажил өнөөдрийн энэ хэмжээнд ирэхгүй байсан. Тэгэхээр энэ бол Улаантайгынханы гавьяа юмаа.

-Танд нэг ногоон дээл байна уу, нэлээд хэд байна уу. Миний мэдэхээр та бүх л улиралд ногоон дээлтэй явдаг. Баярын бэлтгэлээ базаав уу?

-Эхнэртээ ногоон дээл минь шагнал хүртлээ, энүүнтэйгээ явнаа гээд загнуулах шив. /инээв/ Өгөршсөн, өчнөөн нөхөөс тавьсан нэг л ногоон дээлтэй. Нэг л мэдэхэд барьж аваад өмсчихдөг юм, бараг 14 жил салсангүй. Халуунд халууцуулахгүй, хүйтэнд дааруулахгүй, зөөлөн их сайхан дээл. Жилийн дөрвөн улирал өмсөөд, нөмөрч унтаад л явна. Манай ажилчдын ар гэрийнхэн "Танай даргад өөр дээл байдаггүй юмуу" гэж асуудаг гэсэн. Өөр олон дээл бий. Биед дассан болохоор ногоон дээлээ олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ч өмсөж очоод загнуулж явлаа./инээв/ Баярын бэлтгэл базаасан, Нараа /эхнэр/ аймаг руу захиалж дээл хийлгэсэн байна лээ.

-Дархадын хотгорын зэрлэг амьтдын диваажин болгох нь миний мөрөөдөл-

-Таны мөрөөдөл юу вэ?

-Би байгаль дэлхий дундаасаа амьтанд их сонирхолтой хүн. Тэр ч утгаараа зэрлэг амьтдыг хамгаалж чадвал тэр газар бүхлээрээ хамгаалалтад орлоо гэж ойлгодог. Ан амьтад буун дуу сонсохгүй, хөөгдөхгүй, айх аюулгүй байвал болох нь тэр. Дархадын хотгорыг зэрлэг амьтны диваажин болгох нь миний мөрөөдөл. Тэр диваажинд хүмүүс зочилдог, аялдаг, зураг авдаг, бахархдаг, зэрэгцэн оршиж ашиг олдог тийм л тогтолцоог бий болгох.

-Хэдий хол байгаа бол?

-Айхтар хол гэж бодохгүй байна. Одоо ч диваажин болчихсон гээд хэлчихэд хол зөрөхгүй. Насаараа нуураа тойрч, тайгаа эргэж амьдарсаны минь зүтгэл тэгээд л гүйцээ. Би ажлынхандаа хэлдэг юм. Жалын хүү, Доржийн хүү тайгад ажиллаад сөнөөсөн гэж хожим хойно сонсогдохвий, өнөөдрийн муу муухайгаар хэлүүлэх ердөө ч сонин биш, сайн зөв үйлийнхээ төлөө л яв гэдэг.

Эднийх гэр бүлээрээ байгаль орчин, ан амьтдын төлөө л төрсөн улс гэлтэй. Талийгч хүүгийнхээ ажиллаж, амьдарч байсан Өмнөговь аймгийн Гурвантэс суманд очиж амьтанд ус үүрч, хүргэдэг байсан газар, хадан дээр талийгаачийнхаа дүрийг сийлчхээд, тэндхийн тусгай хамгаалалттай газрын хаалгыг хийж өгч билээ. Түүнээс нэг удаа бага хүүгээ байгаль хамгаалагч болоход айгаагүй юу гэж асуухад "Бид байгаль дэлхийнхээ төлөө яваад л дуусах хүмүүс дээ" гэж шийдэмгий хэлсэн юмдаг. Төөрч, эрсдэлд орсон гурван бамбаруушийг жил тэжээж, нисдэг тэргээр тайгын гүнд хүргээд ирсэн. Төд удалгүй Гэмшил /гурван баавгайн нэг/ -ийгээ зүүдлээд байх боллоо, шинэ орчинд аюул бүү учраасай хэмээн тайгын удганыг залж байв.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 08:58

Ийм сайхан сэтнэлтэнгүүд монгол нутгаар минь дүүрэн байг

Зочин
Зочин
2022-11-25 08:58

Ene shagnaliin ezen ta monoosoo mon

Зочин
Зочин
2022-11-25 08:59

Олон хүмүүүн үлгэр жишээ аваасай

Зочин
Зочин
2022-11-25 08:59

Баяр хүргэе юуны түрүүнд их сайхан эзнээ олсон шагн�##� болжээ

Зочин
Зочин
2022-11-25 09:10

Эрхэмд баяр хүргэе????????????

Зочин
Зочин
2022-11-25 09:11

ЭНЭ ХҮНИЙ ХҮҮХДИЙГ АЛСАН АЛУУРЧИД ОЛДСОН УУ

Зочин
Зочин
2022-11-25 09:17

Tanid ene horwoogiin hamgiin sain saihniig husey

Зочин
Зочин
2022-11-25 09:30

Gaihaltai ingej baigali an amitanaaa hairladag ym bn shdee

Зочин
Зочин
2022-11-25 09:57

Uneheeeer Baharhmaar hundeeee

Зочин
Зочин
2022-11-25 10:04

Аз жарг�##� сайн сайхныг хүсэн ерөөе баяр хүргэе жинхэн гавьятай гавият байна даа

Санжаа
Санжаа
2022-11-25 10:07

Эзнээ олсон шагн�##� болжээ. Баяр хүргэе.

Санжаа
Санжаа
2022-11-25 10:11

Эзнээ олсон шагн�##� болжээ. Баяр хүргэе.

Зочин
Зочин
2022-11-26 11:45

Төсвөөс хэдэн унага худ�##�даж авч өгөөч. Жирийн төсвийн байгууллага л м�##�тай байж мах идээд байдаг байж хамгийн хэрэгтэй хүмүүс нь унаагүй.

Холбоотой мэдээ

Back to top button