Top StoriesЯрилцлага

“Голч” ярилцлага| Сангийн сайд Б.Жавхлан

Eguur News агентлаг улс төрийн сэдэвт "Голч" ярилцлагын буланг эхлүүлж байна.

Эл булангийн онцлог нь, улс төр, эдийн засгийн сэдвээр гол зочинтой голч агуулгаар ярилцах юм. Мөн үр дагавар хүртэгсэд буюу иргэд, ААН-үүдийн төлөөллөөс ярилцлагын үеэр зочилж, гол зочинд тулгарч буй асуудлаа ярьж өгөн, гарц шийдэл хайдаг.

Энэ удаагийн дугаарт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан уригдан оролцлоо.

Үр дагавар хүртэгч: "Мөнх-Өргөө" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батхишигт.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: САНГИЙН САЙДТАЙ ЯРИЛЦАНА

Нүүрсний экспорт өсөж, төлбөр тооцоо хилийн дотор хийгдэж эхэлсэн

-Танд өдрийн мэнд. Нэлээд завгүй яваад байна уу?

-Та бүхэнд өдрийн мэнд. Үргэлж л завгүй явдаг шүү дээ.

-Сангийн сайдтай уулзсаных, нүүрсний тоог л эхэлж лавламаар байдаг. Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтийн гол үзүүлэлт болох энэ түүхий эд хилээр хэвийн гарч байна уу?

-Коронавируст цар тахлын хүнд үе бидний хувьд өчигдөр шиг л санагдаж байна. Ямар ч байсан ард үлдсэн. 2022 оны эхний хагаст ихээхэн хүнд байлаа. Урд хөршийн тавьсан шаардлага, хатуу дэглэм үйлчилж, тэр хүрээнд боломжоороо ажиллацгаасан. Үүний үр дүнд өнгөрсөн оны хагас жилээс хойш манай экспортууд сайн нэмэгдсэн.

2023 он гарснаар ч мөн нэмэгдэж байна. Урд хөршид ч хэрэгцээ нь өссөөр буй. Гэхдээ бид тайвширч болохгүй, өрсөлдөгчид олон бий. ОХУ, Австрали, Индонезийг дурдаж болно. Арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахад “Та нарын гаргаж чадах хэмжээнд бид авъя” хэмээж байсан. Бид тултал нь экспортолж, хүргэж өгөх шаардлагатай болж буй.

Цар тахлын үеийн жилүүдэд, нэгдүгээр сард дээд талдаа 2.2 сая тонн нүүрс гаргасан байна. Харин өнгөрөгч нэгдүгээр сард 3.4 сая тонныг гаргасан. БНХАУ-ын хувьд Цагаан сар тэмдэглэж, долоо хоног хилээ хааж таардаг учир энэ сайн тоо. Харин хоёрдугаар сард 7.5 сая тонн нүүрс гаргажээ. Гуравдугаар сарын тоог хараахан авч амжаагүй байна.

-Тээврийн тухайд тодорхой гарц олж, тонн тутамдаа зөрүү ашиг хүртэх юм, энэ нь төсөвт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт бий. Яг бодит байдалд та үүнийг хэрхэн харж байна. Зарим зөрчлүүд бий юу?

-Бид биржээр нүүрс арилжаалж эхэлсэн нь хамгийн том өөрчлөлт. Нэг килограмм нүүрс тутам биржээр зарагдах ёстой. Тэр хэрээр валютын урсгал нэмэгдэнэ.

Дараагийн том өөрчлөлт бол тээвэр. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд тээвэр хийж ирсэн. Тээврийг гадаадын компаниуд хийж, нүүрсээ хилийн гадна худалдахаар бүх төлбөр тооцоо гадна явагддаг байсан. Харин одоо дээрх хоёр өөрчлөлтийг хийснээр бүх тооцоо хилийн дотор. Тээврийн орлого ч, борлуулалтын орлого ч.

Гэвч ийш шууд 100 хувь шилжих боломжгүй, аажим, аажмаар. УУХҮ-ийн сайд маш ойлгомжтой тайлбарласан. Өмнө нь олон улсын гэрээний дагуу худалдаалагдсан нүүрс байна, тэднийг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ гаргаж дуусгах ёстой. Харин шинээр ухаж гаргаж буй нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэн.

Манай талд үл итгэх нь ч байна. Биржээр зарж буй хэмжээгээр тээврээ хариуцаж, хил дээр хүргэж өгч чадах уу, үгүй юу гэсэн эргэлзээ. Давхар тээврийн үүргээ ч хүлээж байгаа учраас, үүнийг чадна гэдгээ бид богино хугацаанд батлан харуулах ёстой.

Зээлжих зэрэглэлээ тогтвортой үлдээж, бага хүүтэй бонд амжилттай гаргалаа

-Та эргэлзээ байна гэлээ. Ер нь гадаад орчинд Монгол Улсыг хэрхэн харж байна. Хөрөнгө оруулагчдын тодорхой эргэлзээнүүдийг бид арилгаж чадаж байна уу?

-Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн дааж буйг урам зоригтой хэлмээр байна. Өнгөрсөн хоёр жилд маш хүнд хугацааг туулаа. Тэр бүрийг зарлаад байж болдоггүй. Зарлах хэрээр байдлыг хүндрүүлж байдаг. Харин бид боломжит гарцыг олж, хөрөнгө оруулагч нарын итгэлийг олох, хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлд ажиллах ёстой.

Үүний үр дүнд, 650 сая ам.долларын өрийн зохицуулалт хийх зорилготой “Century-2” бондыг маш амжилттай гаргалаа. 4 тэрбум ам.долларын хүсэлт ирсэн. Энэ бол Засгийн газарт итгэж буй нэг том үзүүлэлт. Дараагийнх нь, энэ бондын хүү юм. 8.65 хувийн хүүтэй, энэ нь өмнөх бондуудаас бараг хамгийн бага нь. Яагаад гэвэл, АНУ-ын төв банкны хүүтэй харьцуулж тооцдог учир. Өмнө нь 5-8 хувийн хүүтэй бондууд гарч байх үес АНУ-ын төв банкны хүү 1 хувь байсан. Харин сая 4.5 байж таарлаа.

Энэ бол зээлжих B зэрэглэлтэй ижил улсуудын хувьд өрийн зохицуулалтаа амжилттай хийж байгаа дүр зураг юм. Бид өнгөрөгч онд зээлжих зэрэглэлээ тогтвортой хадгалж чадсан. Иймд ирэх гурван жилийн хугацаанд бондтой холбоотой ямар нэг дефольт болох эрсдэлийг хаасан.

-Ирэх онуудад төлөгдөх бондуудыг дахин санхүүжүүлэх хэлцэл хийж, сунгаад явна гэж ойлгох уу?

-Өнгөрсөн оны тавдугаар сард 2025 он хүртэлх Засгийн газрын өрийн дунд хугацааны стратегийг батлуулсан. Үүгээр нэмж арилжааны зориулалттай бонд гаргахгүй, харин хүүг нь бууруулж, төвлөрлийг задлах, жил бүрийн төсвөөс боломжит хэмжээгээр үндсэн өрийг төлж явах санал оруулсан. Өмнө нь төсвөөс дээд талдаа 150 сая хүртэлх ам.долларыг бондын төлбөрт өгч ирсэн. Цаашид боломжоороо, 200 сая ам.доллар ба түүнээс дээш хэмжээний дүнгээр үндсэн өрийн төлбөрөө хийгээд явах төлөвлөгөөтэй байна.

-Саяхан ийм нийтлэл бичиж байлаа. Өнөөдөр олон улсын хэд хэдэн индексүүдэд манай улс байр ухарлаа. Цар тахлын үеийн инерц нөлөөлсөн нь энэ байх. Харин одоогийн хийж буй ажлын үр дүн хэзээ индекст эергээр нөлөөлөх юм бол?

-Тэдгээр индексийг тоочиж мэдэхгүй байна. Авлигын индексээр сайжирсан гэж мэдээ авсан.

-Зургаан байр ухарсан шүү дээ?

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн жилийн ажлын үр дүнд авлигын индекс сайжирсан гэж мэдээлсэн.

Харин бидний түрүүнд ярилцсан зээлжих зэрэглэл гэдэг бас нэгэн том индекс. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн түрүүнд хардаг үзүүлэлт. Энэ хүнд үед урсгалыг сөрж, зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдсэн нь том амжилт. Төсвийн бодлогын хүрээнд бидний хариуцаж ажилладаг индексүүд гэвэл сайн байгаа.

Шинэ хөрөнгө оруулалт тавиагүй нь бодлогын шийдэл байсан

-Ерөнхий сайд БНСУ-д айлчиллаа. Үүний өмнө гадаадын банкны асуудал УИХ-аар хэлэлцэгдсэн. Сангийн сайдтай уулзсаных асуухад, энэ асуудалд гадаадын тал хэрхэн хандаж байна вэ. Томоохон банкны эзэд Ерөнхий сайдын айлчлалын багт багтлаа шүү дээ?

-Аливаа зах зээлд өрсөлдөгч байх ёстой. Санхүүгийн зах зээлийн хувьд дэлхий нийтээр хүчтэй интеграцлагдаж буй. Үүний дунд бид өөрсдийн байр суурийг эзэлж, оролцох ёстой. Тэгж байж хөрөнгө оруулалтаа гадаад орчноос татах дахин шинэ том гарц нээгдэнэ.

2009, 2010, 2011 оны үед гадаадын банк, санхүүгийн байгууллагууд манайхыг сонирхож байсан. Түүнээс хойш бид нэлээд хашраалаа, санхүүгийн зах зээлийн салбар савлагаатай байлаа. Үргээд явсан. Төв банкны Ерөнхийлөгчөөс сонирхож асуухад, манайд салбараа нээх хүсэлтэй гадаадын банк байхгүй гэж хариулж байна билээ.

-Хүлээлт байгаа гэсэн үг үү?

-Хүлээлт байна, харин эрэлт байгаа эсэх нь дараагийн асуудал шүү дээ. Бизнес байвал орж ирнэ.

-Та бизнес байгаа гэж харж байна уу?

-Манай банкнууд ашигт ажиллагаа өндөртэй, түүнийг нь харахад байгаа юм шиг. Харин эрх зүйн хувьд тогтворгүй харагддаг. Зээлжих зэрэглэл маань тийм ч өндөр биш. Ийм үед, санхүүгийн зах зээлийн салбарт гадаадын талууд орж ирнэ гэдэг юу л бол. Хамгийн анхаарал татах салбар уул уурхай байсаар ирсэн, цаашид ч ийм шинжтэй. Сонирхол татах бизнес орчин гэдгээрээ.

-Банкны салбарт 1-2 жилээ давсан эерэг хүлээлт ирнэ гэдэг үүднээс хуулийг нь баталсан гэсэн үг биз дээ?

-Ер нь тийм, саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг.

Энэ асуудлыг уг нь одоо байгаа суурь хуулиар зохицуулах боломжтой байсан. Өмнө нь Төв банк бие даан журам гаргаж, зохицуулах боломжтой байсан гэсэн үг. Гэхдээ бие даасан хуультай байх нь гадаадын хөрөнгө оруулагчдад илүү баталгаатай буух байх.

-Та сангийн сайд болоод хэдэн төсөв батлуулчхав, тодотголтойгоо?

-Сонин асуулт байна, тоолж байсангүй. Энэ УИХ эхэлснээс хойш Төсвийн байнгын хорооны дарга байхдаа нэг тодотгол батлуулсан. Мөн нэг үндсэн төсөв (2021 оны) батлахад оролцсон. 2022, 2023 оны бүтэн төсвийг баталсан байна.

-2023 он эхэлснээр төсвийн төлөвлөгөө, биелэлт хэр байхаар байна?

-2019 оноос хойш тооцвол дөрөв дэх жилдээ алдагдалтай төсөв баталлаа л даа. Цар тахлын эхний жилийн төсөв 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай байлаа шүү дээ. Манай Засгийн газар тийм төсөв хүлээж авсан. Шат дараатай буулгасан. 2022 оны хувьд 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байх байсныг 920 тэрбум болгон бууруулж чадсан. Хэрэв бид алдагдлаа бууруулж чадаагүй бол төсвийн эх үүсвэртэй мөнгөний нийлүүлэлт үлэмж их болж, мөнгөний бодлого улам чангарах шаардлага гарах байсан.

-Хөрөнгө оруулалтыг нэлээд хумьсан. Тендерээр “амьдарч” байсан дотоодын ААН-үүдэд энэ хүнд цохилт болно биз дээ?

-Мэдээж. Гэхдээ бид төсвийн хөрөнгө оруулалтын хэсэгт маш том бүтцийн өөрчлөлт, тохиргоо хийх цаг хугацаа нь эдгээр жилүүдэд тохиож байна.

Бид үнийн өсөлтөд өртөөд ашиглалтад орж чаддаггүй, нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд "тойрогдсон" хөрөнгө оруулалтынхаа өсөлтийг дийлэхгүй, цасан нуранги шиг нөхцөлд орчхоод байна, сүүлийн 10-аад жилд. Энэ жил бид шинэ хөрөнгө оруулалт тавихгүй, өмнөхүүдээ боломжоор нь дуусгах томоохон бодлогын шийдэл гаргасан. УИХ ч үүнийг бодлогын хувьд сайн дэмжсэн.

Зорилгоо том зургаар харж, тойргийн улс төрийг хойш тавьсан гэсэн үг. 10-аад жилийн өмнө жилдээ 100-150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд 1 их наяд руу дөхөж ирж байгаа юм. Өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтаа дийлэхгүй байх хэрээр төсвийн бусад бүрдлүүдэд том эрсдэл бий болно. Цалин, хөдөлмөр-халамж гээд. Төсвөөс төрийн үйлчилгээгээ санхүүжүүлж чадахгүй байх эрсдэлд орно. Үүнээс урьдчилан зайлсхийж буй бодлогын шийдэл гэж ойлгох хэрэгтэй.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: ҮР ДАГАВАР ХҮРТЭГЧ ЯРИНА

Үр дагавар хүртэгчийн мэдээлэл:

  • "Мөнх-Өргөө" ХХК, Гүйцэтгэх захирал Б.Батхишигт
  • Асуудал: 2020 оны төсвөөр 2022 онд гэрээ байгуулан ажил гүйцэтгэх болсон. Гэвч энэ хооронд үнийн өсөлт явагдаж, төслийн өртөгт зөрүү үүссэн. Магадланд орж чадаагүй учир ажлаа дуусгах боломжгүй болсон. Ижил асуудалтай ААН-үүдийг магадланд оруулж, зөрүүг олгох УИХ-ын 88-р тогтоол батлагдсан ч үүнд хамрагдаж чадаагүй.
  • Авсан тендер: Захиалагч БОАЖЯ, өртөг 530 сая төгрөг. Зоорийн давхар барих бүтээн байгуулахлтын ажил.

-Төсвийн хөрөнгө оруулалт ярьсных, манай редакцад нэгэн зочин ирсэн. Цар тахлын жилүүдэд тендер авсан компаниудад үнийн зөрүү үүссэн тул шийдэл хайх хүрээнд УИХ-аас 88-р тогтоол баталсан. Тогтоолоор энэ үнийн зөрүүний асуудлыг цэгцэлж өгөх шийдвэр гаргасан. Энэ тогтоолын хэрэгжилтэд багтаагүй ААН-үүдэд томоохон хүндрэл учирдаг л даа. Ийм асуудалтай нэгэн бизнес эрхлэгчийг тантай уулзуулъя гэж бодсон юм. Б.Батхишигт захирал аа, “Ажлаа дуусгах боломжгүй боллоо” хэмээн тайлбарлаж буй гол үндэслэл нь юу вэ?

Г.Батхишигт: Манай компани 2020 оны төсвөөр ажил гүйцэтгэх байсан. УИХ-ын 88-р тогтоол гарч, үнийн өсөлтийг магадлангаар тооцож, зөрүүг нь ААН-д олгохоор болсон.

Харин магадланд хамрагдах нэрсийг БХБ-ын сайдын журмаар 2021 онд гэрээ байгуулсан байх ёстой гээд он заачихсан. Төсөв нь 2020 оных болов ч 2022 онд гэрээ байгуулсан. Төсөв нь хуучны боловч 2021 оноос хойш гэрээ байгуулсан учир, журамд заасан хугацааны улмаас бид хамрагдах боломжгүй болсон. Бодоод үзэхээр 300-аад сая төгрөгийн зөрүү үүссэн, захиалагч яам ажлаа хурдан хий гэдэг. Бидэнд хуулийн гарц гаргалгаа олддоггүй. Ижил асуудалтай 140 гаруй компани бий юм билээ.

Б.Жавхлан: Барилгатай холбоотой төслүүдийг магадлангаар оруулах нь БХБЯ-ны дэргэдэх Барилга хөгжлийн төвийн ажил. Харин тэнд тооцоологдож, буцаан олгохоор болсон зөрүү дүнг яаж төсөвт багтааж шингээх вэ гэдгээ Сангийн яам хийдэг.

Танай төсөл манай яаман дээр ирсэн жагсаалтад багтаагүй байх. Багтаагүй бол ямар зөрчилтай байсныг БХБЯ илүү зөв тайлбарлана. Харин ирсэн төслүүдийн зөрүү санхүүжилтийг төсвүүдэд бүрэн багтаасан байгаа.

Тэгэхээр танай компани тэр жагсаалтад ороогүй юм байна.

-Жагсаалтад ороогүй 140 ААН байна гэлээ. Гэтэл 2023 он болчхоод байдаг. Энэ асуудлыг шийдэх гарц байгаа юу?

Б.Жавхлан: Байлгүй яах вэ. Бүр 2018 оны төсвөөр 2022 онд гэрээ байгуулсан асуудлууд ч байна. Ийм зүйлс овоорч, төсвөө хүндрэлд оруулж буй учраас энэ жил шинэ хөрөнгө оруулалт тавиагүй. Хуучин төсөв магадлангаар суудгийг хэмнэлтийн хуулиар бүрэн зохицуулсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн нэг жилийн дотор гэрээ нь хийгдсэн шинэ төслийн төсвийг л суулгана гэдэг хатуу зохицуулалт оруулсан байх жишээтэй. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл танай компанийн магадлан шинээр хийгдэнэ. Та магадлангаа шинээр хийлгэх ёстой. Харин тэр хууль хэрэгжсэний дараа дахиж ийм алдаа гарахгүй.

-Ер нь төсөв нь он дамнаж, ажил дуусахгүй байх хэрээр ААН-д ямар бодит бэрхшээл үүсэж байна вэ?

Б.Жавхлан: Хэцүү байлгүй яах вэ. Гүйцэтгэлээ тайлагнаж чадахгүй болно. Магадлал хийгдээд гарсны дараа төсөвт тэр дүнг яаж оруулах вэ гэдэг нь Сангийн яамны ажил. Хэнтий аймагт театрын төсөл байна, 2010 онд эхэлсэн. 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Шийдэл: Төсвийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа "Мөнх-Өргөө" ХХК магадланд орж, зөрүү санхүүжилтээ төсөвт суулгах боломжтой.

ГУРАВДУГААР ХЭСЭГ: САНГИЙН САЙДТАЙ ХАЛУУН СЭДВЭЭР ЯРИЛЦАНА

Тавантолгойн ДЦС-д ЗГ баталгаа гаргахгүй, 70 хувийг нь зээлээр санхүүжүүлнэ

-Та “Хэмнэлтийн жил” болгож зарласнаар 2022 оны төсвөөс ямар дүнг хэмнэнэ гэж тооцоолсон бэ. 1 их наядыг хэмнэсэн гэдэг нь хэр бодит вэ?

-Бид 2022 онд гүйцэтгэл дээрээсээ 130 тэрбумыг хэмнэсэн. Том дүнгээр, 2022 оны төсвөөс 1 их наядыг хэмнэсэн гэж гарч байгаа. 2.4 их наядын алдагдал хүлээх байсныг 920 тэрбум болгож буулгасан талаар дээр дурдсан.

2023 оны тухайд төсвийн болон хэмнэлтийн хуулиа бариад явсан учраас эхнээсээ чамбай. Зардал талдаа чадлаараа хэмнэсэн гэсэн үг. Хэмнэлт гэдгийг бас хязгаартай бодох хэрэгтэй. Төсвийн урсгал зардал гэдэг олон нийтэд үзүүлж буй төрийн үйлчилгээг санхүүжүүлдэг. Хэт хэмнэвэл нийгмийн даатгал, боловсролын салбараас эхлээд доголдох эрсдэлтэй. Хэмнэлт ч гэсэн хязгаартай байх ёстой.

-Хэмнэлтийн хууль танд өөрт мэдрэгдэж байна уу. Сангийн яамны логотой ороолт зүүсний нь дараа олон нийт бодитой шүүмжиллээ шүү дээ. Энэ ороолт жишээ нь хэмнэгдэх ёстой зүйл байв уу?

-2021 онд манай улсын анхны таван яамны 110 жилийн ой болсон юм. Тусгаар тогтносон улсын 110 жилийн түүхтэй Сангийн яаманд харилцагч улс орнууд, гадаадын байгууллагууд олон. Тиймд бид ном гаргасан, үүний зэрэгцээ ийм ороолт бэлдсэн. “Говь”-ийн бэлэн бүтээгдэхүүн дээр өөрсдийн логог тавиулсан, ингээд цаасан уутанд хийгээд олон улсын байгууллага, төлөөлөгчдөд хүргүүлж өгсөн. 110 жилийн хүрээнд айхтар том нүүр тахлаагүй ч хоосон байж бас болохгүй. Эндээс би өөртөө хэдэн ширхгийг дурсгал болгон авч үлдсэн. Олон ч удаа зүүдэг. Сая цагаан сараар ч зүүсэн хэрэг.

-Засгийн газрын баталгаа гаргах асуудлуудын хүрээнд Тавантолгойн ДЦС багтсан уу. Оюу толгойн гүний уурай ашиглалтад орж, дэлхий нийтэд эерэг мессеж өгч чадлаа. Харин эрчим хүчээ зарах амбицыг хэрхэн ахиулах юм бэ?

-Энэ маш чухал асуудал. 2021-2022 онуудад энэ төслийг явуулах хэд хэдэн хувилбар дээр ажилласан. Үүний нэг нь ЗГ баталгаа гаргах хувилбар. Энэ хэрэгжээгүй, төсөвт ч суугаагүй. 2023 оны төсөвт Тавантолгойн ДЦС-ын төсөлд баталгаа гаргах асуудал байхгүй. Б.Чойжилсүрэн сайдын өдгөө танилцуулж, ЗГ-т танилцуулсан хувилбарт баталгаа шаардахгүй юм. 30 хувьд нь ЭТТ ХК өөрөө, 70 хувийн хөрөнгө оруулалтыг зээлээр санхүүжүүлэх, яваандаа станц өөрийн орлогоор өртгөө нөхөөд явах хувилбар юм. ЗГ баталгаа гаргах шаардлага байхгүй гэдгийг Сангийн яам дэмжиж байгаа. Энэ их ирээдүйтэй, эрсдэл багатай, өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлэх боломжтой төсөл.

Цаашид өр зээлийг зөвхөн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын зургаан чиглэлд зарцуулна

-Гадаад өрийг асуумаар байна. 2016 оны сонгуулиар “Монгол хүн бүр ийм өртэй” хэмээн айлгах технологийг танай нам анх хийсэн л дээ. 2023 оны төсөвт хэдэн төгрөгийг гадаад өр зээлийг төлөлтөд хуваарилсан бэ?

-Сангийн яам өмнө нь энэ чиглэлд нээлттэй байгаагүй, харин сүүлийн жилүүдэд мэдээллийг сайн өгч байгаа.

Бондын өр төлбөр багасаж байгаа ч урт хугацаатай хөгжлийн зээлүүдийн төлбөр 2024 оноос нэмэгдэх дүр зурагтай. Учир нь 1990, 2000-аад оны үед авсан 20, 25 жилийн хугацаатай авсан зээлүүдийн үндсэн төлөлт эхэлж байгаа.

ДНБ-тэй маш сайн уялдуулах ёстой, 50 хувиас хэтрүүлэхгүй. Цаашид бидний авах зээлийн шаардлага бол 1 ам.доллар бүр нь эдийн засгийн суурийг тэлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үр ашигтай байхад чиглэнэ. Бүр тодруулбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан зургаан чиглэлийн бүтээн байгуулалт руу л оруулна. 2050 он хүртэлх “Алсын хараа” бодлогын чиглэл эцсийн дүндээ хүний хөгжлийг чухалчилсан. Эхний 10 жил маань эдийн засгийг боомилж буй хүлээсүүдийг тайлж, хүний хөгжлийн зорилго руугаа хөл тавих ойлголт юм.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа ЗГ-ын өрийн ДНБ-тэй уялдах хувиа буулгаж явна биз дээ. Энэ хэр биелж байна?

-Маш сайн. Үүний тулд автомашинаар бол даацаа нэмэх стратеги барих хэрэгтэй. Манай ЗГ ажил авснаас хойш ДНБ мэдэгдэхүйц өсөж байна, гэхдээ энэ хэрээр өрөө нэмж болохгүй.

Хөгжлийн банкны зээлүүдэд жинхэнэ хөгжлийн зээлүүд ч бий

-Төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд нь ариун цэврийн өрөө орсон ч гишүүд дагаж, тойрогтоо мөнгө гуйдаг. Харин орон нутгийн гишүүдээ лоббидохын тулд Нийслэлийн төсөвт 52 тэрбум төгрөг нэмүүлсэн гэж хөшигний ард яригдаад өнгөрсөн. Энэ хэр бодитой вэ?

-Яаж ойлгохоос л болно. Би хоёр дахь удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Бид бол тойргоос сонгогддог гишүүд. Тойргийн ажил бол ний нуугүй хэлэхэд нэгдүгээрт явдаг шүү дээ. Харин Засгийн газарт ороод ажиллахад улс орны эрх ашиг гэдэг нь өөрөө нэг тойрог болдог. Энэ байдлыг гишүүддээ ойлгуулах чиглэлд ажилладаг. Харин гишүүд маш сайн ойлгож, дэмжиж, тойргийн хөрөнгө оруулалтаас татгалзаж чадлаа. Сонгуулийн өмнөх жил гэхэд маш бага хөрөнгө төсөвлөсөн. Төсвийн эцсийн шийдвэрийг УИХ дээр л гаргадаг. УИХ ийм сайн бодлогын шинэчлэл хийж чадсанд ЗГ-ын зүгээс талархаж байгаа. Сонгуулийг хоёр, гуравт тавьсан, төсвийн шинэчлэлээ нэгт тавьсан эх оронч шийдэл байсан.

-Хөгжлийн банкны акц өрнөөд нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Ер үндсэн автор нь хэн байсан юм бэ. Магадгүй таны санаачилга байсан уу?

-Энэ бол олон нийтийн шаардлага. Цаг хугацааны хувьд өөр сонголтгүй болсон байсан. 2020-2021 онуудад Хөгжлийн банкийг татан буулга гэдэг зөвлөмжийг олон улсын байгууллагууд өгчихсөн байсан. Биднээс түрүүлж онош тавьсан. Энэ сэдэв өөрөө олон нийтийн анхааралд өртөж, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгээр хариуцлагын тавцанд очлоо. Хэвлэлийн салбар чирээд явсан, ардчилсан орны дархлаа ийм байдаг юм байна.

-Зээлүүд нь давуу эрхээр хүмүүст очиж, хуулиуд зөрчигдсөн байсан ч нөгөө талаар зарим ААН-үүдэд хайргүй хандсан, улс төрийн акцийн "араа" болгож эргүүлсэн асуудлыг яаж харсан бэ?

-Тийм тал ч байгаа. Юм хэтрэхээр тийм тал руу хэлбийдэг юм байна. Хөгжлийн банкны зээлүүд дотор үнэхээр хөгжлийн зээлүүд ч бий шүү дээ. Ялангуяа цементийн гурван зээл, үүнийг би өмнө нь ч хэлж байсан. Чанаргүй болсон, хөгжлийн гэх тодотголтой боловч болж чадаагүй бол хуулийн өмнө бүгд л хариуцлага хүлээх ёстой.

Олон нийтийн анхааралд өртсөн сэдвийг тойрч өрсөлдөгчөө намнах оролдлого их гарч байна. Бидний хувьд нэг дугаарын эрх ашиг нь улс орон. Хувь улс төрчийг дайрч, давшилж буй асуудлыг дөрөвт, тавт, түүнээс ч хойш тавьж ажиллана. Биднийг мохооно гэдэг ойлголт байхгүй.

-Та тоохгүй байна уу?

-Тоохоосоо илүү, мохоох зогсоох зорилго агуулж байна гэж харж байгаа.

Д.Эрдэнэбилэгийн хэлцэлд ханшийн зөрүү тооцох асуудал үлдсэн

-Хөгжлийн банкны акцын хүрээнд "сахал" Д.Эрдэнэбилэгтэй хэлцэл хийхдээ Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэргийг суутган тооцох асуудал ямар хэмжээнд өрнөж байгаа талаар мэдээлэл өгч болох уу?

-2017 онд ҮХЦ-ийн дүгнэлт гарсан. Чоно цатгалан, хонь бүтэн гэдэг шиг дүгнэлт л дээ. "49 хувийг нь авсан бол мөнгийг нь төлж барагдуул. Гэхдээ хэлцэл хийх замаар" гэж.

Энэ дүгнэлтийн хүрээнд УИХ-ын тогтоол гарч, тухайн үеийн сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс эхлээд үе үеийн сайд нар ажлын хэсгийг шилжүүлж авсан. Биднийг хүлээж авахад хэлцлийн үр дүнд харилцан суутгал хийгдээгүй байсан. Харин хэлцэл тойрсон шүүхийн маргаанууд байлаа. Архивт сууж, баримт материалууд дээр ихээхэн ажилласан. Шүүх дээр очихоор хэлцэл хийгээгүй байна, зөвшилцөлд хүрээгүй байна гэдэг шалтгаанаар ЗГ ялагдаж ирсэн.

Би ажлаа аваад хамгийн түрүүнд архивт сууж, харилцан суутгах процессыг баримтуулж, баталгаажуулах тал дээр нэмэлт баримт нотолгоо цуглуулсан. Эдгээрийг ЗГ-т танилцуулж, зөвшөөрлөө авснаар хэлцэл эхэлсэн. Нөгөө талд Хөгжлийн банкны асуудал явж л байсан. Ингээд хоёр фронт дээрх асуудал ч уялдаж ирсэн. Кью Эс Си ХХК шүүхийн шийдвэрийн дагуу зээлээ төлж барагдуулсан. Энэ суутгах жагсаалтад багтсан байсан төлбөр. 2022 оны зургадугаар сарын сүүлээр хийгдсэн гүйлгээ юм. Долдугаар сарын 1 гэхэд Хөгжлийн банкны балансыг сайжруулах, цаг тулсан үед орж ирсэн гүйлгээ л дээ.

Хэд хэдэн удаа хэлцэл хийгдсэн. Асуудал эхэлснээс хойших хэд хэдэн удаагийн өөр ханшууд бий. Өнөөдрийн ханшаар бол хэлцлээ хийгээд дүн нь тулсан. Нөгөө талаас өмнөх ханшуудаа тавьдаг, зөрүү үүснэ. Үүн дээр дараагийн хэлцэл үргэлжилнэ, гэхдээ ажлын хэсэг дээр биш ЗГ дээр.

-С.Батдөл дээр та байр сууриа илэрхийлэх үү. Ажлын байрнаас нь их хэмжээний мөнгө олдсон. Таны ажилд томилуулсан албан тушаалтан гэж нэрлэгдэж байгаа. С.Батдөлийн аавтай таныг ойр харилцаатай гэдэг, танай Дарханых юм байна. Энэ яг юу болоод байгаа юм бэ. Та ажиллаж байх хугацаандаа холбоотой байсан уу?

-Аав нь Дарханы хүн мөн. Дарханы ахмадуудын нэг. Тойргоос маш олон хүсэлт ирдэг. Тэр хүсэлт дунд “Манай хүү УБТЗ-д ажилладаг” гэсэн захиас ирж байсан. Надаас өмнө, надтай надгүй тэр карьертаа хүрсэн юм билээ. Дарханд ажиллаж байхад нь суга татаж УБТЗ руу авчирсан гэж бичсэн байсан. Тийм зүйл байхгүй. Шалгаж, буруутай этгээдийг тогтоож байгаа болов уу гэж хүлээж байна. Тэр залуу ч буруу зүйл хийсэн бол олон нийтэд ярих хэрэгтэй. Шаардлагатай бол би хуулийн байгууллагад мэдүүлэг өгч ч болно.

Миний шууд харьяа байгууллага биш шүү дээ. Захиж хэлж байсан удаа бол бий. Зорилготойгоор тэнд аваачиж тавих санал бодол юу байх вэ дээ. Бас л үүнийг тойрсон өрсөлдөгчөө намнах гэсэн асуудал болоод байх шиг. Ийм том байгууллага доторх хөдөлгөөн зохицуулалтыг тэр залуу ганцаар шийдэж чадахгүй. Сангийн сайдаар халхавч хийж, өөрсдөө нуун дарагдаж өнгөрнө гэж бодож байгаа бол амжихгүй. Би хуулийн байгууллагад 100 хувь итгэж байгаа.

-Та хувийн шугамаар холбоотой байсан уу?

-Үгүй.

-Хуулийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авсан уу?

-Одоогоор тэгээгүй байна. Шаардлагатай гэвэл нээлттэй.

-Монгол Улс мега төслөө яаж олшруулах вэ. Оюу толгойтой зэрэгцэх төслүүдтэй болох боломж бий юу. Аж үйлдвэрийн салбараа орхиод яваад байж болох уу?

-Бидэнд дахиад Оюу толгой хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ уул уурхайгаас бусад салбарт гэж хоёулаа ярья. Шинэ сэргэлтийн бодлогоо ойлгуулах, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зургаан чиглэлээ зөв оношлосон. Нэг нь аж үйлдвэр. Аж үйлдвэрийг сэргээхийн тулд эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүчээ шийдэж, аж үйлдвэрээ сэргээмэгц экспорт яригдана.

-ЗГ бүл нэмж, Шинэ сэргэлтийг бодлого гаргалаа. Харин олон сайдаар бүл нэмж, чиг үүрэг салах нь ажил урагшлахад хэр дөхөмтэй байна?

-Манай яамд хоорондын уялдаа холбоо муу байна гэдэгт санал нэгдэнэ. Тийм ч учраас Эдийн засгийн хөгжлийн яамтай болж, сайд нь шадар сайдын статустай болсон. Манай ЗГ энэ бүтцээ сайн бүтэц болчихлоо гэж харж байгаа.

-Инфляцыг нэг оронтой тоо руу оруулах боломжтой юу. Одоогийн инфляцыг хэр бодитой тооцсон бэ?

-360-аад бараа, бүтээгдэхүүнийг сагсандаа авч тооцож байгаа. Тэдний үнийн өсөлтийн дундаж хурд бол инфляц юм. Дэлхийн нийтээр үнийн өсөлт гаарсан. Тэр дундаа гадаад худалдааны эдийн засагтай улсууд хамгийн эмзэг өртсөн. 360-ын 51 хувийг нь шууд гадаадаас, 20 хувийнх нь орцыг гадаадаас авдаг гэсэн тоо бий.

Тэгэхээр инфляцыг давхар импортолж авчраад байгаа. Манайд хоцорч ирнэ, гадаадад буусны дараа. Урсгал сөрж давхих ганц боломж бол урд хөрш. Түүхий эдээ аваад ир, авъя л гэж байгаа. Нээж байгаа савных нь хэрээр экспортолж чадвал бидний хувьд нөхцөл байдал тийм ч муу биш байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-29 09:39

Батдөлийг чи томилуулаа биз дэээ дарханд ааавынхаар нь очдог

Зочин
Зочин
2023-03-29 09:54

Ковидын үед ч үнэхээр хэцүүхэн үеийг даван туулсан шүү, одоо эргээд сэргэж байгаа нь сайн ч нүүрснээс өөр төсвийн бүрдэлтийн эх үүсвэрт анхаарах шаардлагатай байгааг хаана хаана аа анхаармаар л байна

Зочин
Зочин
2023-03-29 10:01

Хөгжлийн банкаа ёстой нэг хараа хян�##�тгүй хаяж дээ, дараа нь гарч байгаа үр дагавар нь болсон болоогүй нэгнээ намнаж дундуур нь үнэхээр юм хийж байгаа зарим төслүүд, компаниуд золионд явж байна. Монголчуу яахав дээ зан нь болсон хойно бүгдийг нь чичилж, муучилж байгаа байхгүй юу.

Зочин
Зочин
2023-03-29 10:12

Нээх улстөр мэдээд, сонирхоод байдаггүй ч одоогийн байгаа засгаас гайгүй ажилладаг гэж боддог сайдуудын маань нэг юм даа. Шулуухан хариулаад явсан нь гоё байна.

Зочин
Зочин
2023-03-29 10:12

sain bna

Зочин
Зочин
2023-03-29 10:15

Хоорондын уялдаа холбоо муу гэдэг бол я�##�т ч үгүй байгаа асууд�##�. Үүнийгээ сайжруулах гарц гарг�##�гаа олоод үр дүнд хүрч чадв�##� сайнсан.

Зочин
Зочин
2023-03-29 10:17

Сайхан нээлттэй ярилцлага болжээ

Зочин
Зочин
2023-03-29 10:22

Үр дагавар хүртэгчдийн асуудлын шийдлийг хэлээд өгч байгаа нь хөөрхөн юм. Анхнаасаа энэ байд�##�д хүргэхгүй зохих газрууд нь шийдээд, гарцыг нь олоод өгвөл хувийн хэвшлүүдэд нь амар баймаар юм.

Зочин
Зочин
2023-03-29 10:24

сайн бна

Зочин
Зочин
2023-03-29 10:45

Бие даасан цэвэр, бохир усны байгууламжтай, дулааны �##�дагд�##�гүй, пассив, сип, хайбрид хаусуудад ипотек олгох журам бат�##�даг болоосой!!!!

Зочин
Зочин
2023-03-29 10:52

Үнэхээр бодитоор хэрэгжвэл сайн байна

Зочин
Зочин
2023-03-29 11:26

Одоо ямар л асууд�##� шуугиан гарна ёстой л сангийн сайдаар х�##�хавч хийнэ гэдэг нөгөө тактик нь яваад байгаа нь чухамдаа үнэн шүү. Тэгээд л нэг том хүний нэр шидчихээд л өөрснөө хойно нь дарагдаж өнгөрнө.

Зочин
Зочин
2023-03-29 11:26

Ёстой л нөгөө өрсөлдөгчөө намнах гэсэн асууд�##� гэдэг нь болоод байгаа даа яг онож хэлж.

Зочин
Зочин
2023-03-29 11:27

Хөгжлийн банкны хэргийг царцаасан л болж таарлаа. Зээл авсан дарга нарыг бол УИХ гишүүд барахгүй гөлөлзөөд байгаа юм байна лээ шдээ

Зочин
Зочин
2023-03-29 11:58

zahisan gj shaajiidag shuu taarsan hulgaichuud

Зочин
Зочин
2023-03-29 13:06

Яасан царай муутай хүүхэн бэ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-03-29 20:30
Reply to  Зочин

Хүнии царай чамд ямар хамаатай юм өөрөө матараас муухай хог байж

Зочин
Зочин
2023-03-30 00:58

Үнэн л хэлсэн байнштээ ха ха

Zaya
Zaya
2023-03-29 13:47

Өгөөжтэй ярилцлага болжээ.

Дамба
Дамба
2023-03-29 13:48

Golchtoi yr duntei yatia boljee
Said neelttei sain bna

зочин
зочин
2023-03-30 00:50

сангийн сайд маш сайн зөв ажиллаж бгаа.аргагүй л мэргэжлийн хүн энэ эгзэгтэй хүнд үед чанга сахилга баттай ажиллаж бн гэж бодрж бн

Аймшигтай
Аймшигтай
2023-03-30 07:28

Сэтгүүлчийн наад захын соёлгүй гэдэг нь.гутлынхаа улыг байдгаар нь хүмүүс рүү харуулаад суучхсан ч байх шиг. Хэдхэн минут тэсээд суучхгүй

Зочин
Зочин
2023-03-30 11:13

ярьж байгаа агуулгад анхаарна уу даа, тэгэж хараад байв�##� сангийн сайлын ул ч мөн харагдаж байна ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button