Ярилцлага

Б.Баярцацрал: 17-тойгоосоо загвар өмсөж, 13 жил “Гоёл” наадамд оролцон топ модель боллоо

Гурван жил өнжсөн “Гоёл” наадам өнгөрсөн сарын 27-нд болж, шилдгүүдээ тодрууллаа. 35 дахь удаагийн “Гоёл” наадмын шилдгийн шилдэг загвар, топ моделиор Б.Баярцацрал тодорлоо.  Хувцас загварын ууган наадмын отгон модельтой ярилцлаа.  

Б.Баярцэцэг ХААИС төгссөн, газар зохион байгуулагч мэргэжилтэй. 17 наснаасаа эхлэн загвар өмссөн. “Шилмэл загвар” ХХК, МДХ-ны загвар өмсөгч.

Тэрбээр Азийн супер модель тэмцээний оролцогч, “Miss earth” тэмцээний спорт, бикини мисс, топ таван оролцогчийн нэг, Европын “Miss the Glam” дэд байр, “Хаврын гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч гээд олон амжилтын түүхийг бүтээсэн.  Мөн Gobi cashmer, Evseg cashmer, Cosmopolitan сэтгүүлийн нүүр царайгаар сонгогдож, Lake me брэндийн нэрэмжит шагналыг хүртэж байв.

-Топууддаа хөтлүүлээд алхах агшин хамгийн сайхан мэдрэмж -

-Баяр хүргэе. Таны хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүн загвар өмсөгчдийн хүсэн хүлээдэг энэ оргилд хүргэсэн бэ?

-Баярлалаа. Би 17 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. “Гоёл” наадам маш сайхан болж өнгөрлөө. Монголын  дизайнеруудын холбооноос жил болгон зохион байгуулдаг энэ наадам өмнөх жилүүдээс гойд, онцгой болж өнгөрлөө. Би 13 дахь жилдээ оролцож, отгон топ  модель болсондоо баяртай.

-Хамгийн сэтгэл хөдөлгөсөн гараа нь аль байв?

-Гоёлын даашинзнуудын үзүүлбэр дээр маш их сэтгэл хөдөлсөн. Ялангуяа “Гоёл” наадамд анх удаа оролцож байгаа дизайнерийн ур, сэтгэлээ шингээж тэр гайхалтай даашинзуудыг өмсөхөд нисэж байгаа мэт мэдрэмж төрсөн.  

-Та 17 наснаасаа загварын ертөнцөд хөл тавьж, хаан наадмынхаа тайзнаа 13 жил оролцсоны эцэст топуудын эгнээнд багтлаа. Өнгөрсөн он жилүүдэд та хэрхэн туршлага хуримтлуулав.  Хэн болсон бэ?

-Цаг үеэ дагаад бүх зүйл хувьсан өөрчлөгддөг. Миний бие арван хэдтэй байхдаа хурдан том болохсон, арван жилээ хурдан төгсөх юмсан, их сургуульд орохсон гээд л юунд ч яардаг байсан юм бол. Өнөөдөр өөрийгөө таньж, мэддэг нэгэн болжээ. Загварын анхны тайз “Үнсгэлжин”-гийн мисс миний бяцхан зүрхний хамгийн том мөрөөдөл байсан. Тэр цагаас хойш үе үеийн шилдэг моделиудтайгаа “Гоёл” наадамдаа оролцож, мөрөөдөж, бүхнийг туулж гайхалтай мэдрэмжүүдийг авсаар л явна.

-Оны шилдгийн шилдэг загвар өмсөгч, топ моделийг алдаршуулах нь “Гоёл”наадмын оргил хэсэг. Үүний дараа он, оны шилдгүүд отгон топоо хөтлөөд алхдаг. Тэр үед танд ямар мэдрэмж төрж байв?

-“Гоёл” наадмаас энэ шагналыг л хүртэх нь модель болгоны хүсэл мөрөөдөл. Миний хувьд ч ялгаагүй мөрөөдсөн, зорилгын маань нэг хэсэг байсан. Гэхдээ энэ жил өөрийгөө болно гэж үнэхээр бодоогүй, гэнэтийн гоё сюрприз. Топууд маань намайг хөтлөөд урагшаа алхах тэр агшин бол үгээр илэрхийлэх боломжгүй, хамгийн сайхан мэдрэмж байлаа.  

-Үүний зэрэгцээ олны анхаарлын төвд орж байгаагаараа үүрэг хариуцлага нэмэгддэг болов уу?

-Том амжилтын ард заавал хариуцлага бий. Надад ч гэсэн энэ титэм улам их хичээгээрэй, илүү ихээр дайчлаарай гэх хүч, ухаарлыг өгсөн.  

-Манай моделиуд олон улсын чанартай тив дэлхийн наадам, тэмцээнүүдэд маш их оролцдог болсон. Таны хувьд...?

-Улс орны маань бүхий л салбар эрчимтэй хөгжиж байна гэж би хардаг. Манай салбар ч гэсэн. Өнөөдөр бид нар дэлхийн хэмжээнд хаана юу болж байгааг мэдээд, судлаад боломжтойдоо оролцох нь ч нээлттэй.  Жишээ нь, хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Дубайд  очиж “Middle east fashion” шоунд оролцоод ирлээ. Манай топ Уянгаа, топ Дори гээд бид долуулаа эх орноосоо явсан.

–Энэ бүхнээс та нар салбарынхаа хөгжлийг олж хардаг байх?

- Үнэхээр энэ шоунаас бид өөрсдийгөө хаана хүрсэн бэ гэдгийг мэдэрч, монголчуудын дизайнерууд, моделиуд ч ур чадвараараа дэлхийн тайзан дээр гарах цаг болчихсон гэдгийг харсан. Ази тивээс бид долоо л очсон. Биднийг тив дэлхийн өнцөг булан бүрээс цугласан оролцогчид маш их сонирхон хүлээж авч байлаа. Ер нь олон улсын ямар ч тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн үндэснийхээ гайхалтай хувцсыг өмсөн алхаж, монгол мисс нэрийг дуудуулах үнэхээр гайхалтай л даа.

-Энэ бүхний дундаас олж сонссон хамгийн гоё үг, тохиол юу байв?

-Сая Дубайн шоуны үеэр маш алдартай дизайнер “Монгол моделиуд үнэхээр хүчирхэг, эрч хүчтэй гайхалтай эмэгтэйчүүд байдаг юм байна. Та нараар үнэхээр бахархаж байна. Манай сэтгүүлийн ковер дээр миний загваруудыг өмсөөд оролцооч” гэсэн саналыг би тавьсан. Тухайн наадмын чансаа, оролцогчдын ур чадвар дундаас надад тэр санал ирсэн нь үнэхээр нэр төрийн хэрэг гэж маш талархан хүлээж авсан. Гэвч нэгдүгээрт, буцах цаг тулчихсан. Хоёрдугаарт, үүнийгээ зохицууллаа гэхэд “Гоёл” наадамдаа оролцох нь чухал байсан. Тэгээд дараагийн шоунд заавал ирж оролцъё гэж амлаад ирсэн.

-Эмэгтэй хүн өөрийгөө услах тусам үзэсгэлэнтэй болж, тэрийгээ хадгалж чаддаг-

-Та өсвөр залуу үеийнхэнд сургалт өгдөг. Энэ ажлынхаа талаар илүү мэдээлэл өгөөч?  

-Гоо зүйн багшаар сүүлийн хоёр жил ажиллаж байна. Би зөв амьдралын хэв маягийг баримтлах гэж хичээдэг. Өнөөдөр өсвөр насны хүүхэд, залуус эцэг, эхээс заяасан эрүүл саруул биеэ  амьдралын буруу хэв маягаас  болоод биеийнхээ хэлэмжээ алдах, буруу суух, буруу алхаа гишгээгээр бүх зүйлээ гажуудуулах нь элбэг тохиолдож байна. Миний сургалт бол загварын тайзан дээр алхуулж сургах гэхээсээ илүүтэй зөв амьдрал, зөв дадлын мэдлэг, гоо зүйн цогц ойлголт, мэдлэгийг өгөхийг хичээдэг.

-Үр дүн хэр гардаг вэ?

-Ямартай ч сүүлийн хоёр жилийн хугацаанд тасралтгүй хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Үр дүн ярихаасаа өмнө яагаад би энэ бүхнийг яагаад эхлүүлсэн бэ гэдгийг хэлмээр санагдлаа. Би өөрөө их багаасаа “Шилмэл загвар”-ын гоо зүйн сургалтад сууж, 16 наснаасаа энэ бүхнийг сурч байсан. Гоо зүйн мэдлэг хүн болгонд заавал байх ёстой зүйлийн нэг. Би гурван хүүхдийн ээж. Үр хүүхдүүдээ ажил, амьдралын талбарт хөл тавихдаа энэ бүхнийг аль эрт мэдчихсэн, биеэ зөв авч явах соёлыг эзэмшчихсэн байгаасай гэж хүсдэг. Маш чухал гэдгийг би өөрөө мэдэрсэн учраас олон залууст үүнийгээ түгээхийг хүсдэг гэсэн үг. Үүгээрээ гоо зүй, имиж, ёс зүй, зан харилцаа гээд цогц чадамж олгодог.  

-Гурван хүүхэдтэй, гэрийн эзэгтэй хүний тухайд энэ бүхнийг амжуулаад амжилт гаргаад явна гэдэг жирийн биднээс илүү их хүч, цаг гаргаж хөдөлмөрлөдөг үү?

-Ер нь бол аливаа ажил мэргэжил амжилт, бэрхшээл гэсэн хоёр талтай. Тэгэхээр хүн юу ч хийдэг бай өөрөө л хичээх хэрэгтэй. Миний хувьд байнгын бэлтгэлтэй хэрэгтэй гэж боддог. Цэцгийг услахаар гайхалтай дэлбээлж, өнгө нь ялгарч, үзэсгэлэн гоогоо гайхуулдаг. Эмэгтэй хүн ч гэсэн өөрийгөө услаад байх тусам байнга л үзэсгэлэнтэй байж, тэрийгээ хадгалж чаддаг. Мэдээж би хүний эхнэр, хүүхдүүдийн ээж хүн болохоор үүргээ гүйцэтгэнэ. Дээрээс нь мэргэжлийн онцлогт тааруулаад бүх зүйл дээр тэнцвэр гэдэг зүйлийг аягүй сайн баримталдаг. Багаасаа гоо зүйн салбарт орсон учраас энэ нь өөрөө миний амьдралын хэв маяг болчихсон. Түүртэх юмгүйгээр энэ бүхнээ амжуулчихдаг.   

-Гэр бүлээ танилцуулаач?

-Нөхөр маань бизнесмэн. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Бид гэрлээд 15 жил болж байна. Бид хоёр харилцан бие биенийхээ ажил мэргэжлийг ойлгож, нэгнээ дэмждэг.

-Сэтгэл зүй болон гоо зүйн коуч нар дотроосоо гэрэлтэх нь хамгийн том өөрчлөлт, сайн сайхан бүхний суурь гэдэг. Таны хувьд сэтгэлийн гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Мэдээж нийгмийн болон хувь ажил, амьдралын асуудлууд гээд стрессийн хүчин зүйл маш олон. Тэгэхээр тэр бүрд дотогшоо реакцлахгүй, хүндээр тусгахгүйгээр хүлээж авдаг. Бясалгал, спортоор хичээллэж, тархиа амраадаг. Сүүлийн үед бясалгалд үнэхээр дурлаж байна. Ялангуяа манай энэ хотод амьдарч байгаа хүн болгонд бясалгал маш хэрэгтэй зүйл шиг санагдсан.

-Мэдээллийн техник, технологи хөгжихийн хэрээр охид өөрийгөө олох, эсвэл мөрөөдлөө биелүүлэхээр өөр дээрээ маш их туршилт хийж байна. Тэр охидод  хандаад үг хэлээч гэвэл та юу гэх вэ?

- Үнэхээр үзэсгэлэнтэй гоё эгч нарыг хараад би яг л ийм болохсон гэдэг зүйл байдаг. Би ч гэсэн ийм үеийг туулаад л гарсан. Энэ нь өнгөцхөн харахад хүсэл тэмүүлэл, харин лавлаад бодвол өөртөө итгэлгүй байгаан шинж. Үнэхээр тийм болж чадахгүй бол яах юм. Бүх зүйл боломжтой биш шүү дээ. Ийм тохиолдолд хүн өөрийгөө нуучихдаг. Тэгэхэээр өөртөө итгэлтэй байгаарай, хүн болгонд өөрийн гэсэн гялалзсан гоё, сайхан өгөгдөл байдаг. Тэрийгээ олж, өнгөлөөд байх тусам бүх зүйл гайхалтай болж ирдэг. Харин тэр үнэт зүйлээ, өөрийгөө олчхоод хэн нэгэнтэй харьцуулах юм бол асуудал гарч ирдэг юм шүү.

-Үр хүүхдүүдээ зөв хүн болгож төлөвшүүлэх нь миний нэг мөрөөдөл-

 -Та тэр үнэт зүйлээ хэдийд олсон бэ?

-Ээж болоод олсон доо. Хүн амьдрах тусам суралцаад л байдаг юм байна. Ээж, аав тэгж, ингэж болохгүй гэдэг гайхалтай сургаалиуд айлтгадаг үед чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байлаа. Эмэгтэй хүний амьдралаасаа өөрийн биеэр суралцаж олж авсан мэдлэг бол хамгийн үнэт эрдэнэ.

-Та эрүүл амьдрах, гоо сайхан байх мэдлэгийг багаасаа олж, хэвшүүлжээ. Хамгийн энгийнээр зөвлөгөө өгөөч гэвэл?

-Эрүүл амьдрал, эрүүл сэтгэл зүй эрүүл, зөв дадал зуршил бол нийлээд хүчирхэг суурь болдог. Мэдээж хэрэг хүн болгон хүсэл мөрөөдөлтэй, аз жаргалтай амьдрахыг хичээдэг. Гэхдээ эрүүл байж тэр бүхэндээ хүрнэ гэж би боддог. Тийм учраас өөрийнхөө хичээдэг, хэвшүүлсэн бүхнээ хүмүүст түгээхийг хүсч багшилдаг.  Хамгийн энгийн эхний зөвлөгөө бол өөрийгөө хөгжүүлээрэй. Ном уншиж, зөв сайн мэдээлэл цуглуулж, өөрийгөө л сайн хөгжүүлээрэй.

-Жинхэнэ хатад нэгнийхээ титмийг тэгшилж өгдөг гэдэг. Моделиудтайгаа хэр найз вэ?

-Бид маш гоё найрсаг, найзууд. Загварын тайзан дээр ч, ард нь ч бие биенээ хүндэлдэг, хайрладаг. Модель бүхэнд өөрийн гоё чанар, үнэт зүйлс бий шүү дээ.

-Өнөөдөр охид төдийгүй хөвгүүд ч их олноороо загвар өмсөгч болохыг хүсдэг болсон. Загварын ертөнцийн хаалга онгойлгоход амархан уу, эсвэл?

-Энгийн үзэгчийн нүдээр харахад загвар өмсөгч хувцас өмсөөд л алхдаг хүн шиг санагдана. Гэвч энэ бүхний цаана асар их тэвчээр хатуужил, хөдөлмөр зүтгэл л байдаг. Энэ бүхнийг хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь байж чадсан, тууштай байхаар шийдсэн, чин сэтгэлээсээ тийшээ ороход бэлэн болсон хүн л давж туулдаг. Өсгийтэй гутал өмсөөд хэдэн цаг тайзны ард гараагаа хүлээх, бэлтгэл хийх, тэсгим хүйтэнд эцэстээ тултал даарсан ч инээмсэглээд зургаа авахуулах. Хүслийнхээ яг эзэн нь болчихсон цагт л хаалга онгойно доо.

 -Таны мөрөөдөл...?

-Эхнээсээ цаг хугацаагаараа биелээд л явж байна. Дараагийн мөрөөдлийнхөө төлөө тэмүүлээд, хөдөлмөрлөөд, хичээж л явна. Аз жаргалтай амьдрах, үр хүүхдүүддээ зөв хүн болгож төлөвшүүлэх нь миний нэг том мөрөөдөл. Мэдээж бас ажил мэргэжлийн минь зорилго, тэмүүлэл бий. Энэ бүхний төлөөх бүхий цаг хугацаанд дэргэд, ард, урд байсан бүх хүмүүст баярлалаа. Хайртай гэр бүл, үр хүүхэд, аав, ээж, хоёр охин дүүдээ, найз нөхөд, багш Цолмон, Энхмаа, “Шилмэл загвар” компани, Монголын дизайнеруудын холбоо бүгдэд баярлалаа. Үргэлж талархаж явдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-01 09:09

Юуны өмнө баяр хүргэе!
17+13=30 настай бүсгүй гэж ойлголоо. Гэтэл гэрлээд 15 жил болж байна гэх. Сурв##жлагч маань ##ь тоон дээр андуурав аа?

Зочин
Зочин
2022-12-01 09:25

Үзэсгэлэнтэй сайхан бүсгүй шүү.Амжилт мундаг бна.

Зочин
Зочин
2022-12-01 09:26

saikhan bvsgvi baina . za tegeed neree ih hicheej yawadag um shv.

Зочин
Зочин
2022-12-01 09:26

Баяр хүргэе.

Зочин
Зочин
2022-12-01 09:40

Uneheeeer uzesgelentei ymaaa hair ymaa az jargal husey

Зочин
Зочин
2022-12-01 10:52

Сайхан ээж үзэсгэлэнт эмэгтэйд аз жарг## хүсье

Зочин
Зочин
2022-12-01 11:32

Мөрөөдөлдөө хүрнэ гэдэг маш амжилт шүү. Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-12-01 11:32

Hoorhon huuhduudiin eejid bur tom amjily husey

Зочин
Зочин
2022-12-01 11:44

Үзэснэлэнтэй сайхан охинд илүү том амжилтыг хүсэж баяр хүргэе

Зочин
Зочин
2022-12-01 13:38

Bayar hurgey sain saihniig husey

Зочин
Зочин
2022-12-01 15:18

Үзэснэлэн иөгөлдөр сайхан охин байна баяр хүргэе

Зочин
Зочин
2022-12-01 15:18

iluuu tom amjilt husey

Зочин
Зочин
2022-12-01 15:19

Сайхан дэлгэрэнгүй ярилцлага болжээ. Хүний хэл амыг бүү тоогоорой. Улам дүүлэн нисээрэй

Зочин
Зочин
2022-12-01 15:20

Bayar hurgey sanasandaaaa hursend tani

Зочин
Зочин
2022-12-01 16:03

Хөөрхөн шү

zochin
zochin
2022-12-01 23:39

ha ya

Холбоотой мэдээ

Back to top button