Том хэргүүдийн тойрохыг зурж чадах уу

Манай томчуудад хамаарах хэрэг нэг хэсэг ийм байв.
Хэрэг нь шалгагдаж байгаа нэртэй арваад жил дамнаж байснаа “Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гээд хаалгачихдаг. Эсвэл хэргээ хүлээж байгаад, Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар буюу цагаан захтнуудад зориулсан өршөөлийн хонгилоор явчихдаг.
Эсвэл хэргээ явуулсаар, ял авч 1-2 жил хоригдоод, батлан даалтаар гарч ирэх. Ингэхдээ улсад учруулсан хохирлын хэмжээгээ төлөх байдлаар С.Баяр шиг 5 тэрбумаар нь толгой өвдөхгүй төлцгөөнө. Мөнхүү томчууд өмнөөсөө хэн нэгнийг ял үүрүүлээд, хохирлоо төрөөр төлүүлчихдэг арги бий. Жишээ нь, Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, гадны банкнаас зээл авсан хэргээрээ ял авч, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар мултарснаар өрийг нь “Эрдэнэт үйлдвэр” эрсдлийн сангаасаа хаачихсан кэйс байна.
Эдүгээ цагийн сайн нь, Эрүүгийн хуулиндаа хөөн хэлэлцэх хугацааг нарийвчилж, хялбаршуулан журмаар шийддэг хэлбэрийг авлига, албан тушаалын хэрэгт үйлчлэхээргүй болгож засан сайжруулсан. Гэхдээ хэрэг гацдаг процессыг системийн хувьд эмчилчихсэн юм биш. Хэргийн шалгалтын явцыг удаашруулах, прокурорт очсон хойно нь шүүх рүү шилжүүлэхгүй барих, шүүхээс товоо зарлахгүй байх гэчхлэн эс үйлдэхүйгээр гацаалтууд үргэлжилсээр л байгаа юм.
Жишээ нь, “нүүрсний хулгай” гэх хэрэгт хамруулан шалгасан албан тушаалтнуудын хэргээс Т.Аюурсайханд хамаарах хэрэг л шүүх рүү шилжээд байна. Хэргийн мөрдөн байцаах явцууд маш удаан үргэлжилж, саях Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр бүр зориуд зарцаах чиглэл “дээрээс” өгөгдсөн байв. Ядахад УИХ дээрх нээлттэй сонсголоо хийх гэтэл хамаг гишүүд нь энэ хэрэгт холбогдсон тул бүр гацаалт үүсэв.
Нөгөө талд Хөгжлийн банкны нээлттэй сонсгол УИХ дээрх явагдсаны дараа шүүх хурал нь монголд бараг анхны тохиолдол гэмээр тайзнаас нээлттэй зохион байгуулагдаж байна. Авлигын хэргээ монгол улс ингэж хоёр сар шахам хугацаанд заалнаас шүүсэн удаагүй. Үргэлжлүүлээд, авлига албан тушаалын хэргээр С.Батдөлийг энэ долоо хоногт шүүхээр хүлээгдэж байна. Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүд бас энэ долоо хоногт гэм буруутай эсэхээ дэнслүүлэх юм.
Мөрдөн байцаалтын шатанд яваа хэргүүдээс гаднаас бөөн сүр дуулиан болгон авч ирсэн Т.Бадамжунайн хэрэг нам гацчихаад байна.
Хөшигний ард яригдаж буйгаар, түүнийг өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ажнай Х.Бат-Эрдэнэ зэрэг томчуудтай хамтатган шалгах нөхцөл үүссэн гэгдэж буй. Эсрэгээрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгаалалтад орж, мэдүүлгээрээ огт хүн нэрлээгүй гэх мэдээлэл ч байгаа юм. Ийм байдлаар түүнд үүсгэсэн Эрүүгийн хэргүүд яг хэзээ боогдох нь асар тодорхойгүй байна.
Дараачийн анхаарал татах хэрэг нь, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хамаарах төмөр замын хэргүүд.
“Тавантолгой төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргалыг олон улс дамнуулан хайгаад байгаа мөртөө Ерөнхийлөгч атлаа Засгийн газрынхаа ажлыг шууд дэргэдээ татаж, ҮАБЗ-өөр нууцын тамга даруулсан Х.Баттулгыг шалгахгүй байгаа нь анхаарал татна. Хөшигний ард “ҮАБЗ-өөр нууцын тамга даруулсан учир задлаад ярихад тэр үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх, өнөөгийн спидер Г.Занданшатар нар ч мэдүүлэг өгч таарна” гэж яригдаж буй. Үүнийг дагаад Голомтын Н.Баясгаланд хамаарах шалгалтыг “зогсоосон” гэгдэж буй.
Одоо цагаараа Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар нь цагдаа, шүүх, прокурор, АТГ, Тагнуул зэрэг дээрээ “том” байгаа мэт харагддаг. Эд ч ийм мессиж ах нартаа өгөхөөр “шоглох” ажиллагаанууд нэлээд явуулаад амжсан.
Гэвч үнэн хэрэгтээ М.Энхболдын үеийн хотын фракцийн нарийн шижим эдүгээ Д.Сумьяабазарын удирдаж буй нийслэлд ч, Засгийн газрын харьяа Сангийн яаманд ч өндөр байгаа шиг. Яг ийм жишиг манай хууль хүчний байгууллагуудын сүлжээнд хэсэгтээ л ноёрхох юм. Хар үгээр тайлбарлавал, шүүхийн байгууллагад одоо ч Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын нөлөө, сүлжээ үлэмж өндөр. Х.Баттулгын үед томилогдсон нэг цул хэсэг байхад М.Энхболд, Т.Бадамжунай нараас улс төрийн дэмжлэг авагсдын арми гүн бат хөлтэй. Тэдэнд мөнгөө барьж очдог байсан монголын толгой бизнесүүд засаг төр дамнуулан, хамгаалалтаа босгочхоод байна.
Тэгэхээр том хэргүүдийн тойрох зурагдах боломж асар хомс. Дараачийн сонгуулийг хүлээх, бүр шалгагдахгүй өнгөрөх, өнөө цагийн томчууддаа аттак тавих, хугацаа хожих зэрэг бүхий л аргаар саармагжуулалт явагдана гэсэн үг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурцыг хэдэн жилдээ мангастаад ч дийлэхгүй
Женко дараа нь хэргээ дарах зорилгоор л нууцын зэрэглэлд оруулсан тэр үед мангарууд анзаараагүй
Чадахгүй
Ерөнхийдөө У.Хүрэлсүх чагталчихаад байна. Томчуудтай холбоотой нь ойлгомжтой л доо.
Харин л дээ. Бүгд л хулгайч луйварчин болохоор хэн хэнийгээ гэж чадахгүй биз. Ийм л новшнууд төрийн толгойд байхад энэ улс дампуурахгүй хаачив
Толгой луйварчидаа барьж байж ард түмний итгэл ирнэ дээ. Ард түмэн тэнэг биш бүгдийг харж сонсож мэдэж байга
Энэ бичвэрийн санаа сэдэл, өнгө аясаас харахад улстөрийн хүрээний хулгай зэлгий түм бум, түүнд нь бид дасчихсан, одоо бүр сүүлдээ байх ёстой үзэгдэлд анализ таавар хийж бөйгаам шиг яриад л суудаг болж..харамсмаар! Дээрээс нь эхлээд дээлийг нь нөмөргөөд явуул л даа.ккк
Босцогоож хуу зайлуулж шударга улс эх орон
Хөгжлийн төлөө засаг байгуулая
Жүжиг