Top StoriesНийгэм мэдээ

"108-д хандаагүй л бол бид ажиллахгүй": Хүүхэд хамгааллыг нэг агентлагт даатгахаа больё

Эх үрсийн баяр тохиож буй энэ өдөр хүүхдийн эрх зөрчигдсөн олон асуудлаар, олон тогтолцооны гажуудлаар дуугарч болно. Гэвч хөдөө орон нутагт ажиглагдах болсон хүүхэд хамгааллын байгууллагуудын ажлын уялдаа, холбоогүй байдал сүүлдээ тэдний амь насанд хүрэх хэмжээнд яригдах боллоо.

"108 утас руу залгаж дуудлага өгөөгүй. Тэгэхээр бүртгэл үүсээгүй. Бүртгэл үүсээгүй учраас ажиллах боломж байдаггүй".

Энэ бол ГБХЗГ-ын албан тушаалтнуудын хэлдэг үг.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Өвөрхангай аймагт өвсөр насны охин өндрөөс унаж нас барсан. Тэр цагдаад байцаагдаж байсан. Харин,

  • Ар гэрийн ачаалал ихээс хичээл сурлагадаа тааруу
  • Сэтгэл зүй нь гундуу зэрэг олон нөхцөл байдлыг багш нь ч, эцэг эх нь ч харсаар байснаа хожим ярьсан байдаг.

Цагдаад шалгагдаж байсан болохоор цагдаагийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн ГБЗХГ-аас охинд сэтгэл зүйч л зуучилж өгчээ. Сэтгэл зүйч ээж рүү нь утастахад уулзахгүй гэсэн байна. Ингээд л сэтгэл зүйч охиныг орхижээ.

Талийгаач охиныг тойрон хүрээлсэн олон хүн асуудлыг мэдэж байсан ч, хэн ч гараа сунгаагүй юм.

Харин сэтгэл зүйч зуучилж өгөхөөс өөрийг хийгээгүй аймгийн ГБЗХГ-аас нөгөө хариултыг, "108 төвд охин утастаагүй. Бүртгэл үүсээгүй учраас манайх ажиллах хууль эрх зүйн боломжгүй" гэдэг нөхцөл байдлыг хэлсэн билээ.

Хэрэв сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байгаа хүүхэд өөрөө л 108 төвд хандахгүй бол сургууль нь ч, гэр бүл нь ч, тодорхой мэдээлэл цагдаагийн байгууллагаас авсан ГБЗХГ нь ч, баг хорооны засаг дарга нь ч мянга мэдээд нэмэргүй. Хүүхэд өөрөө зориггүй байж болно, хүүхэд айж ичиж, эргэлзэж болно. Гэвч "108 утас руу залгах ёстой".

Чухам хүүхэд хамгааллын энэ "гажиг"-ийг засах учиртай.

Жилийн өмнө, цагдаагийн байгууллага нь өөрсдөө "Бид дуудлага хүлээн аваад 108 төвд шилжүүлээд өгсөн, сайн мэдэхгүй" гэсэн утгатай хариулт өгч байлаа. Цахим орчинд хүүхдийг ээж нь зодож, хэл үгээр доромжилж, хөөж байгаа бичлэгийн араас. Гэтэл ГБХЗГ нь "Бидэнд дуудлага ирээгүй учраас бүртгэл үүсээгүй" гэдэг нөгөө л хариултаа өгч байсныг тэмдэглүүштэй.

Өчигдөр ЗГ-ын хуралдааны шийдвэрээр, ГБЗХГ-ыг Хүүхдийн төлөө газар болгож өөрчлөхөөр болсон.

Үндэслэл нь, тус агентлаг хүүхдийн хөгжлийг анхаарах биш хүүхэд хамгааллыг хэтэрхий анхаарсан явдал гэж ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээллээ.

Хүүхэд хамгааллын бүх адармаатай кэйс 108 төвөөр дамжин зангидагддаг, 108 утас руу залгаагүй л бол хүүхдийг хамгаалах, авах газар олддоггүй, бусад байгууллага нь ч ГБХЗГ-таа л найддаг. Ийм нөхцөлд бүр хүүхэд хамгааллын агуулгаас нь холтгон салгана гэвэл ярвигтай.

Ялангуяа орон нутагт.

Тийм ч учраас хүүхэд хамгааллын хариуцлагыг шат шатны, салбар салбарын бүх байгууллагад нь үүрэг болгоё. Хүүхдийн эрх зөрчигдөж буйг хараад сэтгэл тавьдаг, холбогдох байгууллагад нь ханддаг, хандуулдаг, зуучилдаг иргэний хариуцлага л хэрэгтэй. Бүгдийг 108 төвийн утас руу "чихдэг" төрийн байгууллагын ажилтнуудын хандлага ч өөрчлөгдөх ёстой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button