Top StoriesЯрилцлага

Хонины сархинагаар уут хийдэг Ц.Пагма: Уламжлалт аргаар боловсруулж, уйгагүй нухаж зөөлрүүлдэг

Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэн Ц.Пагма, нөхөр О.Адьяагийн хамт арваад жилийн өмнөөс хонины сархинагийг элдэж боловсруулан төрөл бүрийн уут хийж эхэлжээ. Тэд өнгөрсөн хугацаанд элдэх арга технологидоо байнгын сайжруулалт хийсээр өнөөдөр аяга, хөөрөг, гоёл чимэглэл, даллага  гэх зэрэг төрөл бүрийн сархинаган уутыг урлаж, зах зээлд нийлүүлж байна. 

О.Адьяагийн аав нь хүү, бэрээ хоёртоо дээр үед хонины гүзээ, сархинагийг элдэж зөөллөн ахуйн нөхцөлд төрөл бүрээр хэрэглэдэг байсан тухай сэтгэлд хоногштол ярьсан өрхийн бизнесийн эхлэл суурь болжээ. Ц.Пагмыг нэг удаа хөдөө ажлаар яваад ирэхэд  нөхөр нь “Шөнө нойр хүрэхгүй болохоор нь сархинаг элдэж үзье гэж бодсоор ийм болголоо” хэмээн анхны элдэж зөөлрүүлсэн “арьсаа” үзүүлэхэд юмхнаар юм хийчихдэг гэргий нь уут болгох санаа шууд л төрсөн байна. Ийнхүү бидний санаанд ч оромгүй бизнес эхлэлээ тавьсан түүхтэй. Бид Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэн Ц.Пагматай ярилцлаа. 

-Хонины сархинагаар уут хийдэг процессоо танилцуулаач?

-Сархинагаар юм хийдгийг манай нутгийнхан мэддэг болохоор аваад ирдэг. Шаардлагатай үед өөрсдөө цуглуулна. Дараа нь шар сүүнд хийж зөөлрүүлээд  нойтноор нь элдэнэ. Зайгүй нухаж байж зөөлрүүлнэ. Жаахан л хатаачих юмбол хугарчих гээд бас их эмзэг эд байгаа юм.

-Боловсруулалт удаан хийх үү?

-Шар сүүнд хийгээд гаргахад л бараг сар болно. За тэгээд элдээд уйгагүй оёно доо. Өдөрт яг цаг заваа зориулаад суувал арваад ширхэгийг гаргачихдаг. Уутан хэлбэрийг огт эвдэхгүйгээр элдээд, сарьс, арьсаар эмжинэ. Анх хүмүүс нэг их тоодоггүй, сархинаг гэхээр итгэдэггүй байлаа. Би хэдийг хийж аваад хот орж, хөөрөг, аяга зардаг хүмүүсийг бараадах, гудамжаар барьж явах зэргээр борлуулдаг байсан. Харин 3-4 жилийн өмнөөс  хүмүүс ихэд сонирхох боллоо. Одоо бол хийгээд хот руу хүүхдүүд рүүгээ явуулна,  заримдаа өөрөө аваад явдаг.

-Их л ажиллагаатай юм байна. Харин та хямдхан боломжийн үнээр борлуулдаг бололтой?

-Ажиллагаа ихтэй, ихтэй. Ерөөсөө монгол уламжлалт аргаар хийж байгаа юм чинь. Сархинаган уутаа 20 мянган төгрөгөөр л зардаг. Гадаадаас хүмүүс их авдаг болж. Тэгээд хүмүүс гадаадуудад үнээ нэмж зар л гэх юм. Яагаад ч юмаа үнийг нэмж чаддаггүй. Бусдынхаа хэрэгцээ худалдан авах чадварыг бодолцох л ёстой шүү дээ. Болж л байна.

-Танд өрхийн бизнесээ өргөжүүлье, бичил үйлдвэрийн хэмжээнд хүргэе гэсэн бодол бий юу?

-Одоохондоо ингээд л явж байна. Би сумынхаа “Хаан” банканд ажиллаж байгаад энэ ажлаа хийж эхэлсэн. Манай хүн сургуульд нярав хийдэг, зав чөлөөгөөрөө надад их тусална. Малын буян, өөдөө харсан савны бэлгэдэл гээд ажилдаа урамшаад л явж байна.

-Сархинаган уут ямар ач холбогдолтой вэ?

- Хүмүүс оргинал, химийн ямар нэг орц найрлагагүй учраас аяганы уут хийнэ гэж их авдаг.  Энэ уут бэлэн болсон байхад нь  сархинагны үнэр байж л байна. Баастай сархинагийг халуунаар нь толгойд углахад  их сайн эмчилгээ болдог гэж ярьдаг. Тэр утгаараа би өөдсийг нь цуглуулаад дэр хийчихдэг юм.

-Уутны нэрний учир...?

-Өвөрхангай аймгийн Баянгол сум хонь ихтэй нутаг. Манай сум хонины Омог гэж үүлдэрээр сүргийн бүтцээ сайжруулсан.  Тэгээд бид хоёр энэ буянт малын нэрийг бэлгэдэж уутаа “Омог” гэж нэрлэсэн. 

-Ярилцсанд баярлалаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-16 12:06

Хаана зарж байгаа бол утас шөрмөс байна уу

Зочин
Зочин
2023-03-03 08:46
Reply to  Зочин

Өвөрхангай аймаг Баянгол сум утас 80601228

Зочин
Зочин
2023-02-16 14:05
Reply to  Зочин

88420025

Зочин
Зочин
2023-02-16 18:07

Яг яаж хийдэг хэд хоног яадгаа нарийн тодорхой битий хэл. Бизнес технологийн нууц. Зүгээр сархинагаар хийдэг л гээд илүү юм бүү дурс.

Зочин
Зочин
2023-02-16 18:08

Тэвэл нөгөө ийм юм хийдэг эрдэмтэн эмэгтэй сайндаа ч биш арды уламжл�##�т тхнологийг л сайжруулсан юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button