СУРВАЛЖИЛГА: Өвөл айсуй, түмэн үрсийн хөлд дарагдахдаа “Эх нялхас” бэлэн үү
-“ЭХ НЯЛХАС”-Т ХҮЙТНИЙ УЛИРАЛ ЭХЭЛЖЭЭ-
Өвөл айсуй. Харин өвлийг угтсан намар, намар дагасан хүйтний улирал аль хэдийнэ ирж, ханиадны эм сурсан хүмүүс олшров. Ер жил бүрийн аравдугаар сараас эхлэн улирлын шинжтэй амьсгалын замын халдварт өвчнүүд ихэсч, эмнэлгийн байгууллагуудын ачаалал нэмэгддэг билээ.
Иргэдийн хувьд хороо, дүүргийн эмнэлгээ зорихоос илүү улсын нэгдсэн хэдэн эмнэлэгтээ дугаарлаж, тусламж үйлчилгээ авахыг зорьдог нь гэм биш зан. Нөгөө талд ханиад, томуу өндөр дэгдэлттэй байдаг цагаар ор нь хүрэлцдэггүй, өвчтнүүд нь шалаар нэг зулдаг эмнэлгүүд дахин нэг өвлийг угтахаар хүлээж буй. Өргөтгөл, засвар хийдэггүй, жил бүр харж дадсан нэг л дүр зургаар өвчтнүүдээ хүлээж авдаг тийм улсын эмнэлгүүдтэйгээ бид ижилдэн дассан гэхэд хилсдэхгүй.
Энэ өвөлд улсын эмнэлгүүд хэрхэн бэлдэв? Урьд жилүүдийн адил хүнд ачаалалд түүртэж, иргэдэд төвөгтэй нөхцөл байдал үүсгэх үү? тэргүүтэй асуултыг тавин улсын хэмжээний эмнэлгүүдээс Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийг сонгон ээлжит сурвалжилгаа бэлтгэлээ.

Бидний мэдэх “Эх нялхас” хүүхдийн эмнэлгийн хүлээн авах хэсэгтээ засварын ажил эхлүүлжээ. Ирж дассан эцэг эхчүүд “Засвартай” гэсэн бичгийг ээлж дараалан мөргөж, эргэж буцан алхана. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар дамжуулан өвчтнүүд үйлчлүүлэх нөхцөл үүссэн учир, дотоод дүр эгээ л дүн өвөл эхэлчихсэн мэт бум бужигнаантай байв. Цас дараагүй учир эмнэлгийн шалаар шавхай татах нь гайгүй ч, гадуур курткээ тайлан бариад, хүүхдээ үзүүлэхээр дугаарлах эцэг эхчүүдийн дүр төрх танил.
“Хүйтний улирал эхэлж ээ” гэдгийг эндээс харах боломжтой.
-“ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨМНӨХ ЖИЛИЙН МӨН ҮЕИЙНХЭЭС ЯЛГААГҮЙ, ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА” ГЭВ-
Бид ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн зохицуулагч О.Солонготой ярилцахад тэрбээр, “Томуу, томуу төст өвчнөөр халдварласан хүүхдүүдийн тоо нэмэгдэж эхэлж байна. Яг томуугийн тохиолдол хараахан бүртгэгдээгүй. Мэдээж хүйтний улиралд хүлээн авахын ачаалал их байдаг. Амралтын өдрүүдээр ачаалал илүү ихэсдэг” гэсэн юм. Ингээд Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалангаас дараах тодруулгыг авлаа.
-Яаралтай тусламжийн тасгийн ачаалал аравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар хэр байна вэ? Өмнөх оны мөн үетэй харьцуулбал?
-Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн тоо ажлын өдрүүдээр 250-280, амралтын өдрүүдээр 300-350 байдаг. Онцгойлон “Ийм өвчлөлөөр ихэвчлэн ирж байна” гэмээр зүйл бага анзаарагдаж байна. Өндөр халуурч, ханиалгасан, бөөлжсөн, суулгасан гэх зэрэг түгээмэл шинж чанартай хүүхдүүд ердийнхөөрөө ирж байна. Заавал лабораторын шинжилгээнд оруулна гэхгүйгээр илэрч буй шинж тэмдэг дээр нь тулгуурлан тохирох эмчилгээг хийдэг.
2018 оны мөн үетэй харьцуулахад анзаарагдах онцын өөрчлөлтгүй байгаа.
Хичээл сургууль цуглаж, хүмүүсийн бөөгнөрөл ихэсдэг учир зуны улирлыг бодвол эмнэлгийн ачаалал мэдэгдэхүйц нэмэгддэг.
-Эмч, сувилагч нарын ачаалал хэвийн нормоо барьж чадаж байна уу?
-Орон тооны хувьд бүрэн гүйцэт эмч, сувилагч нартай ажилладаг. Оройдоо хоёр дотрын эмч жижүүрт гардаг /нэг нь оройн 22:00 цаг хүртэл ажиллах бол нөгөө нь хонож ажиллана/. Мөн мэс заслын эмч 24 цагаар хонож ажилладаг. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Онцолж ярих үйл явдал байхгүй.

-Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэх зөвлөмж юу байна вэ?
-Өндөр халууралтын тухайд эцэг, эхчүүд болгоомжтой хандах хэрэгтэй. Халууны шилээр хэмжилгүй, гараараа дарж үзээд гайгүй гэж бодож орхисны улмаас хүүхдүүд татдаг. Татдаг өвчтэй хүүхэд үү гэвэл үгүй, хоолой нь идээлж халуурсан, амьсгалын замын өвчнөөр халдварласан байж таардаг. Мөн эмийн бодисыг эмчийн зааваргүй, дураар хэрэглэснээс үүдэн гардаг эрсдэлүүд байсаар байна. Ялангуяа антибиотикийг дураараа ууснаас хүүхдийн өвчин илаарших биш улам ужиграх тохиолдол гарч болно.
Үүнээс гадна хүйтэн, сэрүүний улирал эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүддээ амин дэмээр баялаг хоол, хүнс сайн өгөх хэрэгтэй байна. Аньс, чацарганын шүүс /хэрвээ харшилгүй бол/, шөлтэй хоолоор тэтгэх нь зөв. Цаашлаад цэвэр агаарт тогтмол салхилуулах, тасалгааны агаараа чийгшүүлж байхыг зөвлөнө.
Мөн хүүхдүүд угаарын хийд хордсон шалтгаанаар ирж буй тухай тодруулахад, “Манай монголчууд машинаа халааж байгаад угаартдаг, ганга өвсөөр утаж байгаад угаартдаг улс. Сүүлийн үед нэжгээд тооны хүүхэд угаарын хийд хордож ирэн, эмнэлгийн тусламж авсан нь бий. Бидний хувьд угаартсан гэвэл тохирох эмчилгээг л хийдэг учир, тодорхой шалтгаан зааж хэлж мэдэхгүй. Хэрэв угаартсан бол тухайн газраас даруй гарч, өмсөж байсан хувцсаа тайлж, шингэн зүйл сайтар уугаад эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн юм.

Яаралтай тусламжийн хүлээн авахаар ороод гарахад ихэвчлэн хөдөө, орон нутгаас ирсэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ үзүүлэхээр дугаарлаж байгаа анзаарагдав. Халуурсан, бөөлжсөн, зүрхний хэм алдагдсан зэрэг олон шалтгаанаар хүүхдүүд үзүүлж, яаралтай тусламж авна, эмч сувилагч нар ганц үг илүү дуугарах завгүй шуурхайлан ажиллаж харагдана. Аравдугаар сарын эхээр ийм ачаалалтай байгаа яаралтай тусламжийн тасаг идэр дөрвөн ес эхлэхээр чухам ямаршуу дүр зурагтай болох нь логикийн хувьд ойлгомжтой. Ямартай ч эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буй, ачааллын хувьд урьд жилийнхээс ялгарах зүйл багатай байгааг эмнэлгийн ажилчид хэлж байна.
М.ТЭНГИС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.