Нью-Йоркын Рубины урлагийн музейд дадлагажигчаар ажиллах гэж буй куратор П.Мягмарцэрэнтэй ярилцлаа

Ванжил урлагийн институтын туслах куратор Пүрэвийн Мягмарцэрэнтэй (Жина) ярилцлаа.
ЭНЭТХЭГТ БАЙХДАА ШАШНЫ ДОМОГ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ОЙЛГОЛТУУД НЬ НИЙГМИЙН ХАРИЛЦАА БҮТЦЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ БОЛОХЫГ СУДАЛСАН
-Рубины урлагийн музейд дадлага хийх /internship/ алтан боломжийг хэрхэн олж авав?
-Би тун удахгүй АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг Рубины урлагийн музейд дөрвөн сарын хугацаатай интерншип хийх гэж байна. Интерншип гэдэг нь дадлагажина гэсэн үг. Энэ боломжийг атгаж авахад мэдээж олон хүний туслалцаа байсан. Тухайлбал, материалаа өгөхөд, материалаа бүрдүүлэх тал дээр надаас илүү дэвшилттэй яваа, туршлагажсан, чадвартай хүмүүс зөвлөгөө өгсөн. Нөгөөтэйгүүр, найз нөхөд минь чадна гэдэг урам зориг өгч, хамт ажилладаг хүмүүс маань ч итгэл найдвар өгсний үндсэн дээр материалаа өгсөн. Үүнээс хойш гурван шат дамжиж байж есдүгээр сард тэнцсэн гэдэг хариугаа авсан. Энэ хөтөлбөрийг Монгол судлалын Америк төв анх зургаадугаар сард зарлаж, хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүс материалаа өгч эхэлсэн байдаг. Ингээд наймдугаар сарын 04-ний өдөр материалаа авч дуусаад, тухайн сарынхаа дундуур ярилцлаганд дуудсан. Хоёр ч ярилцлагад орсон нь Монгол судлалын Америк төв, нөгөө нь Рубины музейтэй видео ярилцлага хийж, есдүгээр сард музейгээс тэнцсэн гэсэн хариугаа аваад, удахгүй явахаар болоод байна.
-Танд дахин баяр хүргэе. Монголоос анх удаа Рубины музей рүү интерншипээр явах гэж байгаа гэж ойлгосон, зөв үү?
-Анх удаагийн интерншип гэхээсээ илүүтэй кураторын хувьд анхны тохиолдол гэж хэлж болно. Учир нь Монгол судлалын Америк төв энэ хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зарлаж, өнгөрсөн жил Рубины музейн боловсролын хэлтэст музейн боловсролын чиглэлээр хүн явсан байсан. Би кураторын хэлтэст очиж, Рубины музейн кураторуудын доор дадлагажиж ажиллах юм. Хэлтэс хэлтэс нь ондоо. Тиймээс дадлагажиж ажиллах үүрэг маань ч өөр байна гэсэн үг. Мөн кураторын хэлтэс бол тухайн музейд хоёрт ордог хэлтэс. Өөрөөр хэлбэл, хэлтсүүд пирамид хэлбэрт шатлалтай байдаг. Үүний хамгийн дээр нь ТУЗ, дараа нь үзэсгэлэн хариуцсан Collection management хэлтэс, дараа нь кураторын хэлтэс байна. Тиймээс музейн гол цөм үйл ажиллагааг хангаж байдаг хэлтэс нь гэж хэлж болно.
-Нью-Йоркт байрлах дэлхийн алдартай музейд дадлагажих боломж хүн бүрт олдоод байхгүй шүү дээ. Өв соёл тээж буй тул тааралдсан нэгнийг ч сонгохгүй, өндөр шалгууртай болов уу. Таны давуу тал юу байсан учир тус музей таныг уг хөтөлбөртөө тэнцүүлсэн гэж та бодож байна вэ?
-Шийдвэр гаргасан музейн талаас миний юуг давуу тал болгож харсныг би одоохондоо хэлж мэдэхгүй юм. Очсон хойноо асуух байх. Харин миний өөрийн бодож буйгаар магадгүй нэгдүгээрт, миний хэлний чадвар байсан болов уу. Хоёрдугаарт, магистрын хөтөлбөрт хийж байсан судалгаа, магистрын хөтөлбөрөө дуусгаад хийсэн судалгаанууд илүү давуу тал болсон юм болов уу.
Би магистрынхаа хөтөлбөрийг Энэтхэг улсын Шинэ Дэли хотод байрладаг Жавахарлал Неру /Jawaharlal Nehru/-ийн их сургуульд 2016-2018 оны хооронд хамгаалсан. Тэдний Нийгмийн систем судлалын төв гэж Энэтхэг улсдаа нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны чиглэлээр нэгдүгээрт тооцогддог том сургууль бий. Тэнд социологийн чиглэлээр магистраа хамгаалсан. Гэхдээ аргазүй нь илүү нийгмийн антропологи хандлагатай. Тэнд магистраа төгссөний дараа хамтарсан судалгааны боломж олж, судалгаагаа хийж байгаад 2019 оны нэгдүгээр сард эх орондоо буцаж ирсэн.
Тэр судалгаа нь шашны домог, сэдвүүд, итгэл үнэмшил, ойлголтууд нь нийгмийн харилцаа бүтцэд хэрхэн нөлөөлж байдаг тухай байсан. Тодруулбал, Энэтхэг улсын Ассам мужид байрладаг Камакиа сүм /Kamakhya temple/ бий. Уг сүмтэй холбоотой маш сонирхолтой домгууд байдаг. Камакиа сүмийн домгоос хэсэгчилвэл, Хиндү шашны Шива гэж бурхны гэргий нас барахад Шива өөд болсон эхнэрээ үүрээд нисэж гэнэ. Нисэхдээ эхнэрийнхээ биеийг хэдэн хэсэгт хуваан, тасдахад эм бэлэг эрхтэн нь Ассамын Камакиа сүм байдаг газар нутаг дээр унажээ. Тэр цаг үеэс хойш яг л тэр газарт сар бүр эмэгтэй хүний биений юм ирдэг мэт жилд нэг удаа эмэгтэй хүнтэй ижил үржилд орохын тулд биений юм нь ирдэг гэх домог бий. Тэр домогтой холбоотойгоор тухайн бүс нутгийн нийгмийн харилцаа, зан байдал хэрхэн бүрэлдэж, бий болж буй тухай судалгаа байсан. Тэр судалгаанууд маань сонгогдоход нөлөөлсөн болов уу. Учир нь Рубины музейн 1000 гаруй бүтээлийн дийлэнх нь Хималайн бүс нутагт бий болсон, тэнд бүтээгдсэн тул тэр л соёл иргэншилтэй холбоотой байдаг. Хималайн бүс нутаг гэхээр тус уулаас эхлээд урагш Зүүн Азийн бүс нутгуудыг оруулчихдаг юм билээ. Би яг биеэр очиж үзээгүй байгаа тул аль бүс нутгийг хамруулж, ямар ямар бүтээлүүдийг сонгон авсан байдгийг нь төдийлөн мэддэггүй. Гэхдээ ерөнхий нэр томьёогоороо “Хималайн арт” гэж нэрийддэг.
ӨНӨӨДӨР ХЭДИЙ 21-Р ЗУУН Ч ГЭСЭН ДОМГИЙН СЭТГЭЛГЭЭ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ДУНД БАЙЖ, НИЙГМИЙН ХАРИЛЦАА, СОЁЛУУДЫГ ЗОХИЦУУЛСААР БАЙГАА

-Судалгаагаа хийж байсан үеэ та эргээд дурсахгүй юу. Домгийн шинжтэй гэхээр бодит биш хийсвэр зүйлийг судалгааныхаа сэдэв болгоод явахад хүндрэлтэй байдаг шүү дээ?
-Би сургуулиа 2018 оны долоодугаар сард албан ёсоор төгсөж, сертификатаа авсан бөгөөд судалгаагаа үүнээс хойш хожуу эхэлсэн. Судалгаа хийх эрхийг 2018 оны есдүгээр сард авсан л ч долоодугаар сараас нь эхлээд Судалгааны төвийн профессор Амид Кумартойгоо хамтраад хийгээд эхэлсэн байлаа. Профессор маань cultural announces чиглэлд мэргэшиж, тэр чиглэлийн лекцүүд уншдаг, соёлын судалгаанууд хийдэг хүн. Судалгаагаа ихэвчлэн аль хэдийн судлагдчихсан баримт, ном зохиолууд дээр ажиллаж, датанд суурилж хийж байсан. Энэ үедээ наашаа яаралтай ирэх шаардлагатай болсон тул дундаас нь орхисон гэж болно. Гэхдээ судалгааны 85 хувь нь бүрдчихсэн байсан. Судалгаа хийж байсан үед сонирхолтой зүйл тохиолдоно. Судалгаа хийх үед гэхээсээ илүүтэй Энэтхэгт амьдарч, сурч, судалгаа хийнэ гэдэг нь өөрөө өдөр тутамдаа сонирхолтой. Монголчууд Энэтхэгийн тухай ерөнхий нэг дүр зургаар ойлгодог шиг санагддаг. Очоод амьдарсан хүмүүс арай өөрөөр хардаг. Учир нь Энэтхэг улс маш олон соёл, олон улс нэгдээд амьдарч байгаа шиг. Хиндү гол шашин нь хэвээр боловч бүс бүсээрээ Хиндүчүүд хоорондоо ялгаатай. Тухайлбал, Ассам бол уулын муж. Тэндэхийн Хиндү шашинтай хүмүүсийн итгэдэг домог нь урагш буюу гол бүс нутгуудаар байдаг Хиндү шашинтнуудаас өөр. Дүр, бурхад нь ижил боловч домогчилж шүтэж буй нь өөр. Энэ нь их сонирхолтой. Бүгдээрээ Хиндү шашинтай ч өөр өөр домгуудыг итгэл үнэмшлийнхээ төв болгодог. Хүн төрөлхтний анхны ертөнцийг тайлбарлах тайлал өөрөө домогчилсон байдлаар бий болж байсан гэдэг шүү дээ. Өнөөдөр хэдий 21-р зуун ч гэсэн домгийн сэтгэлгээ хүн төрөлхтний дунд байсаар ч байгаа, өнөөдөр ч олон нийгмийн харилцаа, соёлуудыг зохицуулсаар байгаа. Тэр утгаараа судалгаа хийж байхад Шинэ Дэли буюу гол бүс нутагт амьдарч байхад төрөл төрлийн мужуудаас ирсэн хүүхдүүдтэй цуг байна. Тэдэнтэй энэ сэдвийнхээ дагуу яриа өрнүүлэхэд, Хиндү шашинтай гурван найз маань өөр өөр тайлбар өгч, тэр дундаас тайлал хийх, өөр өнцгөөс харах боломжууд бий болдог байлаа. Судалгаа хийх тийм ч амар ажил биш, олон ном уншиж, судална. Миний харамсаж байгаа нэг зүйл бол судалгаагаа дуусгаж чадаагүй явдал. Ирэх жилээс эхэлсэн судалгаагаа очиж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Рубины музейд ч би үүнийгээ сайтар тайлбарлаж хэлсэн. Намайг тэнд очиход голчлон удирдаж ажиллуулах хүн маань Рубины музейн куратор Элена Бахатова гэж судлаач юм билээ.
-Рубины музейн талаар та уншигчдад маань тодруулж өгөхгүй юу? Хэдэн оноос хойш, ямар түүхтэйгээр ажиллаж эхэлсэн музей вэ? Ямар ямар үзмэрүүдээр баяжуулсан байдаг бол?
-Рубины музей миний уншиж мэдсэнээр 1970-аад онд музей байгуулах санаа олж авсан гэдэг юм билээ. Үүсгэн байгуулагчид нь эхнэр, нөхөр хоёр байдаг. Түүхээс нь дурьдвал, Нью-Йоркын гудамжаар тэд алхаж яваад галлерейд орж. Тэндэхийн цонхоор хартал Монголчуудын хэлдгээр Цагаан дарь эхийн танка бүтээл байж гэнэ. Тэр л бүтээл Рубины сэтгэлийг татаж, тэр агшнаас хойш Буддын шашны холбогдолтой, бурхны шашны дүр дүрслэл, бүтээлүүдийг сонирхож, цуглуулж эхэлсэн гэдэг. Ингээд тодорхой цуглуулгатай болсныхоо дараа олон нийтэд таниулж, хүртээе, ач холбогдол нь их чухал юм гэдгийг ойлгон 2004 онд музейгээ байгуулжээ. Гэхдээ одоо байгаан музейн барилга нь хуучнаар Барнигийн дэлгүүр гэж байсан бөгөөд 1990-ээд оны дунд үед худалдан авч, бүтэц өөрчлөх зэрэг засварын ажлуудаа хийсээр 2004 онд ашиглалтад орсон юм билээ. Магадгүй 2004 он гэхээр шинэ, сүүлийн үеийн музей шиг хүмүүст сонсогдож мэднэ. Гэхдээ 2019 оны урлагийн ертөнцөд Рубины музейг мэдэхгүй, сонсоогүй хүмүүс байхгүй. Учир нь тус музей Буддын шашны, Хиндү шашны, Зүүн Азийн итгэл үнэмшилтэй холбоотой бүтээлүүдийг олон нийтэд судалгааны үндсэн дээр таниулж буй топ музейдийн нэг яах аргагүй мөн. Тиймээс энэ чиглэлийн судалгаа хийдэг хүмүүс ч Рубины музейд буй сан хөмрөгийн ач холбогдлыг ч маш сайн мэддэг. Учир нь нэг талаас Нью-Йорк бол бидний мэддэг маш том метрополитан хот, уг хотод контемпорари, модерн музейдтэй нэг байршилд зэрэгцэн байдаг. Монголчууд бид итгэл үнэмшилтэй байдаг ч Бурхны шашин, уламжлал гэдэг өнцгөөс харж тоомжиргүй хандаж, соёлын ач холбогдол талаас нь харах нь маруухан. Гэтэл үүнийг нэн орчин үежчихсэн соёл дунд оршин тогтнуулж, үзүүлж байна гэдэг нь Рубины музейн ач холбогдол юмуудаа.
-Та Рубины музейд очин дадлагажиж ирэхдээ ямар зорилготой эх орноосоо явах вэ? нөгөөтэйгүүр, тэнд суралцаж ирэхийн ач холбогдлыг тодорхойлбол?
-Дорнын соёлыг одоо ч тээж яваа улсуудын хувьд Рубины музейн ач холбогдол өндөр. Тэр хол Америкт дорнын соёлын ач холбогдлыг таниулаад явж байна. Танка зураг хэрхэн бүтдэг, түүнээс хүн юу мэдэрч болох, ямар ач холбогдолтой, ямар харилцаанд орж болох вэ гэх мэт барууныхан ойлгоход хэцүү дорнын хүмүүсийн итгэл үнэмшлийг тэр музей орчин үеийн хэл хэллэг, аргачлалаар орчин үеийн хүнд таниулж мэдүүлж буй дэвшилтэт менежменттэй. Тэднээс очиж суралцаж, кураторын хэлтэст ажиллана гэдэг миний хувьд маш чухал зүйл. Зөвхөн хувь хүн талаасаа ч бус, энэ салбарт ч чухал зүйл. Учир нь сайн анзаарвал, Улаанбаатарт буй гол музейд ялгаагүй л бурхны шашны эд өлгийн зүйлсийг агуулдаг. Үүнийг Монголчууд бид цаашид ч үе үеэрээ аваад л явна. Тиймээс уг музейд судлаачид, куратор, менежментээ цаашид хэрхэн дэвшилттэй авч явах вэ гэдэг аргазүйд суралцах нь маш чухал. Би одоогоор музейд ажилладаггүй. Ванжил урлагийн институтэд туслах куратороор ажилладаг. Манайх сураглт, судалгаа, зөвлөгөөний чиглэлээр дагнаж ажилладаг тул би чадваржина гэдэг нь чадваржсан чадамж, мэдлэгээ бусдад түгээх эх үүсвэр дээр ажиллаж байна гэсэн үг. Тиймээс явж ирсэн хойноо олон сургалт, семинарууд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
КУРАТОР БОЛ МЕНЕЖЕР БИШ. ГЭХДЭЭ КУРАТОР ХҮН МЕНЕЖЕРИЙН УР ЧАДВАРУУДЫГ ЭЗЭМШСЭН БАЙХ НЬ ЗҮЙ

-Та МУИС-ийг урлаг судлаач мэргэжлээр төгсөж, Энэтхэг улсад социологийн чиглэлд магистрын зэргээ хамгаалж төгссөн. Эргэж ирээд ахиад л урлагийн институтэд ажиллаж байна. Энэ хугацаанд куратор гэдэг нэршил Монгол улсад шинэ тутам сонсогдох боллоо. Магадгүй урлаг судлаачаар төгссөн хүн бүр өөрсдийгөө куратор гэж хэлэх, эсвэл урлагийн менежментээр мэргэшиж яваа хүн өөрийгөө куратор гэх үү. Ерөнхийдөө ийм нэг замбараагүй нөхцөл байдал үүсээд байгаа. Ванжил урлагийн институт кураторын сургалт зохион байгуулдаг. Та ч өөрөө хамрагдаж байсан гэсэн. Тиймээс куратор гэж хэн болох, та яагаад куратор болсон талаар хоёул яриагаа үргэлжлүүлэх үү?
-Тэгье. Өөрөөсөө эхлэе. Би 2013 онд МУИС-ийг урлаг судлалаар төгсөж байсан. Урлаг судлал гэдэг нэр томьёо өөрөө асуудалтай. Оюутан байхдаа уг нэр томьёонд ач холбогдол өгдөггүй байлаа, жаахан ч байж. Нэр томьёо бодохоосоо илүүтэй номоо уншаад л явна. Тухайн үед хичээл зааж байсан багш, профессорууд ч нэр томьёоны асуудлыг хөнддөггүй байлаа. Харин энэ хэдэн жилийн хугацаанд бодоход дээр хэлсэнчлэн урлаг судлал гэдэг нэр томьёо асуудалтай. Учир нь олон улсад урлаг судлал гэдэг нэр томьёог ашигладаггүй. Манай МУИС одоо “Art studies” гэх орчуулгаар явдаг, харин олон улсад “Art history” гэж нэрлэдэг. Урлагийн түүх гэж Монгол руу орчуулагдана. Утгын хувьд бас л асуудалтай ч барууны нэр томьёотой харьцуулахад миний төгссөн салбар бол урлаг судлал бус урлагийн түүхч судлаач Болж байгаа юм. Түүхч гэдэг монгол үг ашиглахаар бас л буруу ойлгогдмоор. Тэгэхээр урлаг судлаач гэдгийг бид урлагийн түүхч судлаач гэдэг гурван үгний хүрээнд ойлговол илүү зохистой санагддаг.
Харин куратор гэдэг бол өнөө үед зайлшгүй урлагийн түүхийн мэдлэгтэй, энэ чиглэлээр суралцаж төгссөн, судалгааны ажилтай, суурь мэдлэгтэй байх ёстой. Өнөөдрийн монголын нийгэм нь ороо бусгаа байгаа тул урлагийн салбар ч ороо бусгаа, жаахан дураараа загнах, дураараа аашлах шинжүүд их байдаг. Учир нь мэргэжлийн хувьд чадвартай хүмүүс цөөн байдаг учир дийлэнх нь замбараагүй системдээ дадал болчихсон, түүнийгээ өөхшүүлээд явах хандлагатай харагддаг. Цөөхөн хэдэн мэргэжлийнхээ хүмүүсийн үгийг ч сонсохгүй, үл тоомсорлох хандлагууд ч бий. Тиймээс хүссэн нь, зүгээр л менежментээр суралцсан эсвэл менежерийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүс өөрсдийгөө куратор гэж нэрлэх үзэгдлүүд манайд байдаг. Куратор бол менежер биш. Гэхдээ куратор хүн менежерийн ур чадваруудыг эзэмшсэн байх нь зүй. Кураторууд дийлэнх нь музей, галлерейд ажилладаг, зарим нь ямар нэгэн хэлтэст харьяалагдахгүй үзэсгэлэнгийн төсөл, уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Музей, галлерейд ажилладаг кураторуудын хувьд томоохон төслүүд дээр ажиллана. Үзэсгэлэнг анх яриа байх үеэс нь эхлээд консепт дээр ажиллана, агуулга, зорилтот бүлэг, утга санааг боловсруулна. Нэг талаас зохион байгуулалт хийдэг учир менежментийн ур чадвар ийм үед хэрэг болно. Ерөнхийдөө куратор болохын тулд суурь нь судалгааны ур чадвар, урлагийн талаарх гүн гүнзгий ойлголт юм. Үүгээрээ би менежментийн ажлыг дорд үзэж буй биш. Ур чадварын хувьд пралель байж болох ч куратор болохын тулд илүү дэвшилттэй, мэдлэгийн түвшин нь академик байх болно. Миний хувьд туслах куратор хийж байгаа. Куратор болох гээд явж байгаа гэж хэлж болно. Намайг зааж чиглүүлж байдаг ментортой. Манай Ванжил урлагийн институтыг үүсгэн байгуулсан Цэгмидийн Цэндпүрэв гэж кураторын доор дадлагажаад явж байгаа гэвэл илүү оновчтой юм байна.
Куратор гэдэг нэр томьёог шууд тодорхойлсон тодорхойлолт байхгүй. Гэхдээ олон улсын ямар ч куратор, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн дээр очоод “Куратор гэж хэн бэ” гэж асуувал дээрхийг л хэлэх болов уу.
-Таны ажиллаж буй байгууллагын талаар яриагаа хандуулъя. Ванжил урлагийн төв байснаа институт болж цар хүрээгээ өргөжүүлсэн байсан. Мөн тун удахгүй өөрсдийн галлерейтэй болно гэсэн шүү дээ. Хувиараа бие дагаад урлагийн мэргэжлийн институт эрхэлж байгаа Монголын ганц байгууллага байх. Одоо ямар шинэ төлөвлөгөө, зорилготой ажиллаж байна вэ?
-Тэгж хэлж болох байх. Манай Ванжил “институт” гэдэг статусаа өнгөрсөн наймдугаар сард авсан. Өмнө нь урлагийн төв гэсэн нэршилтэй байлаа. Үйл ажиллагаагаа нарийсгаж, илүү тодорхой болгож, алсын хараагаа ярилцаад тэр зорилгынхоо үндсэн дээр үйл ажиллагаагаа сургалт, судалгаа, зөвлөгөө гэсэн гурван чиглэлд явуулахаар тогтсон. Ийм гурван чиглэлээр дагнаж ажиллах тул институтын түвшинд дагнаж ажиллах ёстой юм байна гэж ярилцсан. Бид мөн багаа илүү тэлж, хүн хүч нэмэгдэж, чадвартай залуу судлаачидтай ч хамтрах болсон тул институт болон өргөжсөн. Ванжил урлагийн төв урлагийн олон сургалт явуулдаг гэдгийг хүмүүс мэдэх байх. Уг сургалтуудыг манай институтын үүсгэн байгуулагч судлаач, уран бүтээлч Ц.Цэндпүрэв өөрийн биеэр удирдан явуулдаг. 2013 оноос хойш нийт зургаан жилийн турш яг л энэ чиглэлд төвлөрч ажилласан. Манай түүхийг харвал сургалт, судалгаанд илүү давамгай чиглэсэн байдаг. Одоо хэд хэдэн судалгааны төслүүд эхэлчихсэн яваа.
Галлерейн тухайд мөн л төслөө эхлүүлсэн. Судлаач Цэндпүрэв бид ярилцахдаа “Хийвэл сайн хийе, сайн хийж чадахгүй бол хийхгүй байя” гэдэг зарчмыг баримталдаг. Яг л ийм үзэл санаа, сонирхлоороо нэгдсэн баг хамт олон манайд цугласан байдаг. Тиймээс бид цаашид үүсгэн байгуулах галлерейгаа олон улсын стандартад нийцсэн, тухайн байгууллагын ажилчид ур чадварын хувьд олон улсад ажиллах чадамжтай, мөн олон улсын галлерейн ёс зүй менежментийг дагасан галлерей үүсгэн байгуулах зорилготой байгаа. Одоогоор яг хэзээ нээгдэх тухай тодорхой он сар хэлж чадахгүй ч ирэх оны хавар нээх болов уу гэсэн баримжаатай байна.
ЭРГЭЭД ХАРАХАД ИХ СУРГУУЛЬД СУРЧ, ШАНАЛЖ БАЙСАН ҮЕ МИНЬ АМТТАЙ САНАГДДАГ

-Урлаг судлалын салбарыг сонгон суралцах болсон түүхийг тань ууталбал... Таны аав уран бүтээлч хүн шүү дээ. Магадгүй аав тань танд энэ мэргэлжийг сонгоход нөлөөлөв үү? Хавар болгон урлаг судлаач мэргэжлээр олон залуус төгсөн гарч байгаа ч зах зээл дээр ажлын байр байхгүйгээс ихэнх нь өөр салбар руу хөрвөн орж байна. Та энэ бүхнийг тооцож үзсэн үү?
-Арван жилийн сургуулиа төгсөөд мөнгө олох мэргэжил сонгоно гэж огт бодож байгаагүй. Манай гэр бүлийнхэн ч тийм төрлийн хүмүүс биш. Манайх гурван охинтой, би хамгийн бага нь. Аав ээж хоёр маань гурван охиноо боловсролтой л болгоно гэж бодохоос хэзээ ч бид гуравтай мөнгөний талаар ярилцаж байсангүй. Ийм яриа манайд хэзээ ч өрнөж байгаагүй. Би их сургуульд 16 настай орж байлаа. Надад ч тийм бодол байгаагүй, мөнгө яаж олох вэ, зах зээл дээр аль мэргэжил эрэлттэй байна ч гэж бодсонгүй. Харин ахлах ангиасаа эхлээд сэтгэл судлаач болно гэдэг мөрөөдөлтэй болов. Гэтэл төгсдөг жил том эгч маань гадаадад сэтгэл судлалаар суралцаж төгсөөд ирлээ. “Эгч сэтгэл судлалаар сурчихсан юм чинь би сурахгүй” гэж бодоод аав, эгч нартайгаа ямар мэргэжлээр, хэрхэн, хаана сурах вэ гэдэг яриан өрнүүллээ. Тэгтэл аав хажуунаас “Миний охин урлаг судлалаар сурвал сайхан юм бишүү” гэсэн. Манай аав уран бүтээлч хүн, нэг их яриа хүн ч биш. Би угаас л аавын охин, багаасаа аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлсэн. Бидний хувьд зах зээлд шилжиж байх үеийн хүүхдүүд шүү дээ. Аав ээж хоёрыг харахад ээж илүү хөдөлгөөнтэй, харин аав маань номын, хөдөлгөөн багатай. Зах зээлийн шуурган дунд ээж хөдөлгөөнтэйгөөрөө гадуур их явж, “талх авчрах ажил” хийнэ. Харин аав гэртээ оёж, шидэх, бүтээх, уран бүтээлийн ажлуу хийж хүүхдээ харна. Зорилготой биш ч хүүхэд ямар л орчинд өсөж торнино, ухамсаргүйд нь шингээд л яваад байдаг. Аав хажууд зургаа зураад л суухад будаг шингэлэгч, будаг, будаг арилгагчных нь үнэр үнэртэх тэр л орчинд өсчихсөн. Одоо л тэр бүхэн надад их нөлөөлсөн юм болов уу гэж бодогддог. Ер нь сониучхан байдлаар мэргэжлээ сонгож, анх эхлүүлсэн. Магадгүй хүнд хувь тавьлан гэж байдаг, тэр нь цагаан цаас, түүн дээр юу зурах нь миний шийдвэр гэж боддог.
-Урлаг судлаачаар суралцаж байх хугацаандаа сэтгэлзүйн хувьд ямар зам туулав?
-Шаналантай байсан. Хүмүүс урлаг судлаач гэхээр их сайхан юмаа гэдэг. Гэхдээ цаана нь маш их үйл явц болдог гэдгийг тэр бүр мэддэггүй. Учир нь урлагийн түүх судална гэдэг зөвхөн түүх уншаад байх бус, түүний цаадах философийг их ойлгож, судлах шаардлагатай болдог. Хүн төрлөхтний философийг 16 настай охин уншиж судлаад, уншаад ирэхээр өөрийн амьдралыг ч ялгаагүй эргэцүүлж эхэлдэг. Утга учир, амьдрал, түүх гэх мэт олон зүйлс толгойд эргэлдээд эхлэхээр их шаналан тээдэг. Уран бүтээлчдийн түүхийг ч уншихаар тэр хүмүүсийн шаналал зовлонг биеэрээ мэдэрнэ. Урлагийн түүхч судлаач байхын бас нэг гол зүйл бол гүн гүнзгий мэрэмжтэй байх явдал. Тэр түүхийг мэдрэх мэдрэмж, холбоосыг тухайн судлаач үүсгэх нь чухал. Азаар надад тэр нэг зүйл байдаг. Тэр ч утгаараа одоо ч урлагаас шалтгаалсан шаналан надтай хамт байсаар л байгаа. Гэхдээ одоо нас биед хүрчихсэн тул зохицуулах чадвартай болчихсон. Эргээд харахад их сургуульд сурч, шаналж байсан үе минь амттай санагддаг. Заримдаа үүнээсээ хөндийрөхөөр санаад байдаг.
-Та хэзээ АНУ-руу хөтөлбөртөө хамрагдахаар явах вэ? Тов нь гарсан уу?
-Тов нь аравдугаар сарын 21-ний өдөр байхаар тов нь гарчихсан байсан. Гэвч АНУ-ын виз жаахан төвөгтэй байдаг юм байна. Визэндээ орчихсон, одоо хүлээлтийн байдалтай. Тиймээс хөтөлбөрийнхөө эхлэх хугацааг Рубины музейтэй холбогдож, энд болж буй үйл явцыг мэдэгдээд жаахан хойшлуулсан. Хэрэв виз маань гарчихвал маргааш ч нисэхэд бэлэн байна.
-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Рубины музейд дөрвөн сараа өнгөрүүлээд ирсний дараа илүү их туршлага мэдлэгтэйгээр эргэн уулзъя.
-Та бүхэнд мөн баярлалаа.
Б.ГЭРЭЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ
Ярилцлагын байршил @Bee art studio
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар мундаг юм бэ ????????????????
orgodol herhen bichih talaar ooriho turshlagaas huvaaltsval goy bn
Gomdmoor tsaraitain
Buy Tamoxifen For Men Viagra Kaufen Leicht Gemacht [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Priligy Buy Uk Prix Officiel Cialis Belgique V
Zithromax Cost At Walmart [url=http://cialisir.com]buy cialis online[/url] Foros Sobre Priligy Cialis Viagra Versandapotheke