Элс шуудайлж үерээс хамгаалдаг инженерийн шийдэлгүй Улаанбаатар

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт дөрөв хоног бороо үргэлжлэн орж, үер усны хор, горыг хангалттай амссан. Улмаар тухайн гамшгийн хохирлыг тогтоох, хохирол амсахад хүргэсэн ААН, албан тушаалтанд хариуцлага тооцох ажлын хэсэг байгуулах зэргээр ажил оволзож байв.
Гэтэл өчигдөр /2023.07.23/ үдээс хойш орсон бороо нийслэлийг дахиад л нэрвэж орхив.
-Дүүргийн нэгдсэн эмнэлэг усанд автав-

СХД-ийн эмнэлэг буюу Цамбагаравын 14 дүгээр төвийн өргөтгөлийн В1 давхрын ханаар болон шугамын хоолойгоор ус орж, үерт өртөв. Уг өргөтгөлийг барьж гүйцэтгэсэн компани нь таазгүй, хүзүүвчгүй өргөтгөл барьж, үүнийгээ зурганд байгаагүй гэж тайлбарласан. Улмаар 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийж, 2022 онд дуусгасан боловч өчигдрийн борооноор юу хийснийг нь харуулав. Эмнэлгийн дарга “Хөх бүрдний эх” гэх эл компаниар хохирлоо барагдуулна гэж мэдэгдлээ.
-Баянгол дүүрэг бохирын хоолой задарлаа-

Тус дүүргийн 9-р хороо, 85Б байрны урд тал буюу “Сайн” ломбард орчим шинээр баригдаж байгаа хорооллын бохирын шугам задарч нөхцөл байдал хүндэрчээ.
Дүүргийн онцгой комисс орж, гарах хөдөлгөөнийг хааж, хамгаалалт хийсэн бөгөөд барилгыг барьж байгаа “Билгүүн бар” ХХК-ийнхан болон 9-р хорооны Ажлын албаныхан холбогдох арга хэмжээг авч, бохирын хоолойн бөглөрлийг гаргав.
-Замууд урсаж, зоорийн давхрууд живэв-
Мөн энэ үерээр зам гарч явсан эмэгтэй тогонд цохиулж савж унахдаа ухаан алдсан. Яармагт шинээр барьсан нүхэн гарц чанараа таниулав. 25 дугаар эмийн сангаас дээш өгсдөг авто зам борооны усанд эвдрэн урсаж, Тэрэлж чиглэлийн зам хамгаалалтгүй далан шуудуу руугаа урсаж ороход бэлэн болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин, орон сууцны хорооллын В1 давхар усанд автсан зэрэг 170 гаруй дуудлага ирсэн байна.


Нийслэлийн засаг дарга энэ үеэр сумогийн барилдаан үзэж, бөхийн удмаараа огшиж омогшиж суусан гэх сошиэл шүүмжлэлийн давалгааны бай болов. Тэрбээр орой хийсэн мэдээллээрээ “Нэг их айх зүйл биш. Дэлхийн улс орнууд бүгдэд л тохиолдож байна” хэмээв.
--
Яг өчигдрийнх шиг бороо Лхагва гариг хүртэл үргэлжилж орж болзошгүйг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан. Улмаар нам дор газарт байрлаж буй орон сууцны доорх гараашийн үүдийг шороон далангаар хамгаалах, голын эргийн ойролцоо байгаа зуслангийн болон гэр хорооллын айлууд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүртээ авах, бага насны хүүхдүүдээ өдрийн цагаар харж асрах хүнтэй үлдээх, гэр хороолллын айлууд бороо үргэлжлэн орсон нөхцөлд аль болох өндөрлөг газарт түр хугацаагаар шилжин байрлаж, аюул эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээг авахыг сануулсаар байна.
-Лхагва гараг хүртэл бороо орно-
Долоодугаар сарын эхээр болсон үерийн эхний гурав хоногт л нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс 2.3 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулна гэж мэдээлсэн. Гадаад, дотоодын хандив тусламж ч чамгүй л цугларсан. Гэвч дахиад бороо ороход манай нийслэл дахиад л хүчгүйдэв. Энэ чиглэлээрх мэргэжлийн хүн “Сэлбэ гол үерлэж үерийн хамгаалалтын барилга байгууламжийн нөхцөл, хот үерийн эрсдэлд бэлэн биш байгааг харуулсан. Өнөөдрийн бороо хотын борооны ус зайлуулах системийн хангалтгүй байдлыг харуулж байна. Байгаль бидэнд сануулга өгч байна. Гаргасан төлөвлөлт шийдлийн дагуу инженерийн бэлтгэл арга хэмжээг хийх нь чухал байна. Тэнд усны салбарын зөв институцийн асуудал мөн шийдэгдэхээр тусгагдсан” гэв.
Нийслэлийн засаг даргын хэлсэнчлэн бороо орох, үер болох нь дэлхий нийтэд тохиолдох л үзэгдэл. Гол асуудал нь нийслэлд хангалттай төсөв төлөвлөж, олгосон ажлууд чанаргүй, стандарт бус байгаад л учир бий. Хотын төвдөө үер усны даланг элс шуудайлж босгодог улс орон өөр байдаг болов уу. Үүндээ бас тэрбумаар мөнгө зарцуулна. Элс шуудайлж далан босгодог аргаасаа ангижирч, инженерийн шийдэлтэй, мэргэжлийн чанартай, хяналттай гүйцэтгэлтэй болсон цагт л бид борооноос айхгүй амьдрах болов уу.
Энэ бороо өнөө, маргааш бас нөгөөдөр орно. Элсэн даланд найдалгүй дор бүрнээ аюулгүй байдлаа хангахад анхаараарай.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр яах юм бид. Харин элс шуудайлж хөлсөө гартал ажилласан. Мөнгөө авмаар байна.