НИЙГЭМНийгэм ярилцлага

Азийн физикийн олимпиадын хүрэл медальт Л.Дөлгөөн: Нээлт хийж, Нобелийн шагнал хүртэх мөрөөдөлтэй

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг манай улсад зохион байгууллаа. Тус тэмцээнд 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм. Манай улсын хувьд 14 жилийн дараа тус олимпиадаас медаль хүртсэн ажээ. Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн 11-р сургуулийн 12в ангийн сурагч Л.Дөлгөөнтэй ярилцлаа. 

-Томоохон тэмцээнд оролцох мөрөөдлөө биелүүлж чадлаа-

-Юуны өмнө Азийн олимпиадаас медаль авсанд тань баяр хүргэе. Өмнө нь томоохон хэмжээний ийм тэмцээнд оролцож байв уу. Эсвэл анхных нь уу?

-Ази тивийн олимпиадад анх удаагаа л оролцлоо. Өмнө нь оролцож үзэх сэн гэх мөрөөдөлтэй байлаа. Тэр мөрөөдлөө биелүүлж чадсандаа баяртай байна.

-Монголын баг бүрэлдэхүүний хувьд бэлтгэээ хэр хангасан бэ. Бусад улс орны багууд хэр байв?

-Монголын баг бүрэлдэхүүний хувьд бэлтгэлээ өнгөрсөн оны есдүгээр сараас базааж эхэлсэн. Олимпиад болохоос өмнөх нэг сарын хугацаанд бэлтгэлээ эрчимжүүлсэн юм. Тэр ч утгаараа бид багаараа сайн оролцсон гэж бодож байна. Бусад орны тамирчдын бэлтгэл ч сайн байсан. Тэр дундаа БНХАУ, ОХУ-ын тамирчдыг онцолмоор байна. Тэд багаараа алтан медаль хүртсэн юм. 

-Олимпиадны үеэр сэтгэл зүйгээ хэрхэн удирдаж байсан бэ. Анх удаа томоохон тэмцээнд оролцоход ямар мэдрэмж төрж байв? 

-Олон улсын тэмцээнд оролцоход мэдээж хэрэг сандрал байлгүй яахав. Түүнийгээ дарахыг хичээсэн. Учир нь би медаль горилж бус ердөө л өөрийгөө сорьж үзье гэх бодлыг тээж, тэмцээнд орсон юм. Тэр ч утгаараа сэтгэлд дарамтгүй, тайван оролцоод амжилт гаргалаа. Медаль хүртсэндээ баяртай байна. 

-Сэтгэл зүйн хувьд тайван байсан хэмээлээ. Тэгвэл бодлогоо бодоход дөхөм байсан нь лавтай. Бодлого туршилт гэсэн хоёр төрлөөр олимпиадыг явуулсан юм билээ? 

-Бодсоноос хүнд бодлогууд орж ирсэн. Тус бодлогуудыг монгол багш нар боловсруулсан юм билээ. Тэр гурван бодлого үнэхээр чанартай байсан.

Би олимпиаддаа ганц бодлогод голчлон анхаарлаа хандуулсан. Бусад бодлогоос нь оноо түүх тактик ашигласан юм.

Мөн хоёр туршилтын ажил байсан бөгөөд эхнийх дээр нь бүтэлгүйтсэн. Тэр явдлаас болж багахан сандрал, зовнил тээсэн ч цааш үргэлжлүүлж хоёр дахь хэсгийг уншаад туршилтаа ажилттай хийж чадсан юм. Ерөнхийдөө хоёр дахь туршилтын ажлаасаа сайн оноо авсан. 

-Буса орны хүүхдүүдтэй зэрэгцэн зогсож, медаль гардаж авах мөч бахархам байлаа-

-Шагналын тавцан дээр өөрийнхөө нэрийг дуудуулах мэдрэмжээс хуваалцвал? 

-Монгол улсын багийн Л.Дөлгөөн хэмээн дуудахад гоё мэдрэмж төрсөн. Шагналын тавцан дээр олон орны хүүхдүүдтэй хамт зогсож, медалиа гардаж аваад, зургаа татуулах агшинд өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байлаа.

-Багш нар нь хэрхэн дэмжиж ажилласан бэ? 

-Бид эхний өдрөө онолын шалгалтыг өгсөн юм. Тэгэхэд бодлогууд хүнд санагдсан болоод ч тэр үү бүгд л нурмайчихсан, зэмлүүлэх байх даа гэсэн эмзэглэлтэйгээр багш руугаа очсон. Гэтэл багш маань “Туршилтаа сайн хийвэл зүгээр ээ. Ийм юм байх шүү дээ. Бусад орны хүүхдүүд ч тааруухан хийсэн сурагтай” гээд л сэтгэл санааг маань өргөсөн юм. Тэр эрчээрээ туршилтаа сайн гүйцэтгэж чадсан.

-Олимпиад дууссаны дараа өөртөө анализ хийж, зарим зүйлсээ эргэцүүлэн боддог. Ингэхдээ энэ бодлогоо ингэж бодохгүй яав даа гэх мэтээр багахан харуусал үлддэг шүү дээ. Таны хувьд энэ удаагийн олимпиаднаас тийм бодлыг тээв үү? 

-Мэдээж хэрэг. Байлгүй яахав. Онолын хоёрдугаар бодлого өмнө нь бодож байсан бодлоготой төстэй байсан. Дэлгэрүүлбэл, тухайн бодлогыг бодох аргачлалыг намар есдүгээр сарын бэлтгэл дээрээ хийж байсан. Гэвч яаж боддогоо огт санаагүй. Хэрвээ тэмцээн эхлэхээс өмнө нэг удаа өмнөх бэлтгэлээ эргэж харсан бол ийм зүйл болохгүй байсан гэх харамсал төрсөн. Гэхдээ гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байгаа болохоор уг асуудлыг бодоод л өнгөрсөн дөө.

-Ирээдүйд нээлт хийж, Нобелийн шагнал хүртэх мөрөөдөлтэйгөөр анх физикийн хичээлийг судалж эхэлсэн-

-Физикийн хичээлийг гүнзгийрүүлэн судлаад хэдэн жил болж байна. Сонирхлыг тань яагаад татаж байв?

-Би 11-р сургуульд элсэхдээ зургаадугаар ангийн сурагч байсан юм. Тэгэхэд н.Хатанбаатар багш физикийн хичээлийг зааж эхэлсэн бөгөөд тэр цагаас л физикт дурласан. Тиймээс энэ хичээлийг сонгон судалж явахад хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол манай багш.

Физикийн шинжлэх ухаан бидний өдөр тутмын амьдрал дээр болдог процессыг үргэлж тайлбарлаж байдаг юм билээ. Түүнийг ойлгох нь үнэхээр гайхалтай санагддаг.

-Энэ хичээлийг анх сонирхож байхдаа ямар нэгэн мөрөөдөл тээж байв уу. Тухайлбал, би хүүхэд байхдаа шинжлэх ухааны хичээлийг сонирхохдоо сансрын нисэгч болох мөрөөдөлтэй байж билээ?

-Тийм мөрөөдөл бий. Физикийн шинжлэх ухааны хамгийн дээд шагнал бол Нобелийн шагнал юм. Би ирээдүйд нээлт хийж, Нобелийн шагнал хүртэх мөрөөдөлтэйгөөр анх физикийн хичээлийг судалж эхэлж байсан. Тэр мөрөөдөл минь одоо ч хэвээрээ. 

-Физикийн хуулиудаас хамгийн ихээр таалагддаг хууль нь юу вэ?

-"E=mc2" нэртэй ном манайд байдаг байлаа. Би номын нэрний утгыг ойлгохгүйгээс гадна номон дотор түүнтэй холбоото бодлого огт байдаггүй байсан юм. Тэр бодлогоос бодоод, утгыг нь ойлгохгүй явж байгаад энэ жилээс харьцангуй онолын талаар багшаасаа сонссон. Тухайн томьёо нь эгэл биеийн энерги гэдгийг ойлгосноор мэдэхгүй зүйлээ мэдэж авсан болохоор ч тэр юм уу, их сонирхолтой санагддаг болсон.

-Олимпиадад хэзээнээс хүч сорих болов? 

-Намайг зургаадугаар ангид байхад багш минь олимпиадад орох саналыг анх тавьсан. Тэр нь н.Ханд багшийн нэрэмжит олимпиад байсан юм. Уг олимпиадад тусгай байрын шагнал хүртэж, түүнээсээ урамшин, багштайгаа олимпиад, уралдаанд бэлдэж эхэлсэн.

-Сургуулиуд физикийн хичээлийг хэр ойлгомжтой заадаг гэж боддог вэ? 

-Миний хувьд бусад сургуулиудад физикийн хичээлийг хэрхэн заадгийг хэлж мэдэхгүй байна. Хүүхдүүдийн дийлэнх нь физик гэхээр хэцүү, сонирхолгүй гэх зэргээр шүүмжилж дургүй хүлээж авдаг. Тухайн хүүхдүүд өөрсдөө сурах хүсэлгүй байгаа юу эсвэл багш нь тааруухан заадаг уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ зөв зааварчилгаа, мэдлэг, чиглэл өгдөг багштай л бол хамгийн гоё хичээл юм шиг санагддаг.

Манай сургууль физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Тэр ч утгаараа физикт сонирхолтой хүүхдүүд цөөнгүй. Бид хамтдаа олимпиад тэмцээнд бэлддэг юм.

-Өвөө маань миний хамгийн сайн дэмжигч-

-Физикээс өөр ямар хичээлд сонирхолтой вэ. Физикийн хичээл таны цаашдын мэргэжилтэй нь холбоотой юу? 

-Одоохондоо физикийн хичээлээрээ л дагнаж байгаа даа. Физикийг суурь хичээлээ гэж бодвол, инженер, архитектур зэрэг мэргэжлийг сонгох боломжтой. Гэхдээ миний бодлоор энэ хичээлийг голчлон судалснаар дараагийн мэргэжилдээ ашигладаггүй юм гэхэд сэтгэн бодох чадвар, суралцах арга барилд тустай гэж боддог.

Миний хувьд Квантын физик чиглэлээр явах бодолтой. Квант физик гэхээр хүмүүс төдийлөн мэдэхгүй байж болох юм. Магадлалд суурилдаг гэх үү дээ. Энэ нь миний сонирхлыг төрүүлдэг.

-Гэр бүлийн гишүүдийн дунд физикийн салбарт ажилладаг хүн бий юү?

-Манай гэр бүлд физикийн салбарын хүн байдаггүй. Гэхдээ манай аав хэрэглээний математикч хүн. Тэр утгаараа физиктэй арай дөхөм гэж хэлж болно. Өвөө бол физикийн өргөн мэдлэгтэй нэгэн. Тиймдээ ч миний хамгийн сайн дэмжигч.

-Шагнал авсан талаараа гэр бүлийнхэндээ хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Шагнал авсан тухайгаа гэрийнхэндээ биечлэн бус утсаар хэлсэн юм. Сүүлд сонсоход ээж маань тэр агшинд баярын нулимс унагасан гэсэн. Харин өвөө минь хамгийн их хүлээлттэй байсан бөгөөд тэмцээнээ дуусгаад очиход үнэхээр халуун дотноор хүлээж авсан юм. 

-Одоо төгсөх ангийн сурагч шүү дээ. Их сургуулиа сонгож, судалж чадав уу?

-Азийн физикийн олимпиадын бэлтгэлдээ л анхаарсан болохоор бусдыг нь анхаарах завгүй байлаа. Тэгээд ч тэр үү сургуулиа сайн судалж амжаагүй. Гэвч БНСУ- ын хоёр сургуульд материалаа илгээсэн. Удахгүй ярилцлагад орох байх аа. 

-ЭЕШ-т ямар ямар хичээлээр шалгуулах вэ. Бэлтгэлээ хэр базаав? 

-Англи хэл, математик, физик гэсэн гурван хичээлийн шалгалтыг өгөхөөр бэлтгэж байгаа. Гэсэн хэдий ч математик болон англи хэлээ дүйцүүлсэн.

Олимпиад, ЭЕШ хоёр хоорондоо ялгаатай гэж хэлж болно. ЭЕШ жил бүр хүнд даалгавартай байдаг. Мөн ихэвчлэн онолын талаас шалгадаг учир жаахан төвөгтэй байж магадгүй. Тиймээс шалгалтаа сайн өгөх юм сан гэх бодолтой байгаа даа. Олимпиад дууссан болохоор одоо шалгалтдаа анхаарна.

-Ярилцсанд баярлалаа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 09:23

Дүү хүүд баяр хүргэж, амжилт хүсье. Мөрөөдөл нь биелэх болтугай.

Зочин
Зочин
2023-05-30 09:37

Hhh

Дархан Баяргүн
Дархан Баяргүн
2023-05-31 08:42

Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button