НИЙГЭМНийгэм мэдээНийгэм ярилцлага

Э.Ганзориг: Кинон дээрээс л харж болох зураглалыг баримтжуулж үлдээхийг хүссэн

Сүхбаатарын талбайд өнөөдөр зурагчин Э.Ганзориг “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Уг үзэсгэлэнг өнөөдөр болон маргааш үзэх боломжтой юм. Тэрбээр Турк улсад болсон газар хөдлөлтийн дараа аврах ажиллагаанд оролцохоор явсан багт зурагчнаар нэгдэж, ажилласан. Тухайн үеийн нөхцөл байдлыг гэрэл зураг болон баримтжуулж нийтэд сонирхуулж буй түүнтэй ярилцлаа.

-Монголоос Турк улс руу явсан аврах баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?

-Эрэн хайх, аврах багийн 35 албан хаагч, мөн орчуулагч, сэтгүүлч, зураглаачтай, нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллагаанд явсан.

-Аврах ажиллагаанд явахаас өмнөх сэтгэгдэл болон бодит байдал ямар байсан бэ?

-Хүнд нөхцөлд очно гэдгээ мэдэж байлаа. Гэхдээ бодит байдал төсөөлснөөс бэрх, аймшигтай санагдсан шүү.

-Зураг авч байхдаа юуг харуулахыг зорьж байв?

-Бодит нөхцөл байдлыг буулгахыг хичээсэн. Би энэ зургийг заавал авах ёстой гэсэн сэтгэлээр хандсан юм. Дахиж ийм боломж олдох эсэхийг мэдэхгүй шүү дээ. Миний хувьд томоохон үйл явдлын гэрч болж оролцсон юм.

Дэлхийн том хэвлэлийн зурагчидтай мөр зэрэгцэж, нэг үйл явдлыг гэрэл зурагт буулгаж явахдаа тэднээс дутахгүйг хичээсэн.

-Ямар нөхцөл байдалд зураг дарж байв. Тухайн мөчид ямар мэдрэмжүүдийг тээж байсан бэ?

-Хамгийн хэцүү нь гадна уйлаад сууж байсан хүмүүс юм. Манай баг хоёр хуваагдаж ажилласан. Эхний хэсэг аврах ажиллагаанд, нөгөө хэсэг нь байрлах газраа бэлдэж байсан юм. Гэтэл аврах ажиллагаанд очсон бүлгийхэн маань “Кинон дээрээс л харж байлаа” гэсээр орж ирсэн дээ. Тэр үед л хэцүүхэн газар ирснээ мэдэрсэн.

Маргааш нь аврах ажиллагаанд оролцох үеэр миний хажууд нэг хүн ирэв. "Нохойгоороо үнэрлүүлээд манай гэр бүлийн хүнийг авраад өгөөч" гэсээр уйлж гарлаа. Тухайн мөчид уг үзэгдэл энгийндээ орно. Харин би тэднийг хараад ихэд сандарч байв.

-Айдас байсан уу?

-Айдас байгаагүй ээ. Гэхдээ зургаан настай хүүхдийг аврах үеэр бид байшинд байсан юм. Нэг давхрыг нүхэлж, хүүхдийн цогцсыг гаргаж ирсэн. Тэр үеэр 4.8 балл газар хөдлөлт болоход айдас мэдэрсэн юм.

-Аврах ажллагаанаас бусад үед арын албаны нөхцөл байдал хэрхэн өнгөрдөг байв?

-Бид майханд байрласан. Сэрүүний улирал байсан тул их даарч, мөн өлсөж байлаа. Энэ талаар ингэж ярьж болох эсэхийг мэдэхгүй байна.

Хүнд байдалд дасан зохицох чадвараараа манай онцгой байдлын алба хаагчид илүүрхэж байсан шүү.

-Хүмүүст үзэсгэлэнгээ танилцуулах болсон шалтгаан юу вэ. Зарим зурагчид зургаа дардаг шүү дээ?

-Хэзээ нэгэн өдөр ийм нөхцөл байдал хаана ч тохиож болно. Бэлэн байх нь л чухал. Үүнийг л бүгд мэдээсэй хэмээн хүссэн юм.

Газар хөдлөлт гэж юу болох, хэр их сүйрлийг авчирдаг талаар харуулахыг зорьсон. Цахим орчинд зарим хүмүүс газар хөдлөлтийг мэдэрсэнгүй, дахиад хөдлөөсэй гэх мэтээр бичсэн харагддаг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд энэ чинь байгалийн гамшиг шүү дээ. Тийм хөнгөн байдлаар хандаж болохгүй шүү гэдгийг ойлгуулмаар байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд яагаад зурагчнаар, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарыг сонгон ажиллах болсон талаараа хуваалцахгүй юу?

-Гэрэл зураг гэдэг бол урлаг. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт ажиллах болсон юм. Би ШУТИС-ыг уул уурхайн чиглэлээр дүүргэсэн. Намайг зурагчин болгосон газар бол Гэрэл зургийн “Шавь” сургалт юм. Баримтат зураг надад маш үнэ цэнтэй санагддаг. Тиймээс ч би энд зогсож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button