Хуулинд тусгагдаагүй ч хязгааргүй эрхтэй БЭТ нар

Монгол Улсын Засгийн газрын гурван удаагийн хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХК, орон нутгийн “Таван толгой” ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-д тус тус онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрх бүхий төлөөлөгч томилов.
-Бүрэн эрхэт төлөөлөгчид заасан хугацаанд бүх шийдвэрийг гаргах эрхтэй-
Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, тогтоомжид заасан компанийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилон ажиллуулаар шийдвэрлэсэн юм.
Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн засгийн газрын ээлжит бус хуралдаанаар орон нутгийн “Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах засгийн газрын бүрэн эрх бүхий төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилов.
2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн засгийн газрын хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, ЗГХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмарыг ажиллах бүрэн эрхт гишүүнээр томилов. Бүрэн эрхэт төлөөлөгч Н.Мягмар энэ хугацаанд компанийн бүтцийг оновчтой хэлбэрт оруулах, шаардлагатай бол зарим ажилтныг чөлөөлөх, томилох, төмөр зам барих явцад хөрөнгийг зөв зарцуулсан, эсэхийг тогтоох, аудитын шалгалт оруулах, хууль зөрчсөн байж болзошгүй гэрээг хуулийн байгууллагад өгч шалгуулах, компанийн худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанаар танилцуулах үүрэг хүлээсэн.
Эдгээр гурван Бүрэн эрхэт төлөөлөгч нь хагас жилийн хугацаанд ажиллан, компанийн удирдлагыг гартаа авч, бүх шийдвэрийг гаргах эрхтэйгээр томилогдсон юм.
-Бүрэн эрхэт төлөөлөгчид хэн нь хэн бэ?-
Жигжидийн ГАНБАТ
Боловсрол
1991 он Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 10 жилийн 1 дүгээр сургууль
1991-1995 он МУИС-Эдийн засгийн сургуулийг Санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалавр
2001-2003 он АНУ-Колорадагийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр магистр
Ажлын туршлага
1995-1998 онд Сангийн яамны Төсвийн газарт мэргэжилтэн
1998-2000 онд Төсвийн бодлогын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
2000-2001 онд Санхүү, Эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2003-2004 онд Санхүү, Эдийн засгийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
2004-2005 онд Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
2005-2006 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
2006-2009 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга
2009-2012 онд Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга
2012-2022 он Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
2022.01.19-ний өдрөөс Төрийн нарийн бичгийн дарга
Пүрэвжавын САЙНЗОРИГ
Боловсрол:
2001-2005 он Отгонтэнгэр их сургууль эрх зүйч.
2009-2010 он Автсрали улсын Нью Сайд Уэльсийн их сургууль, Хууль зүйн магистр
2010-2012 он Австрали улсын Каррик коллеж, аялал жуулчлалын диплом
Ажлын туршлага
2006-2008 он Байгаль орчны яаманд сайдын туслах, Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн
2012 он Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн
2013-2015 он Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газарт мэргэжилтэн
2015-2016 он УИХТГ-ын Хууль зүйн үйлчилгээний хэлтэс /Хууль зүйн байнгын хорооны ажлын алба/-ийн зөвлөх
2016-2022 он Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга
2022 оны нэгдүгээр сараас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Н.Мягмар
Түүний хувьд одоо ЗГХЭГ-ын Хууль зүйн газрын дарга болон "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн бүрэн эрхэт төлөөлөгчийн үүргийг хавсарган хашна. Н.Мягмарын хувьд хууль зүйн салбарт тасралтгүй тууштай ажилласан гэдгээс өөр мэдээллийн илэрцгүй байгаа юм.
-Гэвч Монгол улсын үндсэн хуульд Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч гэсэн албан тушаал байхгүй-
Компанийн тухай хууль болон Төрийн өмчийн тухай хуульд Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилох тухай ямар нэг зүйл заалт байхгүй байгаа юм. Гагцхүү Монголбанк л үйл ажиллагаа нь доголдсон арилжааны банканд БЭТ /Бүрэн эрхт төлөөлөгч/ томилох эрх зүйн зохицуулалттай байна.
Тэгэхээр дээрх Бүрэн эрхэт төлөөлөгчид бүрэн эрхийг шилжүүлэх асуудал яг ямар хуулийн хүрээнд, ямар процессын дагуу хэрэгжих нь анхаарал татна. Энэ нь өнөөдөр мөрдөгдөж буй хуулиудаас, Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хэмээх 1991 онд баталсан хуульд холбогдож байна. Тус хуулиар Засгийн газар тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоож болно.
Байгууллагын бүтцийг тогтоож, бүх шатны удирдлагыг томилох эрх нь Засгийн газарт олгогддог байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар онцгой дэглэм тогтоосон бол гүйцэтгэх удирдлагыг нь шууд томилох боломжтой. Гэхдээ үүнийг Бүрэн эрхт төлөөлөгч гэж нэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн БЭТ болон тухайн газрын удирдлага хоёр зэрэгцэн ажиллах боломжтой эсэхийг тодруулсан хуулийн заалт, хууль эрх зүйн орчин алга.
Гэхдээ энэ хууль өөрөө бүрхэг зохицуулалттай. Онцгой дэглэм тогтоосон үед Засгийн газрын бүрэн эрхийг "Доорх хүрээнд байвал ЗОХИНО" гэж тодорхойлжээ. "Зохино" гэсэн тодорхойгүй үгийн цаана БЭТ томилох, одоогийн захирлыг нь чөлөөлөх аль алиных нь бүрэн эрхийг гартаа авч болохоор харагдана.
Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хуультай ЭНД дарж танилцана уу.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.