Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эхэллээ

Эрүүл мэндийн сайдын 340 тоот тушаалаар батлагдсан эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийг журамд заасны дагуу ажилтны эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед илрүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, ажилтны эрүүл мэнд тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд тохирох эсэхийг тодорхойлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хийдэг.
"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК 1,500 гаруй ажилтантай үүнээс 85% нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг. 2018 оноос хойш ажиллагсадын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулаагүй байна. "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГазрын хамтын ажиллагааны хүрээнд энэ 2022 оны 9 сараас эхлэн нийт ажиллагсадыг Япон улсын иж бүрэн тоног төхөөрөмж, стандарт үйлчилгээтэй "Эрдэнэт Медикал" оношилгоо эмчилгээний төвд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ.
Энэхүү үзлэгээр ажилтан 28 нэр төрлийн үзлэг шинжилгээ, цээжний рентген зураг, хэвлийн эход хамрагдаж дотрын эмчийн үзлэг зөвлөмжийг авна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн шинжилгээний үр дүнг үндэслэн үйлдвэрийн эмчийн үзлэг, зөвлөмжийн дагуу үргэлжлүүлэн эрүүл мэндийн даатгалаар нарийн шинжилгээ, дуран, томаграфийн үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас авах бүрэн боломжтой. "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК нь ажиллагсадын эрүүл мэндийн үзлэгийн зардал, өдрийн хоол, ирж буцах унааны зардлыг бүрэн хариуцаж байгаа ба нийт ажиллагсадыг 7 хоног бүрийн Бямба гарагт 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Эхний ээлжийн үзлэгт 9 сарын 17-ны өдөр Төмөртолгойн уурхайн 82 ажилтан хамрагдлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.