Сурвалжилга, Нийтлэл

“Гараа өргө”: “Эр хүн учраас” гэх тулгалт эрчүүдийн, цаашлаад нийгмийн асуудал болсон уу?

Эр хүн учраас... гэсэн тулгалт магадгүй үүнийг уншиж буй эр хүн танд, эсвэл эмэгтэй танд тунчиг танил бууж магадгүй. ЕБС-иа төгсөх гэж байгаа хөвгүүн “Балетчин болно”, эсвэл “Мэйк-ап артист болохоор шийдлээ” гэвэл гайхан хүлээж авах нь мэдээжийн хэрэг. Зөвхөн ажил мэргэжлээ сонгох тухайд ч бус, аж амьдрал, нийгмийн үйл явдлуудын хэрчлээсэнд ч эр хүн эр хүн учраас аливааг тэвчих, дуугүй өнгөрөөх, дотроо нуух, үүрэх, даах шаардлагатай болдог нь илхэн.

“Гараа өргө” хэлэлцүүлгийн контентын эхний дугаар Монгол Цэргийн өдрөөр, бидний нэрлэн тэмдэглэж заншсанаар Эрчүүдийн баяраар хүрч байна. Энэ өдөр эрчүүдийн асуудлыг эрчүүдтэй ярилцлаа.

Контентын хүрээнд баталж нотолсон хэлбэртэй өгүүлбэр буюу томъёолол уншиж, түүнд зочид санал нэгдэж байвал гараа өргөх юм. Санал нэгдэхгүй бол гараа өргөхгүй ч байж болно. Ингээд тэд чөлөөт ярилцлага өрнүүлж, эр хүний үүднээс өөрсдийн байр сууриа хуваалцах болно.

Энэ удаагийн контентын зочдыг нэрлэвэл:

  • Ж.Гантулга, СЭМҮТ-ийн их эмч, сэтгэл засалч
  • Я.Батхүү, "Хаагман" олон улсын сэтгэл зүйн академын Монгол дахь салбарын зөвлөх, сэтгэл зүйч
  • А.Дүүрэнжаргал, “Зогсохгүй" продакшны продюсер
  • А.Идэрболд, "Иога" бясалгалын багш
  • Б.Чойжамц, ШУТИС-ийн оюутан.

Хоёр томъёоллын хүрээнд ярилцсаны дараа контентод цор ганц эмэгтэй зочин нэмэгдэж, үзэл бодлоо хуваалцсан болно.

Тэр бол Tsahiur.mn сайтын редактор, сэтгүүлч С.Шүрэнчимэг юм.

“Эр хүн л учраас” гэсэн тулгалтууд тэдний хэн алинд нь ирж, сэтгэлд нь мөрөө үлдээжээ. Өдгөө тэд эрчүүдийн төдийгүй нийгмийн асуудал болсон гэдэгт саналаа нэгтгэж байв. Мэдээж санал зөрөлдсөн, эр хүний хувьд эдгээрийг төдийлөн тулгамдсан асуудал болгож хардаггүй эрэгтэй ч энэ дунд бий. Мөн урилгаар оролцсон сэтгүүлч С.Шүрэнчимэг ч нэгэнт ялгаатай бүтээгдсэн эр хүмүүс тодорхой үүрэг хариуцлага хүлээх ёстой, “Уйлж болно” гээд энхрийлээд байх тусмаа нийгэмд эрэгтэйлэг зан чанар хомстож байгаа талаар ярьсан юм.

Контентын хүрээнд санал бодлоо солилцсон таван томъёолол:

  1. Би “Эр хүн учраас” гэх тулгалтад цөөнгүй удаа өртөж байсан.
  2. Би хэдий эр хүн ч өөрийнхөөрөө амьдармаар байна.
  3. Би “Эр хүн учраас” гэх тулгалтыг тэвчиж, хүлээн зөвшөөрөх тусмаа сэтгэл зүйн асуудалтай болж үлдсэн.
  4. Би эр хүн болж төрсний хувьд зарим үүрэг, хариуцлагыг хүлээхээс өөр аргагүй.
  5. Би хойч үеийн хөвгүүдэд “Эр хүн учраас” гэх тулгалтыг хийхгүй.

Сэтгэл зүйч, “Хаагман” олон улсын сэтгэл зүйн академын Монгол дахь салбарын зөвлөх Я.Батхүүгийн хувьд:

“Өөрийн амьдрал дахь “Эр хүн л учраас” гэх тулгалт хүлээн авч байсан үйл явдлуудаа бодоход шууд л харван орж ирж байна. Одоо би хэзээ ч хөвгүүдэд ингэж тулгахгүй. Хүүдээ ийн тулгаж байсан удаатай, харин миний буруу байсныг хожим мэргэжлийн хүн болсон хойноо ойлгосон. Ямар ч аав хүүгээ сул дорой, гундуу амьдраасай гэж хүсэхгүй нь мэдээж.

Гэхдээ юун түрүүнд хувь хүний ухамсар чухал. Эр хүн өөрийнхөөрөө амьдрах тусмаа “цэцэглэж”, зоригийн мэдрэмж нь хүчирхэгжиж, эр хүний унаган мөн чанараараа хөгждөг гэдэг. Нэгэнт дэлхий нийтэд эр хүний хийж чаддаг бяр хүч шаардсан ажлууд техник технологиор шийдэгдэх болсны хэрээр хүйс гэж байх уу, гэрлэлт гэж байх уу, үгүй юу гэдэг ойлголт руу явцгааж байна.

 Иймд монголчууд 20-р зууны сэтгэлгээнээсээ салж, энэ асуудлыг нухацтай бодож үзэх, мэдлэг мэдээллээ нэмэх шаардлагатай” хэмээж байлаа.

Харин сэтгэл засалч, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгын хувьд:

“Эргээд бодоход “Эр хүн учраас” гэсэн агуулгатай тулгалтуудад өртөж байсан. Гэхдээ тулгалт гэж бодоход төдийлөн учир дутагдалтай. Надад сэтгэл зүйн асуудал, зөрчил болох хэмжээнд ноцтойгоор тулгаж, хавчиж байсан удаа нь гайгүй. Нөгөө талаар эрчүүд энэ асуудаа өөрсдөө ухамсарлаж, ялгаж салгаж, мэдрэмжээ таньж, зөвөөр илэрхийлж сурах нь чухал. Нийгэмд надаас буюу хувь хүнээс үл шалтгаалах өөр хүчин зүйлүүд ч байгаа” гэв.

ШУТИС-ийн оюутан Б.Чойжамц:

“Хичээлээс гадуурх үйл ажиллагааны үеэр ийм тулгалтад орж байсан. “Чи эр юм байж яасан шалчигнасан юм” гэж. Үүнээс хойш аливаа асуудалд үг дуугарч болдоггүй юм байна, дуугүй өнгөрөөх ёстой юм байна гэсэн мэдрэмжийг авч байсан. Гэхдээ нэгэнт эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөрсдийн онцлогтой. Эмэгтэй хүнд ч эр хүний ойлгохгүй асуудлууд байдаг. Иймд хэдий эр хүмүүст ийм тулгалтууд сөргөөр нөлөөлдөг ч хэтийдэн туйлширч дэмий санагддаг. Эр хүний ноён нуруу заах, айл гэрээ авч явах нь эр хүний үүрэг мөн гэж боддог” гэлээ.

Түүнчлэн, "Иога" бясалгалын багш А.Идэрболдын хувьд:

“Би багадаа хөвгүүдтэй нийлж, тэвэг өшиглөж, гаражин дээр харайхаас илүү охидуудтай айл гэр болох, амьтан ургамалтай ойр хэлбэрээр тоглох дуртай байсан. Гэвч хөвгүүд намайг энэ үүднээс нь гадуурхаж, “Чи охидуудтайгаа явж нийл” гэх мэтээр тулгадаг байлаа. Эрчүүдийн энэ асуудлыг нийгэм хэзээ ярьж эхлэх бол гэж боддог байсан. Харин танай хамт олон энэ контентод урихад, нийгмийн сэдэв болж эхэлж байгаа юм байна даа хэмээн баярлаж байлаа. Социализмын үетэй харьцуулахад өөрсдийн хувь онцлог чанараа танин мэдэх, түүнийгээ зоригтой илэрхийлэх эрх чөлөө, боломж нэмэгдсэн нь үнэн. Заримдаа өвөрмөц байхын тулд бүр гаж хэв маяг руу хэвийх нь ч харагдах болсон. Хүн өөрийнхөө мэдрэмжийг уншиж, танин мэдэж сураад, түүнийгээ зөвөөр илэрхийлж сурах чухал. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн гэдэг нь илүү чухал” хэмээсэн юм.

Тэгвэл “Зогсохгүй” продакшны уран бүтээлч А.Дүүрэнжаргалын хувьд:

“Тооцоо хийхэд ч эрчүүд эр хүн учраас даах шаардлагатай болдог. “Эр хүн юм байж” гэдэг энэ үг маш тренд болсон. Бүгд мэдэж байгаа. Хэдийгээр ийм тулгалтуудтай учирч байсан ч одоо нэг их эмзэглэж, сэтгэл зүйн асуудал болгож боддоггүй. Хэлэх газраа хэлдэг, тэгж их дуугүй өнгөрөөдөггүй. Гэхдээ эр хүний хувьд гэр бүлийн өмнө, эхнэр, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нь чухал л гэж боддог” гэсэн.

Урилгаар оролцсон эмэгтэй зочин, сэтгүүлч, “Tsahiur.mn” сайтын редактор С.Шүрэнчимэгийн хувьд “Сүүлийн үед л энэ асуудлыг их ярих болж. Мэдээж “Уйлж болохгүй” гэдэг шиг хэтийдтэл тулгах нь хаашаа юм бэ. Гэхдээ эмэгтэй хүний хүч хүрэхгүй тэр бүгдэд эр хүн унаган мөн чанараараа хэрэгтэй л болдог. Байгалаасаа анчин байх ёстой, хамгаалагч байх ёстой гэдэг үнэн. Үүнийг сэтгэл зүйн асуудал, гэмтэл болгож ярих тусмаа эрчүүд хэт эмэгтэйлэг болох, нийгэмд эр хүний орон зай дутагдах асуудал руу хөтөлж байгаа юм биш үү” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

“Гараа өргө” контент өнөөдрийн 12.00 цагаас Фэйсбүүк дэх “Eguur News” хуудсаар танд хүрнэ.

Контентын баг:

  • Модератор: М.Тэнгис
  • Line Producer: Б.Отгонбаяр
  • Зураглаач: Б.Эрдэнэбаяр, О.Улсболд, Б.Амартүвшин, Б.Бат-Эрдэнэ
  • Эвлүүлэгч: Б.Бат-Эрдэнэ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-03-18 12:51

Erchuud niigem dexi bair suuri uzel bodoloo tailbarlax tal deer emegteichuudees muu yum shig sanagddag Ted ene talaar sain ilerxiilj baix xeregtei

Зочин
Зочин
2023-03-18 13:26

Энэнээс харахад эрэгтэй эмэгтэй хүний байр солигдох ойрхон болсонч юм шиг бгаа биздээ гэр цэвэрлэхэд эрчүүд нь үлдээд хашаа барих ад эмэгтэйчүүд нь гардаг болохнээ

Холбоотой мэдээ

Back to top button