Тэмдэглэл| ОХУ-ын Дубна хотоос: Хилийн цаадах САР ШИНЭ

Хүний газар алба ажлаар ирээд тав дахь жилээ угтахуй. Энэ жил цас ихтэй хүйтнийг хэлэх үү. Гадныхан өнөөдөр төдөн хэм гэвэл бид хааяа өөрийн мэдэлгүй “төдөн ес эхэллээ” гэцгээнэ.
Хилийн дээс давсан монгол хүн бүр уламжлалт баяруудыг тэсэн ядан хүлээдэг нь илт. Аав ээж ахан дүүс, элгэн саднаасаа хол хүмүүст уламжлалт баяр гэдэг нутаг орондоо очсон мэт баяр хөөр бэлэглэдэг тийм ариг дотно учраас тэр биз. Гадаадад ажиллаж амьдарч буй монгол хүн бүрийн дотор монгол ахуй явсаар буй. Тиймийн учир жил жилийн цагаан сарын баярыг хүлээн, хүлээсээр угтдаг аа. Ялангуяа дэлхий дахиныг хамарсан ковидын хүнд жилүүдийг давсны ард хэн бүхэнд баяр утгаараа ирэх мэт. Гадаадад амьдардаг монгол гэр бүлийн хувьд хүүхдийнхээ өөрийгөө таньж мэдэх тэр л үнэ цэнтэй хором мөчүүдийг нь алдахгүй гэсэндээ уламжлалт баяруудаа таниулах, ахуй соёлоо мэдүүлэхийг хичээцгээнэ.
Битүүний өдөр гэр бүлээрээ хуучнаа засч, муудсанаа хаяж, шинийг хүлээн авцгаахаар өглөөнөөс үдэш хүртэл завгүй. Хэзээ бид ийм өрнүүн яриа дэлгэлээ гэмээр урт өдөр жилийн өдийд ирэх шиг л. Дэлхийн хаа нэгтээ зөвхөн монгол хүмүүс л хийх ийм нэгэн өвөрмөц зан үйл эндээс эхэлнэ ээ. Багад анзаарагдамгүй өнгөрдөг байсан энэ явц үнэндээ сэтгэл засал байжээ гэж бодогдмоор.Эхлээд дууссаны ард сэтгэл ч цэгцэрнэ. Өсч яваа хүүхдэдээ бүгдийг ширхэгчлэн тайлбарлахдаа өөрийнхөө ахуй соёлын нарийн нандин бүхнийг анзаарч, ухаж бодмоор ч шиг. Өвөө эмээ, ээж ааваас сурч цээжинд үлдсэн ахуйн дадлууд үнэндээ бидний уламжлалаас гарч ирсэн гэдгийг ч заримдаа ойлгон таних шиг. Тэгэж болохгүй, ингэж болохгүйн цаадах учрыг хамтдаа нээн таницгааж авахыг нь авч, ажрахыг нь ажирна. Битүүлгэний хайлмаг хайлж байхдаа эмээгээ учиргүй санав.Энэ мэдрэмж олон хүнд нэг. Ягштал заагаагүй ч хайлмаг хайлахыг хэдийнэ сурчихснаа хараад өөрөө ч хааяа гайхна. Гадаадад бидний хэрэглэдэг уугуул юмсыг олж авах бараг л боломжгүй тул бүгдийг гараар хийхээс аргагүй. Нэг сорилт.

Ёстой л би яг монгол хүн мөн үү гэдэг бяцхан сорилт энэ мөчид л явагдах шиг санагдана. Сүүгээ боловсруулах, тавгийн идээгээ өөрсдийн гараар үйлдвэрлэх, ерөөс баярын бүрдэл хэсгийн хамгийн чухал нь энэ дээ. Өөрсдөө бүтээх ёстой. Нэгэн бодлын өөрийнхөө ондоошлыг өөрөө л бий болгож буй минь сайхан. Жил жилийн уртад хийснийг минь хүүхэд хараад сурна. Үнэндээ хүүхэд ахуйгаасаа харсаар нас биед хүрсэн бидний энэ ахуй соёлын нарийн хэсгүүд амьдралын жирийн л үйлдэл мэт болж бид цааш үргэлжлүүлэн өвлүүлдэг аж. Залуу хүмүүс ёс уламжлалаас хол, орчин үежиж, даяаршсан гэх мэт ярианууд биднийг гамгүй онох хэдий ч үнэндээ бид багахан илэрхийлдэгээс болдог биз ээ. Түүнээс нэгэнт бидний дотор оршин буй ахуйг хэн ч үгүйсгэх боломжгүй. Цаг нь ирэхээр хүн бүр л өөрийн чадах хэмжээгээрээ илэрхийлэх нь бий. Үүнийг шүүмжлэх нь утгагүй ч шиг.
Шинийн нэгэн. Ээж аавынхаа дэргэд угтсан шинийн нэгний өдрүүд үнэндээ урсгалаараа, зөнгөөрөө л өнгөрдөг байлаа. Ёстой л хүүхдийн танхил зангаар хөтлөгдөөд л. Харин хүний нутагт өөрсдөө ээж аав болсон хойно хөтлөхөөс аргагүй. Хичээнгүйлэн эртлэн босч эмээ, ээжийнхээ хийдэг тэр л зан үйлийг өөрийн хүлээн авснаар, танин мэдсэнээр хийж нэгэнт сурчээ. Өөрөө хийхийн сацуу хүүхдэдээ тайлбарлаж ойлгуулахыг хичээнэ. Юм бүхэн түүнд минь соньхон. Баярын энэ л өдрүүдэд эхлүүлсэн шинэ соргог яриа цааш удаан үргэлжлэх нь бий. Эртлэн золгох, идээ будаагаа засах, юунаас эхлэхээс авхуулаад бүгд л өөрийн дэг жаягтайг үнэндээ хилийн дээс даваад л сая нэг ухаарчээ. Ерөөс хайнга хандаж, оромдож болохгүйг ойлгох тусам илүү хичээх болсноо анзаарч мэдсэн юм. Биднийг сонжооч нүдээр харах гадны хэн бүхэнд тайлбарлан таниулах өрнүүн баялаг уламжлал, ахуй буйд сэтгэл дүүрэх. Өндөр өвөг, элэнц эмгээс минь, түүнээс дээш бидэнд ирсэн энэ энгийн бүхнийг цааш үргэлжлүүлэх цаг хугацааны гэрч, өвлүүлэн түгээгчийнх нь ердөө нэг нь болж буйдаа баярлан хүлээж авах. Бид ингэж л ахуй соёлыг өөрсдөдөө тээж байдаг аж.
Маргааш найман ес эхлэх нь ээ.
Ц.ТАМИР
ОХУ, ДУБНА ХОТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хотод хүүхдүүд минь амьдарч байгаа сайн сайханыг
хүсьё
Сайхан нийтлэл бичжээ .Хаана.амьдарсан ч.монгол ЕС заншилаараа бахархаж монголоороо амьдарч яваа монголчууддаа баярын мэнд хүргэе.
Нээрээ л харсаар байгаад сурчихсан байдаг даа, хайлмаг хайлахдаа эмээгээ санаж битүүний орой болход бүгд л эвэндээ орж цэгцлээд сэтгэл тайван болох нь сонин шүү
Би Дубна хотод очиж суд##гаа хийж байсан. Дубнад амьдардаг монголчууддаа сар шинийн мэнд хүргэе.