СУРВАЛЖИЛГА: 11-р ангийн Монгол бичгийн номыг “дуржигнатал” уншдаг наймхан настай З.Мөнх-Эрдэнэ
Өдгөө цагт алдагдаад буй үндэсний бахархал, Монголын ард түмний оюуны соёлын давтагдашгүй үнэт өв болох монгол бичгийг наймхан настай балчир хүү уншиж, басхүү гайхалтай уран бичиж сурчээ. Бидний энэ удаагийн сурвалжилгын гол зочин З.Мөнх-Эрдэнэ наймхан настай. Тэрбээр Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 3а ангид суралцдаг. Босоо монгол бичгийг зургадугаар ангиас, бийрэн бичлэгийг 11-р ангиас эхэлж заадаг хэдий ч, 11-р ангийн Монгол бичгийн номыг түгдэрч гацалгүй “дуржигнатал” уншиж, бийрэн бичлэгээр уран бичиж сурчээ.
-ЭМЭЭ НЬ САНАЛ ТАВЬСНЫ ДАГУУ ЗУРГААН НАСТАЙГААСАА МОНГОЛ БИЧИГ ЗААЛГАЖ ЭХЭЛСЭН БАЙНА-
Сурвалжлагын гол зочин авъяаслаг бяцхан З.Мөнх-Эрдэнэ хүүтэй уулзахаар нийслэлийн 67 дугаар сургуулийг зорьж очиход хүүхдийн инээд хөөр бялхсан эрдмийн их өргөө биднийг угтлаа. Бид бага ангийн сурагчид хичээлдээ орохоор сургуулийнхаа гадаа жагсаж байгаатай таарсан юм. Харин дотогш ороход З.Мөнх-Эрдэнэ хүү товлосон цагаа хүлээгээд бийр бэхээ хэдийн бэлдчихсэн сууж байв.
Хүү одоогоос хоёр жилийн өмнө буюу зургаахан настай байхдаа монгол бичиг заалгаж эхэлжээ. Түүний эмээ Д.Уртнасан нь босоо монгол бичгээ заалгаж сурахыг хүүд зөвлөснөөр Т.Хоролсүрэн багшид шавь орлоо. Багшдаа монгол бичиг заалгах хүсэлтээ хэлж очиход, “Тэгье, зааж өгье” хэмээн дуртайяа хүлээн авсан гэдэг. З.Мөнх-Эрдэнэ хүүгийн хичээл өдөр ордог учир хичээлийнхээ хажуугаар эхэндээ долоо хоногт нэг удаа заалгадаг байснаа одоо Мягмар, Пүрэв гарагийн өглөө заалгадаг байна. Нэг үсгийг хоёр хоногийн дотор л нүдэлж явсаар үсгүүдээ заалгаж бичиж сураад л, шууд уншиж эхэлсэн гэдэг. Одоо хүү н.Ганганбайгаль багшаараа монгол бичгээ үргэлжүүлэн заалгасаар байгаа аж.
Түүний ангид нь ч, гэрт нь ч монгол бичиг мэддэг, түгдрэлгүйгээр түүн шиг дуржигнатал уншдаг хүн байхгүй тухай тэр ярьж байлаа. Мөн “Манай эмээ монгол бичиг бол Монгол хүний бахархал. Тийм болохоор хүн бүр сурчихвал ирээдүйд нь хэрэгтэй” гэж захидаг хэмээн хэвлүүхэн хуучлах нь эгээ л том хүн шиг сонсдоно.

-МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААНААС “ШИЛДЭГ УНШИГЧ” ШАГНАЛ ХҮРТЭЖ БАЙЖЭЭ-
Ийн ярилцсаныхаа дараа тэрбээр 11-р ангийн Монгол бичгийн сурах бичиг дэх “Хүчилтөрөгчийн эрэлд” эхийг дуржигнатал уншив. Огтхон ч гацаж, түгдэрсэнгүй гуравхан минутын дотор уншаад дуусчихсан юм. Тэрээр зургаан настайдаа л монгол бичгээр бичээд сурчихсан ч, өнгөрөгч есдүгээр сараас бийрэн бичлэгээр бичиж эхэлжээ. Уншиж дууссаныхаа дараа бийрээ сурамгай гэгч нь бариад, бичиж үзүүлээд инээмсэглэсэн юм.
З.Мөнх-Эрдэнэ хүү Монгол бичгийн Улсын уралдаанд орж “Шилдэг уншигч” шагналыг хүртсэн амжилтыг үзүүлж байжээ. Дан ганц Монгол бичиг гэлтгүй Математик, Монгол хэл, Англи хэл зэрэг хичээлүүдээр улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, гуравдугаар ангийн сурагч хэдий ч тавдугаар ангийн Англи хэлний олимпиадад орж алтан медаль хүртсэн гэлээ.

-“БИ ТОМ БОЛООД УРАН БИЧЛЭГ БИЧДЭГ ХҮН БОЛНО”-
-Монгол бичгээр “дуржигнатал” уншиж байгаа бичлэг чинь олон хүнд хүрч таалагдсан. Мэдсэн үү. Тэр бичлэгээ хараад өөрт чинь ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Харсан. Маш гоё сэтгэгдэл төрсөн. Тааламжтай.
-Монгол бичиг анх сурахад хэцүү байв уу. Яаж ийм хурдан хугацаанд маш сайн уншиж сурсан бэ?
-Огтхон ч хэцүү байгаагүй ээ. Нэг мэдэхэд л уншаад сурчихсан.
-Монгол бичгийн юу нь чамд таалагддаг юм бэ?
-Бүгд надад таалагддаг шүү. /Бичих нь, унших нь бүгд таалагддаг гэдгийг ийнхүү хариулж буй нь/
-Хамгийн хэцүү нь ямар үсэг вэ?
-Бүгд амархан шүү дээ. /инээв.сурв/ Хэцүү үсэг байгаагүй.
-Танай ангид монгол бичиг гурван жилийн дараа буюу зургаадугаар ангиас орж эхлэх юм байна. Ангийнхан чинь чамаар Монгол бичиг заалгая гэж гуйдаг уу. Чамайг уншиж, бичихээр магтдаг л биз дээ?
-Монгол бичиг заалгая гэж гуйдаггүй. Харин ямар гоё бичдэг юм бэ, ямар хурдан уншдаг юм бэ гээд сонирхоод байдаг юм. Манай ангийн багшийг н.Цэрэнханд гэдэг, манай анги 44 хүүхэдтэй. Одоохондоо над шиг сайн уншиж бичдэг хүүхэд байхгүй.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг вэ?
-Би том болоод уран бичлэг бичдэг хүн болохыг хүсдэг.
-Ямар хичээлдээ хамгийн дуртай вэ?
-Математик, Монгол хэл, Англи хэлний хичээлдээ хамгийн их дуртай. Эдгээр хичээлүүддээ онц сурдаг. Бас Монгол бичгийн хичээлдээ дуртай. Хичээлийнхээ хажуугаар өдөрт нэг цаг гаргаж монгол бичгээ уншиж, бичихэд зориулдаг.
П.УРНАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mundag huud ulam ih amjilt husy!
Эрдэм номтой сайн хүн болоорой, монгол бичгээ үргэлж найз нартаа түгээн дэлгэрүүлж байхыг бяцхан хөөрхөн дүүдээ захиж байна. Амжилт хүсье мундаг байна.
яасан догь юм бэ? cool!
Бяцхан хөөрхөн хүүд улам их амжилт хүсье.Яасан мундаг юм бэ. Хүүгээ шавь оруулмаар байна.