Энэтхэгийн сар луу аялах төсөвт “Interstellar” киног бүтээхээс бага мөнгө зарцуулжээ

Энэ долоо хоногт ОХУ болон Энэтхэг сар луу хөлөг нисгэсэн билээ. Тэр хоёрын нисгэсэн хөлгөөс ОХУ-ынх эхэлж сар дээр хүрэлцэж ирсэн ч газардах үедээ хяналтаас гарч эргэлдэн, унасан. “Luna-25” нэртэй тус хөлөг нь ОХУ-ын сүүлийн 47 жилд анхны удаа сар луу нисгэсэн онгоц байсан билээ.
Харин “Luna-25”-аас арай хоцорч, лхагва гарагт (2023.08.23) сар дээр очсон “Chandrayaan-3” сансрын хөлөг амжилттай газардсан. Ингэснээр Энэтхэг сарны гадаргуу дээр хөлөг газардуулсан дөрөв дэх орон болж түүхийн хуудсанд бичигдлээ. Мөн урьд өмнө нь судлагдаж байгаагүй сарны өмнөд туйлд газардсан анхны орон болсноор Энэтхэг сансар судлалын хүчирхэг гүрэн гэдгээ харуулав.
Ийм түүхэн амжилттай төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний мөнгө шаардсан нь мэдээж. Гэхдээ “Chandraayan-3” хөлгийг газардуулах төсөлд“Interstellar” киног бүтээхэд ашигласан нийт төсвөөс хоёр дахин бага мөнгө зарцуулсан аж. “Reuters” агентлаг мэдээлснээр Энэтхэг улс тус төсөлд 6.15тэрбум рупи буюу 75 сая ам.доллар ашиглажээ. Харин алдартай “Interstellar” зөгнөлт киног бүтээхэд 165 сая ам.доллар зарцуулсан байна.
Үүнээс гадна “Chandrayaan-3” төсөл сансрын тухай ихэнх хит кинонуудаас бага зардал шаарджээ. Тухайлбал “Gravity” 100 сая ам.доллар, “The Martian”108 сая ам.долларын өртөгтэй бүтээгдсэн байна.
Сарны өмнөд туйл дээр газардсан нь шинжлэх ухааны хувьд ач холбогдолтой юм. Үүнийг тайлбарлан ярихдаа“SpaceTec” компанийн удирдах захирал Карла Филотико “Өмнөд туйл дээр газардах нь Энэтхэгт сар дээр ус мөс төлөвтэй байгаа эсэхийг судлах боломжийг олгоно. Энэ нь сарны геологийн мэдээлэл мөн шинжлэх ухааны хувьд маш чухал” гэж хэлжээ. Дэлхийн томоохон гүрнүүд сар дээр байнгын бааз бүтээн байгуулах зорилготой байгаа. Ингэхийн тулд сар дээр ажиллах хүмүүсийн усны хэрэглээх хангах шаардлагатай тул ус мөс төлөвтэй байгаа эсэхийг судлах нь чухал юм.
Эх сурвалж: CNN, Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.