УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хаврын чуулган: “Зээл”-чид ялж, нүүрсчид бүгж, Г.Дамдинням попорч, П.Анужин монжив

2023 оны хаврын чуулган өчигдөр /2023.07.07/ хаалтаа хийлээ. Дөрвөн сарын хугацаанд нийт 114 хоног хуралджээ. Хаврын чуулганд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


10 хувь нь яллагдагч: Хөгжлийн банкнаас нэг нь ял сонсож, нүүрсдийн нэг нь шүүхээр таслагдахад бэлэн болов

Нүүрсчид: Хаврын чуулганы хамгийн том дуулиан бол нүүрсний хулгай. Хаврын чуулган эхлэхээс гурван сарын өмнө жагсаал болж, эрчийг авахуулсан. Үр дүнд нь А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн нарын долоон гишүүний нэрийг АТГ "нүүрсчин" гэж зарласан.

Өдгөө Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр гишүүний зөөлөн суудлаасаа явсан юм. Н.Наранбаатарыг танхимынхан нь итгэл үнэмшлээрээ авч үлдсэн.

Харин Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар АТГ-ын шалгалтын шатанд сугарч үлдсэн бол Ш.Раднаасэд, А.Адъяасүрэн нарын хэрэг шалгалтын явцад царцаж, өдгөө ч нам гүм байдалтай байна. Нэмээд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан. Түүнийг ЕТГ-ын дарга асан З.Энхболдтой хамтатган нүүрсний гэх хэргийн агуулгаар шалгаж буй.

Эцсийн бүлэгт эднээс ганцхан Т.Аюурсайхан л шүүхээр таслагдахад бэлэн болчихсон. Бусдыг нь шүүх рүү шилжүүлээгүй, гацаачихсан байгаа билээ.

Чингэхээр энэ парламентын бараг арав гаруй УИХ-ын гишүүн энэ хаврын чуулганаар нүүрсний хулгайн хэргээр хуулийн байгууллагад шалгуулж буй хэрэг болж байна. Түүхэн тоо, түүхэнд үлдэх бараан үйл явдал.

Хөгжлийн банк:

Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдсон дөрвөн гишүүний нэг нь л ял сонслоо. Тодруулбал, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг буруугүй, Ё.Баатарбилэгийг л гэм буруутай гэж үзсэн юм. Түүнд зургаан жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хасав. Мөн 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасныг өчигдөр мэдээллээ. Хаврын чуулганаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж чадаагүй учир, намрын чуулган хүлээх үү гэдэг асуудал үүсэж байна. Өөрөөр хэлбэл Ё.Баатарбилэг давж заалдаж дуустал цагдан хорих баривчлах ёсгүй ч гэгдэж буй.

УИХ-ын 76 гишүүнээс яллагдагчаар татагдсан, татагдах гэж байгаа, хуулийн байгууллагын хаалга татаж шалгуулаад татагдах шахсантайгаа нийлээд 16 гишүүн болж байна. Энэ нь бараг нийт парламентын гишүүдийн 20 хувь нь юм. Эднээс яг яллагдагчаар татагдаад байгаа нь 11-т хүрчээ.


Үндсэн хуулиа үл хүндлэгсэд: Төсвийн тодотголоор ардаа хахуулдаж, Үндсэн хуулиа гурвантаа сэндийчив

Ингэж улс орноо идэж уусан, цөлмөсөн, тоносон байдлаар 10 хувь нь шахуу татагдсан парламент Үндсэн хуульдаа гурвантаа гар хүрэв. Гурав дахийг нь энэ хаврын чуулганаар хийсэн юм.

Уг нь гишүүн болж сонгогдож гарч ирүүтээ Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөдөг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудад зааснаар Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлж, түүний тогтвортой байдлыг хангах үүргийг УИХ хүлээдэг. Дөрвөн жилдээ Үндсэн хуулийг дээдлэн сахих, хүндэтгэн биелүүлэх, Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй.

Гэвч маргааш нь Үндсэн хуулиа мартдаг. Үүний сонгодог жишээг энэ хаврын чуулганаар харуулсан.

Эрх баригчид энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх буюу 126 болгох л өөрчлөлт хийв. Гишүүдийн тоог нэмэхийн тулд тойрогтоо хоёр удаа ажиллацгаасан билээ. Ингэхэд өргөн хэрэглээний барааны үнэ өсөлт, цалин тэтгэврийн орлого бууралт, өр зээл, мах, гурил, будаа ярьж бухимдацгаасан. Улмаар төсөвтөө тодотгол хийх байдлаар амьдрал ярьсан иргэдээ хахуулдаж чадсан юм.

Нэг нам дангаар ноёрхсон үед Үндсэн хуулийн заалт тунхаг төдий болж үлддэг гэдгийг харуулсан явдал болсон гэсэн үг.

Сонсголын сайн, муу жишиг: Б.Энхбаяр давж, Г.Ганболд дэвслэв

Б.Энхбаяр Хөгжлийн банкны зээлийн сонсголыг амжилттай давж, Г.Ганболд нүүрсний сонсголыг дэвслэв.

Б.Энхбаяр гишүүний ахалсан Хөгжлийн банкны зээлийг хянан шалгах түр хороо нээлттэй сонсголыг нийт нэгдүгээр сараар гуравдугаар сар хүртэл гурван сарын хугацаанд нийт 13 өдөр зохион байгуулахдаа 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан.

Нэг дэх шатны сонсголыг: 2023 оны Нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд таван өдөр.

Хоёр дахь шатны сонсголыг: 2023 оны Хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд гурван өдөр.

Гурав дахь шатны сонсголыг: 2023 оны Гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд таван өдөр.

Харин Г.Ганболд нүүрсний сонсголыг дэвслэв. Бүхэл бүтэн нэг жил ажиллахдаа тайлангаа ч тавиагүй. Нотлох баримтыг шинжлэн судласан гэсэн боловч, дахин нэг улирал гацаах нөхцөл бүрдүүлсэн. Эцэстээ Х.Нямбаатарыг гар дүрэхэд хүргэсэн билээ.

Том хуулийн хуудуутай заалтууд: Г.Дамдинням тодорч, П.Анужин монжив

Боловсролын ерөнхий хууль дахь англи хэл:

Энэ удаагийн чуулганаар Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх, Дээд боловсролын, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Боловсролын хуулийг багцаар нь өөрчилж байгаа нь анхны тохиолдол болж байна.

Эл хуульд “үндсэн гадаад хэл англи хэл” гэх заалтыг тусгах, эс тусгах агуулгаар хоёронтоо маргаж, мэтгэх давлагаа нийгэмд үүссэн юм. Энэ үеэр Г.Дамдинням гишүүн хамгийн их попорч, тодорсон.

Малчдын НДШ-ийг татвар төлөгчид төлнө:

П.Анужин тэргүүтэй УИХ-ын гишүүд /Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/ -д малчдын НДШ-ийн 50 хувийг нь төрөөс гаргах заалт оруулаад батлуулав. Ингэснээр НДШ төлдөггүй 195 мянган малчны өмнөөс татвар төлөгчид төлөх болж байна. Өнөөдрийн байдлаар малчдын ердөө 20 хувь нь НДШ төлж байгаа.

Тэгэхээр 195 мянган малчны НДШ төрөөс төлөхийн тулд сард 53.8 тэрбум, жилд 646.4 тэрбум, таван жилд 3.2 их наяд төгрөг гаргах болж байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар дэмжсэн "та нар мах иддэггүй юу" гэж ирээд дэмжсэн. Малчдад гэнэт хайр зарлаж, төрөөс тэр тусмаа татвар төлөгч дундаж давхаргынхны халааснаас мөнгө гаргана хэмээн дайрч буй эл үйлдлийг УИХ-ын сонгууль ойртсоны дохио гэж ойлгогдож буй. Тэрбум тэрбумаар үнэлэгдэх малтай УИХ-ын гишүүд малчин, туслах малчныхаа даатгалыг ингэдээр ингэж л төлүүлэхээр болж байна.

Эргэн татагдсан Газрын тухай багц хууль:

Засгийн газраас өнгөрсөн зургадугаар сард өргөн барьсан Газрын багц хуулийн төслийг буцаан татсан. Тус хуулийн төслийг

  1. Хотын ерөнхий төлөвлөлт хийсний дараа газар олголтын асуудлыг шийдэх
  2. Хөдөө орон нутаг, иргэдээс газрын хуультай холбоотой шүүмжлэл их байна гэсэн хоёр үндэслэлээр татсан.

Хотын ерөнхий төлөвлөгөө гарсны дараа хуулийн төслүүдийг дахин өргөн барих аж.


Төгсгөл: Сөрөх хүчгүй сөрөг хүчин ба Засгийн газрынхны эв түнжингүйтэл

Сөрөх хүчгүй сөрөг хүчин: Эцэст нь энэ хаврын чуулганаар сөрөг хүчин сөрөг хүчин шиг байж чадаагүй. Ялангуяа Үндсэн хуульдаа гар хүрэх агуулгын эсрэг биш дэмжигчээр ажилласан явдал байв. Тэд асуудлын халуун дээр нь биш дандаа өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч ирэв.

Эхнийх нь, ҮХӨ хийхтэй зэрэгцээд цалин, тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгө тэгш олгох асуудлыг МАН шийдчихсэн хойно эсэргүүцэх дүр эсгэсэн. Удаах нь, Г.Ганболдын ахалсан нүүрсний сонсголын түр хорооны бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойр хоногийн дараа нүүрсний хулгайн сонсгол явуулахгүй байгаа шалтгааныг зарласан. Гурав дахь нь, "ковид-19"-ийн цар тахлын төсвийн зарцуулалтын талаар сонсгол явуулъя гэх шаардлагаа бараг хоёр жилийн дараа тавьсан юм.

Асуудал өрнөж байхад чимээгүй л хүлцэж суудаг онцлогтой тэд. Бие магтаж, хоосон цэцэрхэх Д.Ганбатаас өөрөөр, сөрөг кноп дараад чуулганаа орхичихдог шударга гишүүн АН-д хамгийн их үгүйлэгдсэн гэж хэлж болно.

Л.Оюун-Эрдэнийн танхимынхны хагарал: Засгийн газар энэ хаврын чуулганаар олон чухал хуулиуд оруулж ирсэн. Өргөн барьсан хуулиуд дээр сайд нар зөрчилдөж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар муудалцаж, эсрэг кноп дарах үзэгдэл гарах болсон. Уг нь хууль өргөн баригдахаас өмнө танхимдаа үзэлцэж, үзэл бодлоо нэгтэгчхээд орж ирдэг байх учиртай.

Боловсролын ерөнхий хуулийг Х.Нямбаатар сайд шүүмжлэнгүүт ямар сайндаа л Л.Энх-Амгалан сайд “хуулиа татчихъя” гэж тунирхсан удаатай. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтын үеэр Ж.Сүхбаатар, С.Чинзориг сайд нар эсрэг кноп дарсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дамдинням гэж нэг далчиганасан юм одоо болио,алиа салбадай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бусдыг гүтгэж хилс хэрэг хүлээлгэдэг цаг өнгөрсөн.Гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол нотлох хэрэгтэй.АН.ын нөхөд төрийн эрх эдэлж байхдаа хууль зөрчиж.сөрөг хүчний идэхтнүүдыг хэлмэгдүүлж бараг 1937 оны нугалааг давтахыг олон удаа оролдсон.Ийм зүйл хэрхэвч давтаж болохгүй.Үүнээс гадна бусдыг байнга гүжирдэж гүтгэж худал цуу тарааж нэр төр рүү нь халдаж улс төрийн ашиг хонжоо хайж байна.Иргэд үүнийг эрхбиш гадрална.

Зочин
Зочин

Зээлчид төлбөр бүрэн барагдуулсан бол бас ч яахав !
Харин нүүрсчдийг бүгүүлдэг л жаахан тиймхэн хэрэг дээ, тэд ч мөнгөөр бярлхаад, УИХ-ын гишүүн Ганбол дыг нохойд барьдаг мод болгоод, Төрийн 3 өндөррүү боргуулж хуцуулаад л..... ер нь их л том бна доо,хо хо
Төр, нүүрсчдийн зодооныг уулан дээрээс хараад л сууж байя доо,хо хо хо

Зочин
Зочин

Монголын түүхэнд нэрээ хараар бичүүлэгсэд олширч байна даа.Тийм л сайхан байдаг юм байх даа.Үр удам нь үлдэх хорвоо доо.Тэд ч ичиж амьдрах байх даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зах зээл бол хүнийг араатан болгодог заваан нийгэм.

Холбоотой мэдээ

Back to top button