Ярилцлага

Тина Тернерийн нэг сарын өмнөх ярилцлага: Би шударга, ярдаг, зугаатай хүн

Рок, сөүл хөгжмийн ертөнцөд 1960-аад оноос хойш хагас зууны турш дуулсан, “Рок-н-Роллын хатан хаан” Тина Тернер өчигдөр таалал төгслөө.

Түүний “The Guardian” сэтгүүлийн асуулт, хариултын буланд нас барахаасаа нэг сарын өмнө өгсөн товч ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Таны хамгийн том айдас юу вэ?

-Өнгөрсөн рүү л буцмааргүй байна. Би амьдралаас тээж явах учиртай мах их зүйл хураасан.

-Таны санадаг хамгийн эрт цагийн дурсамж юу вэ?

-Модонд авирч тоглодог байсан үе. Эршүүд, сахилгагүй охин учраас үргэлж хувцсаа хайчилж, үсээ тайрдаг байлаа.

-Өөртөө харамсдаг зан чанар бий юү?

-Би өөрийнхөө юунд ч харамсдаггүй, гэхдээ би перфекционист (төгс байдлыг эрэлхийлэгч) хүн.

-Харин бусдад харамсдаг зан чанар?

-Миний амьдралыг шийдэх гэж оролдсон, шийдэж байсан тохиолдол дэндүү олон. Тэдний зөв гэж бодсон нь л миний алдаа.

-Өөрийгөө гурван үгээр тодорхойлооч?

-Шударга, ярдаг, зугаатай.

-Таныг супер чадвартай гэвэл тэр нь юу байх бол?

-Магадгүй 6 инчийн өсгийт дээр хийсэн тэр бүх тоглолтууд маань.

-Юу таныг гуниглуулдаг вэ?

-Би дотнын хүмүүсээ дэндүү эрт алдсан.

-Гадаад төрхөөсөө таалдаггүй юм бий юү?

-Байхгүй. Эмэгтэйчүүд гадаад төрхөө асар их анхаарах, шүүмжлэлтэй хандах шаардлагатай болдог. Эрчүүдэд тийм юм үгүй.

-Амьдралаас тань сэдэвлэсэн кино хийвэл хэнийг тоглуулах вэ?

-Анжела Бассет тоглосон шүү дээ. Бас мюзикл жүжгүүдэд маань тоглодог “Миний Тина”-нууд бий.

-Ямар зуршилдаа дургүй вэ?

-Аймшгийн кино ар араас нь үзэх.

-Нас нэмэхийн юу нь аймаар вэ?

-Юу нь ч биш. Амьдралын, өдөр бүрийн адал явдлыг би өөртөө зүгээр л хүлээн авдаг.

-Оддоос хэнийг харж явдаг вэ?

-Мик Жаггерт үргэлж крашилдаг байсан. “Rolling Stones”-тэй аялан тоглолтоор явах сайхан байсан.

-Алдар нэрийг сонгох уу, эсвэл нэрээ бичиж үлдээхээс татгалзах уу?

-Би алдар хүнд хүссэн, түүнийгээ авсан. Харин одоо, тэтгэвэрт гарчхаад даруухан амьдрах таатай байна.

-Хайр яаж мэдрэгддэг вэ?

-Гэдэс дотор угаалгын машин хувцас сэгсэрч байгаад унтрах шиг.

-“Хайртай” гэдэг үгийг үнэн сэтгэлээсээ хэлээгүй тохиолдол байдаг уу?

-Өөрийнхөө ч юм уу хүүхдүүдийнхээ амьдралаас айгаагүй л бол, үгүй.

-Өөрөөсөө татгалзъя гэвэл хэн болох вэ?

-Опра.

-Хамгийн сүүлд хэзээ ямар нэг чухал зүйлийн талаарх бодлоо өөрчилсөн бэ?

-Миний амьдралаар мюзикл хийнэ гэхэд нь продюсеруудад дургүй байгаагаа хэлсэн. Тэгээд бодлоо өөрчилсөн, тэр гарцаагүй зөв шийдэл болсон.

-Секс, мөнгө, алдар нэр гурвын алийг илүү хүсэх вэ?

-Миний насны хүнд өөр сонголт байхгүй юу?

-Та хэрхэн дурсагдмаар байна вэ?

-“Рок-н-Роллын хатан хаан” гэж. Өөрийнхөө зохиосон дүрмээр амжилтад хүрч болно гэдгийг бусад эмэгтэйчүүдэд батлан харуулснаараа.

-Бидэнд нэг нууцаа дэлгээч?

-Би “МакДональдс” идэх дуртай. Лондонд мюзиклээ анх үзчихээд, зочид буудал руу буцахдаа Эрвинийг “МакДональдс” явуулсан.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button