НИЙГЭМНийгэм ярилцлага

Арван мянган метрийн өндөр дэх гэрлэх саналын эзэдтэй ярилцлаа

Өнгөрөгч амралтын өдрүүдэд "Аэро монголиа"-гийн онгоцонд гэрлэх санал тавьж буй залуугийн бичлэг цацагдаж, эерэг сэтгэгдэл хөвөрсөн. Тухайн хосууд Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлд зорчиж явсан бөгөөд орон нутгийг зорих онгоц 10,400-11,000 метрийн өндөрт хөөрдөг билээ. Иймд бид 10 мянган метрийн өндөр дэх гэрлэх саналын эзэдтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-"Аэро монголиа"-гаас гоё хариу сонсонгуутаа сүйн бөгжөө сонгочхоод гэртээ харих замдаа дахин дахин нээж үзсэн. Нислэг болох өдрийг тэсэн ядан хүлээсэн-

-Амралтын өдрүүдээр онгоцонд гэрлэх санал тавьсан бичлэг тань сошиал трэнд боллоо. Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг М.Мягмар гэдэг. 28 настай. "MГБИ" барилга угсралтын компанид менежерээр ажилладаг. Шагайн харвааны спортыг сонирхож хичээллэдэг, аймгийн гоц мэргэн.

-Ингэхэд онгоцонд гэрлэх санал тавьсан бараг Монголын анхны залуу гэж хэлж болох уу. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан болов уу?

-Яг тэгж хэлэхэд бас хэцүү байх. Энэ талаар ер нь маш их судалж үзсэн л дээ. Тэгсэн чинь монгол хүмүүс нислэгийн үеэр онгоцонд гэрлэх санал тавьсан бичлэг болон зураг олдоогүй ээ. Гэхдээ гэрлэх санал тавьсан ч зураг, бичлэгээ оруулаагүй хүмүүс байдаг юм бил үү. Магадгүй л байх. Одоогоос жилийн өмнө 2022 онд хүүхэдтэй болохоосоо урьтаад сүй хадгаа албан ёсоор тавьсан. Тэр цагаас хойш тохиромжтой цаг нь ирвэл мартагдашгүй өвөрмөцөөр гэрлэх санал тавих юмсан гэж дотроо их бодож ирсэн.

-Бодлоо биелүүлж, онгоцонд гэрлэх санал тавья гэх өвөрмөц санаа олоод хэрэгжүүлчихсэн байх нь ээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэзээнээс төлөвлөж, бэлтгэж эхлэсэн бэ?

-Би жилийн өмнөөс найз охиндоо гэрлэх санал тавих гэж олон янзаар бодсон гэж хэлсэн дээ. Тэгээд бүр саяхан сар шинийн баяраар эмээ, ээждээ очиж золгох үедээ гэрлэх саналаа ер нь л онгоцонд тавъя гэж төлөвлөсөн.

-"Аэро Монголиа"-гийнхан хэр хүлээж авч, туслав?

-"Аэро Монголиа"-д ажилладаг найзаасаа асууж лавлатал тухайн өдрийн нислэгийн багийнхан болон ахмадаас нь зөвшөөрөл авах учиртай гэх зөвлөгөө өгсөн л дөө. Энэ дагуу нь онгоцны тийзээ захиалчхаад, нисэхээсээ бүр 17 хоногийн өмнө "Аеро монголиа"-гийн цахим хуудас руу зөвшөөрөл хүсэж бичсэн юм. "Би нислэгийн үеэр онгоцонд гэрлэх санал тавих гэсэн юм аа, болох уу" гэх утгатай хүсэлтээ явуулсан л даа. Урьд нь тийм зүйл болж байгаагүй болохоор надад хариулт ирэх гэж хэд хоног болсон. Азаар "Аэро монголиа"-гийн хамт олон маш уриалагхан хүлээж авч, аль болох болгох талаас нь тусалсан шүү. Баяртай хариу сонсоод сүйн бөгжөө бэлдэж эхэлсэн. Гэнэтийн байх болов уу гээд очих гэж байгаагаа гэрийнхэндээ ч бас хэлээгүй. Би ч гэрлэх саналаа амжилттай тавьж чадсандаа баяртай байна.

-Хамт ниссэн болохоор сюрпизээ нуух хэцүү байсан уу, хөгжилтэй зүйл тохиолдов уу?

-Харин тийм ээ. Анзаарагдахгүй байхсан, баригдчихгүй юмсан гэж их хичээсэн. Сайн ч нууцалж чадсан. /инээв.сурв/ Сүйн бөгжөө сонгочхоод бүр догдлоод болдоггүй. Гэртээ харих замдаа дахин дахин нээж үзээд л. Өдөр бүр гаргаж хараад л нислэг болох өдрийг тэсэн ядан хүлээсэн шүү.

-Анх танилцаж байсан гэгээн хайрын түүхээсээ хуваалцаач. Манай уншигчдад урсамжаа уудалвал?

-Бид арван жилийн нэг сургуулийн сурагчид. Нэгнээ таньдаг байсан төдий. Мэндийн л зөрүүтэй хүүхдүүд байлаа. 2020 онд есдүгээр сарын 3-нд Баян-Өлгийгөөс Улаанбаатар луу явах автобусанд таардаг юм байна. Бүр миний яг хойд талын суудалд сууж таарсан. Тэгээд л санаачилгыг гартаа авахаар шийдэж замдаа хажуу талынх нь хүүхэдтэй суудлаа солиод суучихсан юм. Хот руу очих хүртэл яриа өдөж, аль болох хөгжилтэй байж өөртөө татахыг хичээсэн дээ. Би Баян-өлгийд ажилладаг байсан болохоор нэг их удалгүй нутаг буцсан. Харин манай хүн оюутан байсан болохоор хотод үлдсэн. Ингээ хагас жил холын зайнаас бид хоёрын харилцаа эхэлж билээ.

-Бичлэг цацагдсаны дараа "Гэрлэх саналыг үнэгүй нисэх шалтаг болгосон" гэх багахан шүүмжлэл гарсан юм билээ. Энэ тухай?

-Үнэгүй ниссэн зүйл байхгүй. Би ажил хөдөлмөр эрхэлдэг хүний хувьд нислэгийн тийзээ худалдаж авсан. Энэ завшааныг ашиглаад миний хүсэлтийг хүлээж авч, дэмжиж тусалсан "Аэро монголиа"-гийн хамт олонд баярлалаа, ажлын амжилт хүсье. Цахим орчинд бичлэг цацагдсаны дараа маш олон хүмүүс эергээр хүлээж авсныг анзаарсан. Бидний нандин мөчийн гэрч болж ерөөлөө хайрласан хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна.


-Гэргий Ц.Ариунзаяа: Онгоцонд гэрлэх санал хүлээж авна гэж ерөөсөө бодоогүй. Шоконд орсон-

-Онгоцонд гэрлэх санал хүлээж авсан анхны эмэгтэй гэхэд буруудахгүй нь байна шүү дээ манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Цэндийн Ариунзаяа гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. Одоогоор дотрын резидентээр суралцдаг. 2022 оны наймдугаар сард амаржиж, хөөрхөн охинтой болоод нэг жилийн чөлөө авчихсан байгаа. Охиноо нэг нас хүрэхээр үргэлжлүүлж суралцана.

-Онгоцонд гэрлэх санал хүлээж авна гэж төсөөлж байв уу. Агаарт гэрлэх санал хүлээж авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Онгоцонд гэрлэх санал авна гэж ерөөсөө бодоогүй. Бүр гэрлэх санал авна ч гэж төсөөлж байгаагүй ээ.

-Тухайн өдөр гадарлав уу?

-Ерөөсөө гадарлаагүй. Нисэхийн өмнө уух зүйл аваад зогсож байтал манай хүн гэнэт "Гялс нэг тийшээ явчхаад ирье" гээд охин бид хоёрыг үлдээгээд явсан. Дараа нь онгоц хөөрөөд нислэг үргэлжилж байтал босож яваад дахиад л алга болчихсон. Тухайн үед нэг их зүйл бодоогүй "Яасан юм бол, зүгээр байгаа" гэж гайхасхийгээд л өнгөрсөн. Гэтэл тэр хугацаанд манай хүн бүхнийг амжуулах гэж гүйж явсан билээ шүү дээ /инээв.сурв/.

-Гэнэтийн байж, гайхшруулж чадсан байх?

-Үнэхээр гэнэтийн байж чадсан. Онгоцонд гэнэт миний нэрийг хэлээд хайрын гоё үгс сонсогдож эхлэнгүүт зүрх маш хурдан цохилдог юм билээ. Сонсоод гайхаж суутал манай хүн цэцэг, сүйн бөгжөө бариад босоод ирсэн. Би зүгээр л шоконд орсон шүү. Үнэхээр алмайрсан. Тухайн үйл явц миний хувьд маш хурдан болж өнгөрсөн. Бөгжөө аваад суудалдаа суугаад "юу болоод байна" гэсэн гайхширал намжиж, баярын нулимс цийлгэнээд л явчихсан.

-Өмнө нь сонирхолтой гэрлэх санал авч байгаа бичлэг, хайрын түүх үзээд "гоё юм аа" гэж цагаахан атаархаад л өнгөрдөг байлаа. Өөрөө ингээд зогсоно гэж зүүдэлж ч байсангүй. Ийм сайхан дурсамжтай хайрын үйл явдлын эзэн болсондоо үнэхээр их баяртай байна. Хэзээ ч мартагдахааргүй, сэтгэлд томоор дурсагдаж үлдэх үйл явдал боллоо. Хайрдаа хайртай шүү гэж хэлмээр байна.

-Цаг зав гарган ярилцсан та хоёрт маш их баярлалаа, аз жаргал хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-20 12:47

Дүүгийнхээ гэр бүлд аз жарг## хүсье.Мики маань мундаг байлаа баяр хүргье.

Зочин
Зочин
2023-02-20 13:04

Хөөрхөн юма. Аз жарг## хүсэе.

Зочин
Зочин
2023-02-21 18:03

Аз жарг## хүсье

zochin
zochin
2023-02-22 05:47

Xair durlalaa agaart munxulj chadsan durlalt xosuuddaa xairiin ezenguudee bayar xurgej eruul enx az jargal amar amgalan amidraliig xusie

Зочин
Зочин
2023-02-28 11:15

Дүү нартаа болон хөөрхөн охинд нь аз жарг## сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Холбоотой мэдээ

Back to top button