УРЛАГ

Дурсамж: Түүнд "Зүүдний дагина" зориулагдсан байлаа

“Зүүдний дагина шиг чамтай би учирсан” гэх намуухан эгшиглэнт хоолой сэтгэл рүү зөөлнөөр түрэн орохуйд нэгэн залуугийн төрх нүдний өмнө амилдаг билээ. Тийм ээ, Шилийн гол аймгийн Шилийн хот, Баруун үзэмчин, Улаан цагааны угшилтай дөрвөн залуу нэгдэн нийлж Top Line хамтлаг бүрэлдсэн тэр өдрийг дурсан сууна.

2017 оны арванхоёрдугаар сард Хөх хотод байгуулагдаж, “Nature Sound” дуулаачийн төвийн багш  А.Мөнгөнсүх тэдний продюсер болсноос хойш даруй зургаан жил өнгөрчээ.

“Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж Монголын урлагийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн энэ хамтлагийг мэдэхгүй хүн ховор байх.

Тэднийг уг уран бүтээлээ цацсаны дараа Шилийн гол аймгийн Монгол дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт “Зүүдний дагина” дууг оруулсан удаатай.

П.Наранцогт 1994 онд Өвөр Монголын Шилийн хотод мэндэлжээ. Арван жилээ Өндөр дундын сургуулийг, оюутан насны он жилүүддээ Өвөр Монголын Багшийн их сургуулийг нийгмийн чиглэлээр тус тус төгссөн байна.

Продюсер А.Мөнгөнсүх “Ярилцлага, нэвтрүүлэгт орох болонгуут Начо хамтлагийн хэдээ төлөөлөн явдаг юм. Ухаалаг, цэгцтэй яриатай залуу шүү дээ, манай Начо чинь” гэж бахдан ярина.

Үргэлжлүүлэн “Нийгмийн чиглэлээр төгссөн нь нөлөөлдөг байх. Би чинь түүх, философи чиглэлээр төгсөж байсан тул бид хоёрт ярих сэдэв мундахгүй олон. Олон ч зүйл дээр санаа нийлж, надаас үг сонсох дуртай байж билээ” гэж дурсах. “Яагаад бид хуваагдсан юм, их алтан ураг, бага алтан ураг гэж юу юм, Мандухай сэцэн хатан, Галдан Бошигт гээд л ярьж өгнө шүү дээ” гэсэн юм.

“Царайлаг болохоор нь халхын охид байнга мессеж бичдэг байлаа” хэмээх нь үнэний ортой. Нээрэн ч хамар дээрх мэнгэ, том алаг нүд, уруул нь царай төрхөд нь зохицсон гэж жигтэйхэн.

Ойр дотны гэлтгүй хаа нэг үг сольж үзсэн хүмүүс нь хүртэл түүнийг нухацтай, бодлогошронгуй, хүмүүжилтэй, ухаалаг, шударга залуу гэхийг сонсож явлаа.

Продюсер нь ч “Начо маань шулуухан яриатай л даа. Бодож санаснаа шууд хэлчихдэг байхгүй юу” гэж хайрлан санагалзсан өнгөөр хэлэхийг нь сонсон дотроо чимээгүйхэн уярсан билээ. 2018 онд гарсан “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт “Баар саванд орох нэг их дуртай биш л дээ, чимээгүй тайван байхыг илүүд үздэг” гээд элдэв чимэггүй шулуухан хэлж байгаа нь харагдана. Анир чимээгүйд умбан өөрийгөө эрэлхийлэн, дотоодоосоо давтагдашгүй аялгууг хөвөрдөн гаргаж ирдэг биз ээ. Цээл тунгалаг урсаж өгсөн тийм нэгэн хоолойтой түүнд “Зүүдний дагина” зориулагдсан байсан гэнэ билээ.

Эдүгээ үүлнээс дээш алсын туйлд өөрийн гинж хүлээснээс тэр нисжээ.

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэндүү хайран юмаа. Дэндүү харамсмаар . Нүдэнд харагдаж байна. Зэвүүн яриа нэвтрүүлэгт орж байсан нь. Аав ээжид нь ямар хэцүү байгаа бол доо эвий дээ . Яагаад явчихавааа

Зочин
Зочин

Хайран сайхан залуу хүн харамсалтай, олон,олон уран бүтээл туурвиж аз жаргалтай амьдрах байсан юм

Back to top button