Сонгуулийн шинэ хуулийг 2024 оноос мөрдөх бол тав, зургадугаар сард нөхөн сонгууль товлох ёстой

Одоогийн байдлаар УИХ-ын гурван гишүүний орон тоо парламентад сул хоцроод байна.
- Нэгт, Ж.Мөнхбат - Архангай аймаг, 1-р тойрог.
- Хоёрт, Т.Аюурсайхан - Чингэлтэй дүүрэг, 25-р тойрог.
- Гуравт, Д.Бат-Эрдэнэ - Өмнөговь аймаг, 11-р тойрог.
Тэднийг нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж буй. Энэ хүрээнд, мөрдөн шалгах зарим үйл ажиллагаанд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болж байгаа гэж үзээд Улсын ерөнхий прокуророос санал гаргаж, УИХ дэмжин шийдвэрлэсэн нь энэ юм.
Өмнөговь хоёр мандаттай бол Архангай, Чингэлтэйн тойрог тус бүр гурав. Өөрөөр хэлбэл Өмнөговийн ард түмнийг УИХ-д өдгөө нэг л хүн төлөөлж байна. Нөгөө хоёрынх нь иргэдийг гурав биш хоёр, хоёр хүн л төлөөлөн үлдсэн гэсэн үг.
Одоогийн хуулиар 50 хоногийн дотор нөхөн сонгууль товлоно
Энэ нь парламентад иргэдийн төлөөллийг шударгаар тэнцүүлж хангахгүй тул УИХ-ын гишүүний орон гарсан ийм тохиолдолд 50 хоногийн дотор нөхөн сонгууль явуулах заалт өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуульд бий.
Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 9.9-д "...нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана" хэмээн заасан.
Энэ дагуу бол 1, 11, 25-р тойрогт ирэх тав, зургадугаар сард нөхөн сонгууль товлон зарлах учиртай байлаа.
Авчиг УИХ-ын гишүүн Н.Энхболд нараас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Үүнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах агуулга туссан нь хамгийн анхаарал татаж буй.
Уялдаад, нөхөн сонгууль явуулах заалтад ч өөрчлөлт оржээ.
Нэмэлт өөрчлөлтөөр нөхөн сонгууль явуулахад хүрэх нөхцөлийг холимог тогтолцоотой уяжээ
Тодруулбал, өнөөгийн хуулийн 77.2 дахь хэсгийг "4 дүгээр зүйлийн 4.3.1-т заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана" болгон өөрчлөхөөр тусгасан байна.
Ингэж өөрчлөх 77.2 дахь заалт нь "Ямар үед нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнд тооцох вэ" гэдэгт хариулт өгдөг.
Харин 4.3.1 гэдэг нь 38 гишүүнийг тойргоос сонгох агуулга бол 77.1 гэдэг нь жагсаалтад багтсан дараагийн гишүүнийг урагшлуулж тооцох тухай.
77.1 дэх хэсгийг эл нэмэлт өөрчлөлтөөр "...жагсаалтаас сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан бол, тухайн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр тооцсон тухай шийдвэрийг СЕХ орон гарснаас 14 хоногийн дотор гаргаж, УИХ-д өргөн мэдүүлнэ" хэмээн өөрчлөн найруулах аж.
Өөрөөр хэлбэл, зөвхөн холимог тогтолцоогоор байгуулагдсан парламентын хувьд хэрэгжих боломжтой нөхөн сонгуулийн тухай агуулга тусжээ.
Мэдээж энэ парламентад жагсаалтаар сонгогдсон гишүүн байхгүй тул дээрх заалт хэрэгжихгүй.
Өөрөөр хэлбэл, нэгэнт жагсаалтаас сонгогдсон гишүүн байхгүй тул нэмэлт өөрчлөлтийг мөрвөл өдгөө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэхгүй.
Энгийнээр: Нэмэлт өөрчлөлтийг 2024 оноос л мөрдөхгүй бол нөхөн сонгууль явуулж чадахгүй
Тэгвэл нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор товлох тухай 9.9 дэх заалтыг өөрчлөн найруулахаар тусгаагүй байна.
Өөрчлөхгүй юм чинь товлоё гээд үзье гэхэд "Ямар үед нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдсэн гэж үзэх вэ" гэсэн суурь заалтыг нь дээрх 77.1 дэх өөрчлөн найруулсан заалттайгаа уячихсан.
Тэгэхээр нөхөн сонгууль товлох хугацаа нь хуучин хуулиар 50 хоног хэвээр ч, нөхөн сонгууль явуулах болсон нөхцөлийг нь шинэ заалтын хүрээнд ойлгохоор болж байна. Гэвч шинэ заалт нь дээр дурдсаны дагуу зөвхөн холимог тогтолцоогоор байгуулагдсан парламентад л хэрэгжих "түгжээ"-тэй.
Гэхдээ Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оноос л эхлэн дагаж мөрдөнө гэсэн хүлээлт байнх. Эс тэгвэл өдгөө нөхөн сонгууль явуулах хууль эрх зүйн орчин байхгүй гэж ойлгохоор байгаа юм. Тиймд хэчнээн сонгуулийн хуулийг өөрчиллөө ч, ГУРВАН ГИШҮҮНИЙ ОРОНД нөхөх сонгууль зарлах процесс нь одоогийн хуулиар зохицуулагдах учиртай. Тэгсэн ч улс төрийн хүрээнд энэ асуудал ер яригдахгүй удлаа.
Хэрэв хуулиараа бол ирэх тав, зургадугаар сард товлогдох ёстой юм.
Нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шүүх хур�##� болоогүй бна.бүү яар
Муугийн муу дүн тавина шүү