УРЛАГ

"Ухамсар"-аас өөр барималгүй Улаанбаатар

Уран бүтээлч А.Очирболд "Ухамсар" бүтээлээ одоогоос таван жилийн өмнө биежүүлсэн. Өдгөө НҮБ-ын Төв байрны гадаах талбайд ган "Ухамсар" сүндэрлэж, салхиар хүүгэн дуугарч буй. "Ухамсар" олон шагнал хүртэж, олон хүний зүрхэнд хүрсэн. 2019 оны "Норд-Арт"-д түүний "Дэгрээ" үзэсгэлэн гран-при авч байв.

"Ухамсар" бодит бус зүйл бодитжохын зааг дээрх, энергийн түвшний нарийн үелзэл хэлбэлзлээр биежсэн. Үл ялиг тонгойж буй /Хүн ийм байрлал авах боломжгүй, унана/ энэ хүний дүрс хорвоогийн чимээнээс алсарч, өөрөө өөр лүүгээ өнгийн бясалгаж буй гэлтэй. Энэ дүрснээс төдийгөөс өдийг хүртэл орчлонгийн тоос манаргасан, одоо ч янз бүрээр манаргаж яваа хүн төрөлхтний сайн муу, сайхан муухайг олж харахын сацуу, тэдгээр нь энэ бясалгагч амирлангуй дүр төрхийн өмнө шүүгдэн илаарьшиж буй мэдрэмж төрөх нь сэтгэл хөдөлгөдөг.

Харин хоёр жилийн өмнө "Ухамсар"-ыг Богд хааны ордон музейн урд нэжгээдээр байрлуулсан байсан. Сайхан санагдаж, очиж үзсэн. Дараа нь Төв талбайн ойролцоо, нэг томыг залсан. "За, баримлын үнэ цэнийг ойлгож дээ. Контемпорари уран бүтээлчийнхээ бүтээлээр хотоо чимж буй нь дэвшил" гэж хүлээж авсан. Гэтэл одоо, хаана л баримал, хөшөө хэрэгтэй байна, тэнд "Ухамсар" явж байдаг болох нь.

Төв талбай дээр хэдэн "Ухамсар" байрлуулжээ. Шинэ жилийн уур амьсгалын тохижолт, чимэглэлийн хүрээнд шүү дээ.

"Ухамсар"-ын хамгийн бахдам хэв нь НҮБ-ын Төв байрны гадна байгаа. Харин "Spirit of Gobi" фестивальд, элсэн талд олон "Ухамсар"-ыг нэг дор дэглэсэн байдаг. Үүнд зориулж хийсэн жижиг хэмжээний "Ухамсар"-ууд нь хямд материалтай тул наранд гандаж, бороонд норж, зэвэрсэн шинжтэй. Энэ нь өөрөө зөв газраа дэглэсэн бол дахиад цоо шинэ мэдрэмж өгчилгөх элемент болсон. Гэвч хотын аль олон хүн явдаг хэсгүүдэд юм л бол зэвэрсэн "Ухамсар"-уудыг залдаг нь Нийслэлийн удирдлагуудын мэдрэмжгүйнх. Энэ уран бүтээлч А.Очирболдод ч таатай биш байгаа нь дамжиггүй.

Монголд олон барималч бүтээж, туурвиж байгаа. Хийсэн бүтээснийг нь эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй юм гэхэд олон нийтэд дэлгэж, дэглэж өгөхөд анхаарах хэрэгтэй. Тэгье гэвэл зөвхөн нэг барималдаа эргэлдээд байх бус, жаахан бүтээлч, эрэл хайгуулч хандах нь зүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аймаар
Аймаар
2022-12-03 10:55

Муухай заваан юм НҮБ ын байрны гадаа байдаг гэж үү.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2022-12-03 13:21

ухамсараас өөр юм Монголд хэрэггүй.

Зочин
Зочин
2022-12-03 21:47

Бүтээл мөн үүү хэцүүш дээ

Өвгөн
Өвгөн
2022-12-04 08:09

Энэ жижигхэн готод нэг л бхад блношдээ ухамсаргүй ма.лнуудаа..

Холбоотой мэдээ

Back to top button