Баянхонгорт шинэлэг кофе шоп нээсэн Г.Энхсайхан: ЭЕШ дөхөхөд хүүхдүүд голын эрэг дээр хичээллэдэг

Баянхонгор аймгийн төв барилга байшин, хүн зоны хувьд Улаанбаатарын захын дүүргээс ялгарах юмгүй. Харин хүмүүс, хүүхдүүд нь өөрсдийгөө “Хөдөө амьдарч байна” гэж боддог нь илт, тийн ярьцгаана.
Харин GS хэмээх кофе шопын хаалгыг татан ормогц Улаанбаатарт ч хаа нэгхэн тааралдах нандин хээнцэр, тунчиг тохилог орчин угтлаа. Баянхонгорын төвийг хөгжлөөс хоцрогдсон, эсвэл алслагдсан гэх мэт тэмдэг нэрээр нэрийдэхийн учиргүй байсан тул GS кофе шопыг эхлээд эндээ ямар үнэ цэн бүтээж, түгээж буйг төдийлөн анзаараагүй юм.
Гэхдээ жилийн өмнөөс аймагтаа түүчээлж, кофе шопын соёлыг түгээж, давхар хүүхэд залууст хичээлээ хийх, ажиллах тухтай орчин нь болдог гэдгийг сонсоод яахын аргагүй менежертэй нь товч ярилцахаар шийдлээ.

Эндхийн хүүхдүүд Элсэлтийн ерөнхий шалгалт дөхөхөд голын эрэг дээр очиж хичээллэдэг аж. Тэнд өглөө хүйтэн, зэрлэг ноход ихтэй, эрсдэлтэй гэнэ. Тиймд ЭЕШ эхлэхээр кофе шопоо өглөө 06.00 цагаас нээдэг болгоно, заавал худалдан авалт хийхийг шаардахгүй гээд Г.Энхсайхан бодлогширч байлаа.
ЕБС-ийн хүүхдүүд орж ирээд, шейк уунгаа хичээлээ хийж харагдах энэ кофе шопод Г.Энхсайхан өнөөдөрхөн нэг шинэ засал, чимэглэл хийж дуусжээ.
Г.Энхсайхан: Зөв нүдээр харвал орон нутагт давуу тал нь олон
-Танай кофе шоп хэзээ нээгдсэн бэ?
-Өнгөрсөн жилийн тавдугаар сард “Ханбогд” кашмерын дэргэд GS кофе шопоо нээсэн. Харин намраас нь орчноо шинэчилж, илүү тохь, тухтай болгож, хөдөө орон нутагт кофены соёлыг түгээх зорилго тавьж ажилласан.
-Өөр кофе шоп төдийлөн байхгүй учраас “Соёл түгээх” гэдэг үг ашиглаж байна уу?
-Тийм, залуус хөдөө орон нутагт ажиллаж, амьдаръя гэхэд яг ийм газар маш дутмаг. Үүнээс л анхны сэдэл санаа төрсөн гэх үү дээ. Бид орчныг тохижуулахаас гадна ном унших, борлуулах хэсэг гаргасан. Мөн дартсын клуб ажиллуулдаг. Иймд кофе шопоо GS Center гэж нэрлэж байгаа. Удахгүй фитнесс төв нээхээр ажиллаж байна.

-Аймгийн төвд фитнесс бий юү?
-Байгаа. Гэхдээ манайх маш шинэлэг болно, сюрприз болж гарч ирнэ.
-Тохижилтыг маш нандин хийжээ. Таны санаа юу?
-Зураач, уран бүтээлч найзтайгаа хамтарч, дотоод засал чимэглэл, тохижилтуудыг хийсэн.
Яавал шинэлэг бөгөөд энгийн, тохь тухтай байх талаас нь анхаарч, нэлээд хөдөлмөрлөсөн. Хүмүүс Улаанбаатараас баруун аймаг руу явахдаа кофе шоп асуух нь их. Манайх харин орчны хувьд ч, кофены чанарын хувьд ч аймагтаа шинэлэг байж чадаж байгаа болов уу.
-Кофены соёл гэснээс, соёлыг хэр түгээж чадаж байна гэж асууя?
-Ер нь орон нутагт кофены соёл бол тийм ч сайн түгээгүй
Угтаа завгүй хотуудын хувьд амьдралын зайлшгүй нэг хэсэг нь кофе, кофе шоп болчихсон. Үүнийг хөгжүүлж чадвал залуусыг орон нутагт ирж суурьшихад нь их нөлөөлөхөөр.
Манайхыг нээгсдэний дараа кофе мэддэггүй нь мэддэгээсээ олон байсан л даа. Амт чанарын хувьд дасаагүй, шинээр хүлээж авдаг байсан. Одоо харин нэлээд ойлгодог, мэддэг болцгоож байна. Бид эхлээд ямар амь хүсэж буйг нь асуудаг, түүнийх нь дагуу зөвлөж, бэлдэж өгдөг.
-Үнийн хувьд Улаанбаатарын кофе шопуудаас ялгаагүй санагдлаа. Иргэд үнэтэй байна гэдэг үү?
-Эхэндээ тэгж хүлээж авдаг хүмүүс байсан. Одоо гайгүй шүү.
-GS кофе шопыг төлөвшүүлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл юу байв?
-Хүнд гэхээсээ урам хугалсан зүйлс тохиолдож байсан санагдана.
Бид жижиг, энгийн, өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг зүйлсийг сэтгэмжилж, чимэглэл болгон “амилуулсан”. Хүмүүс харин орж ирээд “Аан, бид ч хийчих юм байна” гэж хэлж байсан. Уг нь анх хэн ч хийгээгүй л байсан. Харин хийсний дараа, ямар хөдөлмөр орсныг мэдэхгүй мөртлөө тэгж хэлэх хүмүүстэй таарч байлаа.

-Нэг талаасаа ганц кофе аваад өдөржин суучих нь элбэг учраас орлого талдаа төвөгтэй бизнес шүү?
-Яах вэ, кофе өөрөө ус шиг ойр ойр уудаг, ууж болдог зүйл биш шүү дээ. Ер нь хүн найзуудтайгаа сайхан ярих гэж, чөлөөт цагаа өнгөрүүлэх гэж, төвлөрч ажлаа хийх гэж л кофе шопод орж ирдэг. Өөрийнх нь онцлог энэ. Манай аймгийн төвд бол оюутан залуус байхгүй. Миний үеийн залуус орж ирнэ, тэгээд хүүхдүүд. Хүүхдүүд их хөөрхөн. Гэгээлэг, хөөрхөн юмс ярина, хичээлээ нам суугаад хийнэ. Энэ нь хүүхдүүддээ илүү их мэдлэг мэдээлэл өгөх сөн, зөв хандлага түгээх сэн гэсэн сэтгэл төрүүлдэг. Тэр ч утгаар ер ашиг, орлого харъя гэдэггүй.
-Урмын үг хэлж, дэмжих нь их үү?
-Тийм шүү, “Үнэхээр гоё, шинэлэг газар байна”, “Яг л ийм газрыг хүсэж байлаа” гэх мэт урмын үг их ирдэг. Хүүхдүүд манай бариста нарыг зурдаг. Амны цаасан дээр үгээ бичиж үлдээдэг. Тийм учраас бид урам зоригоор дүүрэн ажиллаж чаддаг болов уу.
-Фитнессээс өөр шинээр эхлүүлэхээр төлөвлөж буй зүйл бий юү?
-Хувь хүний хөгжлийн талаарх сургалт, сурталчилгаанууд хийдэг болъё гэсэн бодолтой байгаа. Өглөөний уулзалтууд хийж болно шүү дээ. Энэ мэтчилэн чиглэл, чиглэлийн шинэ клубүүдийг нээх зорилт тавиад ажиллаж байна.
-Та өөрөө Баянхонгорын хүн үү?
-Би Баянхонгор аймгийн харьяат. Улаанбаатар хотод 7-8 жил амьдарч, нутагтаа ирээд хоёр жил болж байна.
-Яагаад ирэв?
-Орон нутгийг хөгжлөөс тусгаарлагдсан гэж хараад ирж амьдрахаас татгалзах нь их шүү дээ.
Яг ирээд, амьдраад үзвэл таатай нөхцөл их шүү. Стресс, түгжрэл байхгүй, цагийн менежментийг сайн хийх боломжтой. Зөв нүдээр л харж чадвал сул гэхээсээ давуу тал их.
Хүн өсөж төрсөн нутагтаа ирж, ажиллаж амьдраал эхэлбэл хөдөө орон нутаг ч хөгжинө, хүн амынхаа тоог дагаад. 2-3 жилийн өмнөөс хөдөөг зорьсон залуус их болж буй гэж харж байгаа. Манай үеийн залуус Баянхонгорт их шүү.

-Ийм хандлага хаанаас төлөвшсөн гэх вэ?
-Гэр бүлийн хүмүүжил гэх үү дээ. Багаасаа сайн дурын, сайн үйлсийн аянд их нэгддэг байсан. Одоо ч тийм. Ер хүнд аз жаргал бэлэглэх хамгийн сайхан. Миний сэтгэлээ гаргаж тохижуулсан газар орж ирээд аз жаргалтай байгааг нь харахад л бүр илүү хичээмээр, хөдөлмөрлөмөөр санагддаг даа. тохижуулсан газар... гээд л.
-Баянхонгорчууд өөрөө өөрсдөдөө юуг анхаарвал зүгээр гэж залуу хүний хувьд боддог вэ?
-Хандлага гэдэг хотод ч, хөдөө ч, хаана ч зөв байх учиртай шүү дээ. Цэвэр цэмцгэр хотыг бид өөрсдөө л бий болгож чадна. Ер нь зөв хандлагатай, зөв хүмүүс байгаасай, болоосой л гэж боддог. Эмзэглэл хаана ч бий л дээ. Тэдгээрийг манай үеийн залуус л өөрчилж чадах болов уу гэж боддог. Эмзэглэж байгаа бол тэр чиглэлдээ зөв мессежийг түгээдэг байгаасай гэж үеийн залуусаа боддог.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос үнэхээр хэрэгтэй бу�####�д буян болох ажил санаачлан хийж байгаа з�##�ууд т�##�архаж байна. Танай нутгаар зочлохоор орно оо баярл�##�аа
Мундаг з�##�уу бна
Ene coffee shop tohiljilt uneheer goy nairsag hamt oolontoi ym bnee
Хүмүүс заав�##� тэгж хэлдэг, эсвэл дууриадаг.
Ярилцлагаа адилхан англиар өгөхгүй дээ !