Top StoriesСПОРТСурвалжилга, Нийтлэл

Начны өнгө: Өнөө жил улсын цол хүртэх цөөн бөхийг Э.Мөнхжаргал, С.Сүхбат, Н.Өсөхбаяр нар тэргүүлнэ

Улсын их баяр наадам эхлэхэд ойртлоо. Төрийн наадамдаа шөвгөрөх арал чац, авьяас билэг, авхаалж самбаа нь бүрдсэн аймгийн арслангуудыг тоймлон хүргэж байна.

Тэгш ойн дараа жилийн наадамд улсын цолтон цөөхөн төрдөг уламжлал тогтоод удаж байна. Энэ жилийн тухайд ч хол зөрөхгүй болов уу. Начин 4-5, түүнээс ч бага төрөх магадлалтай.

Тэргүүн эгнээд Архангай аймгийн Хотонт сумын харъяат аймгийн арслан Э.Мөнхжаргал, Хашаат сумын харъяат аймгийн хурц арслан С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Н.Өсөхбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат О.Наранбаатар, арал бяр дүүрэн Хөвсгөлийн Э.Баасанжав, Хэнтийн Д.Алтанцоож, Ховдын Ц.Төмөрцоож, Г.Дармаажанцан арга туршлага ихтэй Өвөрхангайн Т.Довчинсэмбээ, Увсын Д.Тогтохжаргал, Говь-Алтайн Т.Сайханжаргал, Архангайн Л.Отгонбаатар гэх мэт "унаа" нь гүйцсэн улсын цолонд дөрөөлөх залуусын дундаас төрийн наадамдаа шөвгөрөх залуус тодрох нь дамжиггүй биз ээ.

Хоёр, дөрвийн давааны оноолт хатуухан таарах байх оноолтын даваанд заан, харцагуудын аманд очих магадлал өндөр.

Дөрвийн давааны оноолт хурц болон эрэмбэтээ эдгээр арслангуудад өмнөх жилүүдээс илүү хатуухан таарахаар байгаа. Б.Бат-Өлзий, Б.Батмөнх заан, Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Т.Баасанхүү, О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон харцагууд, Ш.Батчулуун, Н.Мустафа гэх мэт өсөх идэр начингуудтай нугарах магадлал маш өндөр.

Эдгээр идэрхэн хүчтэнгүүдийг орхиж байж цолны даваанд босох эрхтэй болно. Тавын даваанд хүн дэмжиж тахим буулгах том цолтон олон байхгүй л болов уу. Тийм болохоор өөртөө итгэж байдгаа гаргах чухал даваа байх болно.

Эрдэнэхүүгийн Мөнхжаргал бага наадам буюу цагаан сарын барилдаанд цацаа цалгиатайхан түрүүлсэн цагаас хойш томчуудын зүрхэнд шар ус хуруулдаг болсон хүчтэн тав давчихвал тун халгаатай бөх.

Сүхбаатарын Сүхбат нэг жилийн дотор гурван цол хүртсэн залуухан, хурц, заал танхимд өөрийгөө харуулсаар л байгаа. Хашаат нутгаас тодрох хоёрдахь аварга ч гэдэг.

Нямдоржийн Өсөхбаяр өсвөрийн улсын аваргад гурван жил дараалан түрүүлж, тодорч байсан идэрхэн хүчтэн. Өнөө жил өргөөнд өнгөлж барилдсан хүчтэн.

Дамдингийн Тогтохжаргал хоёр жил дараалан тавын даваанд гарч барилдсан арслан. Түүнийг түмэн олон тав давахыг л хүлээж байна.

Төрбатын Довчинсэмбээ тунчиг барилдаан, хий зайгүй нягт бөх. Олон жил тогтмол сайн байгаа бөх, одоо цолонд хүрэх болсон л баймаар.

Хэнтийн Д.Алтанцоож гэдэг хэнийг ч хаяж мэдэх хүчтэн. Дөрвийн оноолт нь их зүйл шийднэ дээ.

Хөвсгөлийн Э.Баасанжав ховор төрөх хүчит эрсийн нэг. Хүч чадлаа гүйцэд ашиглаад хий зай гаргахгүй барилдвал хүн бүрт хатуу өрсөлдөгч.

Тогтохмэндийн Т.Сайханжаргал таашгүй барилдаантай арслан, хурц дайчин. Наадмын бэлтгэл нь сайхан таарсан харагдсан. Нутгийн ахтайгаа нугарах магадлалтай.

Ховдын хоёр арслан Ц.Төмөрцоож, Г.Дармаажанцан нар тогтмол барилдаан үзүүлж байгаа хоёр залуухан арслан. Чөмгөө дундартал барилдаж ах нартаа шалгалт өгөх байх.

Лхагвасүрэнгийн Отгонбаатар гавьяат начин цол л дутуу байгаа бөх дөө. Нутгийнхаа ойд дугуй тэмдэгтэй очих боломж бий.

Булганы Н.Намнан-эрдэнэ гэж бусдаасаа элбэгхэн төрсөн эр биеэ дайчлаад зүтгэвэл давахгүй даваа байхгүй дээ.

Eguur News агентлаг мөн эдгээр бөхийн хэн нь начин цолонд хүрэхэд ойрхон байгаад олон нийтийн санал асуулга явуулж үзлээ.

Ингэхэд Архангайн Э.Мөнхжаргалыг хамгийн их нэрлэж байна.

Мөн Н.Өсөхбаяр С.Сүхбат, Т.Довчинсэмбээгийн нэр олонтой тааралдаж байгаа юм. Б.Батдорж, Т.Сайханжаргал нарыг нэрлэх нь ч байна. Дээрх нэрсээс гадна өөр бөх нэрлэсэн 2-3 удаагийн тохиолдол ажиглагдаж буй.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн хувьд Э.Мөнхжаргалыг начин цолонд хүрнэ гэж үзэж байна. Мөн Ховдын хоёр арслан, Т.Сайханжаргал, Б.Батдорж нарт хүлээлт үүсгэжээ.

Ц.ГАЛСАНСАНЖАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dalai
dalai
2023-07-11 03:25

terguulne gej yu gej bgaa ym , uguu avaagaa tohirson ym uu ? ug n hen beltgel sn , tolgoi ajillaj barilsan n terguuldeg blgui , buh buduun uvsun gej ug bdgdaa !

Холбоотой мэдээ

Back to top button