The HU хамтлаг ЮНЕСКО-ийн энх тайвны төлөөх уран бүтээлч цол гарджээ

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей арван нэгдүгээр сарын 25-ны өдөр Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The HU” хамтлагт “ЮНЕСКО-ийн энхтайвны төлөөх уран бүтээлч” цолыг гардуулан өглөө.
"The HU" хамтлагийн хөгжмийн хэв маяг, илэрхийлж буй санаа нь ЮНЕСКО-ийн үнэт зүйл, үйл ажиллагаанд нийцэж буйгаас гадна өөрсдийн улсын бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тул энэхүү цолыг олгосон байна.Ингэснээр “The HU” хамтлаг нь ЮНЕСКО-ийн үйл ажиллагаа, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулан сурталчлах үүрэг хүлээх бөгөөд, ялангуяа хүн төрөлхтний “амьд өвийг” хамгаалахын ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээх соёлын элч, төлөөлөгчид болж байна.
2016 онд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь үеэс үед уламжлагдан ирсэн Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг ба элементүүдийг орчин үеийн рок, хүнд метал хөгжимтэй хослуулсан "Хүннү рок" хөгжмийн жанрыг бий болгосон билээ. Монголчууд бидний бахархал болсон хөөмий, цуур, лимбэ, морин хуур зэрэг нь ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.