Шууд дамжуулж байна: Дархан-Уул аймгийн Ганболдын Ариунболдын хээр соёолон түрүүллээ

НЭМЭЛТ 11:10 ЦАГ:
Монгол наадмын цэнгэлийн манлай болсон соёолон насны морьдын уралдаан боллоо. Энэ удаад 205 хурдан буян уралдахаар бүртгүүлсэн ч 93 нь сэрвээний өндрөөр хасагдаж 112 соёолон уралдааны замд гарсан. Ингээд барианы зурхайд ирэхэд түрүү магнайд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын хээр соёолон хурдалж торгон жолоогоо өргүүллээ. Энэ хурдан буянг МУТМУ Т.Ихбаяр уяа, сойлгыг нь тааруулсан байгаа.
Аман хүзүүнд Орхон аймаг Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул “МБЧ” ХХК-ийн уяач Санжаагийн Бямбасүрэнгийн хүрэн, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа соёолон хурдаллаа.
НЭМЭЛТ 10:36 ЦАГ:
Соёолон нас гарааны зурхайгаас эргэлээ. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насанд 205 хурдан буян бүртгүүлснээс 112 нь хэмжээст тэнцэж, ийнхүү шандасаа сорьж байна.
НЭМЭЛТ 9:53 ЦАГ:
Соёолон насанд 205 морь уралдахаар бүртгүүлсэн. Харин сэрвээний хэмжээсээр 103 хурд хасагдаж, 102 нь уралдахаар гарааны зурхай руу гарч, Цагаанхөтөлийн зүүн өөдөөс өгсөж явна.
Хурдан морины уралдаан 2022 оноос шинэчлэгдсэн хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдаж буй. Өөрөөр хэлбэл, шинэчлэгдсэн хуулиар Монгол үүлдрийн адууны санг бүрдүүлж дуустал ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран дүрэм баталж, тухайн жилийн баяр наадмыг зохион байгуулахаар болж, морьдын сэрвээний өндрийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хэмжих болсон.
Сэрвээний өндрийн дээд хязгаарыг даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар тус тус тогтоосон.
НЭМЭЛТ 9.35 ЦАГ:
-22 км зайд уралдах соёолон гарааны зурхай руу хөдөллөө-
Соёолон нас гарааны зурхай руу хөдөллөө. Энэ удаагийн уралдаанд 205 соёолон нас бүртгүүлсэн. Сэрвээний өндрийн хэмжээсээр хэд нь хасагдсан мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Хурдан соёолонгууд 22 км зайд хурд сорино. Өнөөдөр Улаанбаатар орчим үүлэрхэг ч бороо орохгүй, 22 хэмийн дулаан. Ямартай ч соёолон гарааны зурхай руу гарахад сэвэлзсэн салхитай, борооны чийгтэй таатай нөхцөлтэй байна.
-Соёолон насанд шандас сорихоор 205 морь бүртгүүлжээ-
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насанд 205 хурдан буян бүртгүүлжээ.
Тухайлбал, хангайн бүсийн уралдааны түрүү Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын сартай хээр, урьд жилийн хязаалангийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Туваанжавын Гантөмөрийн зээрд, улс, бүсийн айргийн эзэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Аймгийн Алдарт уяач Авирмэдийн Пүрэвсүрэнгийн хээр, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Ганзоригийн Гансүхийн хул, Архангай аймгийн Тариат сумын уугуул Аймгийн алдарт уяач Төмөрбаатарын Оргил-Эрдэнийн хүрэн, Ховд аймгийн Чандмань сумын уяач Батчулууны Ерөөлтийн халтар хээр, Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Цэвэгмидийн Гончигсүрэнгийн Сум хээр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн бор халзан, Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын зээрд, Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн бор, Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн халтар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул МУ-ын Манлай уяач Нямдаваагийн Батбаярын хээр, Төв аймгийн Баян сумын уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр халзан, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Далайн Батбаярын хул, Архангай аймгийн Тариат сумын уугуул Аймгийн алдарт уяач Төмөрбаатарын Оргил-Эрдэнийн хүрэн, Булган аймгийн уугуул МУ-ын Гавъяат тамирчин Батбаярын Ариун-Эрдэнийн бор зэрэг улс, бүсийн уралдааны айраг түрүү алдартай хүлгүүд шандас сорих нь.
Б.ХАШ-ИЛД





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.