Нийгэм мэдээ

НҮХЭН ЖОРЛОН: Иргэдийг төрийн гар харалгүй, ногоон зээл авч нойлоо сайжруулахыг шаардана

-Улаанбаатар хотод 244,900, авто зам, аялал жуулчлалын бүсэд 2523 нүхэн жорлонтой-

Улаанбаатар хотын хөрсний 88 хувь бохирдсон ба хотын хэмжээнд 244900 нүхэн жорлон тоологдсон. Хотын хөрсний нянгийн бохирдлын судалгааг 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Мөн нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммон буюу шивтэр бохирдолт их гарчээ.

Аялал жуулчлалын бүсийг "НҮХЭН ЖОРЛОН"-гоос салгах даалгавар жилийн өмнө гарсан хэрэгжихгүй байсан тул энэ хавраас хүчээр буулгаж эхлэв. БОАЖ-ын сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот албан даалгаврын дагуу автозам болон аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох, нүхэн жорлонг буулгах тухай албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж эхэлсэн. Ажлын хүрээнд нийт 2523 нүхэн жорлонгоос 999 буулгаж, 982  буулгах ажил үргэлжилж байна. 

"Монголд зочлох жил" арга хэмжээний хүрээнд жуулчдын зам дагуу байрлах отоглох цэг ба стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд хамтран шийдэхээр ажиллаж буй. Ажлын хүрээнд БОАЖЯ ААН ариун цэврийн боловсон байгууламжийг байгуулах тохиолдолд газар олголтыг шууд хийж өгөх, боловсон ариун цэврийн байгууламжийг байгуулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас суутгах хэлбэрээр хөрөнгө оруулалтыг буцаан олгох, ногоон зээлийн санхүүжилтээр дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн.  Мөн аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй 55 тэрбумын зээлд тэргүүн зэрэгт хамааруулна гэж “амалсан” Харин аялал жуулчлалын баазууд боловсон ариун цэврийн байгууламжтай болохгүй бол 2023 оны 4 сард хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж тусгай хамгаалалттай газар нутагт байгаа баазуудын газар ашиглах эрхийг цуцлахаар ажиллаж байна.

Б.Буяннэмэх: "Жорлон" үндэсний чуулганаас иргэд нийлж холбоо байгуулсан

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэхтэй ярилцлаа.

-Нүхэн жорлонгоос татгалзах зорилгын хүрээнд аялал жуулчлалтай холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байна вэ?

-ЗТХЯ-тай хамтран аялал жуулчлалын бүс болон авто зам дагуу ариун цэврийн үйлчилгээний цогцолбор байгуулахтай холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Аялал жуулчлалын зам дагуух нүхэн жорлонгоос татгалзах ажлын хүрээнд 2523 нүхэн жорлонгоос 999 буулгаж, 982-ыг буулгахаар ажиллаж байна. 

-Оронд нь ямар шийдэл байгаа вэ. Иргэд зам дагуух бие засах газруудыг буулгачхаар байгальдаа л бие засахаас өөр аргагүй боллоо гэж байна?

-Нүхэн жорлонгуудыг татан буулгаад оронд нь  арилжааны гурван банктай хамтарсан “Ногоон зээл”-тэй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэрээ байгуулж иргэнд  2 хувь, ААН 8 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Ногоон зээл нь иргэнд 12, ААН-д 22 бүтээгдэхүүн санал болголог. Үүнд дотор том болон бага оврын цэвэрлэх байгууламж, эко жорлон санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл иргэн, ААН-ийн ашиглаж байсан бие засах газрыг стандарт, шаардлагад нийцэхгүй хэмээн буулгасан л бол Ногоон зээлд хамрагдаж шийдвэрлэх боломжтой гэсэн үг.

-Буулгаад шууд зөрүүлж бариулахыг хүсч байгаа юм байна, иргэд...?

-Иргэд төрөөс барьж, байгуулж өгөхийг хүсээд байх шиг байна. Гэтэл бид нар байгаль хамгаалах хүрээнд хөрс, гүний усаа хамгаалахын тулд мөн монголд жуулчлах жилтэй холбоотойгоор усан сан бүхий газар болон аялал жуулчлалын бүсэд байгаа нүхэн жорлонг татан буулгаж, ААН, иргэд зээл аваад ариун цэврийн байгууламжаа шийдэхийг санал болгож байгаа. “Жорлон” үндэсний чуулганы хүрээнд үзэсгэлэнд оролцсон ААН, байгууллага, иргэд дундаасаа холбоо байгуулсан. Хамтарч нэгдсэн бодлоготой явах нь илүү үр дүнтэй гэж үзсэн уг холбоо 11 удирдах зөвлөлийн гишүүнтэй. Тэд гэр хороолол, аяллын бүсэд байгаа жорлонг шинэчлэх төсөл бичье, хамтарч ажиллацгаая гэсэн зорилготой байгаа. Ариун цэврийн байгууламжийн маш олон шийдэл технологи дундаас энэ холбоо  монголын нөхцөлд тохирсон шийдэл дээр ажиллана. Технологи дээр чиг үүргийн дагуу БХБЯ ажиллах ёстой. Бид бол хөрсний бохирдлын түвшинг бууруулах, 400 метр тутамд нэг байгаа жорлонг нэн тэргүүнд сольж эко болгох, ариун цэврийн байгууламж барих гэрээ байгуулаад ажиллаж байгаа ААН-ийн ажлыг түргэвчлүүлэх асуудалд анхаарч ажиллаж байна.

-Аялал жуулчлалын бүсийн байгууламж ААН-үүд ороод ирэхээр төсөөлөл бол байна. Харин гэр хорооллын энэ олон нүхэн жорлонд ямар шийдэл оновчтой юмбол? 

-Гол асуудал нь иргэд  биднийг жорлонгоо шийдээд өгнө гээд хүлээгээд байдаг. Эко жорлон сая төгрөгийн өртөгтэй, иргэд 2 хувийн хүүтэй зээл аваад нойлоо сольчих нөхцөлийг бид бүрдүүлж,  шаардлага хангуулахын тулд хяналтын улсын байцаагч ажиллуулж ажлыг эрчимжүүлэх удирдамж батлахаар ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал өнгөрсөн долоо хоногт болж нэг тэрбум төгрөгийг ногоон зээлийн санхүүжилтийг шийдвэрлэхэд хүүгийн татааст шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл банкны зээлийн хүү 15-16 хувь байгаа, бид иргэндээ асуудлыг нь шийдэхийн тулд хүүг 2 хувь хүртэл бууруулж зөрүүг нь төллөө гэсэн үг.

-“Жорлон” үндэсний чуулганаас таван үндсэн асуудлаар хориод ажил хийхээр төлөвлөсөн. Зр дүнг та эхний байдлаар хэрхэн харсан бэ?

-Чуулганы дараа хангайн бүсийн зургаан аймагт “Жорлон” чуулган болж байна. Тэд албан даалгавар биелүүлэх, харилцан туршлага солилцохоор чууллаа. Бид төрийн бодлогоо л хэрэгжүүлнэ. Энэ бүхнийг цогцоор хэрэгжүүлэхэд БХБЯ, ЭМЯ, УСУГ төрийн захиргааны байгууллагууд нь чиг үүүргээрээ ороод ирэх  шаардлагатай байгаа. Цаашид ОУБ-д асуудлаа танилцуулах, хөрс хамгаалах асуудлыг бүсчлэн тогтоож усан сан бүхий газрууддаа эхэлж ажиллах гэх мэтээр ажиллаж, дүгнээд хэлэлцээд үргэжлээд явна. Иргэд яагаад жорлон гэж муухай нэр өгсөн юм бэ гэж шүүмжилсэн. Үнэхээр тулгамдсан асуудал учраас шууд хүргэе,  анхаарал татья гэдэг зорилгоор ичиж зоволгүйгээр ингэж нэрлэсэн.

-Чуулганаар аялал жуулчлалын оргил үе эхлэхэд гол маршрутын дагуу стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болсон байна гэсэн. Хийж эхэлсэн гэсэн үг үү?

-Жуулчны баазууд хөрөнгө мөнгөний боломжтой нь технологийн шийдэл бүхий ААН-үүдтэйгээ холбогдоод ажлаа эхэлж байна. Гэр буудал кэмптэй дотоодын жуулчид авдаг хэт алслагдсан газруууд яах вэ гэсэн санал гаргасан. Бас эко кольцотой соруулдаг жорлон барьчхаад байхад танай байцаагч нар буулгалаа гэж байна. Үе шаттай шийдэх асуудал. Нэг бүсэд нэг ижил үнэтэй аялал жуулчлалын үйлчилгээ байхад зочид тухтай газраа л сонгоно. Тэгэхээр бид бизнесийн өрсөлдөөнийг бий болгож байна.

-Шаардлага биелүүлээгүй баазуудын газар эзэмших эрхийг цуцална гэсэн. Ажил хэрэг болж эхэлсэн үү?

-Удирдамжийн дагуу хяналт эхэлнэ. Шаардлага хүргүүлж, хэрэгжүүлэх боломж гээд хугацаа өгөх хэрэгтэй. Газар бүрэн гэсээгүй байна.

Төр энэ удаад нүхэн жорлонг хэрэглээнээс халахдаа утааны эсрэг хэрэгжүүлсэн зуухны төсөл шиг үнэгүй бэлэн бүтээгдэхүүн өгөхийг урьтал болгохгүй. Өөрөөр хэлбэл бодлогын түвшинд боломжуудыг бий болгож, иргэд, ААН-үүдийг тийш орохыг харин шахаж, шаардаж улмаар хариуцлага тооцно. Хөрс, усны бохирдол, аялал жуулчлалын жишиг үйлчилгээ аль алинд нь асуудал үүсгээд буй нүхэн жорлонг халах ажил дан ганц БОАЖЯ-ны ажил бус, цогцоор нь хэрэгжүүлэхэд хамаарал бүхий төрийн байгууллагууд идэвх санаачилгатай хамтран ажилласнаар монголчууд ялгадсаа харж, амьсгалж, бараг "ууж' буй хоцрогдсон хөнөөлтэй хэрэглээнээсээ салах нигууртай.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амьдралыг сайжруулчих.дараа нь жорлонгоо ярь.МАН арилж алга болоочээ.102 жилийн үлгэрийг чинь сонсоод турж үхлээ.

Зочин
Зочин

Хүнийг зээл авахаар албадуулж болохгүй байх.

Зочин
Зочин

Жуулчин авч, орлогоо нэмье гэвэл жорлонгоо шинэчил.чадахгүй бол тусгай зөвшөөрлөө цуцлуул!Та нарын жорлонг төр барьж өгөх албагүй.Сайн дураараа баз нэртэй бохир орчтнтой юм бхйгуулчихаад, оо ч шийдээгүй, болсон болоогүй хэдэн навсгар гэр барьчихаад, цуйван нэртэй түүхий гурилын цуглуулга 20-25000к гэхээ боль, ич.

Холбоотой мэдээ

Back to top button