Top StoriesСурвалжилга, Нийтлэл

"Жилийн дөрвөн улиралд ногоон байх Winter Garden цэцэрлэгийг орон сууцны хотхон дотор тохижуулсан"

Sky Garden хотхоны төвд бөмбөгөр байгууламж бий. Энэ бол Winter Garden.

Ийш хотхоны бүх барилга, блокоос туннель, гудмуудаар дамжин явж орох боломжтой. Sky Garden-ий төв цэг болсон Winter Garden-ийг хамгийн энгийнээр жилийн дөрвөн улиралд ногооноороо байх, амьд ургамлуудаар тохижуулсан цэцэрлэг хэмээн ойлгож болно.

Төв хаалгаар нь орвол “Улаанбаатар” нэрийн кофе шоп ажиллахад бэлэн болжээ. Түүний доод давхар луу шатаар эргэлдэн буувал цэцэрлэгт хөл тавина. Амарч суух, ажлаа хийх, уулзалт зохион байгуулах, гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх боломжтой ширээ, сандлууд буй. Тэдгээрийн эргэн тойронд халуун орныг санагдуулам өндөр модод, ногоон ургамлуудыг ихээр тариалжээ. Мөн ханыг ч ургамлаар зохиомжилж, тохижуулсан байх юм.

Агаарын чанар илтэд сайжирч мэдрэгдэнэ. Хүчилтөрөгчөөр баялаг орчинд хөл тавьсан нь эрхгүй ялгарна.

Winter Garden-ийг тохижуулахад “Ногоон ойм урлан” ХХК-ийн хамт олон мэргэжлийн арга зүй, ургамлын нөөцөөр хангаж ажиллажээ.

Тус компанийн захирал Б.Одгэрэл “Байгууллага, хувь хүмүүсийн агаарын чанараа сайжруулах зорилго бүхий ногоон масс бүрдүүлэх жижиг хэмжээний олон төсөл дээр ажилласан. Харин зориуд зай талбай гаргасан, ийм том хэмжээ бүхий цэцэрлэг Монголдоо хамгийн анх болж байна” хэмээлээ.

“Ногоон ойм урлан” ХХК 2005 онд байгуулагджээ. Цэцэг, ургамал тарьдаг гэр бүлийн өв соёл нь уламжилсаар ногоон ирээдүйг түүчээлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах өргөн хүрээний үйл ажиллагаатай компани болон өргөжсөн байна.

Тэднийх импортоор төрөл төрлийн ургамал оруулж ирэн, өөрсдийн хүлэмжид нутагшуулна. Түүнийгээ цахим болон салбар дэлгүүрүүддээ худалдана. Мөн дээр дурдсан шиг ногоон масс үүсгэн тохижилтын төслүүд дээр ажиллахаас гадна арчилгаа, ургуулалтын сургалт, зөвлөх үйлчилгээ ч үзүүлдэг байна. “Бид илүү олон хүн ногоон ирээдүйд амьдраасай гэсэн зорилготой” гэлээ.

-Анх Sky Garden хотхоноос уг төсөлд хамтран ажиллах санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

-Бидэнтэй анх цар тахлын үед холбогдож байсан. Хоёр жилийн хугацаанд бид жилийн дөрвөн улиралд ургамал ургах тохиромжтой нөхцөл бий болгохоор агааржуулалт, гэрэлтүүлэг, зай талбайн төлөвлөлт гээд бүх зүйл дээр судалгаа хийж, анхаарсан. Маш том хэмжээний, сайхан төсөл байсан. Хотхоны оршин суугчдадаа төдийгүй, бусдад ч экологийн боловсрол олгох, хүчилтөрөгч бүхий орчин бүрдүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх сайхан төсөл учир олзуурхаж ажилласан.

-Энд хэчнээн ургамал байна вэ?

-28 төрлийн 2000 орчим ургамал бий. Хөрсний ургамлыг цэцэрлэг бүхий байдлаар зохиомжилж тариалсан. Мөн ургамлан хананууд бий. 1 м.кв-д 36 ширхэг ургамал байхаар тооцож хийсэн л дээ. Ингэснээр зай талбай хэмнэж байгаа. Гидрофоник усалгаатай, 24 цагийн турш хүчилтөрөгч ялгаруулдаг ургамлуудыг ургамлан ханандаа суулгасан онцлогтой.

-Яг ямар ургамлууд байгаа талаар сонирхуулаач. Танайх бас импортоор төрөл, төрлийн ургамал оруулж ирж, нутагшуулдаг юм байна?

-Жилийн дөрвөн улиралд ногооноороо байх концепцын хүрээнд өмнө нь өөрсдөө сайтар туршиж, ургуулж байсан ургамлуудаа голчлон сонгосон. Ихэвчлэн далайн, дулаан орны ургамлууд бий. Дал мод, товрууш, диваажингийн шувуу гээд 3-4 метр өндөр бөгөөд цэцэглэдэг мод зэрэг бий. Мөн удамбор, аглонема, инжрийн мод, луу байна. Харин ургамлан хананд аль болох арчилгаа бага, агаар цэвэршүүлж, 24 цаг хүчилтөрөгч ялгаруулдаг ороонго, мөнхрөө зэрэг ургамал суулгасан.

-Гадаа өвөл болж, цас орж байсан ч энд Winter Garden ой хөвч мэт ногооноороо байх үндсэн зохион байгуулалт нь юу вэ?

-Усалгааны болон агааржуулалтын систем. Нар хэт их гарвал сүүдрэвчээ буулгах. Гадаа халбал температур буулгах, эсрэгээрээ сэрүүсбэл нэмэх гэх мэт ухаалаг систем бий болгосон. Усалгааны системүүдийг мөн шийдсэн. Үүний тусламжтай Winter Garden олон жил ногооноороо байхаас гадна, цаашид улам томорч, өргөжиж ургах боломжтой.

Winter Garden-аас ургамлан хана ихээхэн анхаарал татав. Хөрсгүй тариалалт гэж нэрлэх болох ажээ. Хана даган ус урсаж, эдгээр ургамлыг усалж байгаа юм байна. Хөрсөнд тариалбал зай талбай их эзэлдэг учир энэ ухаалаг бөгөөд интерьерт эерэгээр нөлөөлсөн шийдэл болдог.

Нэг хүнд жижиг савтай 10 ширхэг ургамал орчин тойрны нь агаары чанарыг сайжруулахад хангалттай гэж үздэг байна. Дөрвөн ам бүлтэй айл гэртээ 40 ширхэг ургамал тарьж, гэрийнхээ орчинд тарааж тавих шаардлагатай болно. Харин ургамлан ханаар шийдвэл, дээр дурдсанчлан зай талбай хэмнэх боломжтой гэсэн үг ажээ. Учир нь ердөө 1 м.кв талбайд л 36 ширхэг ургамал багтсан.

“Ногоон ойм урлан” ХХК-ийн захирал Б.Одгэрэл “Дотоод орчны агаарын чанар гадаад орчныхоос 2-5 дахин муу байдаг. Бидний эдэлж хэрэгэдэг электрон бараа цэвэрлэгээний бодис, тавилга зэргээс хорт бодис ихээр ялгардаг. Харшил, астма үүсэх нөхцөл болдог. Мөн Улаанбаатар хотод тулгамдсан агаарын бохирдлын асуудал байна. Үүнийг хамгийн органикаар шийдэх боломж нь тасалгааны ургамал. Харин Sky Garden хотхон оршин суугчдын амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой ийм том хэмжээний цэцэрлэгийг тохижуулснаар ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ” гэлээ.

Хотын хүмүүс амьдралынхаа 70-80 хувийг өрөө тасалгаанд өнгөрүүлдэг байна. Харин ногоон өнгө хүнийг тайвшруулж, бүтээлч байдлыг сэдээж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг онцлогтой. Энэ цэцэрлэгт гэр бүлээрээ цагийг өнгөрөөснөөр хүүхдүүд давхар экологийн боловсролд ч суралцах юм байна.

-Winter Garden-ийг гоо зүй, интерьер талаас нь хэрхэн зохиомжилж, тохижуулсан бэ?

-Ширээнүүдийг тойруулж, өндөр өндөр ургамал тариалсан. Энэ нь хоол идэх, уулзалт хийхэд зохиомол хананы шаардлагагүй тусгаарлалт болж өгнө. Мөн харагдах байдал талаасаа томоос бага руу чиглүүлэх хэлбэрээр ургамлуудаа тариалсан. Мөн зөвхөн ногоон өнгөөр дагнахаас илүү улаан, ягаан навчтай ургамлуудыг ч оруулж өгсөн.

-Таны хувьд энэ төслийн хамгийн гол үнэ цэн нь юү вэ?

-Бид амьд явах хугацаандаа байгалиас маш их хайрыг авдаг. Харин эргээд нэгийн төдий зүйлийг байгалдаа буцааж өгч чаддаггүй юм байна. Гэхдээ өгье гэвэл ургамал, мод тариалах боломжтой. Энэ төслийн давуу тал нь оршин суугчдадаа ая тухтай, эрүүл орчин бий болгож буйгаас гадна давхар экологийн боловсрол олгож, ногоон ирээдүйд тэмүүлэх сэтгэлгээнд урин дуудаж байна.

Нэг ширхэг тасалгааны ургамал 0.5 мл хүчилтөрөгч ялгаруулдаг. Энд 2000 ургамал бий гэж тооцохоор, 200-300 хүний хүчилтөрөгчийг хангах бололцоотой ажээ.

Winter Garden-ий тохижилтын ажил бүрэн дууссан ба бага сага засвар үлдээд буй аж. Тарьсны дараах арчилгааг ургамлуудад хийж байна. Улмаар энэ цэцэрлэг зургадугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийх ажээ.

Б.Одгэрэлийн эмээ, ээж нь цэцэг тарьдаг байжээ. Өрөөний нь цэцэг хатсан байвал “Загасчны морь усгүй гэгчээр” хэмээн зэмлэдэг байж. Багаасаа ургамал дунд өссөн учир төдийлөн үнэ цэнийг нь олж анзаардаггүй байсан ч хожим гэр бүлтэй болсон хойноо цэцэг, ургамал тарих ямар чухлыг бүр сайн анзаарч, ойлгож мэджээ. Одоо тэр “Ногоон ойм ургамал” компаниа эрхлэн явуулж байна. Б.Одгэрэл “Ургамал хүмүүст аз жаргал өгдөг. Өөрийгөө олчихсон, амьдралын чанараа дээшлүүлье хэмээн зорьж буй хүмүүс ургамалд дурладаг. Ийм соёлыг түгээж буй учир ажилдаа маш дуртай” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГУУД:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Winter garden
Winter garden
2023-06-07 12:09

Winter Garten гэж гадаах байг�##�ийг гэрээсээ харахыг хэлнэ. Үүний т�##�д гаднаа үзэсгэлэнт байг�##�ьтай байдаг ба цас дарсан байнй. Гэртээ хүлэмж шиг нэвт харагдах өрөө хийнэ. Тэр өрөөндөө ороод суухаар гадаа байг�##�ь нэвт харагдаж өвлийн цэцэрлэгь суух боломж олдоно. Нөадах чинь бол зүгээр дотор тарьсан ургам�##�

Холбоотой мэдээ

Back to top button