Top StoriesЯрилцлага

"Айзам-2" хамтлагийн С.Гантөр: Нас явж зүс хөгширсөн ч ур сууж, улам залуужсан тоглолт хийнэ

“Айзам-2” хамтлаг ирэх сарын 07-нд Улаанбаатар паласт тоглолтоо хийх гэж байна. Үе үеийнхний зүрх сэтгэлд хоногшсон хит дууны эзэд  тоглолтоо “Зүрх сэтгэлийн минь дуунууд” хэмээн нэрлэжээ.

Бид энэ удаад "Пентатоник" академийн дөрвөн удаагийн шагналт, СТА "Нью стар" студийн продюсер, "Айзам-2" хамтлагийн үүсгэн байгуулагч Сосорбарамын Гантөртэй ярилцлаа.

-Дуу хөгжимд зүрх сэтгэлээ өгсөн учраас хамтлагийнхаа буурийг сахиж үлдээд "Айзам-2" хамтлагаа байгуулсан-

-“Айзам-2” хамтлагийн үүслээс яриагаа эхэлье?

-Миний бие 1989 онд аравдугаар ангиа төгсөөд Монголын Үйлдвэрчний Соёлын Ордны дэргэдэх “Айзам” хамтлагт орж, анх цалин гэж авч үзсэн шинэхэн уран бүтээлч байлаа. Тэр үед Д.Ганболд ах “Чи гитарчнаар ажиллана. Би цаашид хамтлагийнхаа дуунуудыг зохиож, уран сайхны удирдаачаа хийгээд явна” гээд намайг авч байсан. Гэвч тун удалгүй нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт өрнөж, урлагийн байгууллагууд тарж бутран, уран бүтээлчид зах зээлийн нийгэмд хөл тавьсан. Хамтлагийн ах нар маань ч нийгмийн энэ жишгээр зарим гадаад руу, зарим нь наймаанд явж би ганцаараа үлдсэн. 19-хөн настай, хөгжимд бүх хүсэл мөрөөдлөө зориулчихсан учраас би үүнээсээ салж чадахгүй “Айзам” хамтлагийнхаа буурийг сахиж, хөгжим хэрэгсэл дээр нь өөртэйгээ ижил мөрөөдөлтэй залуусыг цуглуулан “Айзам-2” хамтлагаа байгуулсан түүхтэй. Ингээд бид өөрсдөө уран бүтээл хийхийн зэрэгцээ Д.Ганболд ахынхаа “Дурсамж”, “Чи минь”, “Итгэл” дуунуудыг дуулж эхэлсэн.

-Хамтлагийн гишүүдэд санал тавих, гишүүд бүрдүүлэх ажлыг та хийж байв уу?

-Тэр үед хөгжим тоглодог залуус цөөн ч яагаад ч юм нэгнийгээ сонсчихсон, эчнээ таньдаг болчихдог байлаа. Гар утас гэж байсангүй. Сургаар гэр орныг нь олоод л очно. Мань хүнийг гараад ирэхэд нэг танихгүй нөхөр “Чи хөгжим тоглодог уу, хамтраад хамтлаг байгуулья” гээд зогсож байх жишээний. Манай гитарчин О.Хүрэлбаатар тэр үед Орост сурдаг. Бид хоёр арван жилийн нэг сургуулийнх, багаасаа сургуулийнхаа хөгжмийн хамтлагт тоглодог байсан болохоор бие биенээ сайн мэднэ. Тэгээд Хүрлээ рүүгээ “Чамайг ирэхээр “Айзам” хамтлагийн хөгжим дээр бэлтгэл хийнэ, чи басс гитар тоглоно, бүгдээрээ хамтлаг болно” гэсэн утгатай захидлууд явуулна. Манай дуучин Э.Мөнхбаяр Монголын Үйлдвэрчний Соёлын Ордонд ажилладаг, тэр үеийн бүх л тэмцээн уралдаанд ордог залуу байлаа. Бөмбөрчин н.Мөнхтөр агсан бид хоёр найзууд байсан. Манай даралтат хөгжимчин Аранзаа Д.Бат-Эрдэнэ, дуучин Д.Жаргалсайхан, н.Чанх-Оргил гурав маань багаасаа хөгжмийн дугуйланд хамт явсан танилууд байсан.

-Уран бүтээлийн тухайд бол “Айзам” хамтлагийн ах нарынхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн дуулахаас илүүтэй өөрсдөө дуу зохиохыг илүүд үзжээ?

-Бүгдээрээ дуу хөгжимд зүрх сэтгэлээ өгчихсөн залуус учраас өөрсдөө дуу хийж гаргахыг их хүссэн. Хамгийн анхны бүтээл бол “Туяарах чиний минь Тунгалаг хөөрхөн харц” гээд үгтэй Э.Мөнхбаяр үгийг, би аяыг бичсэн “Туяарах” дуугаа гаргасан. Бичлэгийг нь өрөөндөө, дүрс, хоолойгоо телевиз дээр очиж, бичүүлсэн. Тэгээд ар араас нь Аранзаа, Хүрлээ бид гурвын дуунууд зохиогдоод “Айзам-2” хамтлаг урын сангаа баяжуулж эхэлсэн.

-Тухайн цаг үе бол нийгмийн салбар шилжилтэд хөлөө олох гэж үймсэн жилүүд байсан. Энэ бүхэн дунд хэрхэн оршин тогтнож байв?

-Хэдий нийгмийн бүхий л салбар шилжилтэд орж, тогтворгүй байдал бий болсон ч урлаг үнэ цэнэтэй байсан. Тоглолт хийхэд дүүрэн үзэгчтэй. Хамгийн анхны тоглолт яг эхлэх гэтэл пульт шатчихсан. Тэгээд 3,4 дүгээр хорооллоос Зүрхээ гээд ахыгаа дуудаж, засуулаад тоглолтоо эхэлсэн. Тэр хооронд үзэгчид маань хүлээгээд л сууж байлаа. Урлаг тийм хэрэгтэй байсан юм шүү. Хамтлагаараа улсын хэмжээнд зохиогдсон уралдаан тэмцээн орж, эхний гурван байранд л орно. Бид 1993 он хүртэл Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордондоо байж байгаад МАХН-ын байранд очсон. 1991-1994 онд жил бүр тоглолт хийсэн. 1995 оноос тус тусдаа дуучдын фонаграмм бичих ажил руу түлхүү орцгоосон ч хамтлагийн уран бүтээлээ орхиогүй. 1996 оноос монголын анхны хамгийн том клуб болох “Top ten”-ий албан ёсны хамтлагаар тоглож эхэлсэн. Эднийх ивээн тэтгэж 1997 онд бас нэг тоглолт хийсэн. Ингээд л ер нь завсарласан байдаг.

-Цомог гаргасан уу?

-Цомог бүү хэл кассет ч гаргаагүй. Бид нар дуунуудаа гаргана, кассетний наймаачид аль хэдийн хуурцаг болгоод зараад эхэлчихнэ. Тэр нь зах зээлээ хангачихдаг байсан болов уу. Зохиогчийн эрх энэ тэр гэж байхгүй, ёстой л зүрх сэтгэл хүсэл мөрөөдлөөрөө уран бүтээлээ хийдэг байж. Манай хамтлагийн 60 гаруй дуу бий. За яахав дунд нь хэрэгтэй, хэрэггүй ганц нэг юм ч бий л байх. Ер нь ямар ч дуу гаргасан наймаачид хувилаад л зарчихдаг цаг үе байлаа.

-Л.Байздагийн "Чиний зураг", "Салхи" хамтлагийн "Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө" зэрэг дуунуудыг "Айзам-2" тухайн үедээ дуулдаг байсан-

-Хэдий “Айзам-2” хамтлаг завсарласан ч та бүхэн энэ салбартаа, бусад уран бүтээлчдийнхээ ард байсаар л ирсэн. Жишээ нь, таны хувьд?

-Тийм шүү. Би хөгжмийн найруулга, дуууны хөгжим хийх маш дуртай. “Айзам-2” хамтлагийнхаа дуунуудыг зохиож, найруулгаа хийдэг байсан. Тухайн цаг үеэс хийх дуртай энэ ажлаа бусад уран бүтээлчдэдээ зориулж эхэлсэн. 2000 онд "Казино" Л.Байгаль ахтай “Мичид рекордс” студийг Гутлын үйлдвэрийн хашаанд байгуулж байлаа. Дараа нь найз н.Энхбаяртайгаа нийлж “Стар” студи байгуулсан. Яг одоо байгаа энэ байрандаа 2007 онд нүүж ирээд шинэ байранд, шинэ тоног төхөөрөмжтэй болсон учраас нэрээ “Нью стар” болгож өөрчилсөн. Ингээд л үе үеийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж өдий хүрлээ дээ.

-Бусад гишүүд нь хаачсан бэ?

-Э.Мөнхбаяр маань Европ руу явсан, Аранзаа маань студи байгуулсан, Хүрлээ маань дуугаа хийгээд залуу уран бүтээлчидтэй тэр дундаа “Салхи” хамтлагт маш олон дуу хийж өгсөн. Жагаа маань “Элькондар”, “Трио” зэрэг хамтлагуудтай уран бүтээл хийсэн. Хоёр найз маань бурханы оронд одсон доо.

-“Айзам-2” хамтлаг дахин нийлж, тоглолтоо хийх санал санаачилгыг хэн эхлүүлэв?

-Бид нар тайзан дээр нийлж дуулаагүй ч байнга холбоотой байсан. 2019 онд тоглолтоо хийе, цомог пянзаа бичүүлье бэлтгэл ажил эхэлж явтал ковид гарчихсан. Ингээд саяхнаас эргэж нийлээд тоглолтоо хийе гээд тохирсон нь энэ.

-“Зүрх сэтгэлийн дуунууд” тоглолтынхоо агуулгаас танилцуулж болох уу?

-“Мандар” группын захирал Б.Батмагнай, АНУ-д ажиллаж амьдарч буй найз маань ивээн тэтгэж, дэмжин ажиллаж байна. Зохион байгуулагчаар "Нью стар" студи, видео, дүрсний ажлыг “Desoft media” студийн М.Эрхэмбаяр, найруулагчаар нь “рок” Р.Мөнхсайхан ах ажиллана. Тоглолтын хөтөлбөр Хүрлээ, Аранзаа бид гурвын дуунуудаас бүрдэнэ. “Айзам” хамтлагийнхаа ах нарын хит дуунуудаас дуулна. Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон Зүйрлэшгүй чамдаа би хайртай гэх мөрүүдээрээ ард түмний сэтгэлд хоногшсон “Мөрөөдөл”, миний зохиосон “Бодлын үг”, “Хос алтан зул”, “Туяарах”, Байздагийн дуулдаг байсан “Чиний зураг”, Аранзаагийн “Чамдаа зориулья”, “Амрагийн бүүвэй”, “Улаанбаатар”, манай Хүрлээгийн Ууж идэж согтож чадахгүй бол Ухаанаа алдтал архийг бүү уугаарай гээд домог болсон “Өнчин улиас”, “Бороо, бороо” гэх мэтээр үргэлжилнэ. Зөвхөн жишээ дурьдлаа. Хүрлээгийн “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дууг манай хамтлаг ерээд онд дуулдаг байсан. Дараа нь “Салхи” хамтлагт өгч маш их хит болсон. Хүрлээ их гоё гоё дуунуудтай шүү дээ. Рок Р.Мөнхсайхан ахад бэлтгэл тоглолтоо үзүүлэхэд “Пөөх ямар гоё, гоё дуунууд байдаг юм бэ” гэсэн. Хүн болгон энийг чинь Төрөө, Хүрлээ, Аранзаа зохиогоод “Айзам-2” хамтлаг дуулсан гэж мэдэхгүй ч яг сонсохоор дурсамж нь сэргээд ирж байгаа байхгүй юу.

-Нээрээ тийм юм байна шүү. Домог болсон бүтээлүүд та бүхнийх аж. Л.Байзда агсны дуулсан “Чиний зураг”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дууг “Айзам-2” хамтлаг дуулж байсан, одоо дуулна гэхээр үнэхээр сонирхолтой санагдлаа?

 -“Чиний зураг” дууг би зохиогоод Э.Мөнхбаяр дуулдаг байсан. Манай дуучин Д.Жаргалсайхан Л.Байздад заагаад өгчихсөн юм билээ /инээв/. Одоо энэ тоглолтод Э.Мөнхбаяр дуулна. “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дууг тухайн үед манай хамтлаг дуулдаг байсан. Одоо “Салхи” хамтлаг дуулна. Мөн энэ тоглолтод миний BX-т зохиож өгч байсан “My love” дууг Жагаа маань дуулна. Ер нь урьд нь хийсэн, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дуунуудаа найруулгыг нь гоё болгож, шинэчилж сонсгоё гэсэн чин хүсэл байна.

-Ямар, ямар хамтлаг дуучид оролцох бол...?

-Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Э.Мөнхбаяртай Д.Ганболд ахын “Хайрын дууг минь сонсооч” дууг дуэт дуулна. Поп дива Ж.Алтанцэцэг СУИС-ийн нэгдүгээр курст байхдаа бид нар дээр ирж анхныхаа эстрад дууг манай хамтлагтай дуулж байсан. Тэр утгаараа Жагаа санал тавиад дуэт дуулна. С.Сэрчмаа Д.Ганболд ахын “Чамдаа зориулья”, миний эхнэр Л.Энхмандах Д.Бэхбатын “Бороо” дууг дуулна. “Титэм” хамтлагийн Л.Тайванбат, н.Отгонбаатар хоёр ерээд оны хит дуунаагаараа, Рок Р.Мөнхсайхан ах, “Байна уу, Байна уу” гээд дуулдаг н.Оюунболд ах, "Люмино" хамтлагийн дүү нар ирж дуулна. “Салхи” хамтлаг маань тоглолтын турш хоолой хийж тайзан дээр хамт тоглоно.  

-Нас нэмсэн ч бяр, ур сууснаа харуулах даацтай тоглолт болох нь ээ?  

-Гуч гаруй жил бидний хэн нь ч энэ тогооноосоо хөндийрсөнгүй. Өнөөдөр бид ерээд онд хөөрөөд, мөрөөдөөд тоглож байсан хүүхдүүд биш болсон. Өнгөрсөн бүх хугацаанд энэ салбартаа ажиллаж хөгжмийг хэрхэн тоглох, дууг яаж дуулах гээд бүх зүйл дээр тасралтгүй суралцаж хөгжиж ирлээ. Залуу байхад магадгүй дутуу тоглож байсан ч юм билүү. Тэгэхээр нас нэмж зүс царай нь хөгширсөн ч уран бүтээлийнхээ хувьд улам залуу, хүчтэй, чанартай тоглолт хийнэ. Гучаад жилийн түүхэнд хөгжмийн урлаг хэрхэн хөгжсөн, он цаг өнгөрөх тусам уран бүтээлчдэд ур сууж, уран бүтээл нь улам шинэлэг болдгийг харуулна.

-Хүмүүс тоглолтоо хийнэ гэхээр яаж хүлээн авч байна вэ?

-Ямар гоё юм бэ, тэгмээрсэндээ гэх нь олон байна. Залуу насаа дурсана, заавал очиж үзнэ гэх хүмүүс ч их байна. “Рок” Р.Мөнхсайхан ах маань тоглолтын шторк видео дээр нийгмийн шилжилтийн хэцүү цаг үеийг даван туулахад хүмүүст эрч хүч, дурсамж, сайн сайхан бүхнийг бэлэглэж байсан хамтлаг гэж оруулсан байсан. Бид зөвхөн тухайн үеийн үзэгчдийн дурсамж хөглөөд зогсохгүй үе үеийнхний хайр, нөхөрлөл, амьдралын онцгой сайхан мэдрэмжүүдийг хөглөх зорилгоор аль ч насны сонсогч үзэхэд доргио гоё байх тоглолтыг бэлдэж байна.  

-“Зүрх сэтгэлийн дуунууд” гэж нэрлэсний учир...?

-Зүрх сэтгэлд хоногшсон дуунуудыг тоглох юм шүү гэсэн санаа. Нөгөө талаас “Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон Зүйрлэшгүй чамдаа би хайртай” манай хамтлагийн дууны дахилтаас санаа авсан. Бас л Р.Мөнхсайхан ах уран тансгаар шийдэж, сонгосон.

-Залуус ковер дуугаар амьдарч, уран бүтээлчдийг дээрэмдэж байгаа нь таагүй санагддаг-

-Өнгөрсөн хугацаанд “Айзам” хамтлагтайгаа холбоотой байсан уу?

-Байнга л холбоотой байсан. Д.Ганболд ахынхаа тоглолтод бүгд оролцсон. Ч.Тамир Франц улсын иргэн болсон, тэндээ хааяа  тоглолт хийхэд  нь хөгжмийн бичлэгийг нь хийгээд өгнө. Ц.Батсайхан, Ч.Тамираагийн цомгийг бичиж өгсөн. Д.Ганболд ахын маань дууг зарим залуу дуучид дуулья гээд ирдэг. Тэгээд ахын эхнэр, хүүхдээс нь зөвшөөрөл аваад хүрээд ир, би бичээд өгье л гэдэг.

-Таны мөрөөдөл юу вэ?  

-Мөрөөдлөөрөө л амьдарч явна. “Айзам-2” хамтлагаа анх байгуулаад том зааланд, олон хүний өмнө тоглохсон гээд мөрөөддөг байлаа. Биелсэн. Студитэй болно гээд л мөрөөдсөн. “Жигүүр гранд групп”-ын ерөнхийлөгч Д.Баттөр ахтай 17 жилийн өмнө гэрээ хийж энэ байрандаа орсон. 10 жилийн хугацаанд төлсөөр байгаад урлагийнхаа буянаар өөрийн болгоод авлаа. Энэ тоглолт ч бас мөрөөдлийн минь нэг хэсэг.

-Та энэ салбарт 18 наснаасаа эхлэн “амьдарчээ”.  Хамгийн түрүүн засч залруулах зүйл гэвэл юуг хэлэх вэ?

-Цус сэлбээд л, цус сэлбээд л яваа. Үе улирах, шинэчлэгдэх бүрт л  хамт байлаа. Сүүлийн үед америкийн хөгжмийн уур амьсгал давамгайлж байна. Залуу сайн дуучид гарч ирж байна. За мөн ТВ шоунаас төрсөн дуучид их боллоо. Мэргэжлийн хүн, богинохон хугацааны шоуны бэлтгэлээр гарч ирсэн дуучид хоорондоо асар их ялгаатай. Тайзан дээр хэдэн дууны ард гарч, тасралтгүй хоолойгоор дуулж байгаагаас л эхлээд ялгаа мэдрэгдэнэ. Мэргэжлийн хүн амьсгалаа зөв хуваарилаад, зөв техникээр улам л гоё дуулаад байдаг. Шоуны дуучид үгээ буруу хэлнэ, өнгөө алдана. Бичлэг нь гоё юмшиг боловч өөрийг нь сонсохоор худлаа л байдаг. Бас залуучууд ковер дуучин нэрээр мөнгө олж, уран бүтээлчдийг дээрэмдэж байна. Ковер дуу гэдэг зөвхөн өөрийгөө танилцуулаад л болоо. Утга нь тийм. Гэтэл тэр чигээрээ ковероороо амьдраад явчих жишээний.

-Зохиогчийн эрх гээд шийдэгдэггүй, цэгцэрдэггүй асуудал байна...?

-Өнөөдрийг хүртэл маш ойлгомжтой харилцаа үүсэх, нөхцөл байдал бий болоогүй л байна. Одоохондоо бид нар нэгнийхээ тоглолт  дээр дуулж өгөх, тухайн үед хэдэн төгрөгөөр тохирох гэх мэтээр найзан дундаа явж байна. Ядаж аранжировкныхаа мөнгийг өгчих гэхээр нөгөө дуучин маань нь худалдаад авчихлаа гэж ойлгочихно. Ер нь ханш гаргаад тохироод л явдаг. Оюуны өмчийг үнэлнэ гэдэг бас хэцүү.  Цаашдаа маш сайн цэгцрэх байх, тэгэхгүй бол бөөн зөрчил үүснэ. Зөрчилдөхгүйн  тулд зохицуулалт хийхээс өөр аргагүй болно.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button