Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Зэвтэй усанд үс нь халзарч, харшилтай болсон “Ханбогд” хотхоныхон худгаас ус зөөж ууж, нийтийн шүршүүрт ордог

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо 2022 оны гуравдугаар сард хуваагдсан зохион байгуулалтаар байгуулагдаж, мөн оны аравдугаар сараас үйл ажиллагаа эхэлсэн. 10 хотхоны 70 гаруй орон сууц мөн хаус хотхонуудтай.  

“Шинэ-Өргөө”, “Ханбогд”, “Вива сити”, “Туул ривер”, “Богд велла”, “Велмонте”, “Нью гарден”, “Хүннү велла”, “Арцат” “VIP резиденс” зэрэг 10 хотхонд ашиглалтад орсон 9953 хаалга буюу өрх айл бий. Үндсэн оршин суугч 17 мянга, албан бус, түр оршин суугч, хаяг дээрээ нүүж ирээгүй байгаа иргэдээ оруулбал 27 мянга гараад явчихна. Эдгээр бүх хотхон зэвтэй усны их, бага асуудалтай.

-Хотхоны дундах сауны шүршүүрт 10 мянгаар гуйж ордог-

Бид эдгээрээс “Ханбогд” хотхоныг онцоллоо. Энд дөрвөн блок 20 барилгыг долоон компани барьж байгуулсан бөгөөд 1130 өрхийн 2200 оршин суугч амьдардаг. Зөвхөн бүртгэлтэй тоогоор гэсэн үг. Тус хотхоны оршин суугчид 2020 оны наймдугаар сараас эхлээд зэвтэй ус ууж эхэлсэн.

Зураг дээрх айл 402 байранд амьдардаг. Эднийх баллонтой ус захиалж уухын зэрэгцээ Зайсангийн уулын зам дагуух худгаас канистараар ус зөөж хэрэглэдэг. Ам бүл гурвуул тул 20 литр усаар тав хоночихно. Харин бусад хэрэгцээ насанд хүрсэн хүмүүс тул зэвтэй усаараа л “болгочихдог” гэв.

302 дугаар байрны энэ айл ам бүл тавуулаа. Бага насны хүүхэдтэй. Эднийх 880 мянгаар найман давхар шүүгчтэй нэг цэвэрлүүшүүлэгч, 180 мянган төгрөгөөр энгийн шүүгчтэй нэг цэвэршүүлэгч тус тус худалдаж авсан. Хажуугаар 5 литрийн болон баллонтой ус тогтмол авдаг.

Эдний хөршийнх угаалгын өрөө болон гал тогоондоо тус бүр нь 180 мянган төгрөгөөр ус цэвэршүүлэгч авч тавьсан ч зэв, шороо, тостой усанд шүүгч нь дорхноо бохирдож ойр ойрхон солих шаардлага үүсссэн зардлын хувьд өндөр байв. Тийм ч учраас саяхнаас энгийн ус шүүгч сонгож, хэрэглэх хэмжээгээрээ шүүж уух болжээ.

Хотхоны зөвхөн нэг дэлгүүрийн үүдэнд цэвэр усны баллон овоолоостой. Бас хонгилын давхрын салхивч руу өнгийхөд таван литрийн цэвэр усны сав дүүрэн. Түүнчлэн айл бүр өөрсдийн сонголтоор төрөл бүрийн ус цэвэршүүлэгч худалдаж авсан. Мөн дээрээс нь өнөөх зэвтэй ус хэрэглэсний төлбөр болох 30-60 мянган төгрөгийг сар бүр тогтмол төлнө.  

Оршин суугчдад үс унах, халзрах, арьсан дээр тууралт гарах, хүүхдүүд харшилтай болох, ходоод, нойр булчирхай үрэвсэх, хувцас, банн, угаалтуур, суултуур шарлах гээд зэвтэй уснаас үүдсэн асуудал зөндөө. Оршин суугдчын ихэнх нь залуу гэр бүл тул нярай, бага насны хүүхэд олонтой. Бидний уулзсан ээжүүд бүгд хүүхдээ усанд оруулах, хувцас хэрэглэлийг угаахдаа ус худалдаж авдаг тухайгаа ярьж байв. Харин өөрсдөө хэрхдэгийг асуухад арай гайгүй үед нь гэртээ усанд орно. Бусад үед хамаатан садныдаа очдог, мөн хотхон дунд байрлах сауны шүршүүрт 10 мянган төгрөгөөр гуйж усанд ордог гэлээ. Сүүлийн хоёр жилд тогтмол ус худалдаж авсан айлууд ч олон гэв. Хөрөнгө зарж орж ирсэн байрандаа сэтгэл гундуу, тухгүй амьдарч байгаадаа гутардаг гэж нэгэн настан бидэнд товчхон хэлэв.

Тус хотхонд гурван СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Бид “Хана наран” СӨХ-ны хүмүүстэй уулзахад “Оршин суугчдын нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Тийм ч учраас бид хуулийн байгууллагад хандахаар Үндэсний архивын газар бусад холбогдох мэдээллийн эх сурвалжуудаас баримт мэдээлэл цуглуулаад байна. Эдгээр барилгыг 2019 онд хүлээж авсан комиссын дүгнэлт гарсан байдаг. Бид барьсан, шугам тавьсан, хүн амьдруулах шаардлага нөхцөлийг бүрэн дүүрэн хангажээ гэж дүгнээд гарын үсэг зурсан бүх хүн дээр хариуцлагын асуудал үүсгэнэ. Биднийг мэдээлэл цуглуулаад дөнгөж эхэлж байхад анх зөвшөөрөл авсан төлөвлөлтөөсөө огт өөр зохион байгуулалттай барьсан, ногоон байгууламжаар танилцуулсан газраа хашаалаад өөр хотхон барьж эхэлсэн гэх мэт зөрчлүүд байна. Хэд хэдэн барилга дээр гадна пасад цуурсан, хаяавч цөмөрсөн, дулаан алдагдал ихтэй оршин суугчдын гомдол мэдээлэл маш их  байгаа” гэлээ.

-24 дүгээр хорооны засаг дарга А.Отгон-Эрдэнэ: Иргэдийнхээ 2-3 жил зэвтэй усанд төлсөн мөнгийг буцааж олгуулна-

-Зэвтэй усны асуудлын цаана гучаад мянган иргэний эрүүл мэнд, эд хөрөнгө, мөнгө санхүүгийн асуудал хөндөгдөж байна. Танд яг өнөөдрийн байдлаар ямар мэдээлэл байна вэ?

-Өнгөрсөн оны наймдугаар сарын 18-наас эхлээд бид холбогдох газрууд руу албан бичиг явууж эхэлсэн. Засгийн газрын 11-11 төвд гомдол саналаа хэлж эхэлж, улмаар НЗАА-ны дэргэд ажлын  хэсэг байгуулсан. Дараа нь хотхон бүрээс тус бүр нэг тонн ус авч, мөн шугам хоолойд хэсэгчилсэн зүсэлт хийж шинжилгээнд авсан. Намар нь шугамыг угаасан. Одоо ч гэсэн УСУГ-аас угааж эхлээд байна.  Энд үндсэн төв шугамд ямар ч асуудалгүй байдаггүй. Хотхонууд руу салж байгаа “Пума констракшн”-ы 2.8 км зам шугам, “Пи Ай Эм” компанийн 2 км шугамд стандарт бус хоолой тавьсан дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл төв магистриалас эдгээр хотхонууд руу татсан 4.8 км шугамын чанарын асуудал яригдаад байгаа юм. Нийслэлээс хоёр компани дээр хариуцлага тооцно гэсэн. Ерөөсөө асуудлын гол учир нь чанаргүй, хар төмөр хоолой тавьсанд л байгаа юм. 

-Тухайн компаниудыг хариуцлага тооцож, хуулиар шийдэгдтэл иргэдийн асуудал хэрхэх юм бол?

-Бид нар УСУГ, НЗАА, НМХГ, Эрчим хүчний зохицуулах хороо, БОАЖЯ, Хот суурин усан хангамж ариутгал татуургын ашиглалт үйлчилгээ зохицуулах зөвлөлд тус тус хүргэсэн. Ажлын хэсэг байгууллаа, шалгаж байна л гэдэг хариу өгдөг. Энэ хооронд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байна. Гаднаас цэвэр ус худалдаж авдаг. Айл руу явж усанд ордог. Худгаас ус зөөдөг. Бид нар хүртэл ажлын байр хороон дээрээ зэвтэй ус уудаг. УИХ-д эндээс гарсан гишүүд, холбогдох алба хамтарсан уулзалтууд хийсэн. Одоо бидний санал бол угаагаад нэмэргүйг бүгд харлаа, дараагийн арга хэмжээгээ аваач гээд байгаа юм. Хоолойнуудыг угаалаа, эхний хоёр сар арай дээрдэнэ. Гурав дахь сараас ялгаагүй болдгийг бид өнгөрсөн намрын угаалтаас харчихсан байхгүй юу. Тэгэхээр одоо компаниудад хариуцлага тооцож шийднэ гэдэг 1-2 жилийн хугацаа орно. Үүнийг хүлээхгүй иргэдийн асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна. Энэ стандарт бус, чанарын шаардлага хангаагүй шугам тавьж иргэдийн хохироож буй энэ үйлдэл нь Үндсэн хууль, Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хот суурин газрын ус хангамжийн тухай хууль, Орон сууцны тухай хууль гээд найман хуууль зөрчиж байгаа юм. Бид бол одоо хуулиар хэн нь буруутайг тогтоохыг хүлээхгүйгээр иргэдийн хохирлыг барагдуулж, шугамыг солино л гэж ойлгож байгаа.

-Сольж хэвийн болтол иргэд их хэмжээгээр хохирох нь. Сард усны мөнгө төлөхөөс гадна цэвэр ус, баллонтой ус худалдаж авах, саун шүршүүрт орох гээд төлөвлөөгүй зардлууд тогтмол гарч байна шүү дээ?

-Бид нар иргэдийнхээ хохирол,гомдлыг барагдуулахын тулд эхлээд зэвгүй устай болно. Дараа нь 2-3 жил зэвтэй усанд төлсөн төлбөрөө буцааж гаргуулж авмаар байна. Манай иргэд хуулиа сайн судалж, баримт нотолгоо цуглуулах хэрэгтэй. Манай хороонд идэвхтэй үйл ажиллагаа 17 СӨХ бий. Тэд иргэдтэйгээ, хороотой нягт хамтран ажилламаар байна. Гүйцэтгэгч компаниуд, хүлээж авсан комисс үнэхээр хариуцлагагүй хандсан.  Ийм том бүтээн байгуулалтын ажлыг хар төмөр хоолойгоор гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрөөд хүлээгээд авчихсан нь өнөөдөр 20-30 мянган иргэнийг хохироож байна. Ашиг олох гэж хамгийн хямд зарлаар бүтээсэн. 23 дугаар хороонд үйлдвэр, үйлчилгээний тусдаа обьект байна. Үүнээс гадна орон сууцны нэг давхарт маш олон иргэд, ААН төрөл бүрийн үйлчилгээ явуулдаг.

-Иргэддээ хандаад та юуг хэлэх вэ?

 -Иргэд өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй. 11-11 төв рүү хэдхэн иргэн ханддаг. Тэгэхээр цаанаа энэ нь олон хүний эрх ашгийг хөндсөн асуудал гэж харагддаггүй. 11-11 төв рүү иргэд олноор хандсан, олон удаа яригдсан асуудал цаашаа хэлэлцэгдэх түвшинд хүрдэг юм байна. Гэвч хорооны оршин суугчид асуудалтайгаа бодитоор тэмцэхгүй байгаа учраас бас ингээд сунжраад шийдэгдэхгүй яваад байх талтай.

-Зэвтэй усыг шийдэж чадахгүй бол эндээс гарсан гишүүд эргэж ирээд хэрэггүй-

НЗАА ажлын хэсэг байгуулж, насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар шугамууд, ус хэмжүүрийн зангилаа, айл өрхийн сантехникийн хэрэгслээс УСУГ хими бактериологийн дээжийг авч шинжлүүлэхэд усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй хариу гарсан гэх мэдээллийг өгсөн. Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолойд үүссэн зэвээс дээж авч шинжлүүлэхэд Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж ус зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж байгаа шугам хоолойгоос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Улмаар "Пума констракшн" ХХК, "Пи Ай Эм Эм" ХХК-ийн хөрөнгөөр барьсан 200 мм-ийн голчтой, 2 км шугам, "Шинэ өргөө" хорооллын гаднах 200 мм-ийн голчтой ган шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлагатай гэж үзсэн. Мөн тус хоёр компани, тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байсан холбогдох албаны мэргэжилтнүүдийг хариуцлага тооцно гэсэн.  Тодруулбал, шугам угсралтыг хийлгэхээр захиалсан гурван компани, ус дамжуулах хоолойг угсарсан хоёр компани, нийслэлээс эдгээр ажлыг хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтныг дараагийн шатны байгууллагад шилжүүлж, ус дамжуулах шугамыг угсарсан барилгын материал нь чанарын шаардлага хангаагүй тул солиулна гэж мэдэгдсэн.

-МУГЖ Т.Баясгалан болон дараах компаниуд тус хотхоныг барьсан-

“Ханбогд” хотхоны дөрвөн блок байр буюу 301, 305, 308 байрыг МУГЖ Т.Баясгалан,  302, 407 байрыг “Бүтээлч трэйд” ХХК, 304 байрыг “Рояал хаус”, ХХК, 303 байрыг “Сити палас” ХХК, 406 байрыг “Эрин инвестмент” ХХК, 409 байрыг “Тэнгэрийн шонхор” ХХК, 410 байрыг “Ихэр хүслэн” ХХК тус тус барьсан байна. Мөн 201-204 дүгээр байрны гүйцэтгэгч эхний орон сууцуудаа бариад хөрөнгө мөнгөний асуудал үүссэн учир МУГЖ Т.Баясгаланд газраа зарсан гэж иргэд ярилаа. Хотхоны оршин суугчид тав тухгүй байдал, барилгын чанарын асуудал, эрүүл мэнд, санхүүгээрээ хохирч байгаадаа маш их гомдолтой байв. Энэ айлуудын усны бодит байдал бидний харж байгаачлан зэвээр зогссонгүй. Их хэмжээний шороо, өмхий үнэр, тостой ус цоргоноос гоожих нь энгийн үзэгдэл болжээ. Сүүлийн үед эндээс айлууд олноороо нүүх болсон байна. Мөн иргэд байр худалдаж авахаар сонирхохдоо хайлт хийснээр зэвтэй устайг мэддэг учир үнэ ханш нь ч унаж эхэлжээ. Оршин суугчдын 60 хувь ипотекийн зээлээр байртай болсон. Гэтэл ашиглаж эхлээд гурван жил болоход байшин доороосоо цууралт өгч эхэлжээ. Зарим нь хувираа лабораторид хандаж, шинжилгээ хийлгэн СӨХ-доо өгч. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Доржханд  нарыг энэ асуудлыг шийдэж өгч чадахгүй бол дараагийн сонгуулиар наашаа битгий зүглээрэй гэж нэгэн иргэн хатуухан сануулав.

-Цайрдаагүй хар төмөр хоолой-

Энэ олон мянган иргэдийн ая тухыг алдуулж, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэлзүйгээр хохироож буйн гол шалтгаан нь цайрдаагүй хар төмөр хоолой. Хар төмөр хоолойд үүссэн зэв төмөр, манган, хөнгөн цагаан, магни, цайр зэрэг элементүүдийг агуулж, усны чанарыг бууруулж байна. Энэ бол Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжилгээний дүн.

Харин НЭМГ-ын улсын байцаагчийн дүгнэлтэд тус хотхоны ус эрүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ, стандартын аюулгүй байдлын үзүүлэлтийн шаардлага хангахгүй байгаа тул дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй гэжээ.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хийсэн шинжилгээний энэ дүн энд байна.

Мөн үүнээс маш ноцтой олон томьёо бүхий дүгнэлтийг нууцын зэрэглэлтэй гээд иргэдэд танилцуулаагүй, "Ди Ди Прогресс" орон сууцны конторт бий гэж иргэд хэлсэн юм. "Ханбогд" хотхоны оршин суугчид өчигдөр /2023.06.04/ гарын үсэг цуглуулж, МУ-ын ерөнхий сайдад хандахаар шийдэж нэгдсэн байна.

ВИДЕО:

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Банкир
Банкир
2023-06-05 08:31

Манайх хотын А зэрэглэлийн бүс буюу бүх сургууль, цэцэрлэг, зах, худ�##�дааны төв, автобусны бууд�##�тайгаа ойрхон. Ажил гэр 2ийн хооронд 20 минут явдаг. 30 гаруй жил энд амьдрахдаа манай крантнаас зэвтэй ус гарч байсан түүх байхгүй. Яасан сайхан байранд амьдарч байна вэ манай гэр бүл. Жаргаж байна даа гэж...

Зочин
Зочин
2023-06-05 10:25

Ашигл�##�танд оруулсан компани болон хүлээн авсан комисс бүгдийг нь шүүхэд өг

Зочин
Зочин
2023-06-05 12:05

Батзориг гээд м�##�ан бөхийн хутгасан бантан шүү

Хэн хохирох вэ
Хэн хохирох вэ
2023-06-05 13:37

Цэвэр усны хоолойг цайрдсан өндөр чанартай бдаг стандарт бий. Хар труба г анхнаасаа мэдсээр байж хийсэн, мэдсэн хэрнээ угср�##�т хийсэн сан техникийн компани , мэдсээр байж хүлээн авсан коммис т шууд өндөр хариуцлага хүлээх ёстой.

Зочин
Зочин
2023-06-05 13:46

Комисс авилга аваад бүгдээрээ ланд унаад новшийн явжийгаа шүү

иргэн
иргэн
2023-06-05 16:38

аймар юм бэ тэр хавиас үйлчилгээний газраар орж хоол унд ч авч идэж болохгуй юм байна шдээ

Зочин
Зочин
2023-06-06 01:10

Маш хатуу арга хэмжээ авах ёстой Дэнджээ гэх ч багадаж байна Бүх компани, улсын комиссын авлигачдыг бүгдийг хатуу шийтгэ, төлөөсийг төлүүл хөрөнгийг нь хураагаад ч хамаагүй, Заваан хар үйлтэй мөртэй амьтад вэээ, Олон нийтэд зарлаж мэдүүл, Хойшид хэрэгтэй, Ер нь эхлээд танилцуулахдаа өөрөөр танилцуулж зураг хуар үзүүлчихээд , яг цагаа тулахаар өөрчилчихдөг юм байна лээ шүү зарим нь ....Жигүүр Гранд сургуультай хотхон гэж захи�##�га авч татчихаад, одоо нөгөө сургууль нь байхгүй болсон, иймэрхүү з�##�ьтай байж болохгүй. Энэ их хулгай дээрэм, з�##�ь мэхээ хурдан устгацгаая, Эхнээс нь бүрмөсөн дарах хэрэгтэй Б�##�иар заваан хуурамч үйлдэл хийсэн бол дараагийн эрхийг нь бүрэн цуцлах хэрэгтэй Шударга, дэгтэй журамд нийцнэ, гаж юмнуудыг хаацайлж огт болохгүй!!!!!!!!!!

Зочин
Зочин
2023-06-06 08:41

Дархан цаазат газар байр барьж зарж болохгүй

Зочин
Зочин
2023-06-06 11:17

Хувийн байшингаа барьсан бол зүгээр болох нь дэ

Zochin
Zochin
2023-06-06 21:05

Арай ч дээ дэндүү юм. Ингэж байранд амьдрана гэж юу байсан юм. Барилгын компани хамгийн муу хоолойгоор барьж .Барьсан баоилга нь хэдэн жилийн дараа нурахыг үгүйсгэхгүй. Яар�##�тай шийдүүл .

Зочин
Зочин
2023-06-07 06:19

Тендэр нэрээр улсын мөнгийг цөлмөдөг бүлэглэлүүд маш олон болсон.Мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийж чадахаа больсон.Эдгээр барилгуудыг чинь бөх, дуучин, �##�и�##�агч, нам дагасан �######� долоогч, авилгач нар л барьсан. Одоо мөн л хэвээрээ бахь байдгаараа л байна.Дандаа намын томилгоо, мэргэжлийн бус хүмүүс.... сайдаасаа эхлээд л...би чадна гэсэн...үүнийг засахгүй бол олон хавар нэгэндээ л болох байх.

Эрдэнэ
Эрдэнэ
2023-06-07 09:08

Арай дэндүү

Лхагва
Лхагва
2023-06-08 08:25

Улайвтар царайтай хүн явб�##� Яармагийн хороололынх гэж таних юм байна л даа. Анхны байрууд ашигл�##�тад орж байх 2015 оноос л яригдаж эхлэсэн.Одоо болтол шийдээгүй.

Холбоотой мэдээ

Back to top button