Хөрөнгө оруулалтын форум: Хотыг хөгжүүлэх санхүүжилтгүй төслүүд
Нийслэлийн эдийн засгийг эрчимжүүлж, гадаад дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас хөрөнгө оруулалт татах зорилгоор "Улаанбаатар-олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023" өчигдөр боллоо.
Тус форумаар Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд зохион байгуулав. Түүнчлэн нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй ажлууд, баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн санхүүжилт шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчлах зорилготой юм. Мөн төр хувийн хэвшил хамтран хийх төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд санамж бичиг байгуулав.
Нээлтийн үгийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хийсэн бол анхны илтгэлийг Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьсан юм. Тэрбээр "Шинэ сэргэлт-Улаанбаатар" нэртэй илтгэл тавихдаа 2030 он гэхэд ДНБ 120-150 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 12054 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 42 сая төгрөгт хүрнэ гэдгийг онцлов. Мөн ядуурлын түвшинг 15 хувиар буурна хэмээж буй.
2015 оноос хойш зохион байгуулж буй уг форумын гол агуулга нь дээрх зүйл. Өмнө нь үргэлжид дотоодын аж ахуйн нэгж, компаниуд бодлого төлөвлөлтөө ярилцаж, цаашид хэрхэхээ шийдвэрлэдэг байсан. Харин энэ жил гадаад дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж болон элчин сайдын яамдын төлөөллүүд тэргүүтэй 500 гаруй зочин, төлөөлөгчид оролцов.
Тус арга хэмжээнд төр хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх 50 төслөөс гадна гарааны бизнес эрхлэгчид ч цугласан байлаа. Тухайлбал, олон нийтийг өөрийн төслийн нэрээр татах гарааны бизнес эрхлэгчид бол "Нисдэг кофены машин Roco" байсан юм. Нисдэг кофе гэх нэршлээс нь болж олон хүн тэднийг дроноор кофе зөөдөг хэмээн бодож байсан ч үгүй ажээ. Нэг талаараа цагийг "нисэх" мэт хэмнэх, нөгөө талаасаа хүссэн кофегоо шуурхай уух боломжийг олгодог төсөл аж. Тус кофены машиныг гэрээ хийн, өөрийн оффист байрлуулах үйлчилгээ юм байна. Тэд хэдийн эхний 60 захиалагчийнхаа "нисдэг кофены машин"-ыг суурилуулж өгсөн ажээ.
Түүгээр ч зогсохгүй хуванцар сав худалдан авах автомат машиныг захиалгаар суурилуулж өгдөг гарааны бизнес эрхлэгчид ч нэжгээд байв. Зарим нь дотоодын платформуудтай хамтран ажиллаж, хуванцар зарсан мөнгөө цахим хэтэвчиндээ авах байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэсэн агаар цэвэршүүлэгч ноосон филтер гэх мэт төслүүд ч байсан юм.
Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Эдийн засагт нөлөө үзүүлэх дагуул-хот үйлдвэрийн технологийн паркийн дөрвөн бүтээн байгуулалт бий. Эмээлтийн үйлдвэр, технологийн паркийн төслийг Дэлхийн банкны тусламжтайгаар тооцоо судалгааг нь хийж дуусгасан. Мөн хөнгөн галт тэрэгний төсөл бий. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах хийгээд тойрог замын холболт бий. Эдгээр том төслүүдийг эхний ээлжид хэрэгжүүлэхэд бидэнд хөрөнгө оруулагчид хэрэгтэй" хэмээсэн юм.
Харин 16 төрлийн гэрээ бүхий санамж бичигт гарын үсэг зурсан талаар "Эхний ээлжид зам, талбайн гэрэлтүүлэг, ахуйн бохир зайлуулах, камерын засвар үйлчилгээ зэрэг нийслэлийн тохижилт, үйлчилгээний хүрээнд хийж буй ажлуудыг хувийн хэвшилд шилжүүлж байна" гэлээ.
Товчхондоо уг форумд санхүүжилт хайхаас гадна шинэхэн бизнес эрхлэгчдийн хувьд өөрийгөө суртачлах талбар болсон хэрэг.
-Сонсголонгоос Дамбадаржаа чиглэлд зам барихдаа анх удаа унадаг дугуйнд зориулж гүүр барина-
Монгол Улсын газар нутгийн 0.3 хувь, нийт хүн амын 47.6 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг байна. Түүгээр ч зогсохгүй манай улсын ДНБ-ий 63 хувийг хотод үйлдвэрлэдэг ажээ. Бусад салбарын тоон мэдээллээс дурдвал,
- Бүртгэлтэй автомашины 84 хувь
- Нийт их дээд сургуулийн 90 хувь
- Худалдаа үйлчилгээний 84 хувь
- Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын 70 хувь
- Нийт хуримтлалын 76 хувь нь Улаанбаатар хотод хамаардаг байна.
Тиймээс хот бол манай улсын эдийн засгийн томоохон эргэлтийн зах зээл юм. Тэр ч утгаараа хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудын нэг нь түгжрэл билээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хэлснээр түгжрэлийг бууруулахын тулд гурван том төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Үүнд,
- Тойрог замын төсөл
- Сэлбэ сэргэлт төсөл
- Нийтийн тээврийн шинэчлэл
Энэ жилийн хувьд 700 гаруй автобус худалдан авч, ирэх он гэхэд нийтийн тээврийн парк шинэчлэл дуусах юм. Харин тойрог замын төсөл гэдэг нь Улаанбаатар хотыг тойруулан нийлсэн зам барих төсөл ажээ. Нийт 80 орчим км урттай уг тойрог зам нь зүүн эргэх дүрэмгүй байхаар урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа аж.
Сэлбэ сэргэлт төсөл нь Сонсголон - ТЭЦ4 - "Улаанбаатар менежмент" ХК - Баянмонгол хороолол - И-Март гүүрний орчим - Дарь эх - Дамбадаржаа чиглэлд байхаар тооцоолж байгаа ажээ. Ингэхдээ,
- Авто зам 43.2
- Унадаг дугуйн зам 43.2
- Явган хүний зам 43.2
- Хонгилын систем 21.6 км байх тооцоотой аж. Мөн нийтийн тээврийн 68 зогсоол байрлана хэмээн тооцоолжээ.
Уг төслийг хэрэгжүүлэхдээ автобусны, автомашины, дугуйн болон явган хүний замыг тус тусад нь хийж өгөх бөгөөд Монголд анх удаа унадаг дугуйнд зориулж гүүр барихаар төлөвлөсөн байна.
-Дагуул хотын сэргэлтэд зориулсан 12 төсөл-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар орон зай нутаг дэвсгэрийн хөгжлийн хандлага "Дагуул хотын сэргэлт"-ийн хүрээнд дараах 12 төслийг танилцуулсан юм.
Үүнд,
- Эмээлт-Эко аж үйлдвэрийн парк
- Зүүн бүсийн олон улсын тээвэр, логистикийн төв
- Монгол наадам цогцолбор
- Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
- Металл нунтаг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл
- Экспортод чиглэсэн биологийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Багануур үйлдвэрлэл, технологийн парк
- Багахангай үйлдэврлэл, технологийн парк
- Дулааны алдагдалгүй сууц болох Зохицол төсөл
- Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн төсөл
- Эмийн ургамал тариалах төсөл
- Махны үйлдвэрлэл зэргийг танилцуулсан юм.
Мөн нийслэл өөрөө санхүүгээ босгох тогтоол гарсантай холбоотойгоор дараах таван аргаар хөрөнгөө босгоно хэмээн тооцоолж байгаа ажээ. Тухайлбал, УБ хотын хөгжлийн корпорац ХК, Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХК, "Эрдэнэс Баянбогд" ХХК, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК, Үл хөдлөх хөрөнгийн менежмент зэргээр төсвөө бүрдүүлэх юм байна.
Улаанбаатар хотын орон зайг ашиглаж, бүсчлэх бодлогыг ч баримталж буй. Үүнд,
- Багахангай: Хөнгөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хог хаягдлын үйлдвэр
- Хөшигийн хөндий: Агаарын тээвэр, ложистик, чөлөөт бүс
- Өлзийт: Хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны өрхийн үйлдвэрлэл
- Био-Сонгино, Туул: Биотехнологи, хүлэмжийн болон эрчимжсэн аж ахуй
- Аргалант-Эмээлт: Хөнгөн үйлдлвэрлэл, агууламж, тээвэр ложистик
- Жаргалант, Рашаант, 361-ийн гарам орчим: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчимжсэн болон туслах мал аж ахуй
- Гачуурт: Амралт, сувилал
- Хонхор: Ногоон суурьшил, ногоон ажлын байр, ногоон үйлдвэрлэл
- Налайх: Хөнгөн үйлдврлэл, бөөний худалдаа үйлчилгээ, боловсрол
- Тэрэлж: Аялал жуулчлал, амралт зугаалга
- Майдар: Аялал жуулчлал, соёр боловсролын салбарыг тус тус уг бүс газарт хөгжүүлэх юм байна.
Хэрэв бүтээж чадвал их л сонирхолтой хийгээд нийгэмдээ өгөөжтэй төслүүд. Харамсалтай нь санхүүжилт байхгүй. Тиймээс ч энэ удаагийн форумд ах, эгч, дүү гэгддэг улс орны төлөөллүүд өөрсдийн биеэр ирсэн хэрэг.
Гагцхүү эл төслүүд ажил хэрэг болж чадахгүй, цаас хэвээр үлдэх эрсдэл ч бий. Гэлээ гээд томоор мөрөөдөхөд буруу юу байх билээ. Гол нь л ажил хэрэг болгох. Ингэж чадвал 30 жилийн турш төлөвлөгөөгүй хөгжиж ирсэн нийслэл хот цэгцрэх замдаа орох найдлагатай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 метрийн гүн сувагчл�##� яасан Сумъяабазар аа . Эргүү дандаа хулгайч нар үхсэн ацаа хийх вэ дээ. Боловсролгүй бизнесийн анхан шатны мэдлэг суурь бхгүй хулгайч нар ажил хийх юм гэнэ. Хол очиж гуц ядахдаа бак�##�аврын боловсролгүй амьтан �##�га
Амжилт хурдхан л бүтээсэй билээ бүтээн байгуул�##�т нь эхэлчихвэл нэг ондоо доо
Хөгжлийн гол түлхүүрийн т�##�аар сайн юм зохион байгуулж чадлаа
зүгээр гоё юм үзүүлж ярьдаг улс,худлаа,энэ дотроос нь өөрсдөд нь ашигтай юу байна тэрийгээ дутуу хагас хийх байх,улс орны,иргэдийн ач тусын төлөө юу ч хийхгүй ээ