Хууль: Насанд хүрээгүй хүүхдэд ял оноох боломжгүй ч албадлагын арга хэмжээ авна

Сүүлийн өдрүүдэд өсвөр насны хүүхэд бага насны хүүхдийг үрлэн сумаар онох, мөн 14 настайг хүүг ахлах ангийн хүүхдүүд бүлэглэж зодох зэрэг тохиолдлууд гараад байна.
Ер нь үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт, хүүхдүүд нэгэндээ гар хүрэх, бүлэглэж зодох тохиолдлууд их байгаа. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч, багш нарын тухайд сэтгэл түгшээсэн нэгэн төрлийн томоохон асуудал болоод буй. Хүүхэд хамгаалал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд энэ төрлөөр маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа ч тохиолдол буурахгүй байсаар л байна.
Хуулийн хүрээнд авч үзэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг тодорхой заасан байдаг.
21 дүгээр зүйл. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар
21.1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
21.2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд энэ хуулийн тусгай ангийн 91 /Хүнийг санаатай алах/, 96/ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 126 /Хүчиндэх/, 145/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146/ Бусдын эд хөрөнгийг булаах/, 147/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 153/Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх/, 181.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Тодруулбал, хэдийгээр насанд хүрээгүй ч нэр бүхий 12 гэмт хэргийг үйлдсэн байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Түүнчлэн 14 нас хүрсэн байхдаа тодорхой тооны гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага оногдуулдаг байна.
Бусдаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ч насанд хүрээгүй бол прокурор тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм хорын хохирлыг хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх нь хариуцна.
Манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй бол ял оноохгүйгээр хүмүүнлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болдог байна. Ингэхдээ нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ангид бус сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих зохицуулалттай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.