СПОРТ

ДАШТ: Ө.Пүрэвсүрэн алт, Н.Анударь хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайхан, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч, спортын мастер П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлагад ИЙМ бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Уржигдар Монголын хоёр БӨХ хүрэл медаль хүртсэн.

ДАШТ-ий 65 кг-д барилдаж буй өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн өчигдөр хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий медальт, Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялав. Ингэснээр тэрбээр алтан медалийн төлөө өрсөлдөх болзол хангасан.

Баянхонгор аймгийн харьяат, дасгалжуулагч С.Мөнхдуулдахын шавь Ө.Пүрэвсүрэн өнөөдөр дэлхийн аваргын төлөө Японы Мисүзү Ёномототой барилдана.

Мөн 53 кг-д залуучуудын ДАШТ -ий мөнгө, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Нандинцэцэгийн Анударь хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Дасгалжуулагч П.Чулуунбаатарын шавь тэрбээр өчигдөр хагас шигшээд энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн, Японы Харүна Окүно 4:0-ээр дийлдсэн юм.

Үүний сацуу Баянхонгор аймгийн тамирчин, Ө.Пүрэвсүрэнгийн дотны найз Б.Хонгорзул дагах тойрогт барилдана.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button