ЭЕШ-д 800 оноо авсан дөрвөн сурагч: Урт хугацаанд хичээж бэлдсэн учир амархан байсан

2023 оны элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар зургаадугаар сарын 15-наас 18-ны өдрийн хооронд болж өндөрлөсөн. Энэ жил нийт ЭЕШ өгөхөөр 34,432 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн 30 мянга орчим нь энэ онд 12-р ангиа төгссөн сурагчид байв. Харин эдгээр шалгуулагчдын 158 нь л 800 оноо авч улс болон аймагтаа тэргүүлжээ.
Бид тэдний төлөөлөл болгож, Хөвсгөл аймгийн улсын тэргүүний "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн дөрвөн сурагчийг онцолж байна. Эдгээр сурагчид математик, англи хэл, химийн хичээлээр 800 оноо авч, зуун хувийн гүйцэтгэлтэйгээр үнэлэгдсэн бөгөөд гурав нь нэг ангийн сурагчид юм. Тэднийг 12Б ангийн сурагч Д.Амарсанаа, Г.Оюундарь, П.Баасандорж, 12Г ангийн сурагч Б.Баасандулам гэдэг. Бид хэсэг хугацаанд ийн ярилцлаа.
-ЭЕШ-д 800 оноо авч, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр үнэлүүлнэ гэдэг хэцүү. Тиймээс энэ амжилтад хүрэхийн тулд чамгүй хичээж, их ч бэлдсэн байх. Шалгалтын материал төсөөлж байснаас чинь амар байв уу, хэцүү байв уу?
Д.Амарсанаа: Мэдээж том амжилт гаргахын тулд их хичээл зүтгэл гаргасан. Шалгалтын материал төсөөлж байснаас харьцангуй амар байсан. Өмнө жилүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын материалуудыг сайн ажилласан учраас тэр байх.
Г.Оюундарь: Анх англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлээд эрчимтэй бэлдэж эхэлсэн. Ер нь давтлага хийж эхлэх үеэс л англи хэлний багш болон гэр бүлийнхэн маань 800 оноо авна гэсэн итгэл хүлээлгэж байсан учраас өөрийгөө дайчилж бага гэлтгүй бүх зүйлд маш их ач холбогдол өгсөн. Миний хувьд шинэ зүйл сурахынхаа хажуугаар алдаан дээрээ түлхүү анхаарсан. Шалгалтын материалын хувьд төсөөлснөөс амар байсан.
П.Баасандорж: Бэлтгэл сайн хангагдсан байсан болохоор нэг их хүнд зүйл байгаагүй. Материалын хувьд хүлээлтээс илүү хөнгөн байсан гэж хэлнэ.
Д.Баасандулам: Санасныг бодвол гайгүй байсан. ЭЕШ-д бэлдэж байх үе хамгийн хэцүү байлаа. Би чадах болов уу. Чадахгүй бол яана. Энэ олон хүмүүсийн итгэлийг хүлээчхээд, алдвал яах бол гэх зэргээр янз бүрийн бодол төрдөг байсан. Манай сургууль 12-р ангийнхан дундаа ЭЕШ-ын бэлтгэл болгож, таван нэрэмжит тэмцээн зохион байгуулдаг. Түүний сүүлчийн нэрэмжтэд тааруу оролцсон нь миний хувьд хамгийн том цохилт байсан. Нэг бодлын үүний ачаар сүүлчийн 21 хоногт илүү эрчимтэй бэлтгэл хийсэн.
-Аль сургуульд ямар мэргэжлээр элсэн суралцах бодолтой байна. Тухайн мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу вэ?
Д.Амарсанаа: Би гурван жилийн өмнөөс элсэх сургуулиа, суралцах мэргэжлээ сонгоод шийдчихсэн байсан. Би Монгол Германы технологийн их сургуульд механик инженер мэргэжлээр сурах зорилготой. Аливаа эд техникийг засаж янзлах нь надад сонирхолтой санагддаг учир энэ мэргэжлийг сонгосон.
Г.Оюундарь: Миний хувьд Монгол Улсын Их Сургуульд мэдээлэл технологийн чиглэлээр сурах бодолтой байгаа. Энэхүү мэргэжил нь өнөө үед эрэлттэй байгаа төдийгүй, маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байдаг учраас өөрийгөө тогтмол хөгжүүлэх шаардлагатай болдог. Тиймээс байнга шинэ зүйлийг эрэлхийлж, сурч мэдэх нь маш сонирхолтой санагдсан. Мөн ямар ч салбарт энэ мэргэжлээрээ ажиллах боломжтой гэж харж байгаа.
П.Баасандорж: СЭЗИС эсвэл МУИС-д санхүүгийн чиглэлийн мэргэжлээр сурах хүсэл сонирхолтой байгаа.
Д.Баасандулам: Анагаахын шинжлэх ухааны их сургуульд орох бодолтой байгаа. Ээж минь улсад 40 жил ажилласан сувилагч байдаг. Багаасаа эмнэлгийн орчинд өссөн болохоор бусдад туслах сэтгэл улам их суусан гэж боддог оо. Багаасаа бусдад туслаж, эмчлэхийг мөрөөддөг байсан. Одоо тэр мөрөөдөлдөө дөхөж байна даа.
-Гадагшаа өөр улс руу явж суралцах бодол бий юу. Байгаа бол аль улс руу яагаад явахаар сонгосон шалтгаанаа хуваалцаач?
Д.Амарсанаа: Надад одоохондоо гадагшаа явж суралцах бодол байдаггүй ээ. Гэхдээ сургуулийнхаа онцлогоор Герман руу явж суралцах хэрэгтэй гэж бодож байна.
Г.Оюундарь: Мэдээж гадааадын их сургуульд суралцаж, өндөр боловсрол эзэмшин тэдгээр хүмүүсээс суралцана гэдэг нь алдаж болохгүй том боломж. Одоогоор хараахан шийдээгүй байгаа ч АНУ руу сурах хүсэлтэй байгаа. Учир нь олон улсын янз бүрийн соёл уламжлалтай хүмүүс төвлөрсөн байдаг тул өөрийгөө хөгжүүлж, хүрээллээ тэлэх гээд олон боломжуудыг нээж өгдөг гэж боддог.
П.Баасандорж: Гадаадад суралцах сонирхолтой. Хэрэв гадаадад суралцах боломж гарвал Япон, Солонгос, Канад улсуудад мэргэжил эзэмшихийг илүүд үзнэ.
Д.Баасандулам: Хятад, БНСУ руу сурахыг битүүхэндээ боддог оо. Мэргэжлээ эхлээд эх хэлээрээ эх орондоо сурч эзэмшээд, дараа нь гадагшаа зоривол илүү өөрийгөө хөгжүүлж бусдад туслах мэдлэгийн зузаан нэмэгдэх юм шиг санагддаг. Хөгжил сайтайгаас гадна сонгосон нарийн мэргэжлээр минь илүү хөгжсөн орон гэж хардаг.
-Өндөр оноо авсан хүүхдүүдэд дотоодын хүссэн их, дээд сургуульдаа элсэх том боломж нээгддэг. Мөн тэтгэлэгт хамрагдах боломж ч олон бий байх. Тэтгэлэгт хамрагдах тухайд ямар нэгэн алхам хийсэн үү. Хийсэн бол ямар?
Д.Амарсанаа: Мэдээж өндөр оноо авсан хүүхдүүдэд том боломж нээгддэг. Миний бие 800 оноо авсан минь эхний алхмаа хийчихсэн гэж бодож байна.
Г.Оюундарь: Дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд дан ганц англи хэлний онооноос илүү бусад маш олон шалгуурууд байдаг. Миний хувьд англи хэлний чадвараа дээшлүүлэх маань хамгийн анхны алхам байсан. Харин одоо “extracurricular activities” буюу хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа сайжруулахыг илүү хичээж байгаа.
П.Баасандорж: Тэтгэлэг гэдэг гэр бүлдээ оруулж байгаа том хөрөнгө оруулалтуудын нэг. Миний хувьд БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн зохион байгуулсан "Хүүхэд бүрд тэгш боломж" ЭЕШ-ын сорилгод оролцож 2-р байр эзлээд их сургуулийн нэг жилийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичгээр шагнагдсан.
Д.Баасандулам: Хийсэн шүү. Энэ жил миний хувьд азтай одтой байгаа юм шиг санагдаад байгаа. Хаан банкны нэрэмжит тэтгэлэг авсан. Хичээсэн хүнийг бурхан заавал шагнадаг юм шиг санагдсан. Хаан банкны тэтгэлэгт хүсэлтээ өгчөөд тэнцэнэ гэж бодоогүй. Миний өдийг хүртэлх хичээл зүтгэлийг үнэлэж улам илүү их хичээгээрэй гэж энэхүү тэтгэлэг өгсөнд маш их талархаж байгаа. Хичээсэн хүнийг бурхан заавал шагнадаг гэдэг шүү дээ.
-Энэ амжилтыг гаргахад багш болон гэр бүлийнхний оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн байж таарна. Тэдэндээ хандаж юу гэж хэлэх вэ. Энэ хугацаанд хэрхэн дэмжиж байв?
Д.Амарсанаа: Багш болон гэр бүлийн оролцоо бол хамгийн их туслалцааг надад үзүүлсэн. Тэдэндээ талархаад баршгүй. Үргэлж дэмжиж урамшуулж байсанд баярлалаа гэж хэлэх байна. Эцэг эх минь намайг бүх л зүйлээр минь хангаж, багш нар минь бидний төлөө гэсэн чин сэтгэлээр хандаж байсан.
Г.Оюундарь: Энэхүү амжилтыг гаргахад өөрийн хүчин чармайлтаас илүүтэйгээр багш нарын минь нөр их хөдөлмөр, туслалцаа, урмын үгс болон гэр бүлийнхний маань байнгын дэмжлэг маш том нөлөөг үзүүлсэн. Тэдэнгүйгээр энэхүү амжилтыг төсөөлөхийн аргагүй. Тиймээс англи хэлний багш нар болон гэр бүлийнхэндээ маш их талархаж байгаагаа хэлмээр байна.
П.Баасандорж: Мэдээж гэр бүл, сургууль, багш нараас маш их хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Иймд энэ бүх зүйлийг зааж сургаж, хүмүүжүүлж өгсөн тэдэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.
Д.Баасандулам: Багш болон ар гэрийнхэн минь найз нөхөддөө юуны өмнө маш их талархаж байна. Ард минь бат зогсож, бүх зүйлээр хангаж, хайрлаж өсгөсөн ээждээ маш их баярлалаа. Миний амжилт бол таны минь амжилт юм шүү. Арыг минь бат дааж хамгаалдаг ээждээ маш их хайртай шүү охин нь илүү эх орондоо мундаг хэрэгтэй хүн олох болноо гэж хэлмээр байна. Мөн Байгалийн ухааны нийт багш нартаа баярлалаа. Та наргүйгээр одоогийн би бүтэхгүй байсан шүү. Та нарынхаа асар их мэдлэгээс жаахан ч гэсэн сурч мэдсэндээ маш их баярладаг шүү. Улам илүүг сурч мэдэх болно оо. Бас сургуулийн захиргаадаа маш их баярлалаа гэж хэлэх ёстой. Мундаг баг хамт олонг цогцлоон сурагч бидний төлөө ямагт ажилладаг та бүхэндээ маш их баярлалаа. Энэхүү сургуулиар овоглон төгсөж байгаадаа баяртай байна.
-800 оноо авсан тухайн хичээлийг хэзээнээс голчлон сонирхож бэлдэж эхэлсэн бэ, мөн сонгох болсон шалтгаан?
Д.Амарсанаа: Англи хэлний хичээл анх тавдугаар ангид орж эхэлснээс хойш их сонирхон бэлддэг байсан. Яг элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэлээр бэлдэж эхэлсэн үе гэвэл 12 ангиас хойш эрчимтэй бэлдсэн. Миний элсэх сургуульд хичээлүүд нь англи хэлээр ордог учир сонгох том шалтгаан болсон.
Г.Оюундарь: Анх тавдугаар ангид ороод англи хэлний хичээлийг судалж эхэлсэн. Илүү дурлаж, ач холбогдлыг нь ойлгож эхэлсэн үе гэвэл 9-өөс 10-р ангид орох үе гэж хэлж болно. Одоо үед энэхүү хэл нь хүн бүхний зайлшгүй сурах ёстой чадваруудын нэг яахын аргагүй мөн. Миний хувьд англи хэлийг сурч эхлэх болсон хамгийн том хөдөлгөгч хүч нь шинэ соёлыг сурч, илүү ихийг таньж мэдэх хүсэл эрмэлзэл минь байсан.
П.Баасандорж: Анх зургаадугаар ангид математикийн олимпиадын бэлтгэлд орсон мөчөөс эхлэн тухайн хичээлээр гүнзгийрүүлэн сурахыг маш их хүсэж мөн түүнийхээ хэрээр хичээн суралцаж эхэлсэн.
Д.Баасандулам: Химийн хичээлийг наймдугаар ангийн зунаас эхлэн сонирхон судалсан. Есдүгээр ангиасаа олимпиадад бэлдсэн боловч корана вирус гарч улмаар арваннэг дүгээр ангиасаа үргэлжлүүлэн эрчимтэй олимпиадад бэлдсэн. Хамгийн сүүлчийн олимпиад минь гуравдугаар сард дуусаж үүнээс хойш ЭЕШ-даа эрчимтэй бэлдсэн дээ. Анх багш маань маш гоё санагдаад, таалагдаад судалж эхэлсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өндөр оноо авлаа энд тэнд сурлаа л гэх хаа бн тэгээд өөрдөгдөж сайжирч байгаа нь маруухан юмшигдэ.ерин тэгээд худ худ
chi yasan ataarhaj uhlee yu chadahgvi bolhoor. iimerhuu ataarhuu ymnuud yanadaa
Үнэн2
Ёстой азтай хүүхдүүд шүү.
p###a min az bish sain hicheesnii ur dvn glg min
Aztai gej yu baihav uneheer sharguu hudulmur shuu dee
Хичээнгүй хүүхдүүдэд баяр хүргэе.
Баасандулам болон бусад 3хүүхдэд баяр хүргэе Баасандулам мундаг оюунлагх ичээнгүй өөрөө,өөртөө итгэлтэй сайн охинд цаашдын нь сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье