Top StoriesЯрилцлага

“Айзам-2” хамтлагийн О.Хүрэлбаатар: “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дуугаа нэгэн бүсгүйн амьдралаас сэдэвлэж зохиосон

... Ууж идэж согтож чадахгүй бол

Ухаанаа алдтал архийг бүү уугаарай

Унаган биеийг чинь төрүүлж өсгөхдөө

Ухаант ээж чинь архиар угжаагүй нь лавтай 

Тэр ерээд оны залуусын сонсох дуулах дуртай “Өнчин улиас” гэх энэ дууны үг, аяыг өөрөө зохиож бас өөрөө дуулсан юм. Мөн “Бороо бороо анхны бороо Болзоот учралын анхны бороо...” гэх алдарт дуу ч түүнийх. “Салхи” хамтлагийн “Дурсамж”, “Үггүй бороо”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”, “Хайрлаач намайг”, Э.Минжинсорын “Нууцхан хайр”, “Гранд” хамтлагийн “Хайрын хавар”, “Харанга”-ын Лхагвагийн “Монгол хийморь”, “Байтаг богд” киноны дуу “Үеийн үед” гэх мэтээр нэрлэвэл О.Хүрэлбаатарын аяыг нь зохиож олонд хүргэсэн дуу ихээ олон. Бид энэ удаад ая зохиогч, “Айзам-2” хамтлагийн басс гитарчин О.Хүрэлбаатарыг зочноор урьж ярилцлаа. “Айзам-2” хамтлаг энэ сарын 07-нд Улаанбаатар паласт “Зүрх сэтгэлийн минь дуунууд” тоглолтоо хийх гэж байна. 

-“Айзам-2” хамтлагийн гишүүн болсон түүхээс яриагаа эхэлье?  

-Манай хамтлагийн С.Гантөр бид хоёр арван жилийн нэг сургуулийнх. Би Төрөөгөөс жилийн өмнө төгсөөд Орос руу нэг жилийн цахилгаан станцын мэргэжилтний курст явсан. Тэнд байхад Төрөөгөөс захиа ирж эхэлсэн. “Би Айзам хамтлагийн ах нартай танилцсан, чи ирэхээрээ басс гитар тоглоорой” л гээд бичиж. Хариуд нь “басс гитар гэж би мэдэхгүй ш тээ” гээд бичихээр “Амархаан,  банзан гитарын дээд талын дөрвөн утас гээд л ойлгочих” гэх мэтээр нэг талдаа 15 хонож ирдэг захидлаар бид уйгагүй харилцаж байсан. Тэгээд Оросоос төгсөж ирээд цахилгаан станц руу хуваарлагдсан ч тийшээ явах сонирхолгүй. “Айзам” хамтлаг дээр ирээд ах нартайгаа танилцаж, үе тэнгийн бидний хэдэн залуус тэрүүгээр эргэлддэг ажилтай байсан. Удалгүй зээлийн нийгэмд шилжихэд ах нар маань тоглохоо болиод бид суурин дээр нь нэгдэж “Айзам-2” хамтлагаа байгуулсан. “Айзам” хамтлагийн үргэлжлэл, гэхдээ өөр хүмүүс тоглож байгаа гэдэг утгыг илэрхийлэхийн тулд нэрээ сонгосон. 

-Тухайн үе бол шилжилтийн цаг. Шинэхэн “Айзам-2” хамтлагийг ямар нийгэм угтсан бэ?

-Яг нийлээд хэсэг тоглож байтал манай Аранзаа /Д.Бат-Эрдэнэ/, Жагаа /Д.Жаргалсайхан/, Н.Мөнхтөр, н.Чанх-Оргил нар цэрэгт явчихсан. Тэр үед Э.Мөнхбаяр, С.Гантөр хоёр маань “Туяарах”  дуугаа зохиож, бид гурвуулаа хэсэг тоглосон. Нийгэмд шилжиж хүнд хэцүү байсан ч үзэгчид урлагаас хөндийрөөгүй. “Болор”, “Номин”, “Шигтгээ” олон хамтлаг байгуулагдаж, уралдаан тэмцээнд оролцож залуус бид мөрөөдөлтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн явсан. 1991 онд нөгөө хэд маань цэргээс ирж “Мөрөөдөл” нэртэй анхны тоглолтоо хийлээ.

-“Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон Зүйрлэшгүй чамдаа би хайртай” гэдэг үгтэй дуу мөн үү “Мөрөөдөл” гэдэг...?

-Тийм ээ. Чихэр боовны үйлдвэрийн инженер Ш.Энхтөр ахын үг, ая “Мөрөөдөл” дууг манай дуучин Э.Мөнхбаяр сурч ирээд дуулья гэсэн. Бид нар чинь залуу шинэлэг юм хийх гээд тэмүүлчихсэн үе болохоор хүнд айхтар хүрнэ гэж бодоогүй, нийтийн дуу шиг ч юмшиг санагдаад байсан. Тэгээд өөрсдийнхөө жанраар найруулга хийгээд дуулсан чинь олонд шууд хүрч, “Айзам-2” хамтлагийн хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон бүтээлүүдийн нэг болж чадсан. Одоо энэ тоглолтынхоо нэрийг ч гэсэн “Мөрөөдөл” дууны хэсгээс санаа авч, “Рок” Р.Мөнхсайхан ах маань өгсөн.

-Басс гитар мэдэхгүй гэж байсан хүн хамтлагийн гишүүн болохын тулд хэрхэн хичээсэн бэ?

-Орост байхдаа Төрөөг захиа бичиж эхлэх үед дотуур байрандаа банзан гитар дээрээ бэлтгэл хийж эхэлсэн. Ирээд “Айзам”-ын ах нараа бараадаж, наагуур цаагуур нь гүйсээр байгаад их юм сурсан даа.  

-Та олонд хүрсэн алдартай дуунуудыг ая зохиогч. “Өнчин улиас”, “Бороо”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”.. гээд. Ая зохиож эхэлсэн нь хэдийнээс вэ?

-Би нэлээд сүүлээр цэрэгт явсан. 1993 онд хамгийн бага дүүгийнхээ найзтай он жав байсан. 1994 онд цэргээс халагдаж ирээд “Бороо” дууныхаа аяыг зохиосон. Үг нь манай дуучин Э.Мөнхбаярынх.  Бас л хүмүүст их сайн хүрсэн дуу. Дараа нь “Өнчин улиас” дууныхаа үг, аяыг нь зохиож өөрөө дуулсан. Энэ дууг “Бурхан” Зоригоогийнх, “Чингис хаан”-ы Жагаа ахынх, "Цагаан шөнө" хамтлагийн Хүрлээ ахынх гэх мэт зохиогчийг нь мэдэхгүй олон хүнээр овоглодог. /инээв.сурв/ Би дуугаа зохиочхоод нэр өгөөгүй тэр чигт нь Дэнжийн мянга дээр кассет зардаг хүмүүст өгч байсан. Тэгээд энэ “Мөрөөдөл” дууг зохиосон  Г.Энхбат ахад сонсгоод нэр өгөөгүй гэдгээ хэлэхэд энэ чинь “Өнчин улиас” гэдэг дуу байна ш тээ гэсэн. Тэр даруйд нь Дэнжийн мянга руу гүйж очоод “Өнчин улиас” гэдэг нэртэй дуу шүү гэж  хэлж байсан. Бидний үеийнхэн нийгэм цаг үеэсээ болоод ч тэрүү тийм л хайнга байлаа даа.

-Хоёр жилийн өмнө тоолсон, би наяад дуу зохиосон юм билээ-

-Та гэхдээ нийгмээсээ хамаарахгүйгээр даруухан хүн байх шүү. “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дуу тань үе үеийн хит дууны нэг. Гэтэл таныг зохиосон гэдгийг бас л тэр бүр мэдэхгүй...?

-1996 он байх шүү. Би “81 суваг” гээд сонины арын нүүрээс нэг нийтлэл олж уншсан юм. Хоёр найз бүсгүй байж байгаад нэг нь хүнд өвчнөөр бурхан болсон. Найз нь талийгаачаа дурсаж, хайр дурлалынх нь тухай тэнд бичсэн байсан. Тэр бүсгүй нэг залууд хайртай, тэр нь яаж ч гомдоож, хуурч байсан үргэлж уучлаад, хүнд өвчтэй гэдгээ ч хэлэхгүй чин үнэнчээр хайрлаад дууссан тухай. Энэ нийтлэлийг уншаад “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дууныхаа үг, аяыг бичсэн. Тэр үед “Айзам-2” хамтлагт дуулдаг байсан анагаахын оюутан Аззаяа гээд охиноор дуулуулж байсан. Дараа нь “Салхи” хамтлагийн дүү нар маань ахаа таны энэ дууг бид нар дуулж үзье гэснээр олонд хүрсэн дээ.

-“Айзам-2” хамтлаг завсарласан он жилүүдэд та хаана байв?  

-Уран бүтээлээсээ огт холдоогүй ээ. Замын цагдаагийн хамтлагт уран сайхны удирдаачаар ажиллалаа. Дулааны шугам сүлжээ компанид амьд хөгжмийн хамтлаг байгуулж байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын найзуудтайгаа нийлээд “Андууд” үе тэнгйин найзуудын хамтлаг байгуулж явлаа. “Жигүүр гранд”группийн Д.Баттөр ахынхаа байгуулсан “Гранд” хамтлагт хэсэг тоглосон. “Салхи” хамтлагтай олон жил хамтран ажиллаж, дүү нартаа 20 гаруй дууг зохиож өгсөн. Хоёр жилийн өмнө нэг бичээд үзэхэд наяад дуу зохиосон байсан. Одлоо миний нэг найз пянзыг маань бичүүлэх гээд бүтээл цуглуулаад явж байгаа. Бид тус тусын уран бүтээлээ хийгээд явсан ч холдож салаагүй, найзууд хэвээр гучаад жилийг үджээ. Тоглолт хийнэ гэж эртнээс ярьсан. Одоо нэг биелэлээ олох нь. “Зүрх сэтгэлийн минь дуунууд” тоглолт Аранзаа, Төрөө, бид гурвын зохиосон дуунуудаас бүрдэнэ. Миний “Бороо”, “Өнчин улиас”, “Ханьдаа”, “Чин хүсэл”, “Хайрын хавар” ганц хоёр шинэ дуу дуулагдана. “Салхи” хамтлаг ирж “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”, дуучин Э.Минжинсор “Нууцхан хайр” дуугаа дуулна.

-Тоглолтынхоо талаар өөр мэдээлэл өгөөч гэвэл?

-Багынхаа найзуудтайгаа олон жилийн дараа тоглох болохоор гоё л байна. Бидний үеийнхний дурсамж сэргээсэн сайхан тоглолт болно. Тухайн үеийн залуусын сонсдог байсан дуунууд шинэ найруулга, тоглолтоор дуулагдана. Чанартай юм сонсгоно оо.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-01 12:36

Сайхан анд минь. Од юм даа. УБДС. Пүрэвээ.

Зочин
Зочин
2023-04-01 17:38

ДАРУУХАН АВЬЯАСТАН МАНАЙ ЭНЭ НЭЭГ ИХ ОНГИРООД ЯВАХГҮЙ ХАРИН ТЭР ХАР ШЛЯПАН МАЛГАЙТ ИХ ЭВЛЭГХЭН ХӨӨРХӨН ДУУЛНАА ДУУЛЖ БАЙХДАА ТЭР ЗОГСОЛТ НЬ ЖИНХЭНЭ СУПЕР ЭНҮҮГЭЭРЭЭ ХАР ШЛЯПАН МАЛГАЙТ УРЛАГТ ДУРТАЙ МОНГОЛЧУУДЫХАА ХАЙРЫГ ТАТДАГ АМЖИЛТ БАЦААНУУДАА ТОГЛОЛТОО ХИЙЧИХЭЭД АХДАА ГАНЦ ЮМ БАРИАД ГҮЙГЭЭД ИРЭЭРЭЙ ""УУЖ ИДЭЖ СОГТОЖ ЧАДАХГҮЙ БОЛ" ГЭЭД НАМАЙГ САНАНАА БАЦААНУУДАА ККК ОДОО САНАВ УУ? ИРЭЭРЭЙ ХҮЛЭЭЖ БАЙЯ АХ НЬ ЯГ Л ХУУЧИНДАА ТӨГӨЛДӨР ХУУР БАНЗАН ГИТАР ХОЁРТОЙГОО АМРАГЛААД БАЙЖААГАА ШҮҮ

Зочин
Зочин
2023-04-02 11:37

Ага нар уяраах нь дээ к нь хэд юм бол

Зочин
Зочин
2023-04-03 10:03

minii shuteen hamtlag shuu az jargal eruul enhiig husei

Зочин
Зочин
2023-04-03 11:35

Өөр хүний бичсэн шүлгийг хулгайлсан гэсэн. Юм үнэнээрээ байх сайхан шүү. Зохиогчоос нь уучл�##� гуй.

Зочин
Зочин
2023-04-04 04:40

Худ�##�ч

Холбоотой мэдээ

Back to top button