Шууд дамжуулж байна: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага түрүүллээ

НЭМЭЛТ 14:46 ЦАГ:
Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдааны түрүү магнай барианд орж ирлээ.
Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар даага хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Болдын Гөлөгсайханы сартай хар, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Чойжамцын Чинбатын халтар, айргийн тавд Увс аймгийн Өлгий сумын уяач Лхагвын Даваанямын хээр даага тус тус хурдалж наадамчин түмэн, уясан эзэн, унаач хүүхдээ баярлууллаа.
НЭМЭЛТ 14:27 ЦАГ:
Монгол наадмын бахархалт үйл явдлын нэг дааганы уралдаан гарааны зурхайгаас бариа тийш эргэлээ. АХ-ын 102 жилийн ойн наадамд 114 даага хурд хүчээ сорьж, ирээдүйн түмэн эх болох замаа тавьж, анхны уралдаанаа ийнхүү эхэллээ.
НЭМЭЛТ 14:00 ЦАГ:
Дааганы уралдаанд бүртгүүлсэн 217 дааганаас сэрвээний өндрөөр 114 нь тэнцэж гарааны зурхай руу хөдөллөө. Даага уралдах зай 11 км. Анхныхаа уралдааныг хийж буй хурдан буянгууд бариа тийш эргэхэд 2 км хэртэй газар үлджээ. Энэ 114 дааганаас 2-3 давхар уяатай, үлдсэн нь битүү анх удаа уралдаж байгаа юм.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын даага насанд бүртгүүлсэн морьдын уралдааны дүрэм ёсоор сэрвээний өндөр, шүдлэгээг таван зам дээр хийж байна.
Энэ жил 217 даага бүртгүүлжээ. Сэрвээний өндрийн дээд хязгаарыг даага 127 см байхаар тогтоосон бөгөөд уралдах зам 11 км байдаг.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.