Алексей Навальныйн хорих ялыг 19 жил болгож нэмэгдүүлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд оноосон хорих ялыг 19 жил болгон нэмэгдүүлсэн байна. Түүнийг Оросын шүүх экстремист үзэлтэй бүлгэмийг санхүүжүүлсэн хэрэгт буруутган нэмж ял оноосон аж. Харин Навальный ямар нэгэн экстремист үзэлтэй бүлгэм санхүүжүүлсэн хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр өмнө нь тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн, залилан мэхэлсэн мөн шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр есөн жилийн ял сонсоод байсан билээ. 2021 онд Навальныйд ял оноосноос хойш түүнийг алслагдмал хорих ангид хорьж байсан юм. Гэтэл түүнийг прокурорууд илүү хатуу дэглэмтэй тусгай хорих анги руу шилжүүлэх болжээ.
Өндөр хамгаалалттай хорих ангиас ч илүү хатуу дэглэмтэй тийм шорон дахин гэмт хэрэг үйлдсэн, бүх насаар нь хорих ял оноосон аюултай хэрэгтнүүдэд зориулагдсан байдаг аж.
Навальныйг хорьсон явдлыг олон хүмүүс улс төрийн шалтгаантай гэж үздэг. Тэрбээр ялын хугацааг нь нэмснийг сонссоны дараа “Би биш, харин чи эсэргүүцэх эрх чөлөөгөө хасуулж байна. Путин зорилгодоо хүрэх ёсгүй. Эсэргүүцлээ битгий алдаарай” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн ингээд шоронгийн хадаас болвоо хөөрхий