Гадаадын хэвлэлд: Хойд Солонгосын талаар АНУ, Монгол, БНСУ-ууд гурван талт хэлэлцээ хийлээ
Nikkei Asia сайтад нийтэлсэн манай улстай холбоотой мэдээллийг орчуулан хүргэе.
АНУ, Монгол, Өмнөд Солонгосын ахлах дипломатчид энэ долоо хоногт анхны гурван талт уулзалтаа тавдугаар сарын 30-нд хийлээ. Уулзалтаар Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хүчин чадлаа эрчимтэй хөгжүүлж буй агуулгаар хэлэлцсэн тухай Төрийн департамент баасан гарагт буюу үургаадугаар сарын 2-нд мэдэгдэв.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо мягмар гарагт болсон уулзалтын үеэр дипломатууд 2022 он гарснаас хойш урьд өмнө нь байгаагүй олон тооны баллистик пуужин харвасан ч Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээх шаардлагатай гэдэгт санал нэгдэв гэж тус газраас мэдээллээ.
Эл гурван талт анхдугаар уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Бямбасүрэн тэргүүлэн БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн ерөнхий захирал Ён Жун Чой болон АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд нарийн бичгийн даргын туслах Марк Ламберт нар оролцжээ.
Гурван талт анхдугаар уулзалтын үеэр тэд Украины эсрэг явуулж буй ОХУ-ын дайнд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэлд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлж, Энэтхэг-Номхон далайг чөлөөтэй, нээлттэй байлгах хүчин чармайлт зэрэг дэлхийн болон бүс нутгийн бусад томоохон асуудлуудыг хэлэлцсэн байна.
АНУ, Япон, Монгол гурван талт хэлэлцээрийг 2015 онд эхлүүлсэн. АНУ-ын департаментын мэдээлснээр, Монгол Улс 2014 онд зохион байгуулж эхэлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлыг Монголд хоёр хоногийн турш зохион байгуулах ажээ.
Тодруулбал, 2023 оны зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын VIII бага хурлын зорилгыг гурван улсын Засгийн газар бүгд дэмжсэн аж.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэгддэг энэхүү бага хурал нь Хойд Солонгостой дипломат харилцаагүй байсан Япон тэргүүтэй орнуудад Пхеньяны албаны хүмүүстэй харилцах ховорхон боломжийг олгодог юм.
Түүнчлэн АНУ, БНСУ, Монгол Улсын гурван талт уулзалтыг улс бүрд ээлжлэн зохион байгуулах ажээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.