УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүүрсний сонсголд дуудагдах гурван том бүлэг

Наадмаас өмнө нүүрсний сонсгол хийх цаг үлдээгүй. Улмаар намрын чуулганаар хийх шийдвэрийг уржигдар /2023.06.27/ гаргасан байна. Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлсэн Х.Нямбаатар "нүүрсний сонсголыг хэзээ зохион байгуулахыг" ийн шийджээ.

Эл сонсголд ямар хүмүүсийг оролцуулах нь ихээхэн анхаарал татаж байгаа билээ. Томоор харж үзвэл “Эрдэнэс Тавантолгой”, “Улстөрийнхөн” гэсэн хоёр бүлэгт хуваагдахаар. Үүн дээр “жижиг Тавантолгой” хэмээх бичил бүлэг нэмж ч болохоор.

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт хамруулан 50 хүнийг шалгаснаас эхний ээлжинд 17 нэрийг ил болгож байлаа. 17 нэрийг ЭТТ ХК-ийн захирал асан Х.Ганхуягийн мэдүүлгэд үндэслэж зарласан гэдэг. Түүнд нь дээрх гурван бүлэглэлийн төлөөллүүд багтаж байв.

-“Эрдэнэс Тавантолгой”-нхон хэмээх бүлэг-

Эл бүлгийн тэргүүнд ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн нэр бичигдэнэ. Өнгөрөгч намраас хойш түүний нэр нүүрсний хулгайн хэргийн "гол автор” болж тодров. Тэрбээр төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн ах П.Пүрэвдорж нараараа дамжуулан Жаргалантын аманд 22 хаус барьж, 17 тэрбумаар худалдсан гэгдээд байгаа юм. Өдгөө хэрэг нь шүүх рүү шилжсэн ч, товыг тогтоогоогүй байна.

Нүүрсний дуулиан эхлүүт Б.Ганхуягтай хамт саатуулагдсан хүн бол “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Хишигдорж. Түүнийг хүү, бэрийнх нь хамтаар анх саатуулж байв. “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хөрс хуулалт, нүүрс олборлолтоор 796 тэрбум, Бор тээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтаар 715 тэрбум буюу хоёрхон гэрээгээр 1.5 их наядыг халаасласан нь ил болоод буй.

Дараа нь ЭТТ ХК-д ажиллаж байсан Б.Отгонжаргал, Х.Нурлат нар. АТГ-т шалгуулахтай зэрэгцэн ажлаасаа дуулиантайгаар халагдсан. Тэднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэж буруутгасан. Б.Отгонжаргал, Т.Аюурсайханы туслах байсан бөгөөд 500 сая төгрөгөөр “Mercedez Benz G-500” автомашин худалдаж авсан, төрсөн аав Я.Баатарынхаа гэрт 235 сая төгрөг, 30 мянган ам.доллар нуусан гэх. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Нурлат нь Казахстаны Алматад “House garden” хаус хотхон, “Prime garden” орон сууцны хорооллуудыг барьж, мөнгө угаасан гэгдэж буй.

“Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нь ЭТТ ХК-ийн мөнгөөр Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замыг барих ажлыг хариуцсан. Өдгөө гадаадад "шувуу ажиллагаа" авч ирж хүчрээгүй сууна.

Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн төрсөн эгч И.Чанцалдулам, эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Лаки лайф” ХХК нь Ар гүнтийн аманд “Ар гүнт вилла” нэртэй, нийт 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьсан.

-Улстөрийнхөн хэмээх бүлэг-

Анхны 50 дотор төрийн алба болон төрийн өмчит компаниуд ажиллаж байсан МАН-ын гишүүн олон бий. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд үүнээс ч илүү байгаа гэдгийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар удаа дараа сануулж байлаа.

Тэргүүн нүүрнийхэн: Тодорхой гурав багтана. Яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн байж байгаад бүрэн эрхээсээ түдгэлзсэн хүмүүс нэрлэгдэнэ. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат гурав. Өдгөө Т.Аюурсайханых шүүх рүү шилжсэн ч, товыг тогтоогоогүй байна.

Хэргээ шалгуулагсад: Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, А.Адъяасүрэн нар багтна. Тэд хуулийн байгууллагад шалгуулж байгаа ч одоо ч аг чиг. Прокурорын байгууллагын шатанд гацаад байгаа гэж хэлж болно.

Сугарагсад: Дээрх нэр бүхий гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад мэдүүлэг тайлбар өгч явсан удаатай. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэрэг прокурорын байгууллагад шилжиж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шатанд парламентын гишүүд нь аваад үлдчихсэн. Шалгуулсан хэвээр ч нам гүм. Харин нөгөө гурав нь АТГ-ын шатнаас нэрээ сугалаад "буруугүй" хэмээгдэцгээсэн билээ.

Алсын зайнаас ажигсад: Эл бүлэгт сайд нар голдуу хамаарна. Нүүрсний хэргийн дуулиан эхлэх үед хардлагад өртөж басхүү цоллогдож байсан Засгийн газрын гишүүд энэ бүлэгт багтана.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Соёлын сайд Ч.Номин, Зам тээврийн сайд С.Бямбацогт зэргээр хөвөрч байв.

МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн зөвлөх Ц.Чулуунзагдын төрсөн ахын "Админарал" компани ЭТТ-гоос 47 мянган.тонн нүүрс авч, 5 сая тонн нүүрс баяжуулах чадамжтай үйлдвэр барьж байгаа асуудалд нэр холбогддог.

Соёлын сайд Ч.Номингийн аав “Тэвшийн нүүрс” ХХК Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 877.4 га талбайтай “Тэвшийн говь” хүрэн нүүрсний ордыг 2045 он хүртэл олборлох эрхтэй.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг үргэлж дагадаг цол нь "Хотгор шанага"-ын уурхай. Түүний Ч.Гантулга, Ч.Гансүх гэсэн ах нар “Хотгор шанага” ХХК-ийн хамтрагч Бэгзсүрэнгийн Алтангэрэлтэйгээ одоо ч “Шанага транс” ХХК-ийг эзэмшдэг.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн сонгуулийн хандивт “Энержи ресурс” ХХК-ийн захирал Готовын Батцэнгэл багтаж байв. Эл компанийг нүүрсэнд хамаатуулахгүй байх үндэслэл байхгүй.

Цаашлаад Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ болон Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий “Нью прогресс” группийн охин компаниуд асуудал гэхчлэн нүүрсний хулгайтай холбон зарим хэвлэлүүд бичиж байв.

Гэхдээ сайд нарын хэн нь ч нүүрсний хулгайн хэрэгт огт хамран шалгагдаагүй гэдгийг онцлон тэмдэглэе. Харин Засгийн газар нь шүгэл үлээгч болчихсон. Тэд бол шүгэл үлээгч Засгийн газрын гишүүдийн төлөөлөл.

Улстөрийнхөн бүлэгт улстөрөөс яваад багагүй хугацаа өнгөрсөн хэдэн хүмүүсийн нэрс ч бас багтана. Экс ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын Ө.Шижир, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг анхны 17 дотор зарласан ч, хэрэг нь чухам хэрхсэн талаар бас сураг алдраад байна.

-"Жижиг Тавантолгой" хэмээх бүлгийнхэн-

Нүүрсний хулгайн хэрэг анх сөхөгдөхөд 340 мянган тонн нүүрсний асуудал хөндөгдсөн. Дээрх тооны  нүүрс 2013-2017 онд хулгайд алдагдсан нь тогтоогдсон байдаг.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг мөн яллагдагчаар татаж, шүүхээс хилийн хориг тогтоосон. Ингэхдээ яллагдагч Р.Сэддоржийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нартай уулзахыг хориглож байв. Р.Сэддоржтой цуг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нарын нэрс ч зарлагдсан.  

"Жижиг “Тавантолгой”-г тоносон мөнгийг Х.Мандахбаяр хаус хотхон, хорооллоор угааж байж болзошгүй ноцтой сэжүүрүүдийг хууль хяналтын байгууллага атгасан байж болзошгүй гэдэг. Хэвлэлүүд ч бичиж байв. Гэтэл тэдний нэрийг ёс болгож зарласан болоод, хэргийг нь царцаачихсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөгжлийн банкны хэрэг шиг л шоудаж байгаад л замхарна. Бүгдийг хэрэгсэхгүй болгоно

Зочин
Зочин

Amarbayasgalangiin akh chin' nyyrsnii teevriin companytai gee biz dee. Jinkhene khulgai khiij bgaa nukhur baikh shyy. Khamag oir toirniikhoo doloogchdoo ETT, EMGL-d chikhsen. Nyambaatar guai ch gsn afilkh gekh chin' bilee. Odoo byyr Sykhbaatar aimagt ch gelyy nyyrsnii businesstei bolson gekh chin' bilee. Khamgiin gol khulgaichdaa shalgaj khariutslaga tootsokhgyi um bol jyjig zokhioj khymyysiin tsag yreed khereggyi sh dee er n' bol.

Зочин
Зочин

Улс орны амь амьдрал ярьж байхад наадам ярих шиг. Бид ч өвөрмөц хийцийн хойдууд болж

Зочин
Зочин

Дутуу бнаа,

Зочин
Зочин

Төрийн түшээд нь хулгайч луйварчид гэхээр энэ улс дампуурах нь аргагүй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button